| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/08112/И |
| Дугаар | 210/МА2025/01552 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01552
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ий нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 500,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 250,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дууссан хэдий ч хариуцагч нь өнөөдрийг хүртэл өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд тохирсон төлбөр болох 1,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул гэрээнд зааснаар алдангид 250,000 төгрөгийн хамт нийт 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн бол,
хариуцагч нь хариу тайлбартаа ...нэхэмжлэгч нь миний гэрлэлт цуцлах хуралд өмгөөлөгчөөр оролцсон нь үнэн, над руу хурлын дараа гадаад явахын өмнө 1 удаа залгахад нь би түүнд хугацаа тулсан бэлэн мөнгө байхгүй байгаагаа хэлсэн. Тэгээд бүтэн 2 жилийн хугацаанд надаас нэхээгүй, ийм учраас миний бие хүн чанар санаа зовох үйлдэл үзүүлж үлдэгдэл мөнгөө нэхээгүй өнгөрч байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр ийм их мөнгө нэхэж байгаатай нь эвлэрэхгүй байна. Би, 2024 оны 10 сард зүүн талдаа харвалт өгч одоо эмчийн заавраар ажил хийх, жолоо барих боломжгүй байгаа тул ямар ч орлогогүй байгаа болно. Тиймээс зөвхөн 500,000 төгрөгийг өөрийн боломжоороо 3 сарын дотор барагдуулах саналтай байна... гэсэн байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ******* нь *******ийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт түүнд хууль туслалцаа үзүүлэх, хариуцагч нь эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, /х.х-ийн 6-7/
3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02902 дугаар шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүх хуралдаанд ******* нь *******ийн өмгөөлөгчөөр оролцсон байна. /х.х-ийн 10-13/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч *******ийг тодорхой үр дүн гаргах бус, өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд хариуцагч *******т хууль зүйн туслалцаа үзүүлсэн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 500,000 төгрөгийг төлсөн болон үлдэгдэл 500,000 төгрөгийг төлөх эсэх талаар маргаагүй боловч алданги 250,000 төгрөгийг төлөх эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
5. Хэрэгт авагдсан зохигчийн байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гэрээг байгуулсан даруй урьдчилгаанд 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хэргийг шийдвэрлэж дуусгавар болсон даруй төлнө гэж, мөн 4.3-т заасан Үйлчлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд гэрээний төлбөрийг төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж тус тус заажээ.
Хэдийгээр тус тохиролцоонд алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцох талаар тухайлан заагаагүй боловч талууд алданги төлөхөөр агуулгын хувьд тохиролцсон байх тул хуульд нийцээгүй гэж дүгнэхгүй.
Тодруулбал, хугацаа хэтрүүлсний хариуцлага болох анз /алданги/ төлүүлэх тохиролцоог хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талууд хэрэглэхийг хуулиар хориглоогүй учир нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр алданги шаардах эрхтэй.
6. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан.
Шүүх анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болох ч хариуцагч ******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилгүй, орлогогүй байгаа нь илэрхий гэж шууд дүгнэх боломжгүй байх тул алдангиас чөлөөлөх тухай хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1д Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ...8 сардаа багтаагаад үндсэн мөнгөө төлөөд дуусгачихвал би заавал шүүхийн шийдвэрээр бүхэлд нь төлүүлнэ гээд яваад байхгүй... гэх тайлбараасаа татгалзсан байгаагаас гадна хариуцагч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох боломжгүй.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/07320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР