| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03493/И |
| Дугаар | 210/МА2025/01591 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01591
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05310 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгаж, анхны байдалд нь оруулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* хотхоны ******* тоот хаягт оршин суугч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нийтийн эзэмшлийн автозогсоолыг дур мэдэн эвдэн сүйтгэж, өөрийн байшиндаа өргөтгөлийн ажлыг эхлүүлж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тул Cууц өмчлөгчдийн холбооны өмнөөс уг бусармаг үйлдлээ даруй зогсоохыг шаардсан боловч хүлээн авалгүй ажлаа үргэлжлүүлж дуусгасан.
1.2. Энэ хугацаанд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны шаардлага, Cууц өмчлөгчдийн холбооны мэдэгдэл зэргийг хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзсан.
1.3. *******ы энэхүү өөрийн амин хувийн эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэн өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгах, анхны байдалд нь оруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ******* хотхон нь амины орон сууцнууд, 1 нийтийн орон сууц ба 1 нийтийн үйлчилгээний байшингаас бүрддэг. Анх 2013 онд худалдан авснаас хойш тус хотхоны газар нь ******* дээр бүртгэлтэй нийтийн эзэмшлийн бус газар юм. Амины орон сууцнууд нь тусдаа хашаатай. Хотхоны нийтийн орон сууцны оршин суугчид нь *******-г үүсгэсэн ба зарим амины орон сууцнууд нь тухайн СӨХ-д хамаардаггүй болно.
2.2. 2011 онд батлагдсан хотхоны ерөнхий төлөвлөгөө болон борлуулалтын танилцуулга дээр манай гэрийн орчны газарт буюу хойд талд автозогсоолын төлөвлөлт байхгүй. Нэхэмжлэгчийн өгсөн ерөнхий төлөвлөгөөний зураг дээр 2 автомашины зураг байгаа боловч зам талбайн хучилт тэмдэг байхгүй байгаа нь борлуулалтын танилцуулга зурагтай таарч байна. 2013 онд манайх ******* амины орон сууцыг худалдан авахад манай үүдний хэсгийн явган хүний зам талбай ба хашаа нь барилгын компани дутуу хийсэн байсан.
2.3. Мөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны хүмүүс манай гэрийн өмнөх явган хүний зам дээр автомашинаа гаргаж тавих, өдөр шөнөгүй үүдний шат дээр сууж тамхи татах, пиво уух, хог хаях, үүд нүдэж заналхийлэх, үүдний эд зүйлс хулгайлах зэргээр манай эхнэр, бага насны 2 хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлж байсан тул 2025 оны 04 дүгээр сард өөрийн хөрөнгөөр буюу 110,000,000 орчим төгрөгөөр явган хүний дутуу замын заримыг өмнө байсан 3 автомашины зогсоолтой хэвээр тохижуулсан. Мөн автозогсоолын хажуу манай хөрш 2 амины сууцнууд нь аюулгүй байдлаа хангах зорилгоор хашаагаа барьсан загвараар зөвхөн үүдний орох хэсгийн хэмжээг баримтлан хашаа хийсэн. Энэхүү хийгдсэн хашааны хамрах хүрээ нь хотхоны оршин суугчдын замд ямар нэг байдлаар саад болоогүй ба зөвхөн манай гэрийн үүд, автозогсоол, манай ногоон байгууламж хоорондох хэсэгт хийгдсэн болно.
2.4. Хотхоны нийт оршин суугчдын саналаар ба хотхоны ерөнхий төлөвлөгөөний дагуу манай хойд талын 3 автозогсоолыг хааж дутуу явган хүний замыг тохижуулах байсныг 2022 онд *******-ны дарга ******* нь дур мэдэн авч автозогсоол болгосон. Үүний дараа хотхон доторх автозогсоолын чипийг хувийн дансаар борлуулж байсан ба манай гадаах автозогсоолыг хотхоны бус хүмүүст төлбөртэй болгох төлөвлөгөө гаргасан.
2.5. Хотхоны ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн хөрөнгөөр явган хүний зам тохижуулж, өөрийн гэр бүл, хөршүүдийн аюулгүй байдлаа хангаснаар түүний бусдын байрны орчны газарт төлбөртэй автозогсоол байгуулах, хувь данс ашиглах зэрэг хууль бус үйлдлүүдэд удаа дараа саад болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ны эзэмшлийн нийтийн эзэмшлийн талбайгаас ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* хотхоны ******* тоот хаягт байрлах амины орон сууцны өргөтгөл болон хашааг чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбайг анхны байдалд нь оруулахыг хариуцагч *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхтэй эсэхийг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлийг хангаагүй байна.
4.2 Тухайн маргаж буй газар нь Газрын тухай хуульд заасан нийтийн эдэлбэр газар бөгөөд нийтийн эдэлбэр газрыг чөлөөлүүлэх шаардах эрх нь СӨХ-нд биш захиргааны байгууллагад байх ёстой бөгөөд нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж, шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Тухайн хотхоныг ******* ХХК 32 айлын орон сууц барих төслийн хүрээнд барьж байгуулсан. 2021 онд 17 айл, өрх оролцож СӨХ-г байгуулсан. *******-ны гаргаж өгсөн баримт бичгийг үндэслэж ******* дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгож, 4 жил үйл ажиллагаагаа явуулж байна.
5.2. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй гэж давж заалдах гомдолд дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. ******* ХХК нь Нийслэлийн газрын албатай газар ашиглах гэрээ хийсэн бөгөөд нийтийн эзэмшлийн газарт тооцогдож байгаа. ******* тухайн газрыг ашиглах гэрээг шилжүүлж авах хүсэлтийг өгсөн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгаж, анхны байдалд нь оруулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо , 28/2-28/10 дугаар байруудыг хариуцсан сууц өмчлөгчдийн холбоогоор бүртгэгдэж, 21/28 дугаартай гэрчилгээ олгогдсон;
3.2. ******* хотхон буюу ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай, 13.662 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар орон сууцны орчны газрын зориулалтаар *******-нд 14 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн;
3.3. ******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* тоот амины орон сууцанд оршин суудаг бөгөөд сууцны үүдний хэсгийг оролцуулан өргөтгөл буюу хашаа барьсан байна.
4. Анхан шатны шүүх ******* ХХК -ийн тодорхойлолтод үндэслэн ******* хотхоны нийтийн эзэмшлийн газар, зам талбай, эд хөрөнгийн эзэмшил ашиглалт нь СӨХ-нд шилжсэн талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4.1. ******* ХХК -ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн огноотой, *******-нд хаягласан ******* дугаартай Албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг нотлох баримтаар авагдсан, уг албан бичигт ******* ХХК нь ******* хотхоныг батлагдсан зураг төслийн дагуу барьж бүрэн гүйцэтгэсний үндсэн дээр улсын комисст, улмаар нийтийн эзэмшлийн талбай болон холбогдох эд хөрөнгийг СӨХ-нд хүлээлгэн өгсөн. Иймд бүрэн баригдаж дууссан ******* хотхоны нийтийн эзэмшлийн газар, зам талбай, эд хөрөнгийн эзэмшил ашиглалт нь Сууц өмчлөгчдийн холбоонд шилжсэн болно гэж дурдсан нь нэхэмжлэгчийн газрын эзэмшлийг тогтоох эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.
4.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт Орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газарт хамаарна гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт СӨХ-ны гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах гэж, Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий аймаг, сум, Нийслэлийн Засаг даргад гаргана гэж тус тус зохицуулжээ.
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагад сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрыг ашиглах эрхийг хандаж авснаар тухайн газрын ашиглагч болж, хуульд заасан газар ашиглагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
4.3. Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай, 13.662 м.кв газрын ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу аваагүй, уг газрын ашиглагчаар өөр этгээд буюу ******* бүртгэлтэй байгаа байдал хэргийн баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх ******* ХХК -ийн албан бичигт үндэслэн *******-г нийтийн эзэмшлийн газар, зам талбайн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн авсан, маргаан бүхий өргөтгөлийг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ны хариуцагч *******д холбогдуулан гаргасан өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгаж, анхны байдалд нь оруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ны хариуцагч *******д холбогдуулан гаргасан өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгаж, анхны байдалд нь оруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР