Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:******* /,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.******* миний бие 1988-1992 онуудад Цогт-овоо сумын Жаргалант нэгдэлд үржлийн Зоотехникчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1988-1992 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт ороогүй дутуу, мөн 1992 онд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй байгаа учир улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1988-1992 онд Жаргалант нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие Цогт-овоо сум, Жаргалант нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Зоотехникчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Цогт-овоо сумын Жаргалант нэгдэлд үржлийн Зоотехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “Х.******* нь 1988 оны 07 дугаар сараас 1992 оны 11 сар хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэлд ажиллаж байсан. 1992-1997 онд Худалдаа бэлтгэлийн ангид Түүхий эдийн даргаар ажилладаг байсан.  Би хамт ажиллаж байсан. Би 1988-1992 онд Жаргалант бригадад цэвэрлэгч, 1992 -1997 онд Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар хамт ажилласан учраас сайн мэднэ.” гэх мэдүүлэг,

2.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “Х.******* 1988 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын Шанд багт Зоотехникч ажилтай байсан. 1992 оны 05 дугаар сарыг хүртэл ажилласан. Намайг 1992 оны 04 дүгээр сард ноолуур тушаахаар очиход ажиллаж л байсан. 1992 онд Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэл татан буугдсан. Татан буугдах хүртэл Х.******* тасралтгүй ажиллаж байгаад үргэлжлүүлэн Худалдаа бэлтгэлийн ангид Түүхий эдийн эрхлэгч ажил эрхэлж байсан. Бусад ажилласан байдлыг сайн мэдэхгүй.  Би тус нэгдлийн Замын Шанд бригадад 1983 оноос татан буугдтал нь хоньчин байсан. Нэг дор хамт ажиллаж байсан учраас мэдэж байна.” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгчийн  ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №276588 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 542 тоот Х.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэлд 1988-1992 онд зоо техникчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 517 тоот Х.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Тамгын газарт 1995-1997 онд хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

6.Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х.******* нь Өмнөговь аймгийн Цот-Овоо сумын Тамгын газарт ажиллаж байхдаа төлж байсан шимтгэлийн лавлагаа,

7.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, архивын лавлагаа,

 

Нэхэмжлэгч Х.******* нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Цогт-овоо сумын Жаргалант нэгдэлд үржлийн Зоотехникчээр ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 542 тоот Х.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдэлд 1988-1992 онд зоо техникчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Х.*******гийн хүсэлтийг  хангаж, түүний 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Цогт-овоо сумын Жаргалант нэгдэлд үржлийн Зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын Жаргалант нэгдэлд үржлийн Зоотехникчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР