| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02367/И |
| Дугаар | 4450 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 4450
| 2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/04450 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхоны 4-р байрны 3 тоот, Энэрэл-3 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхоны 4-р байрны 12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЗ61020918, Эрхэмсэнгэ овогтой Нацагийн Баярсайханд холбогдох засвар үйлчилгээний зардал 335 700 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Энэрэл-3 сууц өмчлөгчдийн холбооны захирал Г.Эрдэнэчимэг, хариуцагч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг шүүхэд гагасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэрэл-3 СӨХ Энэрэл хотхоны оршин суугчдын үүсгэл санаачилгаар байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 11-р сарын 30-ны өдрийн 120 тоот гэрчилгээтэй, Энэрэл хотхоны 1, 2, 3, 4 дүгээр байрны 120 өрхийг хариуцан ажиллаж байна. Энэрэл-3 СӨХ нь Энэрэл хотхоны орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө, цэвэр, бохир ус, цахилгааны шугамыг хамгаалан зэвэрч элэгдсэн хэсгийг шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гражын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээ тогтмол хийж суугчдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг явуулж байна. Хариуцагч Баярсайхан нь оршин суугч, сууц өмчлөгчийн хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, тогтоосон төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй атлаа үүргээ цаг хугацаанд нь биелүүлэлгүй өдийг хүрсэн. СӨХ-ийн байцаагч төлбөрөө төлөх талаар хууль ёсны шаардлага, мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн бөгөөд дээврийн цас буулгахаас нааш төлбөр хийхгүй гэсэн шалтгаанаар төлбөрөөс зайлсхийх, гэрээт байгууллагад өр үүсгэн, хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулсан. Энэрэл-3 СӨХ нь өөрийн нөөц боломжид түшиглэн 2013 оноос өнөөг хүртэл 4 дүгээр байрны дээврийн хэсгийг хэсэгчлэн засаж айл өрхийн гомдлыг барагдуулан ажиллаж дээврээс ширүүн бороо орсон ч дусаал гоожихгүй болсон. Үүнийг Н.Баярсайхан өөрөө мэддэг.Энэ онд гэхэд цас хайлах үеэр жижүүр хотхоны нийт 4 байрны дээврийн 3000 м2 талбайн цасыг бүрэн буулгаж арилгасан. Байруудын дээвэр, фасад, зэрэг их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах засварын ажлыг хийх хурамтлагдан мөнгө холбоонд байдаггүй. Иймд холбгдох дээд байгуулагад хандан улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан орон нутгийн төсөвт суулгах, санхүүжилт хүсэлтийг гарган ажиллаж байна. Н.Баярсайханы орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардал 2015 оны 5-р сараас 12-р сарын 217 800 төгрөг, 2016 оны 1-4-р сарын 109 900 төгрөг 327 700 төгрөг, нотлох баримт баталгаажуулсан төлбөр 8 000 төгрөг нийт 335 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: манайх энэ байранд амьдраад 10 жил болж байна. Сүүлийн 6 жил хавар цас хайлах үеэр гал тогооны болон хүүхдийн өрөөний тааз руу ус нэвчин орж, жил болгон бага хэмжээний засвар хийдэг болсон. Би СӨХ-нд ганцхан шаардлага “дээврээс цас буулгаж өгөөч” гэдэг ганцхан шаардлага тавьдаг. Тэгээд буулгахгүй байсаар байранд ус орсны дараагаар буулгадаг. Мөн миний хийсэн засварууд тандаа үр дүнгүй болдог. Жил болгон 2 удаа их засвар, 4 удаа бага засвар хийсэн учраас би нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүн болох 335 700 төгрөгнөөс 120 000 төгрөгийг хасаад хөнгөлөлт үзүүлээд өгөөч гэсэн шаардлага тавьсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Энэрэл-3” сууц өмчлөгчдийн холбоо нь Н.Баярсайханд холбогдох засвар үйлчилгээний зардал 335 700 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 327 700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 8 000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн 5-р хороо, Энэрэл хотхоны 4-р байрны 12 тоот сууц өмчлөгч Н.Баярсайхан нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2015 оны 5-р сараас 2016 оны 05-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардал 327 700 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны төлбөрийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний зардалд 8000 төгрөг төлсөн байна. Бүрдүүлбэр хангахад гарсан зардлыг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “... цас хайлах үеэр дээврээс ус гоождог, жил болгон засвар хийдэг” гэж тайлбарладаг боловч энэ нь хуульд заасан засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 11-р сарын 18-ны өдрийн 02-07-86/1814 тоот дүгнэлтээр Энэрэл хотхоны 1, 2, 3, 4-р байрны дээврийн ашиглалт, төлөв байдалд шалгалт хийж, Энэрэл-3 сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцаж байгаа байрны дээвэрт хөрөнгийн хэмжээнд тохируулан засвар хийж байсан ч бүрэн шаардлага хангахгүй байгаа талаар дүгнэж, цаашид “Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм” БНбД 13-04-03-ын дүрмийн дагуу дээрх орон сууцны барилгын дээврийг их засварт хамруулах арга хэмжээ авах, шаардлагатай төсвийг эрх бүхий байгууллагаар боловсруулж, түүний дагуу хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр дүгнэжээ.
Дүгнэлтийн дагуу Энэрэл-3 сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нацагийн Баярсайханаас 327 700 /гурван зуун хорин долоон мянга долоон зуу/ төгрөг гаргуулж “Энэрэл-3” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 490 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярсайханаас 10 490 /арван мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулж “Энэрэл-3” СӨХ-нд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА