Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01551

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04235 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

712,731,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, Б.Цэрэндолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Манай компани Лотус брэндийн хүнсний цагаан будааг Вьетнам улсаас импортлон, Монгол улсын зах зээлд худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 05 дугаар сард нийт 80 тонн гаруй цагаан будааг гаалиар оруулж ирсэн.

Тус цагаан будааг зориулалтын, холбогдох стандарт, шалгуур, хууль тогтоомжид нийцсэн агуулахад хадгалуулахаар *******-тай 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж хадгалуулсан. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагаас агуулахад ус алдсан гэсэн мессеж бидэнд ирсэн бөгөөд очиж үзэхэд борооны ус агуулахад нэвтэрч будаанууд норсон, чийг авсан, зарим будаанаас өмхий үнэр гарч, хөгц үүссэн байсан.

Тухайн үед агуулахад 20 кг-ын савлагаатай 929 ширхэг, 5 кг-ын савлагаатай нийт 11375 ширхэг цагаан будаа хадгалагдаж байсан. Хариуцагчийн агуулахын бүрэн бус байдал, буруутай үйл ажиллагааны улмаас хадгалуулж байсан цагаан будааг хүнсний зорилгоор ашиглах, худалдан борлуулах боломжгүй болсон.

Агуулахад ус орсны дараа цагаан будааг хүнсний чанар, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шинжлүүлэхээр магадлан итгэмжлэгдсэн лаборатори болох Сингапур улсын “*******” компанид дээж явуулан шинжлүүлэхэд бациллус цереус гэх бактери нь байх ёстой хэмжээнээс 3.6 дахин илүү гарч будааг хүнсний зорилгоор ашиглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6, 424 дүгээр зүйлийн 424.1, гэрээний 5.7-д заасны дагуу ******* нь учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.

Манай компани 5 кг-ын савлагаатай цагаан будааг 37,000 төгрөг, 20 кг-ын савлагаатай цагаан будааг 142,000 төгрөгийн үнээр борлуулдаг. Гэрээний дагуу агуулахад хадгалуулсан 20 кг-ын савлагаатай 929 ширхэг, 5 кг-ын савлагаатай 11375 ширхэг будааны нийт үнэ 552,793,000 төгрөг болно.

Цагаан будаа руу борооны ус орж борлуулах боломжгүй болсноос манай компанид алдагдал учирсан. Энэ алдагдлыг ******* 156,638,800 төгрөг гэж тогтоосон.

Иймд хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 712,731,800 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод гамшгийн хэмжээний мөндөр орсны улмаас агуулахын дээврээс ус гоожиж, *******-ийн тавиур дээр хадгалуулж байсан будаа дээр ус дусалсан байсан тул тухайн компанид мэдэгдсэн. Тухайн үед нийт агуулахаас чийг үнэртэж байсан. Эдний компанийн ажилчид 34 уут будааг задалж шалгаснаас 1 уут будаа нь хөгцөрч ногоорсон байсан. Энэ үед агуулахын салхивчийн системийг ажиллуулж чийгийг хугацаа алдалгүй арилгасан.

Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэлд багтах 10мм голчтой мөндөр орсноос дээвэр дээр их хэмжээний мөндөр тогтож хайлсан ус доош урсах боломжгүй болж сэндвич дээврийн хамар давж доош орсноос болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шууд төлбөл өртгийн үнээр нийт 272,863,346 төгрөг, шүүхэд хандвал зах зээлийн үнээр нийт 552,793,000 төгрөг нэхэмжлэх болно гэсэн гэрээний төсөл ирүүлсэн. Манай тал 272,863,346 төгрөгийг шинжилгээний хариуг үндэслэж байж төлөх болохоо илэрхийлсэн.

Нэхэмжлэгч тал ямар ч шинжилгээний хариу өгөхгүй байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай зүгээс ХАБУЛЛ-д өгөхөд, будаа анх 05 дугаар сард орж ирсэн шигээ ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл будаа байна гэж гарсан. Нэхэмжлэлд болон МҮХАҮТ-ын шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөгц ургаж ногоорсон гэх 1 уут будаа байсныг мөн лабораторид өгөхөд эрүүл гэж гарсан бөгөөд энэхүү ногоон хөгц нь савлалтын явцад гадны биет орсон байх магадлалтай гэсэн хариу хэлсэн.

Монголын лабораторийн хариуг нэхэмжлэгчийн Сингапур улсад явуулсан шинжилгээний хариу давхар нотолж байна. Будаа хэрэв ямар нэг хэмжээгээр чийг авсан бол хөгц, мөөгөнцөр ургах ёстой. Гэтэл будаанаас хөгц мөөгөнцөр огт илрээгүй. Бациллус цереус гэдэг бактери нь хөрсний бохирдлоос үүсдэг бактери юм. Манай зүгээс Монгол Улсын лабораториудад хандаж, *******-ийн Хими микробиологийн лабораторийн шинжилгээгээр болон 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн микробиологийн лабораторийн шинжилгээгээр бациллус цереус гэх бактери огт илрээгүй.

Сингапурын хуулиар түүхий будаанд "Бациллус цереус" -ийн шинжилгээ хийдэггүй зөвхөн идэхэд бэлэн будаанд хийдэг гэсэн цахим шуудангаар хариу ирснийг шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэг, 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар хариуцагч *******-д холбогдуулан хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 712,731,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч ******* /Хаан банкны 5134054684 тоот данс/-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,879,559 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хадгалуулсан будаанд борооны ус орж бохирдуулсан асуудал 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болсон. Гэтэл үүнээс ч өмнө 2023 оны 05 дугаар сараас анхны бороо орж эхлэх үеэр агуулахын дээврээр борооны ус орж байсан бөгөөд агуулахын дээврийг засах талаар мэдэгдэж, шаардаж байсан боловч арга хэмжээ авч байгаагүй.

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Сингапур улсын “*******” компанийн бактериологийн шинжилгээгээр хариуцагчийн буруугаас будаанд хөгц, мөөгөнцөр үүссэн болох нь тогтоогдсон. Мөн Хятад улс дахь салбар лабораторийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжилгээгээр шохойжилтын хэмжээ 7.2 гэж хэт өндөр гарсан буюу шинжилгээнд тэнцээгүй.

Мөн будааны чанар байдлын өөрчлөлтийн талаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын экспорт, импортын барааны магадлан шалгах хөндлөнгийн шинжээч ******* нь шүүхэд “…мөөгөнцөртсөнийг харсан" гэж мэдүүлсэн.

Хадгалалтын гэрээний 2.1.3 т агуулахад энгийн буюу +100+15C, 20% 40% чийгшилд хадгалах горимтой барааг хадгална гэж заасан. Гэтэл хариуцагчийн өөрийн хөтөлсөн бүртгэлээр 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн агуулахын чийгшил 68.9 байсан. Түүнчлэн, шүүхийн журмаар шинжээч томилж, будаанд чанарын болон эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжилгээ хийгдэхээр болсон ч тухайн шинжилгээ хийгдээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй. Дээрхээс гадна, хариуцагч тал өөрөө нэхэмжлэгчид хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас будаа борлуулагдах боломжгүй байсаар хадгалах хугацаа дууссан, будааны чанар муудсан, цаашлаад хэрэглэгчид худалдан авах боломжгүй болсон талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.

4.2. Шүүх олон улсад магадлан итгэмжлэгдсэн Сингапур улсын “*******" болон “*******" компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторийн шинжилгээний хариунуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилоогүй, шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй.

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32024/23690 дугаар захирамжаар будааны чанар болон аюулгүй байдлын шинжилгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус шинжилгээ хийгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх будааны чанар болон эрүүл ахуй, аюулгүй байдал гэсэн ялгаатай асуудлыг хольж дүгнэсэн.

Хэрэв хохирол учраагүй байсан бол хариуцагч тал хохирлыг нөхөн төлүүлэхээр 2023 оны 11, 12 дугаар сард даатгалын компанид хандахгүй байсан. Энэ талаарх баримтууд хэргийн 1 дүгээр хавтасны 196-199 дэх талд авагдсан.

4.3. Хадгалалтын гэрээний 4.1-т хариуцагч тал буюу үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлагын даатгалтай байна гэж заасан боловч тус заалтыг хариуцагч биелүүлээгүй. “*******-иас *******-д хүргүүлсэн 2023-10-30-ны 23/10-037 тоот албан бичгээр агуулахад ус алдсанаас хохирсон бусад компаниуд даатгалаас хохирлоо барагдуулсан болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэн. Будаатай холбоотой олон шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан ба тус баримтуудыг хооронд нь харьцуулж, хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1 дэх хэсэгт барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй гэж заасан. Нэхэмжлэгч байгууллагын Вьетнам улсаас оруулж ирсэн гэх будаа нь дотроо ямар будаа байсан бэ гэдэгт гол факт байгаа гэж үзэж байна.

Агуулахад хадгалагдаж буй будааны уутыг харвал ус нэвтэрч орох боломжгүй, хоёр давхар ууттай, дээрээс нь ороочихсон байгаа, будааг гаднаас нь цоолж байж л ус хийх боломжтой. Нэхэмжлэгч талын хийлгэсэн шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан ба бациллус цереус бактери илрээгүй гэх дүгнэлт гарсан.

Талуудын хэн аль нь гадаадын шинжээч нараар дүгнэлт хийлгэсэн. Сүүлд шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт буюу н.Уранчимэгийн хийсэн дүгнэлт нь Монгол улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 18 профессор, докторуудын дүгнэлттэй ижилхэн гарсан учраас шүүх тус дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.2. Шүүх шинжээч томилсон хэдий ч шинжээчийн дүгнэлтийг авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж нэхэмжлэгч тал дурдсан. Шүүх шинжээчийн дүгнэлт гарахыг удаан хүлээсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан учир бид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Сүүлийн хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрлээгүй орхигдуулсан зүйл байхгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 712,731,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Цагаан будаа хадгалуулахаар байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлсэн эсэх, үүнээс шалтгаалж нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх нь энэ хэргийн маргааны зүйл болсон байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нотлох үүргийн хуваарилалтын дагуу “Номин холдинг” ХХК-ийн Эко стандарт лабораторийн 2023 оны 06 дугаар сарын 09, Сингапур улсын “*******” ЛТД-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23, “*******-ийн Хими, микробиологийн лабораторийн 2023 оны 11 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 27, Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 06 дугаар сарын 16, 11 дүгээр сарын 13, 2024 оны 01 дүгээр сарын 09, 18, “*******” компанийн БНХАУ-ын Нанжин дахь салбар лабораторийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжилгээний хариуг хэрэгт баримтаар гаргаж өгсөн.

 

            3.1. Эдгээр шинжилгээний үр дүнг талууд харилцан эс зөвшөөрсөн тул 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/16811 дугаар захирамжаар Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ургамлын өвчин судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан ******* шинжээчээр томилж, улмаар шинжээч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дүгнэлт гаргасан.

Энэхүү шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хадгалуулж буй цагаан будаанд чанарын болон хүнсний болон эрүүл ахуйн шинжилгээг бүрэлдэхүүнтэй хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32024/23690 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

 

3.2. Гэвч дээрх захирамжийн биелэлтийг шүүхийн зүгээс хангаагүй атлаа энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/21303 дугаар захирамжаар хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.3. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32024/23690 дугаар захирамжийн биелэлт хангагдсанаар хадгалуулж буй цагаан будааны Монгол улсын хилээр орж ирсэн анхны шинж байдал, чанар нь хадгалалтын явцад алдагдсан эсэхийг тогтоох боломжтой байжээ.

 

4. Иймд анхан шатны шүүх шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, үүнийг залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй болохыг дурдвал зохино.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,721,609 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

     ШҮҮГЧИД                                      Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                                           Т.БАДРАХ