Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Жанчив, Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гачмаа, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                            Б.Батсайхан

            Ялтан нарын өмгөөлөгч                   Н.Энхжаргал, М.Алтанчимэг

            Ялтан                                                 Д.Жанчив, Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга

            Ялтны хууль ёсны төлөөлөгч         Ц.Цэрэндолгор, А.Наранцэцэг

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Жанчивын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Д.Жанчив, Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нарт холбогдох 201603000104 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Улаан чулуут гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Жаал овогт Долгорсүрэнгийн Жанчив /РД:АО93051011/

 

Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, 2 эгч нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Их замын 511 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Хөх овогт Эрдэнэбатын Очиртбаатар /РД:АО00211311/

Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Ширгүү гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Мөндөл овогт Ганхуягийн Хүрэлтулга /РД:АО99052411/

 

Д.Жанчив, Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нар нь бүлэглэн, мотоцикл хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Санжхандын эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч архи, пиво, тамхи, шоколад, гар утасны нэгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 349.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Жанчив нь насанд хүрээгүй Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, мотоцикл хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-овоо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Батбаярын эзэмшлийн автомашины сэлбэгийн дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч мотоциклийн коонсны базуур, амортизатор, гинж, манел, педал, Портер автомашины хойд гэрэл дохио, агаар шүүгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч 448.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Жанчивт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1, Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор:

Жаал овогт Долгорсүрэнгийн Жанчивыг бүлэглэн, машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хөх овогт Эрдэнэбатын Очиртбаатар, Мөндөл овогт Ганхуягийн Хүрэлтулга, нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Жанчивыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нарт 8 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Очиртбаатарыг эх А.Наранцэцэгийн, шүүгдэгч Г.Хүрэлтулгыг эх Ж.Цэрэндолгорын  хараа хяналтанд тус тус байлгаж засарч хүмүүжүүлэх үүргийг хариуцуулж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Жанчивт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын  хугацаагаар баривчлах ял буюу хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял буюу хөнгөн ялыг багтааж Д.Жанчивын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоон;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Жанчивт оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх;

Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч нар нь засарч хүмүүжихгүй байвал уг арга хэмжээг  насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдэж;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 04 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож Мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигч С.Ганхуягт олгох;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Хүрэлтулгаас хурааж улсын орлого болгох;

Д.Жанчив, Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Жанчивт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Жанчивын гаргасан давж заалдах гомдолд: Миний бие 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цэнхэр суманд төрсөн. Эцэг эхийн хамт Архангай аймгийн Цэнхэр суманд оршин суудаг. Миний бие нь анхан шатны шүүхийн 42 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би насанд хүрээгүй хүүхдийг уруу татаагүй, Г.Хүрэлтулга 2 өдрийн өмнө Батбаярын дэлгүүрт өмнө орж хулгай хийсэн гэж Батбаярын дэлгүүрийн цонхыг эвдэх гээд чадаагүй учир намайг төмрөөр эвдээд өг гэж байсан. Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нар өмнө Сүхээ ахын дэлгүүр, сургуулийн нөүтбүүк, эмийн сан, Батбаярын авто сэлбэгийн дэлгүүр зэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж энэ хүүхдүүдийн хулгайн үйлдлийг шалгуулах хүсэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

                                                            

            Ялтан Д.Жанчив давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сум орж ирээд Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нартай таарсан. Тухайн үед энэ 2 намайг хамт сагс тоглоё гэсэн. Тэгээд бид 3 хамт сагс тоглочихоод заалнаас гараад Батзориг багшийнд очиж 2 шил пиво уугаад гарч явсан. Тэгэхэд энэ хоёр надад бид хоёр өмнө нь энэ дэлгүүрийг ухаж үзсэн, та миний мотоциклийн хажууд зогсоод хүн харж бай гэж хэлээд хохирогч П.Санжхандын эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж эд зүйл хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ надаар зөөлгөсөн. Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга хоёр надад 3 шил архи өгсөн. Бусдыг нь өөрсдөө авсан. Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нар маргааш нь надад бид 2 Сүхээ даргын дэлгүүр, Батбаярын авто сэлбэгийн дэлгүүрүүдээс эд зүйл хулгайлсан гэдгээ хэлж байсан гэв.

 

Насанд хүрээгүй ялтан Г.Хүрэлтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 өмнө нь хохирогч Батбаатарын дэлгүүрт орж хулгай хийж байсан гэж Д.Жанчивт хэлж байгаагүй, Д.Жанчив худлаа мэдүүлэг өгч байна. Д.Жанчив  Э.Очиртбаатарыг дэлгүүрийн цонхоор оруулж архи аваад ир гэж хэлээд хулгай хийлгэсэн гэв.

 

Насанд хүрээгүй ялтан Э.Очиртбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Жанчив худлаа мэдүүлэг өгч байна гэв.

 

            Ялтны өмгөөлөгч М.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг шүүхэд шилжсэний дараа Д.Жанчив намайг өмгөөлөгчөөр авсан. Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэргийн бүрдэл хангагдаагүй, энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгаж дахин шалгуулах асуудлууд хүсэлт гаргаж байсан. Хохирогч П.Санжханд хамгийн анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Ерөөл архи 0.5 граммтай 6 ширхэг, лаазтай пиво 20 ширхэг, альфин голд шоколад 15 ширхэг, утасны нэгж, Эссэ, Улааншонхор, Вэст, Алтан навч тамхи зэрэг зүйлүүд алдагдаж, 180.000 төгрөгийн хохирол учирсан 180.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн байдаг. Дахин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 12 нэр төрлийн бараа алдагдсан гээд өөрөө үнэлээд 349.000 төгрөг нэхэмжилнэ гэснээс харахад хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь харагддаг. Хохирогч П.Санжханд мэдүүлэхдээ 7 нэр төрлийн тамхи алдагдсан гэсэн боловч, дараа нь хулгайлсан эд зүйлээ буцаан хүлээлгэн өгөхөд 10 нэр төрлийн тамхи хүлээлгэн өгч 3 нэр төрлийн тамхи илүү өгсөн байдаг. Мөн хохирогчийн мэдүүлэг 20 ширхэг лаазтай пиво алдсан гэсэн байхад Э.Очиртбаатар Д.Жанчив Г.Хүрэлтулга нар нь сагс пиво авсан гэж мэдүүлдэг. Мөн хохирогч 15 ширхэг альфин голд шоколад алдсан гэсэн байхад 3 ширхэг альфин голд шоколад хүлээлгэн өгсөн. Э.Очиртбаатар Д.Жанчив Г.Хүрэлтулга нар нь мэдүүлэг өгөхдөө 3 ширхэг 0.5 граммтай 3 шил архи авсан гэдэг, гэрчүүд 0.75 граммтай архи гаргаж ирээд уусан гэдэг. Тэгэхээр 0.5 граммтай архи байсан юм уу, 0.75 граммтай архи байсан юм уу гэдэг зөрүүтэй байдал гарахад үүнийг тодруулахаар хүсэлт гаргаж байсан. Гэх мэтчилэн зөрүүтэй мэдүүлгүүд байхад энэ хэргийг хохирогчийн өгсөн мэдүүлгээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Э.Очиртбаатар Д.Жанчив Г.Хүрэлтулга нар хулгай хийж ирчихээд Баярмаа гэдэг айлын цоожгүй амбаарт хулгайлсан эд зүйлээ хийчихээд маргааш нь цагдаад баригдаад эд зүйлээ хүлээлгэн өгөхөд хэдий хэмжээний эд зүйл байсан нь тодорхойлогдоогүй. Тийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгаж хэргийг дахин тодруулах шаардлагатай байна. Д.Жанчивыг насанд хүрээгүй хүүхдүүдийг хулгайн гэмт хэрэгт уруу татан оруулсан гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгаж өгнө үү гэв.

 

Ялтны өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь миний үйлчлүүлэгч Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нар үйлдсэн гэмт хэрэгтэйгээ маргадаггүй, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй учраас анхан шатны шүүхээс оногдуулсан засарч хүмүүжихийг даалгасан албадлагын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Д.Жанчив нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Санжхандын дэлгүүрээс Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нартай нийлж эд зүйл хулгайлсан, хохирол төлбөрөө төлсөн. Гэтэл шүүхийн шатанд өмнөх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг болохоос өмнө Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нар нь хохирогч Батбаатарын дэлгүүрт хулгай хийхээр орсон гэж Д.Жанчив тайлбарладаг. Гэтэл хохирогч Батбаатараас мэдүүлэг авахад энэ хэрэг гарахаас өмнө манай дэлгүүрт хулгай орсон гэсэн мэдүүлэг өгөөгүй байсан. Д.Жанчив өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан юм байна лээ. Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нарт уруу татагдаад хулгай хийсэн гэдэгт итгэл үнэмшил төрөхгүй байна. Иймд хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Прокурор Б.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ялтан Д.Жанчив нь согтуугаар насанд хүрээгүй Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Санжхандын эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, архи, пиво, тамхи, шокалад гар утасны нэгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 349.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

Насанд хүрээгүй яллагдагч Г.Хүрэлтулга нь Д.Жанчив, Э.Очиртбаатар нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Санжхандын эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, архи, пиво, тамхи, шокалад, гар утасны нэгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 349.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн насанд хүрээгүй яллагдагч Э.Очиртбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Батбаярын эзэмшлийн автомашины сэлбэгийн дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч мотоциклийн консны базуур, амортизатор, гинж, манюул, федал, Портер автомашины хойд гэрэл дохио, агаар шүүгч зэрэг эд зүйлийг хулгайлан авч 448.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Насанд хүрээгүй яллагдагч Э.Очиртбаатар нь Д.Жанчив Г.Хүрэлтулга нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Санжхандын эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, архи, пиво, тамхи, шокалад, гар утасны нэгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 349.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Ялтнууд нь хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол саналгүй болсон баримт хавтаст хэрэгт байгаа. Д.Жанчив нь энэ хэрэгт хамааралгүй өөр асуудлаар гомдол гаргадаг. Д.Жанчивыг насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татаж хулгайн гэмт хэрэг үйлдүүлсэн хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Бусад асуудлын талаар Цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Д.Жанчив нь албан бус тайлбар гаргадаг. Хэрвээ албан ёсоор тайлбар гаргавал холбогдох ажиллагаа хийгдэх байх гэв.

 

Ялтан Д.Жанчив, Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нар нь 2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө бүлэглэн,  Мустанг-5 маркийн мотоцикль хэрэглэн, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Санжхандын эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлан, бусдад 349.000 төгрөгийн хохирол учруулсан, ялтан Д.Жанчив нь насанд хүрээгүй Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нарыг дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, мөн насанд хүрээгүй Э.Очиртбаатар, Г.Хүрэлтулга нар нь  2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө бүлэглэн, Мустанг-5 маркийн мотоцикль хэрэглэн Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт үйл  ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Батбаярын эзэмшлийн автомашины сэлбэгийн дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 448.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хохирогч П.Санжханд, Ч.Батбаяр, гэрч М.Болормаа, Л.Даваажаргал, Д.Баярмаа, Ц.Батзориг, Н.Адьяахүү нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7, 122/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9, 123/ хураан авсан эд зүйлийн зураг /хх-ийн 11, 125/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

Анхан шатны шүүхийн хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдүүдийн хувийн байдал зэрэгт тохирчээ.

 

Ялтан Д.Жанчив насанд хүрээгүй Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулаагүй, гэмт хэрэг үйлдэхийг өөрсдөө санаачилсан гэж гомдол гаргасан боловч энэ нь ялтан Г.Хүрэлтулга, Э.Очиртбаатар нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалгахыг хүссэн ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон;

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Жанчивын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Н.ГАЧМАА

                             

                                                                                   М.МӨНХДАВАА