Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 469

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 15-21 тоотод оршин суух, Өлзийт овгийн Дамдинсүрэнгийн Мөнхцэцэг /РД:КЮ61080664/,

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орж ажиллаад 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгууллага дотроо шилжин зочид буудлын үйлчилгээний ажилтнаар орсон. Гэтэл оёдолчны ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдөр засвартай, тушаалын эх хувь архиваас олдохгүй байгаа тул 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд оёдолчноор ажилласан жилүүдийг хууль ёсоор баталгаажуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч Ж.Сугирын шүүхэд өгсөн: “Намайг 1980 онд Өмнөговь аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажилд ороход Д.Мөнхцэцэг ажиллаж байсан. Яг хэдэн онд ажилд орсныг нь санахгүй байна. 1988 оны намар 09 дүгээр сард ажлаас гарч өөр ажилд орсон. Тухайн хугацаандаа тасралтгүй оёдолчоор ажилласан. Хамт ажиллаж байсан учраас мэдэж байна. Д.Мөнхцэцэг 2-р ээлжинд оёдолчноор, би 1-р ээлжинд оёдолчноор ажиллаж байсан. Би тус байгууллагад 1980 оноос хойш 1990 онд ахуйн үйлчилгээ татан буугдтал ажилласан” гэх мэдүүлэг,

2.Гэрч Т.Мөнхцэцэгийн шүүхэд өгсөн: “Намайг 1979 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажилд ороход Д.Мөнхцэцэг оёдолчноор ажиллаж байсан. Яг хэдэн онд орсныг сайн мэдэхгүй байна. Надаас өмнө орсон байсан. 1988 оны 09 дүгээр сарыг хүртэл тасралтгүй ажилласан. Бид хоёр хамт ажиллаж, нэг ээлжинд оёдолчноор ажиллаж байсан. Гэр  ойрхон байсан учир ажилдаа хамт ирж очиж байнга хамт явдаг байсан. Тийм учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгчийн ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ахуйн үйлчилгээний Комбинатаас олгосон  хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 53 тоот Д.Мөнхцэцэгийн ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүй болно гэх тодорхойлолт,

5.Гэрч Ж.Сугир, Т.Мөнхцэцэг нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус байгууллагад ажиллаж байсан гэрч Ж.Сугир, Т.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Ахуйн үйлчилгээний Комбинатаас олгосон  хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн хүсэлтийг  хангаж, түүний 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өлзийт овгийн Дамдинсүрэнгийн Мөнхцэцэгийн 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР