Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1741

 

Т.Ц , О.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Ц , О.У нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ГБТ” ТББ-д холбогдох

 

Сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хохирол 26 853 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Ц , О.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц , О.У бид хоёр 2013 оны 8 сард Х.Ю захиралтай “ГБТ” ТББ-ын Америкийн Интернешнл Доорвэй боловсрол, спортын байгууллагын албан ёсны төлөөлөгч нэрээр Work and Study хөтөлбөрийн нэрийн дор хуурамч мэдээлэл цацан сургалтын төлбөр дээр 50-70 хувийн хөнгөлөлт үзүүлж, суралцаж байх хугацаанд нь мэргэжлийн дагуу оффисын ажилд зуучилж, мэргэжлээр нь дадлагажуулан, эцэг, эх ар гэрээсээ мөнгө харах шаардлагагүй магистрын боловсрол эзэмшүүлнэ гэсэн амлалтанд эргэлзээгүй итгэж, хувь хүнээс болон ББСБ-аас аавынхаа нэр дээр эгчийнхээ байрыг барьцаалан 3.5 хувийн хүүтэйгээр эхлээд 7 000 000 төгрөгийг, дараа нь 3 000 000 төгрөгийг нэмэн зээлж тус бүр 5 100 ам.доллар буюу нийт 10 200 ам.доллар төлж явцгаасан. Америкт очтол ямар ч ажилд зуучлаагүй, амлалтын дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэг ч байхгүй бидний хэлцэл хуурамч байсан болох нь тогтоогдсон.

Америкт амьдрах амьдралын өртөг маш өндөр байсан тул бид 2 буцаж ирэхээс өөр аргагүй байдалд хүрч байсан. Гэтэл аз болоход, бид 2 явахаасаа өмнө сургалтын төрийн сангийн зээлийн бүртгэлд бүртгүүлж, шалгалт өгөөд явсан байсных нэг нь тэнцэж сургалтын төрийн сангийн зээлд хамрагдан сурсан.

Америкт “IDEA” буюу Интернешнл Доорвэй боловсрол, спортын байгууллагад нь хандахад маш их гайхаж, “ГБТ” ТББ-ийг албан ёсны төлөөлөгч нь биш болохыг тодорхойлсон захидлыг явуулж, “IDEA” байгууллагын албан ёсны төлөөлөгчөөр Монголд “ЕDЕХ” хэмээх байгууллага ажилладаг болохыг тайлбарласан юм.

Гадны байгууллагын нэр барьж хуурамч гэрээгээр халхавч хийн, өөрсдөө явчих хэлний чадвартай хүмүүсээс мөнгө салгадаг үйл ажиллагааг нь зогсоон гэрээ тус бүрийг нь хүчингүй болгуулж гэрээний үндсэн дээр авсан 5 100 ам.доллар буюу нийт 10 200 ам.доллар буюу 20 583 000 төгрөгийг, мөн гэрээний хохирол болох очих талын онгоцны тийзийн үнэ 6 000 000 төгрөгийн хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Бид гэрээг орчуулбал 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Флорида мужийн Маяами-д байгуулав гэсэн байх ба бид бүгд тэр үед Монголд байсан болно.

Иймд “ГБТ” ТББ-тай байгуулсан сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хохирол 26 583 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар “ГБТ” ТББ-аас 20 583 000 төгрөгийг гаргуулж Т.Ц , О.У нарт олгож, нэхэмжлэлээс 6 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ц , О.У нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, “ГБТ” ТББ-иас 260 865 төгрөгийг гаргуулж Т.Ц , О.У нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

- ИХШХШТХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж заажээ. Гэтэл хэргийн оролцогч болох хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулсангүй буюу тухайн ТББ байдаг эсэх, үйл ажиллагаа явуулдаг эсэхийг шалгаж, танилцсангүй. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдтэй холбоотой ямар нэг баримт хэрэгт байхгүй.

- Нэгэнт тухайн хуулийн этгээдийн талаарх баримт байхгүй тул түүнийг хэн төлөөлөх эрхтэй пь мэдэгдэхгүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдсэн гэж байгаа нь мөн үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг мөн шалгаж тогтоогоогүй байна. Учир нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээдээс Б.М-д йтгэмжлэл олгосон эсэх нь мөн мэдэгдэхгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Ц , О.У нар нь хариуцагч “ГБТ” ТББ-д холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Сургалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 26 583 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын “ГБТ” ТББ-ын захирал Х.Ю нь Амеркийн Нэгдсэн Улсын Флорида мужийн “Интернэйшнл Доорвэй” боловсрол, спортын байгууллагыг төлөөлж нэхэмжлэгч Т.Ц , О.У нартай 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Сургалтын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь оролцогчийг төлөөлж доод тал нь 7 байгууллагаас тэтгэлгийн санал авах, нэхэмжлэгч нар нь байр сууц, хүнс, сургалтын зардалд нэг хүний 5 100 ам.доллар төлөхөөр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь төлбөрт 10 200 ам.долларыг хариуцагчид төлсөн болох нь 2013 оны 5 дугаар сарын 7, 13-ны өдрийн төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогджээ. /хэргийн 16-17, 29-34, 37-44 дүгээр тал/

 

Хариуцагч “ГБТ” ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Америкийн Нэгдсэн Улсын “Интернешнл Доорвэй” боловсрол, спортын байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар нь тайлбарласан ба хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Дүүргийн нэгдүгээр прокурорын газар, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд хариу өгсөн албан бичиг, хариуцагч байгууллага нь гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7/154, 7/677 дугаартай Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, Америкийн Нэгдсэн Улсын “Интернешнл Доорвэй” боловсрол, спортын байгууллагаас хариуцагч нь тус байгууллагыг төлөөлж үйл ажиллагаа явуулах эрхгүй, хамтран ажилладдаггүй талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт нэхэмжлэгч Т.Ц ын цахим хаягаар 2014 оны 6 дугаар сард ирүүлсэн албан бичиг, нэхэмжлэгчийн цахим хаягт үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримт авагджээ.

 /хэргийн 45, 26-28, 62-65 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж, 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзсан тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт болон хариуцагч байгуулагын эрх зүйн байдалтай холбоотой хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч “ГБТ” ТББ-ын захирал Х.Ю нь тус байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Г.Н , Б.М нарт 1 жилийн хугацаатай олгосны дагуу шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлаж, 2016 оны 6 дугаар сарын 24, 8 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан байна.

 /хэргийн 48, 49, 50, 58, 59, 73 52 дугаар тал/

 

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Ц , О.У нар нь “ГБТ” ТББ-ыг Америкийн Нэгдсэн Улсын “Интернешнл Доорвэй” боловсрол, спортын байгууллагын албан ёсны төлөөлөгч гэдэгт итгэж түүнтэй гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу тэдгээрийн хооронд байгуулагдсан “Сургалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 10 200 ам.доллар буюу 20 583 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Ц , О.У нарын “ГБТ” ХХК-тай байгуулсан “Сургалтын гэрээ” хүчин төгөлдөр бус байна” гэж зөв дүгнэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхидуулсан тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Улмаар шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д мэдэгдэх хуудсаар, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н ид гар утсаар мэдэгдсэн болох нь мэдэгдэл, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

/хэргийн 71, 72 дугаар тал/

 

Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Т.Ц , О.У нарын “ГБТ” ХХК-тай байгуулсан “Сургалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “ГБТ” ТББ-аас 20 583 000 төгрөгийг гаргуулж Т.Ц , О.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 865 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                        С.ЭНХТӨР