Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 213/МА2025/00011

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 9 дүгээр сарын 12 Дугаар 213/МА2025/00011 Номгон

 

 

 

 

Аурум металс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 303/ШШ2025/00398 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Аурум металс ХХК-ийн нэхэмжлэлтэй ,

Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Гэм хорын хохирлын 9,015,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаярын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, өмгөөлөгч Ч.Удаанжаргал, Б.Оргилбаяр /цахим/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямжаргал, өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Нэхэмжлэгч Аурум металс ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Аурум металс ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын нутаг, Их булаг нэртэй 283,35 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МУ-012197 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

2 Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /тухайн үеийн нэрээр/-ийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж АМГТГ-ийн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5870 дугаар мэдэгдлээр Тусгай зөвшөөрлийг сэргээснийг бидэнд мэдэгдсэн.

4. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 04/01 дугаар шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь хамруулан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг.

5.Бид энэ талаар олж мэдсэн даруйдаа Баянхонгор аймгийн засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газар, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэгт удаа дараа хандан албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргад хандан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг төлөх, эс бөгөөс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангах талаар албан бичиг илгээсэн байдаг.

Гэвч Заг сумын удирдлагын зүгээс нөхөх олговор олгох эсэх, эс бөгөөс үйл ажиллагаа явуулах боломжоор хангах талаар бидэнд огт хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

6.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор олгоно гэж тус тус заасан.

7. Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар нь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний газарт авах замаар ашигт малтмал ашиглах боломжгүй болгосон боловч өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргээ биелүүлж нөхөх олговрыг төлөх эсхүл цаашид үйл ажиллагаа үргэлжлүүлэн эрхлэх боломжоор хангаагүй байна. Мөн МУЗЗНДНТУтХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй этгээд атал засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал газрын тосны газрын хуулийн дагуу тавьсан шаардлага хүсэлтийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргадаг. Иймд хариуцагч нар нь энэхүү хууль бус үйлдлээс үүссэн гэм хорын хохирлыг хамтран хариуцаж, бидэнд төлж барагдуулах үндэслэлтэй юм.

8.Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан техник-эдийн засгийн үндэслэл (цаашид ТЭЗҮ гэх)-ээр тогтоогдсон төслийн цэвэр ашгаар олох ёстой байсан орлогыг тодорхойлдог. МУ-012197 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн алтны шороон ордыг ашиглах 2017 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан ТЭЗҮ-ээр тус төслийн цэвэр ашиг нь 7,782,100,000 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч нар нь энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

9.Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус үндэслэн хариуцагч нараас 7,782,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...гэжээ.

 

Хоёр: Нэхэмжлэгч Аурум металс ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

1.Аурум металс ХХК нь тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 7,782,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийн явцад шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр дээрх гаргуулах нөхөн олговрын хэмжээг 9,015,000,000 төгрөг хэмээн тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу нэмэгдүүлж буй хэмжээ болох 1,232,900,000 төгрөгөөс тооцон төлсөн болно. Тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

Гурав. Хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхан шатны шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

1.Тус сумын Их булаг (Эх булаг) нэртэй газар нь нэршилгүй олон булаг байдаг. Энэ нь Бөөнцагаан Орог нуурын сав газрын усны тооллогод жил бүр тоологддог. Учир нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуульд хамрагддаг. Усны нөөц бүхий газар төдийгүй Загийн голын усыг бүрдүүлдэг эх үүсвэр нь болдог. Уг ашиглалтын талбайд Хүрэл зэвсгийн үеийн 14 булш, 29 хиргисүүр, хадны сүг зураг маш ихээр байдаг түүхийн дурсгалт газар юм.

2. Аурум металс ХХК нь үйл ажиллагаа явуулах талаар багийн иргэдийн нийтийн хурлаар болон иргэдээс сонсох сонсголын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй.

3.Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний 02 дугаар албан бичгийн дагуу Аурум металс ХХК-ийн Заг сумын Баянбулаг 1 дүгээр багын нутаг Их булаг нэртэй талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд үүний дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 04/01 тогтоолоор газар нутгийг тусгай хамгаалалтад авсныг Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний 8/4802 тоот албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлд бүртгэн авсан.

4.Мөн Заг сумын Баянбулаг 1 дүгээр багын нутаг Их булаг нэртэй газар нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 07 дугаар сарын 04-ний 09/4699 тоот албан бичгийн дагуу Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй. Аурум металс" ХХК нь Монгол улсын үндсэн хуулийн 6.1 дахь заалт Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэсэн заалт, Үндсэн хуулийн 16.2 дахь заалт Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрхтэй, Үндсэн хуулийн 7.1 дахь заалт Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг зөрчиж байна гэсэн үндэслэлээр ард түмэн шаардаж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 04/01 тогтоолоор газар нутгийг тусгай хамгаалалтад авсан.

5. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол ард түмний төлөөллийн байгууллага. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан бодлого чиглэлийг хуульд нийцүүлэн сумын Засаг дарга нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нь хуульд заагдсан эрх үүргийнхээ дагуу хүнд хэцүү цаг үед ард иргэдийнхээ төлөө ажиллаж байна.

6.Аурум металс ХХК нь хуульд заасны дагуу сумын нутаг дэвсгэр дээр ард иргэдийн дунд төслийн танилцуулга сонсголын үйл ажиллагаа явуулаагүй шууд хэлбэрээр шүүхийн шийдвэрийг албан тоотоор хүргүүлэн их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилснийг төлөх боломжгүй бөгөөд сум орон нутгийг дарамталж байгаа нэг хэлбэр гэж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар үзэж байна гэжээ.

Дөрөв: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 9,015,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Аурум металс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Аурум металс ХХК-иас шүүхийн зардал 28,000,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Аурум металс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,390,900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Тав;Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасантай холбоотойгоор дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Тодруулбал:

1. Шүүх хэргийн үйл баримтыг буруу ойлгож дүгнэсэн талаар:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргаж газрыг тусгай хэрэгцээнд авсан буюу энэ нь хууль бус үйлдэл биш, нэхэмжлэгч нь үүнтэй холбоотойгоор гомдол гаргаагүй бөгөөд шаардаж буй нөхөн олговор нь гэм хорын хохиролд xамаараxгүй...,, гэх ерөнхий үндэслэлийг дурдсан нь хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг илтэд буруугаар тайлбарласан явдал бөгөөд цаашлаад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл болсон.

2. Нэхэмжлэгчийн зүгээс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргаж газрыг тусгай хэрэгцээнд авсан үйлдэл буюу дээрх үйлдэл хуульд нийцсэн талаар огт маргаагүй. Харин ч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг ойлгож, хүндэтгэлтэй хандсан.

3. Уг шийдвэрийн үр дагавар буюу газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох ёстой нөхөн олговрыг олгохгүй байгаа хууль бус үйлдлийн улмаас бидэнд орох ёстой байсан орлого буюу нөхөн олговрыг шаардаж байгаа.

4.Гэвч шүүх нэхэмжлэгчийг газрыг тусгай хэрэгцээнд авсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хууль бус гэж үзсэн мэтээр тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь уг шийдвэр бүхэлдээ логик алдаатай, үндэслэлгүй болох нөхцөл болсон.

5. шүүх нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тайлбарлан, хууль бус гэж үзэж буй үйлдлийг тусгай хэрэгцээнд авсан үйлдэл гэж буруу ойлгосон учир нэхэмжлэгчийн дурдаж буй тусгай хэрэгцээнд авсныхаа дараа нөхөн олговор олгох үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн талаар огт дүгнэлт хийгээгүй.

6. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг тайлбарлахдаа гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх уг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй ба хохирол нь шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байгаа тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг бий болох ба учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийн хүлээх талаар зөв тайлбарласан боловч хэргийн үйл баримтыг дараах байдлаар буруу үнэлж дүгнэсэн.

7.Шүүхээс хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нь хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байхгүй, хууль ёсны эрх хэмжээний хүрээнд байх тул нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй, гэм хорын хохирол гэх агуулгад хуульд зааснаар авах нөхөн олговор нь хамаарахгүй тул гэм хорын хохирол учраагүй гэж дүгнэсэн нь логик алдаатай байна.

Тодруулбал:

Дээр дурдсанаар бидний зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрх захиргааны актыг хууль бус эсэх талаар огт маргаагүй ба тухайн захиргааны акт гаргаснаас үүдэн олгох байсан нөхөн олговрыг олгоогүй тул учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн агуулгад хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нь хууль ёсны хүрээнд байх эсэх нь уг нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй билээ.

8.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. Хариуцагч нь АМтХ-ийн 14.4-т заасан нөхөн олговрыг олгоогүй хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байсаар байтал шүүх дээрх үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр нь хуулийн хүрээнд байна гэсэн нь зөвтгөх үндэслэл огт болохгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 497.1-д заасан гэм хорын хохиролд АМтХ-ийн 14.4- т заасан нөхөн олговор хамаарахгүй гэж шүүх дүгнэхдээ иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу ойлгон тайлбарласан, хэрэглэх ёстой бусад зүйл заалтыг хэрэглэлгүй орхисон. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу манай компани тусгай зөвшөөрөл бүхий талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй огт маргаагүй. Гагцхүү хуульд заасан нөхөх олговор олгохыг буюу бидний эдийн баялагтай холбоотой эрхийн хэрэгжилтийг хангах шаардлага гаргасан билээ.

9.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдолд нөхөх олговор олгох тухай хуулийн дээрх зохицуулалт нь өөрөө Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 228.2-т Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно гэж тус тус заасан гэм хорыг арилгах зарчмын маш тодорхой илрэл юм.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох, ашиг олох эрх нь нэгэнт эргэж сэргэх боломжгүй тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нөхөх олговрыг олгодог билээ. Энэ ч утгаараа Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөх олговор-ыг хариуцагч өнөөг хүртэл олгоогүй хууль бус эс үйлдэхүй байх тул яах аргагүй гэм хор-ын хохиролд хамаарах бөгөөд уг хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шаардах нь тодорхой хэрэг юм.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн зүгээс дэлхий даяар алтны нэг унцад ногдох ханшийн үнэлгээ тогтвортой өсөж буй талаар нийтэд илэрхий баримтын талаар дурдаж, уг ханшийн өсөлттэй уялдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхийн тулд шинжээч томилуулан тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авснаас үүдэн учрах хохирлын хэмжээг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Ингэхдээ шинэчлэн боловсруулж буй Техник эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн тооцоолол-той холбогдох хэсгийг нотлох баримтын журмаар шүүхэд гарган өгсөн байдаг.

Гэвч шүүхийн зүгээс дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, баталгаажсан тамга тэмдэггүй тооцоолол хэмээн үзэж, шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс гагцхүү нотлох баримтын хэмжээнд үнэлэх албан ёсны үнэлгээг баталгаажуулах зорилгоор дээрх хүсэлтийг гаргасан байхад ийнхүү хангаагүй орхисон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нэмэгдүүлэх эрхийг явцуу үндэслэлээр хязгаарласан үйлдэл юм. Зүй нь шүүх нэхэмжлэгчээс албан ёсны баталгаажсан тамга тэмдэг бүхий тооцоолол шаардах бус шинжээч томилж дээрх албан ёсны тооцооллыг гаргуулах ёстой бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1-д заасны дагуу нөхөн олговрын хэмжээг тогтооход зайлшгүй дээрх ажиллагааг хийх шаардлагатай билээ.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрхийг явцуу үндэслэлээр хязгаарласан зэрэг зөрчил гаргасантай холбоотойгоор холбогдох шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн дугаар 303/ШШ2025/00398 шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаярын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг доорх үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв. Үүнд :

Нэг: Үйл баримтын тухайд

1.1. Нэхэмжлэгч Аурум металс ХХК-д Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дахь Их булаг нэртэй газрын 283,35 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын ТV-012197 тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр олгожээ./1 дүгээр хавтаст хэргийн 6-16 дугаар тал/

1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаар шийдвэрээр дээрх цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож улмаар энэ шийдвэр нь МУ-ын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 266 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаар тогтоолоор Их булгийн ташуу , Их булгийн ихэр зэрэг нэр бүхий нийт 9603.03 га газруудыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгон тогтоожээ./1 дүгээр хавтаст хэргийн 6-57,209-232 дугаар тал/

1.3. Нэхэмжлэгч Аурум металс ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нарт холбогдуулан ...манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний газарт авах замаар ашигт малтмал ашиглах боломжгүй болгосон боловч өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргээ биелүүлж нөхөх олговрыг төлөх эсхүл цаашид үйл ажиллагаа үргэлжлүүлэн эрхлэх боломжоор хангаагүй нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлого нөхөн төлөх үүрэгтэй тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус үндэслэн хариуцагч нараас 9,015,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

1.4. Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Аурум металс ХХК нь үйл ажиллагаа явуулах талаар багийн иргэдийн нийтийн хурлаар болон иргэдээс сонсох сонсголын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй шууд хэлбэрээр шүүхийн шийдвэрийг албан тоотоор хүргүүлэн их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилснийг төлөх боломжгүй ..., тухайн газрыг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот Аймгийн тусгай хамгаалалтай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаан үүсгэжээ.

1.5 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 407 дугаар захирамжаар, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал/

Хоёр. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэхэд;

 

1. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот Аймгийн тусгай хамгаалалтай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай тогтоолоор тогтоолоор Их булгийн ташуу , Их булгийн ихэр зэрэг нэр бүхий нийт 9603.03 га газруудыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгон тогтоожээ.

2. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06б/1105 албан бичигт:

MV -012197 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь ...гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт давхцалгүй байна гэжээ.

Гэтэл Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09/4699 албан бичигт:

Заг сумын Ханангийн булгийг энгийн хамгаалалтын бүс тогтоож мэдээллийн санд бүртгэсэн... гэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 24-26,71-75 дугаар тал./

3. Нэхэмжлэгч Аурум металс ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дахь Их булаг нэртэй газрын 283,35 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын ТV-012197 тоот тусгай зөвшөөрөл авчээ.

4. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 0483 дугаар магадлалын үндэслэх хэсэгт:

... компанийн ашиглах гэрээ байгуулах газар нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна... гэж дүгнэжээ.

 

5.Дээрх эх сурвалжуудаас үзэхэд нэхэмжлэгч Аурум металс ХХК нь

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор олгоно гэж заасны дагуу нөхөх олговрыг авах урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзнэ.

Гурав: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Аурум металс ХХК нь гэм хорыг арилгах, олох ёстой байсан орлогын 9,015,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь бусдын гэм хор учруулсны улмаас үүссэн хохиролд хамаарахгүй, харин тодорхой эрхээ хязгаарлуулсныхаа төлөө мөнгөн хэлбэрээр нөхөн авах эрх... гэж хуулийн үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.

Зохигчдын хооронд үүссэн гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бодит хохирол учирсан байх ба тэдгээр нь шалтгаант холбоотой байгаа тохиолдолд гэм хор учруулагч нь учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгаж, хэвийн байдалд нь оруулах үүргийг хүлээнэ.

Дөрөв: Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167. 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 303/ШШ2025/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 232 950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ: Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

Ч.ЭНХТӨР