| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00228/И |
| Дугаар | 474 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, өр, зээл хувааж төлөх тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.******* бид хоёр 1999 онд гэр бүл болж, нэг хүүхдийн эцэг, эх болон амьдарч ирсэн. Одоо ******* нь өөр хүнтэй гэр бүл болсон. Бид шилжилтийн насны хүүтэй учир хүүгийнхээ ааш занг эвдэлгүйгээр хурдан ойлголцож гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна. Иймд 2002 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү т тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Хамт амьдрах хугацаанд өмчлөлийн газар, блокоор барьсан граж, 5 ханатай гэр, бусад эд хөрөнгөтэй болсон. Би өсвөр насны хүүтэй учир гэр, хашааг Г.*******т өгөхгүй. Мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан банкны зээл, бусад өр бүгд надаас нэхэгдэж хүнд байдалд ороод байна. Г.******* гражаа буулгаж авна гэвэл авч болно. Иймд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, ******* тоотод байрлах газрын өмчлөгчөөр хүү Баярбаатарыг тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг хүүгийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна.
Өр зээлийн хувьд бид хоёр Хоролоос зээлсэн 1,500,000 төгрөг, оос зээлсэн 500,000 төгрөг, Капитал банкнаас зээлсэн 6,510,914 төгрөгийн зээлийн үлдэгдэл өртэй байна. Ингээд нийт 8,510,914 төгрөгийн өр байгаа. Энэ өрийг 2 хувааж 4,255,457 төгрөгийн өрийг Г.*******т хариуцуулахаар нэхэмжилж байна өөрөөр хэлбэл Хоролд 750,000 төгрөг, т 250,000 төгрөг, Капитал банкинд 3,255,457 төгрөгийг тус тус *******аар төлүүлнэ. ******* банкинд 3 дугаар сард төлөх ёстой байсан төлбөр 495,143 төгрөгийг төлөөгүй байгаа тул энэ мөнгийг *******аас гаргуулж банкинд төлүүлэх хүсэлтэй байна. ******* дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгэвэл хөрөнгөө үнэлж шүүхийн журмаар хуваалгана.” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкны зээлийн хувьд тэгш сондгой сараар төлнө гээд бид 2 аман гэрээ хийсэн. Би тэгш сарын мөнгийг төлдөг, ******* сондгой сарын мөнгө төлдөг. Хамт амьдарна, болно бүтнэ гээд зээл авсан юм чинь одоо банкинд төлөх мөнгийг ******* төлчих байх гэж бодож байна. Би 2 сая төгрөгийг 4 сард хүүхдийнхээ хагалгаанд зориулсан. Энэ хүн рүү хэлэх гэхэд утсаа аваагүй тэгээд эхнэр лүү нь хэлэх гэсэн бас болоогүй. Тэгээд урьд өдөр нь хүүхэдтэйгээ яриулахад, та нар надад хамаагүй гэж хэлсэн. Одоо банкинд 4 сая төгрөг төлөх үлдсэн. Энэ мөнгийг хоёр хувааж төлөөд, сондгой саруудад төлөөгүй мөнгө, Хоролоос авсан 1 сая 500 мянган төгрөгний тал мөнгө, оос авсан 500 мянгын тал мөнгийг төлүүлэх хүсэлтэй байна.” гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Би гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоох, эд хөрөнгийн маргаан байхгүй тул зөвшөөрч байна. Харин өр зээлийн талаар Хоролоос зээлсэн 1,500,000 төгрөг, оос зээлсэн 500,000 төгрөгийг Ш.*******гийн том хүү Баярмөнхөд гэр барьж, хурим найр хийхэд зарцуулсан тул би энэ мөнгийг хувааж төлөхгүй. Капитал банкнаас зээлж авсан мөнгөнөөс дүү Амартүвшин нь машин авна гэж 2 сая төгрөг зээлж авсан, 3, 5 сарын мөнгийг би төлөөд үлдэгдэл 2016 оны 05 сарын 16-ны байдлаар 6,100,000 төгрөг байгаагаас дүү Амартүвшин авсан 2 саяыг хасаад үлдэгдэл 4,100,000 төгрөгийг *******той хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон дундын хөрөнгө гэр, хашаа, газраа өгөхийг зөвшөөрч байна, банкны зээлийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн хэрэглээ гэж байх ёстой тэгэхэд өөрийн дүүдээ 2 сая төгрөг өгч машин авахад нь нэмэрлэсэн, надад огт мөнгө өгөөгүй. Зээл авах үндэслэл бол дүүдээ л машин авах зорилоготой байсан, банкнаас хуулга аваад үзэхэд 8 сарын 15-нд зээл 9 сая төгрөг авсан, 4 сая төгрөгөөр банкны зээл хаагаад үлдэгдэл 5 сая төгрөг яаж хэрэглэснийг мэдэхгүй байгаа. 08 дугаар сарын 25-нд хүүхэд сургуульд сууна хувцасны мөнгө, мөн 09 дүгээр сарын 05-нд гар дээр мөнгө байхгүй гээд бас авсан. Энэ авсан мөнгөө яаж хэрэглэснийг мэдэхгүй байна. Би хүүхэддээ 1 сая 500 мянгаар гэрийн мод, 900 мянгаар бүтэн цагаан эсгий авч өгсөн. Би өөрийнхөө хүүхдийг хүний хүүхэд шиг гадуурхаж байгаагүй, дээд сургууль төгсгөж ажилтай болгосон.” гэв.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1-2/, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг ******* тоот хаягт байрлах 704 мкв газрын гэрчилгээний хуулбар /хх-4/, мөн хаягт байршилтай 48 мкв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Капитал банкны Өмнөговь салбарын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаар тодорхойлолт /хх-6/, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-7/, нэхэмжлэгч Ш.*******гийн Капитал банк дахь депозит дансны хуулга /хх-8/, иргэн , Ж. нарын Хаанбанк дахь депозит дансны хуулга /хх-9-10/, Ш.*******, Г.******* нарын Капитал банктай байгуулсан ЗГ/2032002047 дугаар зээлийн гэрээний хуулбар, Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, БГ/2032002047 дугаар барьцааны гэрээ /хх-11-19/, Г.*******аас Б.Бат-Өлзий, Ш.******* нарт тус тус олгосон итгэмжлэл /хх-19-20/, Ш.*******гийн Төрийн банк дахь зээлийн дансны хуулга /хх-23/, хүсэлт /хх-30/, “Солонго” нүдний эмнэлгийн үзлэгийн карт /хх-31-33/ зэргийг
Хариуцагч өр зээлийн зарим хэсгийг хамтран төлөхөөс татгалзаж: хариу тайлбар /хх-28/, хүсэлт /хх-29/, Капитал банкны Өмнөговь салбарын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 265 дугаар албан бичиг, Ш.*******гийн Капитал банк дахь депозит дансны хуулга /хх-36-37/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, өр зээл хувааж төлөх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, өр зээл хувааж төлөх шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Гэрлэгчид гэрлэлтээ батлуулсан /хх-3/ боловч тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын “гэр бүлээ цуцлах шаардлагатай байна” /хх-1/, “би ... гэрлэлт цуцлах ... зөвшөөрч байна” /хх-28/ гэх тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах үндэстэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэсний дагуу 2002 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү аас эцэг, эх гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд хэнтэй нь цуг амьдрах тухай саналыг нь авсан /хх-43/ бөгөөд хүүхэд эхтэйгээ хамт амьдрах хүсэлтэй гэх тайлбар өгсөн болно.
2.Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Г.******* нар 2002 онд төрсөн гэх хүүтэй /хх-3/ бөгөөд хүүхэд эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа /хх-7/ болох нь нотлогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдэд эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй байх тул хариуцагч Г.*******аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү ыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Ш.******* Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг ******* тоот хаягт байрлах 704 мкв газар, мөн хаягт байршилтай 48 мкв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, таван ханатай гэрийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн өөрийн өмчлөлд үлдээх шаардлага гаргасныг хариуцагч Г.******* “маргаан байхгүй тул зөвшөөрч байна” /хх-28/ гэсэн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үндэстэй байна.
Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “Капитал” банкны барьцаанд байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж заасны дагуу барьцаалуулагч /Г.*******/ нь газар, гараж өмчлөгчийн нэрийг хүү ын нэр дээр шилжүүлэхдээ барьцаалагч /“Капитал” банк/-ийн зөвшөөрөл авах, нөгөө талаар нэр шилжүүлэх асуудал нь шүүхийн харьяаллын асуудал бус Улсын бүртгэлийн байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хариуцагч нь дундын өмчийг хуваах тухай маргаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний өмчлөгчийн нэр шилжүүлэх эрх үүрэг нь өөр байгууллагт хамаарч байна.
4.Өр зээл хувааж төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлахад хариуцагч Р.******* нь “Капитал” банкнаас зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох, зээлийн гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Б.Бат-Өлзийд итгэмжлэл /хх-19-20/-ээр олгожээ. Зээлийн гэрээ /хх-11-13/-нд зааснаар хариуцагч Р.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээний нэг тал болсон байх тул гэрээний 4.2.1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу бүрэн төлөх үүрэг хүлээжээ. Зохигчид зээл, зээлийн хүүг банкинд төлөхдөө тэгш, сондгой тоотой саруудад ээлжлэн төлөхөөр тохиролцсон /хх-2/ бөгөөд энэ тухайд маргахгүй байна. Улмаар нэхэмжлэгч Ш.******* хариуцагч Г.*******ыг 2016 оны 03 дугаар сараас эхлэн тохиролцсоноороо буюу 2016 оны 03,05,07,09 саруудын зээл, зээлийн хүүг төлөх ёстой гэж тайлбарласныг хариуцагч шүүх хуралдаан дээр няцааж тайлбар гаргаагүй, хавтаст хэрэгт ч энэ тухай баримт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “... банк, ... /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу зээлдүүлэгч /Капитал банк/ гэрээний дагуу мөнгийг зээлдэгч / Г.*******/-ид шилжүүлэх, зээлдэгч /Г.*******/ нь гэрээний дагуу зээл, зээлийн хүүг зээлдүүлэгч /Капитал банк/-ид буцаан төлөх үүрэгтэй, мөн хариуцагч Г.******* “Капитал банкнаас зээлж авсан мөнгөнөөс ... 4,100,000 төгрөгийг ... хувааж төлөх хүсэлтэй.. “ гэж банкинд зээл төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Г.*******аар банкны зээл төлүүлэх үндэстэй байна.
Иймд хариуцагч Г.*******аас 2016 оны 03,05,07,09 саруудын зээл, зээлийн хүү 1,980,574 төгрөг /4 сар х 495,143 төгрөг= 1,980,574/, зээлийн үлдэгдэл төлбөр 1,986,220 төгрөг /3,972,441:2хүн= 1,986,220/ нийт 3,966,794 /1,980,574 + 1,986,220=3,966,794/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.*******гийн хариуцагч Г.*******аас /иргэн оос зээлсэн гэх 1,500,000 төгрөг, Ж.оос зээлсэн гэх 500,000 төгрөгийн тавин хувь болох/ 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Учир нь нэхэмжлэгч Ш.******* иргэн , Ж. нараас зээл авсан гэдгээ нотолж тэдгээрийн Хаанбанкны депозит дансны хуулгыг /хх-9-10/ шүүхэд ирүүлснийг шинжлэн судлахад оос 1,500,000 төгрөг, Ж.оос 500,000 төгрөг зээлж авсан гэдэг нь нотлогдохгүй улмаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ нотолсон тайлбар гаргаагүй байх тул хариуцагч Г.*******аас 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт /хх-3-8,11-20,36-37/-ыг үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болголоо. Харин Ш.*******гийн Төрийн банк дахь зээлийн дансны хуулга /хх-23/ тухайн хэрэгт хамааралгүй, иргэн , Ж. нарын Хаанбанкны депозит дансны хуулга /хх-9-10/ зээл авсан болохыг нотлох баримт бус, “Солонго” нүдний эмнэлгийн үзлэгийн карт /хх-31-33/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Г.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:/-аас 2002 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү т 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Г.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ш.*******, Г.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
5.Нэхэмжлэгч Ш.*******гийн хариуцагч Г.*******т холбогдуулан 4,966,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,966,794 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасны дагуу хариуцагч Г.*******аас Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан уулын 24-6 тоот хаягт байрших улсын бүртгэлийн Г-1105002046 дугаартай 704 мкв талбайтай өмчлөлийн газар, мөн хаягт байрших улсын бүртгэлийн Ү-1105002857 дугаартай 48 мкв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ш.*******д шилжүүлсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу хангаж шийдвэрлэсэн 3,966,794 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,418 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******гоос нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.*******аас 78,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР