| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 303/2025/00417/И |
| Дугаар | 213/МА2025/00012 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 213/МА2025/00012
2025 оны 09 дүгээр сарын 12 Дугаар 213/МА2025/00012 Номгон
******* хүсэлттэй иргэний
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 303/ШШ2025/00459 дүгээр шийдвэртэй,
Хүсэлт гаргагч ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ :
Миний бие нь 1965 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 1983 оны 06 дугаар сараас 1986 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Тэгээд 1986 оны 07 сарын 20-ны өдөр Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажилд орсон. 1992 оныг дуустал тухайн газар ажилласан. Тэгээд худалдаа бэлтгэлийн ангийн контор шатаад бичиг баримт шатсан. Архиваас лавлагаа авахад гарч ирээгүй. ерөнхий нягтлан, аж ахуйн даргыг гэрчээр асуулгасан гэжээ.
Анхан шатны шүүх:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан******* овогт *******ын Болдбаатарын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлтийн гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...******* миний бие нь 1965 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Одоо 60 настай. ...Баянхонгор аймгийн Баян-Овоо сум Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан Ерөнхий нягтлан Я.Төмөрсүх, аж ахуйн нярав С.Доржсүрэн нараар ажиллаж байсан байдлаа гэрчлүүлэн, тухайн байгууллагаас хамаарах хугацаанд авсан баярын бичиг, дипломыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн боловч ...гэрчийн мэдүүлгийн эх сурвалж буюу тухайн цаг үед ажиллаж байсныг нотлох баримт бичиг авагдаагүй, баярын бичиг, дипломын хуулбарууд нь засвартай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна гээд хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
...Баярын бичиг диплом нь олон жилийн хайхрамжгүй хадгалалтын улмаас урагдаж, нугаларсан, дээр нь ус дусаж бэх урссан болохоос бид засварлаж, элдэв зүйлээр өөрчлөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт хуулбарлан өгсөн диплом, баярын бичгийн хуулбарыг шинжлэн үзсэнээс, эх хувийг үзэлгүйгээр энэхүү шийдвэрийг гаргасан тул гомдолтой байна.
1986 оны 7 сараас 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан хэргийг хянан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хүсэлт гаргагч ******* давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:
Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан, анхан шатны шүүх хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хүсэлт гаргагч ******* нь хүсэлтийн шаардлагыг нотлох баримт болох гурван ширхэг баярын бичиг болон дипломыг хуулбарлаж шүүхэд өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр нь үзэгдэх байдлаар нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгөх, хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай бол жинхэнэ эхийг нь шаардан авах эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хуулбар хувийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэгт авагдсан баярын бичиг, диплом зэрэг 3 ширхэг хуулбарын эх хувийг давж заалдах шатны шүүх хуралдаанд эх хувиар нь авчирсан эдгээр нь нотлох баримтад авч үнэлэх боломжтой байх тул үнэлж, мөн тухайн цаг хугацаанд цуг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ч.Төмөрсүх, С.Доржсүрэн нарын мэдүүлгүүд зэргийг үндэслэн ******* 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.Болдбаатар нь ... Баярын бичиг диплом нь олон жилийн хайхрамжгүй хадгалалтын улмаас урагдаж, нугаларсан, дээр нь ус дусаж бэх урссан болохоос бид засварлаж, элдэв зүйлээр өөрчлөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт хуулбарлан өгсөн диплом, баярын бичгийн хуулбарыг шинжлэн үзсэнээс, эх хувийг үзэлгүйгээр энэхүү шийдвэрийг гаргасан тул гомдолтой ... гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул ажилласан байдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүний Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж хүсэлт гаргагч *******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 303/ШШ2025/00459 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан******* овогт *******ын Болдбаатарын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан******* овогт *******ын Болдбаатарын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлтийн гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй гэснийг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хүсэлтийн гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж түүнд олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ: Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
Ч.ЭНХТӨР