| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0141/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 135
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч П.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.П т холбогдох 163/2019/0141/Э индекстэй, эрүүгийн 1915002430161 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1952 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 67 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 1, Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт П.П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.П нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын нутагт Ш.М г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.
1915002430161 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ш.М гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед найз У ын Булган сумын Б хэсгийн 8-1 тоотод гэрт нь очиход П эгч, түүний найз Б , У эгч, түүний нөхөр Г нар архи уугаад сууж байсан. Би хамт архи уугаад архи нь дуусахаар нь би 8500 төгрөг өгч, П , У нар архинд яваад 2 шил 0,5 граммын архи авчирсан. Авчирсан архийг нь бид нар ууж дуусгасан. Тэгээд Г , У хоёр орон дээр хэвтээд, би ширээ дэрлээд хэсэг унтсан. Би архиа гаргаад гэртээ очъё гэж бодоод хэсэг унтсан, нам унтаж чадаагүй хэсэг зүүрмэглэж байтал П эгч Б ыг надтай хардаад уурлаад байхаар нь “Та настай хүн байж жаахан намбатай байгаач” гэж хэлсэн чинь П эгч миний толгойн зүүн чамархай хэсэгт цайны 2 литрийн халуун саваар нэг удаа цохихоор нь би орилоод толгойгоо барьсан чинь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Д.Б ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 01-ний орой Г ын гэрт П ээ эгч бид хэд хоноод маргааш өглөө нь 12:00 цагийн үед бид дөрөв нэг шил архи задлаад ууж байхад гаднаас М орж ирээд бид хэдтэй хамт ууж байгаад архи дуусахад У , П ээ хоёр дэлгүүр лүү архинд явсан. М бид хоёрыг хамт үлдсэнд П ээ орж ирээд хардаж уурлаад М г халуун саваар толгойн хэсэгт нь цохиж, намайг гараараа дагз хэсэгт алгадсан юм. Тэгэхээр нь би өндийгөөд харахад М гийн толгойноос цус гарч байсан. Тэр үед П гарч яваад Н ыг дагуулаад орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Гэрч Б.Н ы өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед гэртээ ганцаараа байж байсан чинь эхнэр М гийн хамаатан П нилээн согтуу орж ирээд “чи эхнэрээ очиж хар даа” гэхээр нь П эгчтэй хамт манайхаас хойшоо 6 гудамжны ард байдаг Г ын гэрт нь ороход М нь газар толгойгоо барьсан хэвтэж байсан. М г би татаад босгох гэтэл ухаан алдсан уу, согтуу тасраад унтаад байсан уу мэдэхгүй байна. Тэгээд би шууд цагдаа, эмнэлэг рүү залгасан. Цагдаа, эмнэлгийн ажилтнуудыг ирээгүй байхад П эгч Б т “чи айлын авгай хулгайлсан биз дээ, үнэнээ хэлээч” гэж хашгирч дайраад байсан. Түргэний эмч удалгүй ирээд М г үзээд эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Гэрч Ц.У ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Булган сумын Б хэсгийн 8-1 тоотод гэртээ найз П , түүний найз залуу Б , манай нөхөр Г бид нар 0,5 граммын 1 шил архи уугаад байж байтал М гэрт орж ирээд хамт архи уусан. Архи ууж дуусгаад П бид 2 дэлгүүр орж 0,5 граммын 2 шил архи аваад манай гэрт бүгдээрээ ууцгаагаад их согтуу тасраад унтацгаасан. М ширээ дэрлээд, би нөхөр Г ын хамт орон дээр унтсан, Б суугаагаараа унтсан. Тэгтэл П эгч “та хоёр яахаараа хамт архи уудаг юм” гэж хардаад унтаж байгаа хүн рүү уурласан. Тэгтэл “тас, няс” хийгээд М г орилхоор нь би эргээд хартал М руу П эгч 2 литрийн халуун савыг шидэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 149 дугаартай:
1.Магадлуулагч Ш.М гийн биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-28 тал/
Шүүгдэгч П.П ийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган сумын Б хэсгийн 8-1 тоотод байдаг У ын гэрт М , Б нартай архи уусан нь үнэн. Бид нар архиа уугаад Г , У хоёр хэвтээд унтсан, М ширээ дэрлээд тонгойгоод байж байхад нь би М д “чи өргөж авсан ээжийгээ тоодоггүй, харж хандсангүй” гэж хэлсэн чинь урдаас юм хэлсэн. Тэгэхэд нь би халуун саваар аажуухан цохисон чинь доошоо хараад хэвтээд босохгүй байхаар нь би М гийн нөхөр Н ыг дуудаж ирүүлсэн. Тэгтэл Н цагдаад дуудлага өгсөн. Миний буруу, хурдан шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, эмнэлгийн магадлагаа /хх-ийн 16 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 29-30 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 43-44 тал/ зэрэг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.П нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын Б хэсгийн 8-1 тоотод оршин суух Ц.У ын гэрт Ц.У , Д.Б , Ш.М , н.Г нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурхаж Ш.М тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Ш.М , гэрч Ц.У , Б.Н , Д.Б нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч П.П ийн хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.П нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ш.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч П.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч П.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.П -д оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.П т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч П.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД