| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 125/2025/0021/З |
| Дугаар | 001/ХТ2026/0002 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/0002
“З***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0051 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0659 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц***, Ч.Э*** нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2025/0540 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“З***” ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “... Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/*** дүгээр захирамжийн “З***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/05 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 267 дугаар тогтоолыг үндэслэн “З***” ХХК-д *** баг *** *** бүсэд байрлах 0,6 га + 0,6 га газрыг тус тус хаус хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
2.2.“З***” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар захирамжаар хүчингүй болгосныг тус компанийн нэхэмжлэлээр гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.3.Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68/А*** дугаар албан шаардлагаар “... шинээр газар олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр 211 нэгж талбар, 14053.1 га газар олгосон зөрчил илэрсэн тул Газрын тухай хуулийн газар ашиглах гэрээг дүгнэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг ирүүлэх, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах”-ыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан байна.
2.4.Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/А*** дугаар албан шаардлагыг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасныг зөрчиж “төсөл сонгон шалгаруулалт”-аар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр, ... захирамжуудыг хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч Засаг дарга нь биелүүлэхгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дахин хүчингүй болгосонд гомдолтой. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй. Манай компани тухайн газрыг хаус хороолол барих зориулалтаар эзэмшсэн, газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж байсан. Уг газарт барилга, байгууламж барихтай холбоотойгоор зардал их гарсан. Маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлэн зохих журмын дагуу оролцож авсан. Засаг даргад захирамжийг хүчингүй болгох эрх нь байгаа ч гэсэн анхнаасаа төсөл сонгон шалгаруулалтыг захиргааны байгууллага зохион байгуулж явуулсан. Хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Тухайн компанид хаус хорооллын зориулалтаар газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд уг газрыг дуудлага худалдааны зарчмаар олгоогүй нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчсөн. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/А*** дугаар албан шаардлагын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалттай нийцээгүй гэх үндэслэлийн дагуу маргаан бүхий захирамжийг гаргасан нь үндэслэлтэй. Засаг дарга хуульд заасан эрхийн хүрээнд захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хожимдуулсан эсэхийг шүүх анхаарах шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0051 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1 “... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч сонсох ажиллагааг явуулж, саналыг бичгээр авсан байх тул нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
5.2.Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар “З***” ХХК-д эзэмшүүлсэн *** *** бүсэд байрлах нийт 1.2 га газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна, ... төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу тусгай нөхцөлтэйгөөр эзэмшүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй тул маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар “З***” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.
5.3.Хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааг зөрчөөгүй.
5.4.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ховд аймгийн Засаг дарга өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх олгогдсон. Иймд “З***” ХХК-д газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хуульд нийцүүлэн хүчингүй болгосон нь үндэслэлтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0659 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“ ... Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Ховд аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргааныг дахин хүчингүй болгож 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг гаргасан нь үндэслэлгүй ...
7.2.Хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий 2025 оны А/*** дүгээр захирамжийг гаргахдаа Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/А*** дугаар албан шаардлагыг биелүүлсэн гэх боловч Газрын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн албан шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль дээдлэх зарчмын хүрээнд албан шаардлагыг хэрхэн биелүүлэхээ шийдвэрлэх үүрэгтэй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан урьдчилсан нөхцөлийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа өөрөө тогтоосон байх ёстой. Дээрх албан шаардлагад дурдсан хуулийн зөрчил нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох үед гараагүй болохыг хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нягталж шалгаагүй.
7.3.Хэрэгт авагдсан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад *** сумын *** баг *** *** бүс (шугам сүлжээ улсын төсвөөр хийгдэж байгаа) гэж тусган, хаусын зориулалтаар, төсөл сонгон шалгаруулалтын хэлбэрээр 1.2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Шинэ суурьшлын бүс бий болгож “шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр” хийж орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр сонгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчөөгүй.
7.4.Хэдийгээр хаус барих төсөл нь бүхэлдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхгүй боловч орон сууцны хамгийн гол дэд бүтэц болох инженерийн шугам сүлжээг (шинэ суурьшлын бүс) улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн, мөн нийтийн зориулалттай орон сууцны барилга бариулах зориулалтаар олгосон газрыг тухайн газар эзэмшигч өөрийн эзэмшилд байнга байлгаж, ашиглаж, эзэмших эрх хэрэгжүүлэхгүй, барилга болон холбогдох норм, журамд заасны дагуу орчны тохижилтын хамт барилгыг барьж ашиглалтад оруулсны дараа нийтийн эзэмшилд үлдээж, газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгч иргэд болон сууц өмчлөгчдийн холбоо хэрэгжүүлдэг онцлогтой холбоотой нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд (хямд) сууцаар хангах газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь хурлын бүрэн эрхийн хүрээнд, хууль зөрчөөгүй гэж үзэхээр байхад энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй, нягтлаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
7.5.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2.1.3-т зааснаар хариуцагч Засаг дарга нь төлөвлөгөөнд тусгасан аргаар газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байхад өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцээгүй.
7.6.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, үүний улмаас тодорхой зардал гаргаж газрыг эзэмших эрх хэрэгжүүлж байсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
7.7.Шүүхээс газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнийг баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зэргийг үнэлээгүйгээс болж хэргийн үйл баримтыг буруу тогтоож Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг буруу хэрэглэсэн.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
11.Энэ хэргийн тухайд шүүхээс “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хэрэглэх эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
12.Хэргийн үйл баримтын тухайд, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “... *** багийн *** *** бүсэд (шугам сүлжээ улсын төсвөөр хийгдэж байгаа) 2.3 га газрыг Хаус хороолол (*** хотхон) зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр”-ээр олгохоор нэмж төлөвлөсөн; уг төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг дарга 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/*** дугаар захирамжаар *** сумын нутаг дэвгэрт нийт 3.6 га газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан, уг төсөл сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “З***” ХХК оролцож, Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1.1, 1.2 дахь хэсгээр тус суурьшлын бүсэд 0.6 га+0.6 га газрыг “хаус хороолол”-ын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон.
13.Гэвч хариуцагч дээрх 2020 оны А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/А*** дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
14.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заасан.
15.Нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны зарчмаар олгох газарт хамаарч байгаа талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ утгаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... *** *** бүс бий болгож шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр хийж орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр сонгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчөөгүй ...” гэх гомдол (Тодорхойлох хэсгийн 7.3-7.5-д) үндэслэлгүй юм.
16.Гэвч Засаг дарга анх 2020 оны А/*** дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 9/05 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу маргаан бүхий газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын хэлбэрээр олгосон; уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчээс гадна нэр бүхий хуулийн этгээдүүд оролцсон. Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийн үндсэн дээр газар эзэмших эрхтэй болсноор газрын төлбөр төлсөн, газраа хашаалсан, барилгын зураг төслийг бусдаар гүйцэтгүүлсэн зэргээр мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
17.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байхаар заасан. Хуульд уг зарчмын агуулгыг тайлбарлахдаа “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэжээ.
18.Ийнхүү нэхэмжлэгчид “хууль ёсны итгэл” бий болсон байхад хариуцагчаас маргаан бүхий захирамж гаргахдаа өөрийн алдаатай үйл ажиллагааг зааж “нэхэмжлэгчид олгосон газар нь төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох журмыг зөрчиж, дуудлага худалдаа явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь шууд хүчингүй болгосон нь дээрх зарчмыг зөрчсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 7.6-д) үндэслэлтэй.
19.Хэдийгээр хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргах, гаргасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй боловч захиргааны актын үйлчлэл чиглэсэн этгээдийн итгэлийг хамгаалах үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг баримтлах ёстой. Гэвч хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн уг үндэслэлийг харгалзан үзээгүй нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.
20.Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамж нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд “газар эзэмших эрх” үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий акт тул захиргаа уг шийдвэрээ хүчингүй болгохоос өмнө зөрчлийг арилгах боломжит хувилбаруудыг тодруулах, хууль ёсны итгэл үүссэн газар эзэмшигчид дарамт багатайгаар шийдвэрлэх арга замыг (пропорциональ зарчим) хэрэглэх учиртай.
21.Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68/А*** дугаар албан шаардлагад “... Газрын тухай хуулийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг ирүүлэх”, хавсралтаар “Шинэ суурьшлын бүсэд төсөл сонгон шалгаруулж олгосон газрын дуудлага худалдааны үнийг тусгасан байгааг”, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд “... аудитын албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгаж, төлөвлөгөөнд туссан зориулалтаар тухайн газрыг дуудлага худалдаа явуулах журмаар хуульд нийцүүлэн бусдад эзэмшүүлэх боломжтой ...” гэж тайлбарладаг.
22.Ийнхүү маргаан бүхий газрын төлөвлөгөөнд туссан зориулалт (орон сууц) өөрчлөгдөхгүй тул хариуцагч захиргааны байгууллагаас дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх замаар аудитын албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгаж, өмнө нь гаргасан шийдвэрийнхээ алдааг залруулах боломжтой. Энэ нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарах бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
23.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу хариуцагч байгууллагаас энэ тогтоолын 22-т зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “З***” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.
24.Энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинээр акт гаргах хугацааг тоолж эхлэх бөгөөд хариуцагч Засаг дарга 6 сарын дотор дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгч хуулийн этгээдээр төлүүлэх замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0051 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0659 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/*** дүгээр захирамжийн “З***” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 (зургаан) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “З***” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Г.БАНЗРАГЧ