Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/0003

 

“П***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол

Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Д.Батбаатар

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      М.Батсуурь                

                                         Ц.Цогт    

Илтгэгч шүүгч          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ                   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШШ2025/0031 дүгээр шийдвэртэй хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ын давж заалдах гомдлоор,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “П***”  ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ““П***” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөх олговор олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн *** сумын “***” нэртэй газарт байрлах 133 гектар уурхайн талбайд ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг “М***” ХХК-аас “П***” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн.

2.2.Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 438 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай “П***” ХХК-ийн эзэмшилд байгаа MV-*** дугаартай тусгай зөвшөөрлийн 124.32 га талбайн хэсгийг цуцалж, үлдэх 9.03 га талбайн солбилцолд өөрчлөлт оруулсан байна.

2.3.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаар тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн *** сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан газартай “П***” ХХК-ийн эзэмшилд байгаа *** дугаартай тусгай зөвшөөрлийн 7.88 га талбай давхцалтай.

2.4.“П***” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 133 га талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай 5.33 га талбай тус тус давхцалтай болсноор нэхэмжлэгч компани зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

2.5.Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч “П***” ХХК-ийн зүгээс нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргасан байна.

3.Нэхэмжлэгч “П***” ХХК-аас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор 124.32 га талбай нь хэсэгчлэн давхцалтай болсноор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

3.2.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын ангиллаар Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагтай манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн 7.88 га, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 5.33 га талбай нь давхцалтай буюу одоогийн байдлаар зөвхөн 1.55 га талбайд л үйл ажиллагаа явуулах боломжтой нөхцөл байдал үүссэн. Талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахын өмнө нь ч хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нөхөх олговрын асуудлаар огт хэлэлцэн санал авч байгаагүй.

3.3.Монгол Улсын Засгийн газарт “П***” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/31 дүгээр албан бичгээр нөхөх олговор авах тухай хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

3.4.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.13-т заасан зохицуулалтуудаас үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй, нөгөө талаас нөхөх олговрыг зайлшгүй олгох үүргийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар хүлээлгэсэн ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч:

4.1.“... “П***” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд уг тогтоолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох талаар тусгагдаагүй байна.

4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж тус тус хуульчилсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийсэн. Үүнд:

5.1.“П***” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 133 га талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор 124.32 га талбайтай хэсэгчлэн давхцалтай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагтай 7.88 га, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай 5.33 га талбай тус тус давхцалтай болсноор нэхэмжлэгч компани зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

5.2.Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн зүгээс нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр дараах байгууллагуудад хандсан байна.

5.3.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч “П***” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/31 дүгээр  албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан “Нөхөх олговор авах тухай”  хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан боловч шийдвэрлэхгүй орхигдуулсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

5.4.Нэхэмжлэгч “П***” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 133 га газар нь бараг бүхэлдээ нөлөөлөлд өртсөн байх тул хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөх олговор олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй ...

5.5.Хариуцагч байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авахын тулд хариуцагч байгууллагын зүгээс журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, хуульд зааснаар нөхөх олговор олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хариуцагч нар хоорондоо тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс тохиролцох талаарх хүсэлтүүдийг холбогдох байгууллага болон хариуцагчид гаргасан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдсон ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.1.“Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай” 438 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан талбайтай давхцалтай 124.32 га талбайг цуцалж, давхцалгүй 9.03 га талбайн солбицолд өөрчлөлт оруулсан. Уул уурхайн Кадастрын бүртгэлийн системд шүүлт хийхэд “П***” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-*** дугаартай тусгай зөвшөөрлийн нийт 9.03 га талбай байна.

6.2.Гэтэл давж заалдах шатны шүүхээс нөхөх олговор авах асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэхдээ “П***” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хэдэн гектар талбайд нөхөх олговор олгохыг даалгасан нь ойлгомжгүй. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримталсан.

6.3.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл тохиролцоонд хүрээгүй бол хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэх байтал шүүхээс шууд Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9.Тодруулбал, нэхэмжлэгч “П***” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн *** сумын “***” нэртэй газар дахь ашигт малтмалын ашиглалтын MV-*** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 133 га талбайн 124.32 га нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” тогтоолоор баталсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагт орсон, мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолд заасан Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт 7.88 га нь, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагт 5.33 га талбай нь тус тус давхцалтай болсноор тус компани нь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

10.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 18.1.3-т “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох”, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заасан.

11.Түүнчлэн тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын Гуравт “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагаа”-г зохицуулахдаа 3.5-д “Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг судлан дүгнэлт гаргахдаа дараах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэнэ”, 3.5.2-т “Улсын тусгай хэрэгцээнд авах газрын хилийн заагийг тогтоохдоо ... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулахгүй байх зарчмыг баримтлах бөгөөд давхацсан эсэхийг заавал нягтлан шалгана”, 3.7-д “Улсын тусгай хэрэгцээнд авах газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газартай давхацсан тохиолдолд нөхөх олговор олгох асуудлыг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран холбогдох хуульд заасан журмын дагуу тооцно” гэжээ.

12.Гэтэл хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан нөхөх олговрын хэмжээний талаар харилцан тохиролцох ажиллагааг хийгээгүй, мөн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ч дээрх журамд заасан ажиллагааг хийгээгүй байна.

13.Нэхэмжлэгч “П***” ХХК-ийн зүгээс нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр 2012 оноос хойш удаа дараа холбогдох яам, төрийн захиргааны байгууллагад хандсан боловч үр дүнд хүрээгүй, хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4/31 дүгээр албан бичгээр хариуцагч Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан талаарх шүүхийн дүгнэлт зөв.

14.Нэгэнт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн ихэнх хэсэг нь хариуцагч Монгол Улсын Засгийн газрын “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т орсноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон энэ тохиолдолд тус компани нь хуульд заасны дагуу нөхөх олговор шаардах эрхтэй, хариуцагч зохих журмын дагуу тооцон олгож байх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.  

15.Хуулийн дагуу шийдвэр гаргасан байгууллага нөхөх олговор олгох үүрэгтэй тул “... тохиролцоонд хүрээгүй бол хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэх байтал шүүхээс шууд Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан ...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.  

16.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШШ2025/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР  

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

        ШҮҮГЧИД                                                           М.БАТСУУРЬ

                                                                 Ц.ЦОГТ

                                                                         Г.БАНЗРАГЧ