| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02518/И |
| Дугаар | 210/МА2025/01561 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01561
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05253 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот эвлэрлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* дугаар байр , ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцыг *******д буцаан шилжүүлэхийг *******д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* дугаар байр , ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр, хуулийн хүрээнд шударгаар олж авсан.
1.2. Гэвч ах *******ийн шахалтаар *******д 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлсэн. Төрсөн ах *******, *******тай БНСУ-д хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцааны улмаас хамтын амьдрахаа больсон боловч ******* *******ийг үг хэлээр доромжилж, дарамт шахалтад оруулсан. Тухайн үед ******* нь Австрали улс руу явах гэж байсан учраас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот эвлэрлийн гэрээг *******тай байгуулж, уг гэрээнд үндэслэн ахыгаа Авсрали улс руу ямар нэг саадгүйгээр явуулж туслах үүднээс ******* нь ******* тоот үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг *******тай байгуулан орон сууцыг *******д шилжүүлж өгсөн.
1.3. *******, ******* нарын хооронд хөрөнгө нийлсэн асуудал байхгүй, тэдний хооронд гэрлэлт бүртгэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ******* болон хариуцагч ******* нар ******* дугаартай эвлэрлийн гэрээ байгуулан хувааж авахаар харилцан тохирч байгаа дүр үзүүлэн хийсэн хэлцэлд үндэслэн өөрийн төрсөн ах *******ийн шахалтаар хариуцагч *******тай бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн тул ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай эвлэрлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* дугаар байр , ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******д буцаан шилжүүлэхийг *******д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь 2004 онд БНСУ-д ажиллаж байх үедээ *******той танилцаж, улмаар бид 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-д 16 жил ажиллаж амьдарсан бөгөөд 2 өрөө 3 ширхэг орон сууцыг худалдан авсан.
2.2. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* нь гэнэт алга болсон бөгөөд ийнхүү явахдаа гэртээ байсан аль болох үнэд хүрэх эд хөрөнгө тухайлбал миний алтан гарын гинж, алтан бугуйвч, миний ааваас өв дамжиж ирсэн аавын хөөрөг, мөн өөрийнхөө алтан гинж, бөгж, бугуйвч зэрэг үнэтэй эд зүйлсийг, бидний цалингийн хуримтлал мөнгө болох 69,000,000 воныг авч явсан, 35,000,000 төгрөгийн үнэ бүхий хамтран авсан автомашиныг надад хэлэлгүй, миний зөвшөөрөлгүй унаад явсан байсан. Иймээс би Монгол улс руу буцаж, *******ийг хайж уулзсан бөгөөд ******* нь нэг орон сууцыг нэр дээрээ шилжүүлээд ав, бусад эд зүйл, мөнгийг өгнө гэж хэлсэн.
2.3. БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа анх худалдаж авсан орон сууцыг *******ийн дүү *******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан ба дүү ******* нь ажиллаж байсан компанид өр төлбөрийн асуудалд орж, хуулийн байгууллагаар шалгагдаж, тухайн орон сууцыг битүүмжлэх дээрээ тулсан учраас аргагүйн эрхэнд бидний орон сууцыг хамгаалж, дүү *******т шилжиж, улмаар ******* нь ******* нэр дээр шилжсэн тул маргаан бүхий орон сууц анхнаасаа ******* өмч биш байсан.
2.4. Нэхэмжлэлд дурдсанаар дарамталж шахсан зүйл байхгүй, харин би ******* төрсөн ахтай хүний нутагт олон жил хамтран амьдарч, ажиллаж байсан учраас, бидний олон жилийн ажлын хөлсөөр авсан орон сууцны асуудлаа эвийн журмаар буюу харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Иймд ******* болон ******* нарт хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал надад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
3.1. ******* нь 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-д ажиллахаар очсон бөгөөд жилийн дараа эхнэр *******тэй танилцаж, гэрлэлтээ батлуулсан. 2007 онд охин төрсөн, 2007 оны 7 дугаар сарын 13-ны өдөр эхнэр, хүүхэд Монгол улс руу буцсан. ******* нь *******тай 2010 онд танилцсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарыг дуустал 13 жилийн турш хамт амьдарсан. Гэвч тэд зан харилцааны таарамжгүй байдлыг улмаас салж, *******д Монгол улс руу явах талаар хэлэлгүйгээр явахдаа ******* өөрийнхөө алтан гинж, алтан бөгж, хөөрөг зэргийг авч явсан.
3.2. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* нь *******той уулзаж, цагдаад шалгуулна, хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгөө авна гэсэн. Тухайн үед ******* 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Австрали улс руу нисэхээр бүх зүйл төлөвлөгдсөн байсан болохоор аргагүйн эрхэнд явж чадахаа болих вий хэмээн айсандаа *******г тайвшруулан эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч *******, ******* нар 2 өрөө 3 ширхэг орон сууц авсан гэсэн нь худлаа зүйл юм.
3.3. *******ийн дүү ******* нэр дээрх маргаан бүхий орон сууцыг *******ийн дүү ******* нь *******д 43,000,000 төгрөг зээлдүүлэн, уг этгээд нь зээлээ төлөх боломжгүйн улмаас нэр шилжүүлэн авсан байр бөгөөд *******гийн мөнгө төгрөг, цалингаас нэг ч төгрөг ороогүй, *******ид цалин мөнгөө хадгалуулдаг байсан, өгдөг байсан гэсэн нь худлаа гэдгийг дахин дахин батлан хэлж байна.
3.4. ******* нь дүү *******д чи өөрийнхөө 2 өрөө орон сууцыг түр өгөөд ахаасаа энийг салгаад өг, ах нь ямартаа ч гадаад улс руу явья, надад ямар нэгэн муу юм хийгээд цагдаад шалгагдвал 2 хоногийн дараа Австрали улс руу явж чадахгүй гэж гуйхаар нь ахынхаа нэр сүрээр далайлгаж байгаад орон сууцны нэрийг хүчээр *******оос *******гийн нэр дээр шилжүүлсэн. Иймд *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот эвлэрлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* дугаар байр , ******* тоот хаягт байршилтай орон сууцыг *******д буцаан шилжүүлэхийг *******д даалгах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 848,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Үл хөдлөх эд хөрөнгийн талаар гэрээ байгуулж байгаа нөхцөлд тухайн үл хөдпөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарыг тодорхой заах ёстой. Гэтэл ******* дугаартай эвлэрлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарыг огт заагаагүй. Гэрээнд дурдсан ******* дүүрэгт байрлах орон сууц нь нэхэмжлэгч ******* х гэвэл нөгөө орон сууц нь хэний өмчлөл болохыг шүүх тодруулаагүй. Хариуцагч ******* нь *******тай хамтран ямар нэгэн орон сууц аваагүй гэж хариу тайлбартаа бичсэн, шүүх хуралдааны явцад энэ байр суурь илэрхийлж байсан. Хариуцагч нар зөрүүтэй байр суурьтай байтал модны 2-т байрлах 2 өрөө гэх орон сууц хэний өмчлөлийнх болох, яагаад эвлэрлийн гэрээгээр хуваах болсон талаар хариуцагч нарыг шүүхээс мэтгэлцүүлээгүй байна. Талууд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд энэхүү эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг нотариатчийн зүгээс заавал тодруулах учиртай. Гэтэл модны 2-т байрлах 2 өрөө сууц гэж тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгө нь *******ийн орон сууц болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Эвлэрлийн гэрээ байгуулахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******ийг байлцуулаагүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрч байгаа эсэхийг түүнээс тодруулаагүй байна. Эндээс үзэхэд эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн хэлцэл болсон. Эвлэрлийн гэрээ, бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатчийг гэрчээр асуух хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй.
5.2. Эвлэрлийн гэрээнд 2 өрөө 2 орон сууцыг авсан гэж бичсэн байдаг бол ******* тайлбартаа 2 өрөө 3 орон сууц авсан гэж бичсэн, гэрч ******* нь 3-4 байр гэж мэдүүлсэн бол хариуцагч ******* хамтран ямар ч орон сууц аваагүй гэсэн өөр өөр тайлбар, мэдүүлэг өгсөн байхад энэ талаар хариуцагч нарыг шүүх мэтгэлцүүлээгүй. ******* нь бид өөрсдийн нэр дээр орон сууцаа өмчлөх боломжгүй байсан учир хамтран амьдрагч *******ийн дүү *******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан, *******аас *******т , *******ээс *******д гэх мэтээр хэд хэдэн удаа өмчлөл нь солигдож байсан гэсэн бол нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт болон *******, ******* нарын ХААН банкны дансны хуулга, гэрч *******ын мэдүүлэг, *******ийн бичгээр гаргасан тайлбар зэргээр маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан болох нь тогтоогддог. Гэтэл энэ зөрүүтэй асуудлаар шүүхээс зохигчийг мэтгэлцүүлээгүй. Хариуцагч ******* эвлэрлийн гэрээнд дурдсан 2 өрөө орон сууцанд хэзээ хэдэн төгрөг хэрхэн оруулсан болохоо баримтаар нотолдоггүй. Энэ асуудлаар хариуцагч нарыг мэтгэлцүүлсэн бол орон сууцыг хэн хэзээ хэрхэн бий болгосон талаарх үйл баримт тодорхой болох байсан.
5.3. Өөрийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр бий болгосон, өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* нь эхнэр, эгч, дүү нарыгаа татгалзсаар байхад нь төрсөн ахынхаа хамтран амьдарч байсан эмэгтэйд хариу төлбөргүйгээр бэлэглэх болсон нөхцөл нь юу гэхээр тэрээр хариуцагч *******гийн дарамт шахалт дор энэхүү хэлцлийг хийсэн байна. Нэхэмжлэгч ******* өөрийн орон сууцыг сайн дураар өгөөгүй, цагдаагийн нэрээр айлгасан, хэвлэл мэдээлэл дуудна гэсэн үг, хариуцагч *******гийн хариуцагч *******ийн хувцаснаас зуурсан, чирч гулдарсан үйлдэл нь нэхэмжлэгчийг бэлэглэлийн гэрээ байгуулахад хүргэсэн байна.
5.4. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч *******д ашигтай баримтууд буюу тухайлбал *******гийн төрсөн дүү гэрч С.Батболдын мэдүүлгийг иш татсан атлаа нэхэмжлэгчийн эхнэр *******ийн мэдүүлгүүдийг дурдаагүй, үнэлээгүй орхигдуулсан нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэл гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* булаг ******* дүгээр гудамж , ******* тоот гэж тодорхойлсон байдаг. Шүүхийн шийдвэрт *******гийн хаягийг Баянзүрх дүүрэгт байрлах хаягаар тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
5.5. Хариуцагч *******гийн өмгөөлөгч *******аас хариуцагч *******, хариуцагч ******* нарын хоорондоо харилцсан зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/Ш32024/13923 дугаартай захирамжийн дагуу хариуцагч *******, хариуцагч ******* нарын харилцсан зурваст 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч *******, *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар гарын үсэг зураагүй, үзлэгийг зохих журмын дагуу явуулаагүй учир тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/Ш32024/17234 дугаартай захирамжаар үзлэгийг дахин хийхээр болсон. Шүүхийн шүүгчийн 102/Ш32024/17234 дугаартай захирамж биелэгдээгүй, өөрөөр хэлбэл, зурваст үзлэг хийгээгүй байна. Үзлэг хийгээгүй, баримтыг зохих журмын дагуу бэхжүүлээгүй байхад тухайн зурвасыг шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтаар үнэлсэн байгааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.
5.6. Өмгөөлөгч ******* 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******. С.*******сайхан нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй боловч шүүх хусэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Өмнө дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн харвал анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд судлаагүй, бодитойгоор харьцуулан үзээгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******гийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие *******той 16 жил хамт амьдарсан бөгөөд бид таарамжгүй харилцаатай гэр бүл байгаагүй болохыг БНСУ-д хамт ажиллаж байсан найз нөхөд, хамт олон мэднэ. Бид 2 маш эвтэй гэр бүл байсан боловч *******ийг төлөвлөж байгаад явсныг нь би мэдээгүй. Нэг өглөө намайг ажилдаа явсан хойгуур ******* гэрээс үнэтэй гэх бүх эд хөрөнгийг авч явсан байсан. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахад ******* бид хоёрыг ямар ч хөрөнгө нийлүүлээгүй гэсэн. Гэтэл тийм байгаагүй, анхнаасаа ******* бид 2 цаашид хамт амьдарна гэсэн зорилгоор хөрөнгөө нийлүүлж, хамт ажиллаж, амьдарсан. Тухайн үед бид 2 БНСУ-д байсан тул өөрсдийн нэр дээр орон сууцнуудыг авах боломжгүй байсан. Түүнчлэн, миний бие *******ийн дүү нарт итгэсний үндсэн дээр тухайн хүмүүсийн нэр дээр 3 орон сууц худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй 1 орон сууц *******ийн том ах Р.Бямбадорж гэх хүний нэр дээр байдаг. Тухайн орон сууцыг нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй шалтгаан нь ******* бид 2, 1 орон сууцаа тэр ахад зарсан тул *******ийн нэр дээрх Төрийн банк ХК-ийн дансанд 30,000,000 төгрөгийн орлого орсон нь дансны хуулгаар нотлогдоно гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний ах ******* нь *******тай 14 жил хамтран амьдарсан хэдий ч хүний нутагт ажиллаж, амьдарч байх үед нь тухайн хүмүүсийн данс бүгд тусдаа байсан учир тухайн хүн өөрийн олсон мөнгөө өөрөө захиран зарцуулна, би өөрийн олсон мөнгөө өөрөө захиран зарцуулна гэх байдлаар амьдарсан. Миний ах дүү нартайгаа нийлж орон сууц худалдан авсан нь үнэн. Гэхдээ тухайн орон сууцыг худалдан авахад *******гийн хөрөнгө мөнгө огт ороогүй гэх талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот эвлэрлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* дугаар байр , ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцыг *******д буцаан шилжүүлэхийг *******д даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан, хариуцагч ******* нь зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2024/13923 дугаартай Үзлэг хийх тухай захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...мессенжерийн чат буюу *******, ******* нарын хоорондоо харилцсан цахим зурвас-т үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн боловч үзлэгийн уг тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчжээ.
Мөн тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/17234 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар хариуцагч талын хүсэлтээр хийсэн үзлэгийг дахин хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарч байна.
Анхан шатны шүүх хуульд заасан журмыг баримтлаагүй үзлэгийн тэмдэглэлийг үнэлж маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
4. Анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтээр Сиди-нд байрших дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн байх боловч уг үзлэгийн ажиллагаа нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/13588 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу хийгдсэн үзлэгийн ажиллагаа байх ба 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2024/13923 дугаартай захирамжаар үзлэг хийхээр шийдвэрлэсэн *******, ******* нарын хоорондоо харилцсан цахим зурвас нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааг хамарч байсан бол шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/13588 дугаартай захирамжаар хийсэн үзлэг нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн болон 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцсан гэх зурвасыг эрэгтэй хүн уншиж байгаа дуу, дүрсний бичлэгт хийгдсэн байх тул 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/17234 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж хийсэн үзлэгийн ажиллагаа гэж үзэхгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05253 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 707,950 төгрөг, нийт 848,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР