Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 126

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н д холбогдох эрүүгийн 1915001820138 дугаартай, 163/2019/0128/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай,

- 1999 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1, 138.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ялаар,

- 1999 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 211.1 -д зааснаар 1 жил хорих ялаар,

- 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар,

- 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар,

           - 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б  овогт Н.Н .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын Соёлын төвийн гаднаас иргэн Д.Г ын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн “Даюун” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н ы өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

1915001820138 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Д.Г ын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Могод сумын 4 дүгээр багийн нутаг "Сэрүүн" гэх газраас сумын төв рүү үзлэгт орох гэж ирсэн. Ирээд сумын Соёлын төвийн гадаа мотоциклио тавиад дотор орж татварын гэрчилгээ аваад ажлаа амжуулаад гараад ирсэн чинь Соёлын төвийн гадаа байсан мотоцикль байхгүй байсан. Хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан. 2019 оны 02 дугаар сарын эхээр Могод сумын төвд мотоцикль зардаг “Могод тариад” гэх дэлгүүрээс авсан. Тухайн үед 1850000 төгрөгөөр авч, БУЗ **-** улсын дугаар авсан. Мотоциклийн арлын дугаар нь /************/, моторын дугаар нь *************, 2018 онд үйлдвэрлэсэн. Содон шинж тэмдэг нь гэвэл улсын дугаар тавьсан, барагцаагаар аваад 60 орчим км явсан байгаа. Манай саахалт айлд ямаа самнах гэж ирсэн Н  гэх хүнийг сэжиглэж байна. Соёлын төвд байхад миний мотоциклийн дохиолол дуугарсан. Тэгээд цонхоор харахад Соёлын төвийн гадаа байсан. Тэгээд эргээд гараад ирэхэд байхгүй болсон байсан. ...Миний алдсан мотоциклийг Цагдаагийн байгууллага олж өгсөн. Нийт 100000 төгрөг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-н 11-13 тал/,

Гэрч Д.Б ын өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багт ирж айлд ямаа самнасан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой сумын төвд бид нар Т  гэх айлд ирсэн. Нөхөр бид хоёр хөдөө Т  гэх айл руу явсан. Н , Б  хоёр Т  гэх айлын гэрт үлдсэн.   Нөхөр   бид  хоёр   цагаан  өнгийн   мотоцикльтой,   Н ,   Б   хоёр Н ы хөх өнгийн мотоцикльтой ирсэн..." гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/,

Гэрч  Ц.Д гийн өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын эхээр “Даюун” загварын улаан өнгийн мотоциклийг  1850000 төгрөгөөр зарсан.  Г  өөрөө ирж аваад явсан.  Улаан  өнгийн  хамгийн  сүүлийн  үеийн   цүдгэр  банктай  “Даюун” мотоцикль авсан байх" гэх мэдүүлэг,

Гэрч Г.З гийн өгсөн: "...Н.Н  нь... архи дарс хааяа уудаг байсан ч хулгайн хэрэгт холбогдсоноосоо хойш дахиж архи уугаагүй, согтуугаасаа болж муухай хэрэг хийсэн учир дахиж архи уухгүй гэж надад амласан..." гэх мэдүүлэг /хх-н 35-36 тал/,

Шүүгдэгч Н.Н ы яллагдагчаар өгсөн: “...би ямаа самнахаар хөдөө явж байгаад Могод сумын төвд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүмүүстэй нийлж архи уугаад байж байтал Могод сумын цагдаа ирээд мотоцикль хураачихаар нь согтуу явж байгаад Соёлын төвийн урд 1 улаан өнгийн шинэ “Даюун” загварын мотоцикль байж байхаар нь асааж унаад аймгийн төвд ирсэн..." гэх мэдүүлэг /хх-н 39-41 тал/, 

Эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн: "...мотоцикль 1950000 төгрөг..." гэх дүгнэлт /хх-н 18-19 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-07 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-37-38 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-47-67 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-69-70 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын Соёлын төвийн гаднаас иргэн Д.Г ын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн **-** БУЗ улсын дугаартай, улаан өнгийн “Даюун” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

       “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мотоциклийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Н.Н ы гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Д.Г , гэрч Д.Б , Ц.Д , Г.З  нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотолгооны ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт  хамаарал бүхий нотлох баримтаар нотлогдож байна.

        Иймд шүүгдэгч Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу “Даюун” загварын мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, 100000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хангасанаар хохирогч Д.Г  санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Н.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Б  овогт Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н ы таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД