| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/08815/И |
| Дугаар | 210/МА2025/01553 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01553
******* сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 1,072,500 төгрөгөөс бусад 402,030 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,474,530 төгрөг нэхэмжилсэн бол,
хариуцагч нь ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг оршин суугчдын хурлаар сонгоогүй, хэрхэн яаж сонгогдсон нь тодорхой бус, хууль бус шийдвэрээр ирц бүрдээгүй байхад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг 129,000 төгрөг болгож нэмснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж,
мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй гээд 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж тус тус заасан.
******* дүүргийн ******* хорооны *******, 802, 803, 804 дүгээр байрны оршин суугчдын байгуулсан ******* сууц өмчлөгчдийн холбоог 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /х.х-ийн 7/
Хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, *******ы ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны өмчлөгч болох талаар талууд маргаагүй.
Иймд, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******ас дээрх хуульд заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
4. ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/24 дугаартай тогтоолоор төлбөр авах хэмжээг сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зардлын төлбөрийг 79,900 төгрөг, гараашийн төлбөр 21,500 төгрөг, засвар үйлчилгээ, урсгал засварын төлбөрийг м.кв тутамд 200 төгрөг байхаар тус тус тогтоосон бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 8/
Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр оршин суугчдын бүх гишүүдийн хуралд сууц бүрийн тоогоор саналын эрхтэй оролцох боломжийг хязгаарласан, хуралд оролцож санал өгөөгүй байхад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг 127,170 төгрөг болгосон тогтоол үндэслэлгүй гэж маргасан боловч тэрээр тухайн хуралд оролцож, хурлын шийдвэрийг зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг 127,170 төгрөг болгосныг зөвшөөрсөн гэж үзнэ. /х.х-ийн 107/
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... уг гарын үсгийг зөвшөөрөөгүй... гэж тайлбарлсан боловч хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлийг үзвэл хуралд оролцсон хүмүүсийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар тус сууц өмчлөгчдийн холбооны бусад гишүүн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрч нэмэгдсэн хэмжээгээр төлбөр төлж байгаа гэснийг хариуцагчийн зүгээс няцаагаагүй байна. /х.х-ийн 107-114/
Иймд, хариуцагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр оршин суугчдын бүх гишүүдийн хуралд оролцож хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атлаа хожим ийнхүү маргаж байгаа нь түүнийг оршин суугчдын бүх гишүүдийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна тухайн хурлыг зохих журмын дагуу болоогүй гэж дүгнэх боломжгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
Хариуцагч нь ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/24 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг 127,170 төгрөг болгосон нэмэгдүүлсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь заалтуудад нийцэж буй талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэх гомдлыг хүлээн авахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/07757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР