Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч А.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А-д холбогдох 1921000000225 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ................................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, У.А. /РД: ................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.А нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг болох “Довын худаг” гэх газарт А.Сугарыг “гар утсаа нэхэж агсан тавьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр рүү цохиж, улмаар хөлөөрөө өшиглөж зодож биед нь зүүн талын 6,7-р хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч У.А нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг болох “Довын худаг” гэх газарт А.Сугарыг “гар утсаа нэхэж агсан тавьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр рүү цохиж, улмаар хөлөөрөө өшиглөж зодож биед нь зүүн талын 6,7-р хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921000000225 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.А-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Сугар ахыг машиндаа суулгаад хөдөлсөн бөгөөд Сугар ах замаараа дэлгүүр орж 1 том пиво, 1 шил архитай авсан. Бид хоёр замдаа пиво ууж бас архиныхаа талыг хувааж уусан. ...тэгээд замд явж байх үед Сугар ах агсан тавиад гар утсаа надаас нэхээд “чи миний утсыг авсан уу гаргаж өг” гээд байсан. Би Сугар ахад “би таны гар утас надад байхгүй” гэж хэлсэн боловч Сугар ах миний үгийг ойлгохгүй байсан ба “чи л авсан чамаас өөр хэн авдаг юм бэ” гээд миний шилэн хүзүүн дээр 3-4 удаа зангидсан гараараа цохисон. Мөн миний машины рулийг булаагаад байсан. Тэгээд би Сугар ахыг агсараад байхад машинаа зогсооход Сугар ах машины хаалга савж буусан. Би ч араас нь машинаас буугаад “та яагаад байгаа юм бэ” гэтэл Сугар ах над руу ухасхийгээд дайрахад нь би Сугар ахыг шанаанд нь зангидсан гараараа цохиход Сугар ах хажуу талаараа харуулдаж газарт унасан. Тэгээд Сугар ах хажуу талаараа хараад хэвтэж байхад нь би хэвлий хэсэгт нь гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. ...тэр үед баруун хойд талын айлаас Өлзий гэх залуу хүрч ирээд “юу болоод байгаа юм бэ, чи болиоч яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Сугарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ...А-тай таарсан. Тэгээд бид хоёр 11 цагийн орчим гэр дэлгүүрээс 1 том пиво, нэг шил Улаанбаатар архи худалдаж аваад компани руу буцах замдаа хөдөө зогсоод А бид хоёр хувааж уусан. ...А бид хоёр түүний хоёр найзтай нь хамт авсан 0,75 граммын Улаанбаатар архиа ууж дууссан бөгөөд тухайн үед би өөрийнхөө гар утсыг байхгүй байгааг мэдээд А-гийн машин дотор хайсан боловч утсаа олоогүй. Тэгээд тэр өдөр 14 цагийн орчимд А бид хоёр тэндээ хөдөлсөн бөгөөд тухайн үед Хуягаа гэх залуу 4 настай охины хамт машинд суусан. Тэгээд машинд суугаад явж байхдаа би А-д “чи миний гар утсыг олж өгсөнгүй” гэж агсан тавиад түүний шилэн хүзүүн дээр гарын алгаараа 3-4 удаа алгадсан. Гэхдээ би тийм хүчтэй алгадаагүй. Тэр үед А Мийгаа гэх айлын гадаа очоод гадаа машинаа зогсоогоод бууж ирээд намайг машинаас татаж буулгасан. Тэгээд би газарт унаад хажуу талаараа хараад хэвтэж байхад А миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний амьсгаа давхцаж ухаан балартсан. Нэг анзаарч харахад Өлзий гэдэг залуу А-г салгаж байсан. Би тэр Өлзий гэх залууд “ахыгаа авраарай ах нь үхлээ” гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр маргалдахаа болиод машиндаа суугаад А намайг компанийн кемп дээр буулгаж өгсөн. Маргааш өглөө нь Соко гэх компанийн эмчид үзүүлэхэд “хавирга чинь хугарсан байна” гэж хэлсэн..., гомдол санал байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Чинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Матад сумын цагдаа ажил дээр ирээд нэг хүн үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. ...намайг үзлэг хийхэд Сугар гэх хүн архи уугаагүй эрүүл байсан бөгөөд урьд орой нь хүнд зодуулсан, баруун хөл ташаагаар өвдөж байна, зүүн хавиргаар мөн өвдөж байна гэж хэлж байсан. Үзлэгээр Сугар гэх хүний амин үзүүлэлт хэвийн байсан ба үзлэгээ дуусгаад хавирга нь зөрүүтэй хугаралтай байгаа талаар хэлээд тодорхойлолт бичиж өгөөд аймгийн төв явж зургаа авуулаарай битгий гүнзгий амьсгалаарай гээд зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Матад суманд байдаг өвөлжөөнийхөө гэрт ганцаараа мотоциклоо засаад сууж байтал урд талаас цагаан өнгийн приус-10 маркийн машин ирж гэрээс 20 орчим метрийн зайтай зогссон. Тэр машинаас А, Сугар, Ганхуяг гэх хүмүүс бууж ирсэн ба тэр гурав архи уусан байдалтай халамцуу байсан. Тэгээд А, Сугар хоёр хэрэлдэж эхэлсэн. Би тэр хэрүүлд оролцоогүй хараад байж байтал А Сугар ахыг цохиж ойчуулаад цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн ба нүүр рүү нь шанаадаж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод А-гийн араас тэвэрч татаад “чи боль, хүн аллаа” гэж хэлсэн. Тухайн үед Ганхуяг гэх хүн зүгээр машин дотроос хаалгаа онгойлгоод хараад сууж байсан. Тэгэхэд би Ганхуяг гэх хүнд “та бууж ирээд аль нэгийг нь авалдаа” гэж хэлсэн. Тэгээд Ганхуяг машинаас бууж ирээд Сугарыг дагуулаад манай гэр рүү явсан араас нь А бид хоёр очсон. ...намайг хориглож тэврэх үед А “зодчихъё” гээд бахираад байсан. ...Сугар зодуулсныхаа дараа хоёр гараараа элгээ тэвэрч бөхийгээд “ёо ёооё” гээд дуу алдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 437 дугаартай:

1. А.Сугарын биед зүүн талын 6, 7-р хавирганы далд зөрөөтэй хугарал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт, уруулын дээрхи, эрүү, баруун шуу, зүүн тохойн зулгаралт, баруун бугалганы цус хуралт, баруун өвдөг, зүүн мөрний зулгаралт, цээж, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүдийн зүүн талын 6, 7-р хавирганы далд зөрөөтэй хугарал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921000000225 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг болох “Довын худаг” гэх газарт А.Сугарыг “гар утсаа нэхэж агсан тавьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр рүү цохиж, улмаар хөлөөрөө өшиглөж зодож биед нь зүүн талын 6,7-р хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн уушигны бүрэн авчилт, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч У.А-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Сугар /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Б.Чинбаатар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Т.Өлзийсайхан / хх-ийн 22-24 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч У.А нь хохирогч А.Сугарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өгсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч У.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

 

Шүүгдэгч У.А-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч У.А-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч У.А-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН