| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2208000001955 |
| Дугаар | 93 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 93
******** т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Бэлгүтэй, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаар магадлалтай, ********-т холбогдох 2208000001955 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ********, 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “*******” ХХК-д кузов засварчин ажилтай, ам бүл 3,
2. Шүүгдэгч ******** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ***** гэх газраас хохирогч *******-ын эзэмшлийн “улаан хүрэн зүсмийн, шүдлэн эм, баруун талын чих тайрсан эмтэй”, “саарал зүсмийн, шүдлэн эр, зүүн талын чих нь тайрсан эмтэй” нийт 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001955 дугаартай хэргийн шүүгдэгч ********-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1503 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 2208000001955 дугаартай хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч ******** нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
5. Прокурор Г.Лхагвасүрэн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр дараах эсэргүүцлийг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг... хүчингүй болсонд тооцсон. Гэвч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 , 1.2, 1.3-т зааснаар уг тогтоолыг хүчингүй болгох талаар хуульчилсан ба шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүх гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгохын зэрэгцээ гэмт хэрэг мөн гэсэн атлаа гэмт хэрэг биш гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль ёсны шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Мөн хэрэгт авагдсан эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан эрүүгийн мөрдөгч *******, эргүүлийн цагдаа ******* нарын хувьд хохирогчийн гаргасан гомдол мэдээллээр бус өөрсдөө дээрх 2 тооны үхрийг олж илрүүлэхэд яллагдагч ******** нь өөрөө “...урьд шөнө бэлчээрээс нь салгаж авч ирж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн ******* тоотод ...авч ирж хашсан, өглөө зарах гэж байсан” гэдгээ ярьдаг бөгөөд тэмдэглэл үйлдэж тусгасан байдаг, үүний дараа хохирогчийг өөрсдөө олж тогтоох ажиллагаа явагдсан байдаг. Хохирогчоор *******ыг тогтоосон бөгөөд түүний нөхөр ******* нь мал маллаж хөдөө байдаг тул цагдаагийн байгууллагад дуудагдан ирж мэдүүлэг өгөх боломж муутай гэж үзэн эхнэр *******ыг хохирогчоор тогтоосон байдаг. Мөн тус хэрэгт яллагдагч ******** нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байдаг бөгөөд түүнийг прокуророос хүндрүүлэх нөхцөл байдалтай мал хулгайлсан гэж зүйлчилсэн учраас прокурортой ял тохиролцох нь эрх зүйн байдал дордоно гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай тогтоол үйлдсэн. Тус хэргийг шалгахаар цохолт хийгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч *******-ийн авсан хохирогч *******-ын “...Манай үхрүүд усаа уугаад гэрийнхээ үүдэнд өөрсдөө ирдэг юм. Тэгээд үхрээ тоолоход шүдлэн үхэр 2 дутаад байсан. Орой болсон байсан болохоор сайн хайж чадаагүй гэрийнхээ ойр орчмоор хайж байгаад унтсан. Тэгээд маргааш нь үргэлжлүүлээд үхрээ хайж байгаад партизаны цагдаад хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа над руу залгаад танай үхэр айлын хашаанаас олдлоо гээд манай гэрт авчирч өгсөн юм. Ер нь бол манай тэр хавийг тэр чигт нь ***** гэдэг, харин манай гэрийн хаяг буюу гудмын нэр нь ***** гэдэг юм, үхрээ ******-наас алдсан гэсэн үг ...Би хоёр тооны үхрээ буцаагаад авсан. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-11 дүгээр хуудас/, гэрч *******-ын “...Сүүлд хэд хоногийн дараа ********-аас сонссон. ******** надад хэлэхдээ ажлынхаа хөлсөндөө хоёр үхэр авсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь ямар учиртай яагаад цагдаагаар яваад байгаа юм бэ гээд асуухад үнэнээ хэлсэн ба танихгүй хүний хоёр үхрийг авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар хуудас/, ********-ын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******д бэлчээр дээрээ явж байсан 40-50 орчим үхрээс хоёр үхрийг салгаж тууж яваад гэрийнхээ хашаанд оруулж хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмч ******* дээр очоод малын бичиг авах гээд очсон боловч гэртээ байгаагүй. Тэгээд тус хоёр үхрийг зарах гээд өөрийн ******** гэсэн фэйсбүүк хаягаасаа үхэр зарна гээд хүмүүс рүү чат бичихэд авах хүн олдоогүй. Тэгээд гэртээ байж байсан чинь цагдаа хүрч ирээд юун үхэр юм бэ хаанаас авсан гээд асуухаар нь мөнгө олох зорилгоор бэлчээр дээрээс туугаад хашаандаа авчирч тавьсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч ******** нь бусдын нийт 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон.
Гэвч анхан шатны шүүх нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг үндэслэл бүхий дүгнэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан боловч хүчингүй болгох, анхан шатанд дахин хэрэлцүүлэхээр буцаах хуулийн заалт хүчингүй болсон гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг нэг мөр хангах боломжийг хааж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр буруу гэдгийг давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа хуулиар үүрэг болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Бэлгүтэй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлээгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй нотлох баримтууд байсан. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт гэмт хэргийн хохирлыг хохирогч *******-ын эзэмшлийн улаан хүрэн зүсмийн шүдлэн, саарал зүсмийн шүдлэн гэсэнтэй тохирохгүй байх төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагаанд нотолж чадаагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7. Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс “...Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотолж чадаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн. Хохирогч *******-ын 2 тооны шүдлэн үхрээ алдаж, цагдаа нар айлын хашаанаас олсон гэсэн мэдүүлэг, ********-ын яллагдагчаар өгсөн “...2 шүдлэн үхрийг салгаж тууж ирэн хашаанд оруулж хонуулсан...” гэсэн мэдүүлэг болон үхрийг эргүүлийн цагдаа, Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд хохирогчийн гомдлын дагуу үхрийг олж хүлээлгэн өгсөн илтгэх хуудас, тэмдэглэл байдаг бөгөөд тухайн тэмдэглэлд шүдлэн насны 2 тооны үхэр гэж дурдсан баримтуудаар хохирол бүрэн тогтоогдсон.
Шүүх “...Өөр мөрдөгчийг томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй нь эргэлзээ төрүүлж байна...” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “мөрдөгч" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;” ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөрдөгч цагдаагийн ахмад *******, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч ******* нар адил эрх олгогдсон мөрдөгч нар байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөх байгууллагын даргын шийдвэргүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан асуудал нь хэргийн аль нэг нотлох баримтад, эсхүл ямар нөхцөл байдалд эргэлзээ төрүүлж байгаа эсэхэд шүүх хууль үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Мөрдөгчийн гаргасан зөрчил нь хэргийн үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Мөн “...Шүүгдэгч ********-ыг гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй...” гэсэн гурван дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн. Хэргийн үйл баримт буюу ******** нь бусдын эзэмшлийн 2 тооны шүдлэн насны үхрийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, дээр дурдсан илтгэх хуудас, дамжмал нотлох баримт болох гэрч *******-ын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн цагаатгах тогтоолд хийсэн шүүхийн дүгнэлт бүхэлдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй болоогүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхэд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох”-оор заасныг хэрэглээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул ********-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
9. Прокуророос шүүгдэгч ********-ыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* гэх газраас хохирогч *******-ын эзэмшлийн улаан хүрэн зүсмийн баруун талын чих тайрсан эмтэй, шүдлэн насны эм, саарал зүсмийн зүүн талын чих нь тайрсан эмтэй, шүдлэн насны эр, нийт 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатган шийдвэрлэжээ.
10. Давж заалдах шатны шүүх дээрх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж зөв дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээг хуулийн өөрчлөлтөөр хязгаарласан гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 7-11, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоол, мөн сарын 19-ний өдрийн 77 дугаар тогтоолын тодорхойлох хэсгийн 5-7, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 87 дугаар тогтоолын тодорхойлох хэсгийн 11-15 дахь заалтад давж заалдах шатны шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ болон Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зохицуулалтын хууль зүйн агуулгыг хэргийн үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байх тул дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
11. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан ********-ын яллагдагчаар өгсөн болон гэрч *******, хохирогч ******* нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудад анхан шатны шүүх няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн39.6 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд хамаарна.
12. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч ********-т холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, түүнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч хэвээр үлдээн агуулгын зөрчилтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын шатны шүүхэд бичсэн прокурор Г.Лхагвасүрэнгийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН