Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

 

 

 

                                 

 

                                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Хохирогч Ү.Мөнхзул, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг

Гэрч Ц.Цэндсүрэн

Шүүгдэгч Ө.Түвдэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч Ө.Түвдэндоржид холбогдох эрүүгийн 1936000000156 дугаартай, 178/2019/0137/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс-халх, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, Баруун монгол интернэшнэл ХХК-ны захирал ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран  багийн 25-17 тоотод оршин суух,урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэх, ПЮ70081619 регистрийн дугаартай, Гулз тамгат овогт Өлзийбаярын Түвдэндорж

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Түвдэндорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Цэндсүрэн, Ү.Мөнхзул нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ү.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ө.Түвдэндоржийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдөр Ү.Мөнхзул, Ц.Цэндсүрэн нар нь цалингийн талаар маргаан үүсгэж, гар утсаараа бичлэг хийсэн,танай компани цалингаа өгдөггүй гэсэн гэх зэргээр манай компаний нэр хүндэд халдсан.Тиймээс би бухимдахдаа Ү.Мөнхзулыг зодсон.Энэ үйлдлээ  ойлгож, гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирол 110.000 төгрөгийг төлсөн, цаашид гэмтлийн улмаас эмчлүүлэх зардлыг төлөхөө илэрхийлж байна гэх мэдүүлэг,

Хохирогч Чойрд овогт Үлэмжбуяны Мөнхзулын / ПЙ87061475 регистрийн дугаартай, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ө.Түвдэндоржийн махан зооринд эхнэрийн хамт ажилд оросн. Ажилд ороод 3 дахь өдрөө ажиллаж байтал О.Оюунбилэг орж ирээд “манай цалин өөрчлөгдсөн.Та нарт бидний цалин таалагдаж байвал ажилла, таалагдахгүй бол өөр ажиллах хүмүүс зөндөө байна” гэхээр нь би эхнэр дээрээ очоод хоёулаа гаръя гэж хэлээд О.Оюунбилэгийн өрөөнд ороод “бид хоёр ажлаас гарлаа, 2 хоног ажилласан хөлсөө авъя” гэхэд “ манайх тэгж хоногоор мөнгө олгодоггүй, сарын сүүлээр ир” гэхээр нь та дахиад наад үгээ хэлээдэх би бичлэг хийгээд авъя гэсэн чинь О.Оюунбилэг нөхрөө утсаараа дуудсан.Тэгтэл Ө.Түвдэндорж орж ирэхэд эхнэр нь “ энэ ямар зэвүүн залуу бэ утсаараа бичлэг хийгээд байна ш дээ” гэхэд Ө.Түвдэндорж миний утас булааж авах гэхээр нь би утсаа кармандаа хийсэн чинь Ө.Түвдэндорж миний нүүр лүү 4,5 удаа цохисон.Тэгснээ намайг багалзуурдаж боогоод ширээн дээр түлхэж унагаасан.Манай эхнэрийн үснээс нь чирж өрөөнөөс гаргасан. Би араас нь гарах гэтэл Гоошоо гэдэг хүн намайг бариад авахад Ө.Түвдэндорж орж ирээд дахиад нүүр лүү цохисон.Миний хамарнаас цус гарахад Ө.Түвдэндорж оо-ийн цаас авчраад миний хамар луу чихээд арч гэж дарамталсан, би гомдолтой байна.Энэ гэмтлийн улмаас миний хамар цөмөрсөн, хамраа янзлуулах гэхээр мөнгө байхгүй.Энэ зардлыг гаргуулмаар байна... гэх мэдүүлэг /хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр 25000-30000 төгрөгний цалинтай гэж тохиролцоод анх ажилд орсон. Гэтэл 8 сарын 06-ны өдөр О.Оюунбилэг “цалинд өөрчлөлт орсон. Ажиллаж чадах нь ажиллаад чадахгүй нь гарч болно шүү “ гэхээр нь бид хоёр О.Оюунбилэгийн өрөөнд ороод бид хоёр ажлаасаа гаръя, ажилласан хоногийнхоо мөнгийг бодоод өгөөч гэхэд О.Оюунбилэг “ 7 хоног байтугай, 3 хоногийн цалин өгдөггүй юмаа, сарын сүүлээр ир” гэхээр нь “ та наад үгээ дахиад хэлээдэхээ би бичлэг хийгээд авъя “гэхэд намайг “ битгий хуц” гэсэн. Тэгтэл Ө.Түвдэндорж орж ирээд Гоошоо гэх хүн хоёр манай нөхрийг зодоод эхлэхээр нь би салгах гээд очтол Ө.Түвдэндорж намайг үснээс татаад өрөөнөөсөө гаргахад О.Оюунбилэг нь“чи хүн аллаа ш дээ” гээд намайг салгасан.Ө.Түвдэндорж манай нөхрийн толгой руу 2 удаа цохиж,Гоошоо гэх хүн нуруу руу нь цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 10-р хуудас/

Гэрч Л.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанид ажилладаг Ү.Мөнхзул, Ц.Цэндсүрэн гэх эхнэр нөхөр хоёр над дээр ирээд “ танай ажлын цаг их , цалин бага байна” гээд надтай маргаан үүсгээд зогсож байтал захирлын эхнэр О.Оюунбилэг хоёр давхраас тэр хоёрыг дуудаад өрөөндөө аваад орсон.Би ажлын байран дээрээ байж байтал О.Оюунбилэг над руу утасдаад өрөөнд хурдан ороод ир гэсэн.Намайг ороход өрөөнд Ү.Мөнхзул О.Оюунбилэгтэй маргалдаж байтал гаднаас захирал Ө.Түвдэндорж орж ирээд Ү.Мөнхзулыг барьж аваад нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Би очоод салгаад өрөөнөөс гаргасан.Ө.Түвдэндорж Ц.Цэндсүрэнг зодсон талаар хараагүй... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Гэрч О.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манайд ажилд ороод 3 хонож байсан Ү.Мөнхзул, Ц.Цэндсүрэн гэх эхнэр нөхөр хоёр Ган-Эрдэнэтэй маргаад байхаар нь би юу болсон талаар асуухад цалин мөнгөний талаар маргалдаж байсан.Тэгэхээр нь өрөөндөө оруулж ирээд цалингийн талаар тайлбарлаж хэлэхэд ойлгохгүй, бид хоёр, хоёр өдрийн цалингаа аваад гарна гэхээр нь “ сарын сүүлээр ир” гэхэд “ танайх цалингаа өгдөггүй гэсэн. Манай хамар хашааны хүнийг 17 хоног ажиллуулчихаад цалингаа өгөөгүй байна лээ “ гэх зэргээр дайраад бас утсаараа бичлэг хийгээд байсан.Тэгтэл манай нөхөр Ө.Түвдэндорж гаднаас орж ирээд Ү.Мөнхзулыг барьж аваад утсыг нь авах гэж булаацалдаж байгаад маргаан болоод нүүр лүү нь 2 удаа цохисон. Ц.Цэндсүрэнг цохиогүй, өрөөнөөс гар гээд Ө.Түвдэндорж чирээд гаргасан... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн...Ү.Мөнхзулын биед хамар ясны хугарал, дээд болон доод уруулын дотор талд язарсан шарх, зүүн жавьжны дотор талд язарсан шарх, духны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд бүдэг цус хуралт, хамар хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Ү.Мөнхзулын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Ү.Мөнхзулын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 24-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн...Ц.Цэндсүрэнгийн биед баруун нүдний дээд зовхины зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт цус хуралт, баруун өвдөг хэсэгт цус хуралт, зүүн өвдөг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Ц.Цэндсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Ц.Цэндсүрэнгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт / хэргийн 28-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн...Ө.Түвдэндоржийн биед хүзүүний зүүн доод хэсэгт цус хуралт,зүүн гарын шууны урд доод хэсэгт цус хуралт, баруун гарын шууны урд доод хэсэгт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгаралт, хэвлийн урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Ө.Түвдэндоржийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ө.Түвдэндоржийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт / хэргийн 32-р хуудас/

Шүүгдэгч Ө.Түвдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр махан зоорин дээр ирээд ажлын өрөө рүүгээ ороход манай эхнэртэй манайд ажилд орсон эхнэр нөхөр хоёр маргалдаад утсаараа бичлэг хийж байсан.Тэгээд танайх цалингаа өгдөггүй гэсэн. Манай хамар хашааны хүн тэгж хэлж байна лээ гэхээр нь “ та хоёр цалин голж байгаа бол та хоёрыг ажиллуулах шаардлагагүй, гарч зайл” гээд бичлэгийг нь устгахаар утсыг нь авах гээд нөхөртэй нь ноцолдсон.Надад утсаа өгөхгүй болохоор нь тэр залууг нэг удаа шанаадсан.Дахиад нэг удаа алгадаад өрөөнөөсөө хөөсөн.Тэгтэл гадаа гарчихаад над руу салаавч гаргаад “ чи хүн алсан алуурчин биз дээ, чамайг шоронд хатаана “ гэсэн.Би Ү.Мөнхзулын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.Ү.Мөнхзул миний гар хөл рүү цохисон, хүзүүний доод хэсэгт маажсан... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Хохирогч Ү.Мөнхзул нь “цалин бага байна” гэх шалтгаанаар шүүгдэгч Ө.Түвдэндорж болон эхнэр О.Оюунбилэгтэй нь маргаан үүсгэж утсаараа бичлэг хийсэн, гэрч Ц.Цэндсүрэн нь “танай компани цалингаа өгдөггүй гэсэн” гэх маргаанаас үүдэн тэдний дунд үл ойлголцол үүсч харилцан ноцолдож, нэгнийхээ биед гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч,гэрч нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.Цэндсүрэн, Ө.Түвдэндорж нарын биед гэмтэл учирсан боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ү.Мөнхзулын биед учирсан гэмтэл нь гэмтлийн “ хөнгөн” зэрэгт хамаарч байх ба энэ нь хохирогч Ү.Мөнхзулын мэдүүлэг, гэрч Ц.Цэндсүрэн, Л.Ган-Эрдэнэ, О.Оюунбилэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Ө.Түвдэндоржийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Түвдэндоржийг хохирогч Ү.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Түвдэндорж нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-59/-аар, Шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх ба 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна.Хохирогчид учирсан хохирлын 110000 төгрөгийг төлсөн, цаашид гаргах хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.

            Шүүгдэгч Ө.Түвдэндоржийн хувийн байдлын талаар гэрч Т.Ганболорын өгсөн...Ө.Түвдэндорж бид нар багын найзууд.Ө.Түвдэндорж дороо 2 дүүтэй, айлын том хүүхэд. Даруу төлөв зантай, ажилсаг, тусархуу, нийтэч зан ааштай хүн. Бизнес эрхэлж амьдардаг.Архи уусан үедээ зан ааш нь өөрчлөгдөж байхыг хараагүй, 2014 онд хэрэгт холбогдож байсныг мэднэ ...  гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Гэрч Т.Батбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай аав Ө.Түвдэндорж нь зан ааш сайтай, эелдэг адруу зантай, хүнтэй эвтэй харьцдаг.Гэр бүл үр хүүхдүүддээ муухай зан ааш гаргадаггүй. Хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ гэр бүлдээ ямар нэгэн байдлаар агсам согтуу тавьж, амгалан тайван байдал алдагдуулж байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ө.Түвдэндоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ө.Түвдэндоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох гэх  дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчийн цаашид гарах хохирлыг баримтын хүрээнд нөхөн  төлөхөө илэрхийлж байна. Харин өмгөөлөгчийн зардлыг төлөх талаар зөвшөөрөхгүй” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ө.Түвдэндорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 500.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Түвдэндоржид тайлбарлаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржоос 700.000 төгрөг гаргуулж хохирогч Ү.Мөнхзулд олгуулах нь зүйтэй. Учир нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж хохирогч эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчид хөлс төлсөн болох нь өмгөөллийн гэрээ,өмгөөллийн хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ө.Түвдэндорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, 110000 төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Панасоник   маркийн 52 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/86 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гулз тамгат овогт Өлзийбаярын Түвдэндоржийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гулз тамгат овогт Өлзийбаярын Түвдэндоржийг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржид оногдуулсан торгохын ялынтаван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгийг  03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Түвдэндоржид тайлбарласугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржоос 700.000 төгрөг гаргуулж хохирогч Ү.Мөнхзулд олгуулж, хохирогч Ү.Мөнхзул нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Ө.Түвдэндорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 110000 төгрөгний хохирол төлснийг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Панасоник  маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/88 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Ө.Түвдэндоржид  оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Түвдэндоржид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС

Top of Form