| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2025/00179/И |
| Дугаар | 210/МА2025/01546 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01546
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, 3,000,000 төгрөгийн цалинтай тус байгууллагын Логистикийн албаны даргын албан тушаалд ажилласан.
******* ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал ******* миний цалинг бууруулахгүй, мэргэжлээрээ ажиллах, эдийн засгийн тооцоон дээр ажиллаач гэх саналын дагуу бид 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалд ажиллахаар болсон.
Хүний нөөцийн албанаас ажилтан албан хаагчид ээлжийн амралтаа хэзээ авах хүсэлтээ 2023 оны эцсээр гаргаж өгөөрэй гэсний дагуу миний бие 2024 оны 08 дугаар сард ээлжийн амралт авах тухай хуваариа өгсөн байсан. Улмаар шинээр томилогдсон Логистикийн албаны дарга *******д болон өөрийн харьяалагдах Санхүүгийн албанд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байгаа тухайгаа мэйлээр илгээсэн. ******* дарга болон борлуулалт маркетингийн албаны захирал ******* нараас агуулах нүүх учраас яаралтай хийх тооцооллуудаа гаргаад амар гэсэн учир 4 хоног амралтаа аваад үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Гэвч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хүний нөөцийн албаны дарга намайг ирж уулзаарай гэсэн. Очиж уулзахад нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалаас чөлөөлж байгаа, 4 хоног ажилдаа ирээгүй, мөн ажлын байранд тэнцэхгүй байна гэж хэлсэн. Мөн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой анхан шатны баримт бичгийг үдэхэд бэлэн болгон Санхүүгийн албанд өгөх, эдийн засгийн тооцооллоо бүгдийг хийж дуусгаад, ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн. Дутуу ажлуудыг 2024 оны 09 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж хийж дуусгасан ба ажлаас гарах тойрох хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зурж өгсөн.
Тушаалаа авах талаар удаа дараа холбогдсон боловч тушаал гаргаагүй байсан. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг гаргаж өгсөн. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан байхад ажлаас халсан тушаалыг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн огноотой гаргаж өгсөн бөгөөд надад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан цалинг өгөөгүй.
Хууль зүйн хувьд туршилтын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас шууд халсан. Тушаал болон хариуцагчийн хариу тайлбарт ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж тайлбарладаг боловч урамшуулал олгосон байдаг, эдгээр үйл баримт зөрүүтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт заасан ажил хүлээлцэх хугацааг тушаалд заагаагүй, хууль зөрчсөн. Ажлаас халах тушаал гарсны дараа буюу тойрох хуудсыг зурж өгсөн. Цугларсан баримтаар тушаал нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******тэй 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл нь ******* ХХК-ийн Логистикийн албаны Нягтлан бодогч-эдийн засагч албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг үндэслэн туршилтын гурван сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар харилцан тохиролцсон.
******* нь туршилтаар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор гүйцэтгэдэггүй, гүйцэтгэлийн үнэлгээ сул ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь эхний 1 сардаа харагдаж байсан боловч бид гэрээний хугацаандаа ажиллуулж 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож ажилтанд хамтран ажиллах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцсэн. Энэ өдрөөс хойш ******* нь ажилдаа ирээгүй.
Өмнө ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээний харилцаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болж, шинээр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нягтлан бодогчийн ажилд шинээр туршилтын хугацаагаар томилогдсон учир ээлжийн амралт эдлэх эрх нь 6 сар ажиллаж байж үүснэ. Мөн 3 сарын туршилтын хугацаа дууссан үндэслэлээр тушаалыг 2024 оны 08 дугаар сарын 13-ны огноогоор 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг нөхөж гаргаж өгсөн. Ажлаа дур мэдэн хаяж явсан учир 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж ажлаа хийж дуусгаж, хүлээлгэж өгсөн. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* ХХК-ийн Нягтлан бодогч-Эдийн засагч албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,232,544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ХХК-нд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 604,113 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
1.2. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/24-163 тоот тушаалаар хөдөлмөрийн эрх зүйн шинэ харилцаа үүсгэж, *******г нягтлан бодогч-эдийн засагчийн ажлын байранд туршилтын хугацаагаар томилсон-той тэрээр мөн адил маргаагүй.
Дээрхээс дүгнэхэд нягтлан бологч-эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг ******* хангах эсэхийг шалгах зорилгоор туршилтаар 3 сарын хугацаатай томилсон ба хугацаа нь дууссан талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.
...2.1. Гомдол гаргах эрхийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн ...154.2.1 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ...тухай ажил олгогчийн шийдвэрийг ... хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэжээ.
...Дээрхээс үзвэл тэрээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэдгээ 2024 оны 08 дугаар сарын 16-нд мэдсэн байна. Тэгэхээр ажлаас чөлөөлөх шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн бол хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гурван талт хороонд хандах ёстой ч хандаагүй нь ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан гэсэн үг юм.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн ... эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ хэмээн заажээ.
Хэргийн 11 дүгээр талд байгаа баримтаас үзвэл 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гурван талт хороо хуралдсан байх тул ******* нь гомдлоо 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хавьцаа гаргасан байх ёстой. Гэтэл тэрээр тушаалаа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан байх тул гурван талт хороонд гомдлоо 2024 оны 11 дүгээр сарны 24-ний дотор гаргах ёстой ч гаргасан гэдэг нь нотлогдохгүй байх тул хуульд заасан 30 хоногийн дотор гэдгийг хэтрүүлсэн байна.
...3.1. Гэрээний хугацаа дуусаж байгааг тэрээр мэдэж байсан учраас 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 4 хоног ажилдаа ирээгүй ба энэ талаараа бичсэн түүний тайлбарыг 2.1-т эш татсан.
3.2. ******* нь цалингаа авсан ч хийж гүйцэтгээгүй ажил байгаа тул түүнийгээ хийж гүйцэтгээд ажлаас гаръя" гэсэн тайлбарыг тухайн үедээ ажил олгогчид гаргаж байсан ба энэ талаараа тэрээр нэхэмжлэлдээ "Нягтлан бодох бүртгэл, тооцооны дутуу ажлуудыг 2024 оны 9 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж, хийж дуусгасан. Миний ажлаас гарах тойрох хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зурж өгсөн гэжээ.
Дээрхээс үзэхэд ******* нь ажлаа цаг хугацаанд нь хийдэггүй ба түүнийгээ нөхөн гүйцэтгэсэн байх тул хуулиар тогтоосон хугацааг баримтлах боломжгүй.
3.3. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Ажлаас гарах тойрох хуудсыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан нь 29 дүгээр талаас харагдах ба 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эрхлэгч М.Чанцалаар, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр инженер М.Хишигбаяраар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үлдсэн 6 хүнээр гарын үсэг зуруулж, захиргаанд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Тэгэхээр ******* нь асуудалд хайнга назгай ханддаг байх бөгөөд түүнээс улбаалан ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмыг өөрөө л зөрчиж байсан байх тул үүний төлөө ажил олгогчийг буруутгах арга байхгүй.
...4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийг эш татсан ажил олгогчийн тушаал нь яагаад хуульд үндэслээгүй хэмээн үзсэн талаараа шүүх тайлбарлахгүй байна.
4.2. Туршилтаар томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээнд заасан гурван сарын хугацаатай ******* огт маргаагүй тул гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цаашид сунгахгүй гэсэн ажил олгогчийн Б/24-225 тоот тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй.
Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын зүгээс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон мэдэгдсэн боловч бодит байдал дээр 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гарсан. ...Хэдийгээр талуудын хооронд 2 хөдөлмөрийн гэрээний харилцаа яригдаж байгаа боловч нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс логистикийн албаны даргаар ажиллаж байх үедээ 2024 оны 08 дугаар сард амарна гэх ээлжийн амралтын хувиараа урьдчилан өгсөн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн хуваарийн дагуу 2024 оны 08 дугаар сард ээлжийн амралт авах хүртэлх хугацаандаа логистикийн албаны дарга болон удирдах албан тушаалтандаа энэ талаар мэдэгдэж байсан. Гэтэл нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа авсны дараа хариуцагч талын зүгээс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан байсан. Дээрх 3 үндэслэлээр хариуцагч талын ярьж буй эхний гомдол үгүйсгэгдэж байгаа юм.
...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргасан гомдол нь тухайн тушаалыг хүлээн авснаас хойших 30 хоногт багтсан буюу хуулийн шаардлагыг хангасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргасан учир энэ талаар талууд маргаагүй.
...Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт заасныг баримталж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь зөв. Учир нь ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэж өгөх хугацааг заах ёстой. Гэтэл хэргийн 117 дугаар хуудсанд авагдсан баримтаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан тушаалыг нөхөж хийсэн байдаг. Түүнчлэн ажлаас гарах тойрох хуудсаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тушаал гарсан гэж мэдэгдсэн атлаа ажлаас чөлөөлөгдөх огноог 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэж бичсэн буюу сарын дараа уг тойрох хуудастай холбогдолтой ажлаас чөлөөлөгдөх огноог бичиж өгсөн байдаг. Хариуцагч тал дээрх нөхцөл байдлуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Логистикийн албаны даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/24-162 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, /х.х-ийн 1, 18, 102/
3.2. Үүний дараа талууд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн өдрийн гүйцэтгэх захирлын Б/24-163 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Логистикийн албанд Нягтлан бодогч-Эдийн засагчийн ажил, албан тушаалд туршилтын гурван сарын хугацаагаар томилсон, /х.х-ийн 4-6, 101/
3.3. Улмаар хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/24-225 тоот тушаалаар нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр туршилтын хугацаагаар үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 7/
Тодруулбал, зохигч нар урьд өмнө талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хугацаагүй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар маргаагүй, харин туршилтын хугацаагаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцалсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64 дүгээр зүйлийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч шинээр ажил, албан тушаалд томилогдох ажилтныг тухайн ажилд мэргэжил, мэргэшил, чадварын хувьд тэнцэх эсэхийг шалгах зорилго, үндэслэлээр туршилтаар ажиллуулахаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-нд Логистикийн албаны даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь хожим түүнийг тус албаны Нягтлан бодогч-Эдийн засагчийн албан тушаалд шинээр томилогдон ажиллахад туршилтын хугацаа шаардлагагүй гэсэн агуулгыг шууд илэрхийлэхгүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж, мөн ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2-т Ажил олгогч нь ажилтантай түүний мэргэжил, боловсрол, дадлага туршлага, ажлын онцлогийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан гэрээний аль нэгийг байгуулна гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг ажлын байрны шаардлага хангах эсэхийг шалгахаар ийнхүү туршилтын хугацаагаар ажилд томилох эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******г гурван сар туршилтын хугацаагаар ажиллуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь дээрх хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасантай нийцсэн байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхой бичээгүй нь нэгэнт болж өнгөрсөн үйл баримт болон ажил олгогчийн ажилтантай туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Тодруулбал, ажил хүлээлцэх нь тушаалд тодорхой заасан эсэхээс үл хамаарч хэрэгжих үйл ажиллагаа болохын сацуу хэзээ эхэлсэн болон дууссан нь бусад баримтаар нотлогдох ба зохигч нар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил хүлээлцэж дууссан талаар маргаагүй байна.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч компанид Логистикийн албаны даргын албан тушаалд ажиллаж байхдаа ээлжийн амралтаа хэзээ авах тухай хүсэлтээ 2023 оны эцсээр өгөөрэй гэсний дагуу тэрээр 2024 оны 08 дугаар сард ээлжийн амралт авах тухай хуваариа өгсөн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байгаа тухай цахим зуварс илгээж, ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж маргасан.
Гэвч хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/24-50 тоот ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад зааснаар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр заасан байх тул түүний энэ талаарх тайлбар үндэслэлгүй. /.../
Түүнчлэн хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/24-162 тоот тушаалаар нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн урьд өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалын ажил, үүргийн онцлогтой холбоотой гаргасан ээлжийн амралтын хуваарийн санал мөн адил цуцлагдсан гэж үзнэ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ гэж заасан.
Зохигч нар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гурван сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул ажил олгогч нь дээр дурдсанаар 6 сар ажиллаагүй ажилтантай өөрөөр тохиролцоогүй /шинээр тохироогүй/ бол туршилтын хугацаагаар ажиллаж буй нэхэмжлэгчид ээлжийн амралт авах эрх үүсэхгүй.
Тиймээс ажил олгогчийн зүгээс туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Зохигч хариуцагч ******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн талаар маргаагүй.
10. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалыг гардаж авахгүйгээр буюу түүнийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг мэдэхгүйгээр хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах боломжгүй тул тушаалыг гардаж авсан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 30 хоногийн хугацааг тоолоход 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор гомдол гаргах ёстой бөгөөд дээрх хуульд зааснаар гурван талт хороо нь гомдлыг ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...хурал 2024 оны 12 сарын 06-нд хуралдаж... гэснээс үзвэл 2024 ооны 12 дугаар сарын 06-ны өдрөөс урагш ажлын 10 хоногийг тоолоход 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байна.
Иймд, нэхэмжлэгч нь гурван талт хороонд гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн гаргасан хариуцагч ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,113 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР