| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09397/И |
| Дугаар | 210/МА2025/01573 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01573
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох,
Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дүүрэг, хороо, , хаягт байрлах 342 м.кв талбайтай газар дээр барьсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто угаалгын газрыг тус тус буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...Анх нэхэмжлэгч *******, *******, ******* нар маргаан бүхий 342 м.кв талбайтай газар нь 7 өмчлөгчтэй бөгөөд өмчлөгч тус бүрд 48.57 м.кв газар ногдож байх бөгөөд түүнийг 3 нэхэмжлэгчид үржүүлэхээр 146.57 м.кв газар болж өөрсдөдөө ноогдох талбайн газрын үнэ болох 174,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хариуцагч *******, *******, *******, ******* нар хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгч нарын газрын өмчлөх эрхийг хасуулна, мөн 174,000,000 төгрөг төлөхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Үүнд:
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03651 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 271 дугаартай магадлалаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарыг эрхийн улсын бүртгэлийн эрхийн ******* дугаарт бүртгэлтэй дүүргийн хороо, , газрын хамтран өмчлөгч болохыг тогтоосон.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй., 108.4-д Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй, 488 дугаар зүйлийн 488.3-д Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно гэж заасан байна.
Эндээс үзэхэд маргаан бүхий газар нь 7 хүний өмч бөгөөд тэд нарын нэр дээр бүртгэлтэй тул хариуцагч 4 хүн гурван давхар орон сууц болон авто угаалгын газар барихдаа бусад өмчлөгч буюу нэхэмжлэгч 3 хүнд энэ талаар мэдэгдэж, зөвшөөрлийг нь авах ёстой, мөн өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй, оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно гэж нэрлэн зааж, хуульчилсныг зөрчсөн гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна.
Иймд, нэхэмжлэгч *******, *******, ******* бид нарт мэдэгдээгүй, бас зөвшөөрөл өгөөгүй байхад буюу дүүргийн хороо, , од байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, газрын нэгж талбарын дугаартай 342 кв.м талбайд баригдсан хариуцагч *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн 3 давхар орон сууц болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг кадастрын хэмжээнд чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
1. Нэхэмжлэлийн шаардлага хэт нэг талыг барьсан, хууль бус, үндэслэлгүй байгаа тухайд:
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03651 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нар ...Одоогоос 10 гаруй жилийн өмнө *******гийн /, нарын хувьд өвөө болох/ амьд байхдаа, өөрийн эгчийн охин *******, түүний нөхөр нартай тохиролцон одоогийн дүүргийн хороо, Ойн , 6 айлын 2 давхар мансардтай байшинг барьж, дараах айлуудыг амьдруулахаар д 2 өрөө, *******д 2 өрөө, *******д 2 өрөө, ид 2 өрөө, од 2 өрөө, аав өөрөө эзэмшин, юм хийхээр төлөвлөсөн 2 өрөөг тус тус хуваарилан өгсөн... /хавтаст хэргийн 8-р тал/ гэж дурджээ.
Гэтэл нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ ...маргаан бүхий газар нь 7 хүний өмч бөгөөд тэд нарын нэр дээр бүртгэлтэй тул хариуцагч 4 хүн гурван давхар орон сууц болон авто угаалгын газар барихдаа бусад өмчлөгч буюу нэхэмжлэгч 3 хүнд энэ талаар мэдэгдэж, зөвшөөрлийг нь авах ёстой... гэхчлэн илт зөрүүтэй тайлбаруудыг удаа дараа гаргаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг өөрт ашигтай л бол үнэн бодит эсэхийг үл тоон нэг талыг барьж, шүүхэд худал тайлбар, үндэслэлийг гаргаж байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тухайд:
Иргэний хуульд заасан дундаа хэсгээр өмчлөх, дундаа хамтаар өмчлөх тухай ойлголтын аль нь болох, түүнээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл журам тодорхой байхаар байна.
Хариуцагч нарын 360,000,000 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3 давхар орон сууц болон авто угаалгын газрыг буулгаснаар нэхэмжлэгч нарын яг ямар хуульд заасан зөрчигдсөн эрх, хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ нэг бол дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж бичээд нэг бол дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө гэж бичээд байгаа нь агуулгын хувьд илт зөрчилтэй байна. Мөн дундын өмчийн газрыг кадастрын хэмжээнд хэрхэн чөлөөлөх талаар, хариуцагч нарын газар өмчлөх эрх хэрхэн хөндөгдөх талаар огт дурдаагүй байна.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох дүүрэг, хороо, , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэгдсэн, 342 м.кв талбайтай газар дээр байгаа эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто угаалгын газрыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,187,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасан Дундаа өмчлөгч түс бур бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй., мөн зүйлийн 108.4-т заасан Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно. гэж хоёрдмол салаа утгагүйгээр маш тодорхой заасан байхад шүүх анхнаасаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх үндэслэл бол мөн.
Иймд, , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.05-ны өдрийн 191/ШШ2025/03795 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.
5. Хариуцагч ******* болон хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн газрыг бүхэлд нь чөлөөлөх, 3 давхар объект болон авто угаалгын газрыг буулгах агуулга байна. Газар нь 7 иргэний өмчлөлд байгаа талаар талууд маргадаггүй. Газар өмчлөгчдийн 4 нь *******ыг барилга барихыг зөвшөөрч, үлдсэн 3 өмчлөгчийг эс үйлдэхүй, үйлдэхгүйгээр зөвшөөрсөн гэж үзэж тухайн объект болон авто угаалгын газар баригдсан. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбарт дурдсанчлан ******* нь авто угаалгын газрыг барих этгээдэд хөрөнгө гаргаснаар хариуцагч болоогүй. Тухайн газар баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр *******ын нэр байсан учир тухайн хэрэгт хариуцагчаар орсон. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд итгэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодорхойлох эрх нэхэмжлэгчид байдаг. Газар өмчлөгч 7 иргэний 3-ыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа боловч өмчлөх эрхийн шаардлагыг хэрэгжүүлэхдээ чөлөөлөх бус эвлэрч, хэлэлцэх, өмчийнхөө эрхийг хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус үндэслэж хууль бус эзэмшилд байхгүй байгаа учир нэхэмжлэлийн агуулга, шаардлагыг зөв тодорхойлох ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны дагуу байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож 2025 оны 05 дугаар сарын 05-ны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дүүрэг, хороо, , хаягт байрлах 342 м.кв талбайтай газар дээр барьсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто угаалгын газрыг тус тус буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дүүрэг, хороо, , хаягт байрлах 342 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар анх 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгджээ. /1-р х.х-ийн 215, 216/
Түүнчлэн тухайн газар дээр баригдсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, *******, *******, *******, ******* нар бүртгэлтэй байна. /1.х.х-ийн 175/
5. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03651 тоот шийдвэрээр *******, *******, ******* нарыг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дүүргийн хороо, , хаягт байрлах газрын өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 271 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ. /1.х.х-ийн 7-25/
Тодруулбал, дээрх шийдвэрээр *******, *******, ******* нарыг тус газрын өмчлөгчөөс хассан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон боловч тэдгээрийг тухайн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш гэж үзсэнээс гадна *******ыг газрын өмчлөгч биш гэж дүгнэсэн байна.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч нар энэ талаар маргах эрхгүй.
6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, гагцхүү хуульд заасан үндэслэлээр хамтран өмчлөх харилцаа үүсэх бол, гэрээ болон мөн хуульд зааснаар хэсгээр өмчлөх харилцаа үүсэх ба талуудын тайлбараас үзвэл *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хооронд гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр энэхүү газрыг хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байна.
Хэдийгээр дээр дурдсанаар зохигчийн хооронд тус газрыг хэсгээр өмчлөх харилцаа үүссэн боловч энэ нь физик шинж чанарын хувьд хуваагдах утгыг шууд илэрхийлэхгүй тул нэхэмжлэгч нарын ...бидний өмчлөлийн хэсэгт авто угаалгын газар барьсан... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
Тайлбарлавал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд гагцхүү бусдын эзэмшил нь хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******, *******, ******* нар маргааны зүйл болох 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, харин хариуцагч *******, *******, *******, *******, ******* нар өмчлөгч тул нэхэмжлэгч нарт энэхүү үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг шаардах эрх байхгүй.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэгч нарын хамт өмчилдөг 342 м.кв талбайтай газар дээр барьсан 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч учир тэдгээрийг бусдын өмчлөлийн газар дээр хууль бусаар барилга барьсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд, хариуцагч нар өөрийн өмчлөлийн газар болон түүн дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй.
8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заажээ.
Талуудын тайлбараар хариуцагч *******, *******, *******, ******* нар *******ыг авто угаалгын газар барьхыг зөвшөөрсөн хэдий ч нэхэмжлэгч *******, *******, ******* нарт энэ талаар мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байна.
Тодруулбал, дүүргийн хороо, , хаягт байрлах 342 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар бүртгэлтэй байх тул хариуцагч ******* нь тухайн газар дээр авто угаалгын газар буюу тухайн сэндвичин барилгыг барихдаа бусад өмчлөгчийн зөвшөөрлийг авах ёстой байсан.
9. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж, 50.2-т Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй гэж тус тус заасан.
Талуудын тайлбараар хариуцагч *******, *******, *******, ******* нар маргаж буй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө дээр нэмж давхар барихад хариуцагч *******ыг хөрөнгө оруулсан учир түүнийг угаалгын газар барихыг зөвшөөрснөөс гадна 3 дугаар давхрыг, үлдэх 1, 2 дугаар давхрыг бид нар тус тус ашиглаж байгаа гэснийг нэхэмжлэгч *******, *******, ******* нар үл хүлээн зөвшөөрч, хариуцагч нарын энэхүү хууль бус үйлдлийн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр ашиглаж чадахгүй байна гэж маргасан.
Хэрэгт нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч *******д дээрх авто угаалгын газрыг барихыг зөвшөөрсөн талаар баримтгүй, зөвхөн хариуцагч *******, *******, *******, ******* нар зөвшөөрсөн нь бусад өмчлөгчөөс зөвшөөрөл авахгүй гэсэн утгыг илэрхийлэхгүй болно.
10. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй дүүрэг, хороо, , хаягт байрлах 342 м.кв талбайтай газар дээр барьсан авто угаалгын газрыг буулгаж, газрыг чөлөөлөх тухай хэсгийг хангаж, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 420 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,187,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.МАНДАЛБАЯР