| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/07479/И |
| Дугаар | 210/МА2025/01592 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01592
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06296 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүрэг болон барааны үнэд нийт 20,245,635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* ХХК-д бэлэн бүтээгдэхүүний няравын албан тушаалд ажиллаж байсан. ******* нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтан тул түүнтэй 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан.
1.2. ******* нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 2.4-т заасан ...дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйл буюу өөрт нь бүрэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүн /ундаа/-г мөн гэрээний 2.3-т заасан ...илт буруутай эсхүл хайхрамжгүй байдлын улмаас дутаасан..." гэм буруутай үйлдэл гаргасан. Тодруулбал, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан ...Ачилт зарлагын падаан, DIP болон шаардах хуудасны дагуу холбогдох ажилтанд бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх, .... бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримттай тулгаж, шалган хүлээн авч Google Drive болон ERP программд орлого, зарлагын бүртгэл хөтлөх... зэрэг чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас түүний хариуцан ажиллаж байсан 1-р агуулахаас 7,978 ширхэг бүхий нийт 20,147,830 төгрөгийн бүтээгдэхүүн дутсан. Үүнийг ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1-р агуулах хүлээлцэх тооллогоор баталгаажуулсан бөгөөд ******* дээрх тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурсан.
1.3. Мөн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд нийт 497,200 төгрөгийн ундаа цалингаас суутгуулан төлөхөөр тохиролцож, худалдан авсан бөгөөд үүнээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 399,394 төгрөгийг гарт олгох цалин болон ээлжийн амралтын мөнгөнөөс суутгаж, 97,805 төгрөг үлдсэн.
1.4. Ийнхүү 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1-р агуулах хүлээлцэх тооллогоор дутсан ундааны 20,147,830 төгрөг, худалдан авсан ундааны үлдэгдэл төлбөр 97,805 төгрөг, нийт 20,245,635 төгрөгийг төлүүлэхээр *******тэй удаа дараа холбогдсон ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх 20,245,635 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* ХХК-д бэлэн бүтээгдэхүүний няравын албан тушаалд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. ******* нь Бүгд найрамдах Солонгос улсад зорчихтой холбоотойгоор ажлаас гарах хүсэлтээ өгч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарч ажлаас чөлөөлсөн.
2.2. Нэхэмжлэлд бичигдсэн зүйлс нь илт үндэслэлгүй бөгөөд 2 сарын хугацаанд 7,978 ширхэг, 20,147,830 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн дутах боломжгүй. Дутсан гэх 7,978 ширхэг бүтээгдэхүүнийг 1 сарын хугацаанд агуулахаас гаргах боломжгүй, Портер автомашинаар 6-7 удаа тээвэрлэх хэмжээний бараа бүтээгдэхүүн юм. Мөн тус бүтээгдэхүүний ихэнх нь хувь хүн гадагш худалдан борлуулах боломжгүй буюу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гэрээт байгууллагуудад /KFC, Pizza hut гэх мэт/ худалддаг, тухайн байгууллагууд нь зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс худалдан авдаг сироп бүхий бараа бүтээгдэхүүн байна.
2.3. Мөн нэхэмжлэлд ...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1-р агуулах хүлээлцэх тооллогоор баталгаажуулсан бөгөөд ******* нь дээрх тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурсан... гэж бичсэн байх бөгөөд тус тооллогын актад ******* нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ болон бараа бүтээгдэхүүнээс дутаасан зүйл байхгүй гэдгээ тайлбарлан удаа дараа удирдлагуудад хэлсэн. Гэтэл ******* ХХК-н зүгээс ...гарын үсгээ зурчих, тэгээд ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө энэ дутсан барааныхаа учрыг ол... гэж хэлсний дагуу гарын үсгээ зурсан. Өөрөөр хэлбэл, тухайн бараа бүтээгдэхүүнийг дутсан гэдгийг *******ий зүгээс хүлээн зөвшөөрөөгүй байхад нь буруу ойлголт төрүүлэн хуурч гарын үсэг зуруулсан.
2.4. Байгууллагын удирдлагуудын хэлснээр ******* нь тус дутсан бараа бүтээгдэхүүний учир шалтгааныг олох гэж 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1-р агуулахыг шалгаж эхэлсэн. Гэтэл 10 гаруй хоног шалгасны эцэст 1-р агуулахаас бараа бүтээгдэхүүн ачин гардаг бараа бүтээгдэхүүн гаргах боломж бүхий хаалганы бичлэгээр авч гарч буй бараа бүтээгдэхүүн харагдаагүй. Мөн гаднаас агуулахын үүд рүү харсан камер нь ажиллахгүй байсан бөгөөд ******* нь агуулахаас хүн бараа бүтээгдэхүүн авч гарч буй аливаа үйлдэл олж чадаагүй тул байгууллагын тооллогын системийн алдаатай гэдэг дүгнэлтэд хүрсэн бөгөөд энэ тухай удирдлагуудад удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй.
2.5. Бараа бүтээгдэхүүн дутсан гэх асуудлын тухайд ******* ХХК нь Google drive ашиглан тооллого хийдэг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сараас ОЧ7 гэх шинэ программ ашиглаж эхэлсэн. Тухайн программыг ашиглаж эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүн дутах асуудлууд зөвхөн хариуцагч төдийгүй, бусад нярвуудад гарч эхэлсэн. ОЧ7 гэх программыг ашиглан тооллого хийж эхэлснээс хойш *******ий ажиллаж буй 1-р агуулахыг 5 дугаар сард дотор нь 2 хуваасан. Тус агуулахыг 2 хуваасантай холбоотой бараа бүтээгдэхүүн дутах асуудлууд гарч эхэлсэн. ******* нь ажиллаж байх нэг жилийн хугацаандаа бараа бүтээгдэхүүн дутаасан удаагүй үнэнч шударгаар ажилладаг байсан. Гэтэл 1 дүгээр агуулахад шилжин очсоны дараа шинэ программ ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор тооллогын зөрүү үүссэн. *******ээс гадна хэд хэдэн хүмүүс бараа бүтээгдэхүүн дутсан асуудалтай байгаа бөгөөд тэдгээрээс харахад энэ нь Оч7 гэх системийн алдаа байх үндэслэлтэй.
2.6. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор бараа бүтээгдэхүүн дутсан зүйл байхгүй байсан бөгөөд түүний дараа шинэ программ ашиглаж байгаа болон 1-р агуулахыг дотор нь 2 хуваахтай холбоотойгоор, хуваахаас өмнө 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тооллого хийсэн бөгөөд тус тооллогоор бараа бүтээгдэхүүн нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооллоготой таарсан буюу зөрүү үүсээгүй. Түүний дараа 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тооллогоос хойш шинэ программ болох ОЧ7-д 1-р агуулахыг 2 хуваах ажлыг 2024 оны 05 дугаар сард эхэлсэн. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор тухайн 7,978 ширхэг, бараа бүтээгдэхүүн дутсан асуудал үүссэн. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тооллоготой таарч нэмж дутсан асуудал дахин үүсээгүй.
2.7. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл өөрийн ажлын хажуугаар бараа бүтээгдэхүүний дутсан асуудлын учрыг олох гэж хичээсэн боловч дутсан гэх тооцоолол гараагүй. Түүнээс хойш 10 хоног бүтэн камерыг шүүх гэх мэт тухайн асуудлын учрыг олох гэж төрөл бүрээр үзсэн. Гэтэл нэхэмжлэлд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд дутаасан гэж байгаа нь үндэслэлгүй.
2.8 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн агуулахаас гаргах ямар ч боломжгүй бараа бүтээгдэхүүнийг дутаасан гэж байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 97,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,147,830 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх барааны дутагдал гараагүй гэж буруу дүгнэсэн. 2024 оны 05 дугаар сар хүртэл тус компани нь санхүүгийн Даймонд программыг ашигладаг байсан бөгөөд Google drive программыг няравууд хувьдаа бүртгэл хөтлөх хэлбэрээр ашигладаг байсан. Сар бүр тооллогын комиссын гишүүд агуулахад буй бүтээгдэхүүнийг санхүүгийн Даймонд программд байгаа үлдэгдэлтэй тулган тооллого хийж үр дүнг баталгаажуулдаг байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сараас Даймонд программаас Оч-7 программ руу барааны тоо, ширхэгийг шилжүүлэн шивсэн.
4.2. Хариуцагч ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан ...Ачилт зарлагын падаан, DIP болон шаардах хуудсын дагуу холбогдох ажилтанд бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх, бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримттай тулгаж, шалган хүлээн авч Google drive болон ERP /Даймонд/ програмд орлого зарлагын бүртгэл хөтлөх зэрэг чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас 20,147,830 төгрөгийн эд хөрөнгийг дутаасан. Үүнийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн агуулах хүлээлцэх тооллогоор баталгаажуулсан бөгөөд ******* уг тооллогын дүнг хүлээн зөвшөөрч холбогдох баримтад гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 2.2-т тус тус зааснаар хэлцэлд оролцогчид хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул хөдөлмөрийн гэрээний 7.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 133.1, 133.3 дахь заалтуудын дагуу ******* нь 20,147,830 төгрөгийг төлөх үүрэгтэй.
4.3. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* Оч-7 програмаас үүдэн бараа бүтээгдэхүүний илүүдэл, дутагдал буюу зөрүү гарах боломжгүй, тухайн нярав ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу орлого, зарлагаа буруу, дутуу эсхүл бүртгээгүй зэрэг тохиолдолд барааны дутагдал гардаг тухай тайлбарласан. Мөн сар бүрийн тооллогоор бараа бүтээгдэхүүн дутсан тохиолдолд тухайн зөрүүтэй барааг дахин тоолж, илүүдэл, дутагдлын шалтгааныг хянасны дараа эцсийн үр дүнг зөвшөөрч гарын үсэг зурдаг тухай гэрч мэдүүлсэн ч энэ тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
4.4. Мөн ...нэхэмжлэгч нь нэгдүгээр агуулахад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооллого явуулсан гэх боловч уг баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй гэжээ. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тооллогыг тухайн өдөр амжаагүйн улмаас 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тоолсон тухай тайлбарласан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тооллогын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно. Тус тооллогоор 24,147,210 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн дутсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 20,147,830 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуцлуулах үүрэгтэй гэж заасан. Иймд хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргуулж, тус баримтуудыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/18967 дугаар захирамжаар шинжээч томилуулах хүсэлтийг ханган шийдвэрлэж, нэхэмжлэгч талаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нийт 2 сарын хугацааны санхүүгийн баримтыг гаргаж өгөхийг үүрэг болгосон. Нэхэмжлэгчээс хэрэгт ач холбогдол бүхий 024 оны 04 дүгээр сарын 30, 2024 оны 06 дугаар сарын 02, 2024 оны 06 дугаар сарын 11, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдийн тооллогын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд маргаан бүхий 5 дугаар сарын тооллогын баримтыг гаргаж өгдөггүй. Шинжээч нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтуудын хүрээнд үзлэг хийж дүгнэлт гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан гомдолд шинжээчийн дүгнэлтийг ач холбогдолгүй баримтад үндэслэж хийгдсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй.
5.2. Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн санхүүгийн баримтыг гаргуулахаар хүсэлт өгсөн. Тус баримт нь хариуцагч *******ийг 7,978 ширхэг бараа бүтээгдэхүүнийг дутаасан эсэхийг нотлоход чухал ач холбогдолтой боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн сард тооллого хийгдээгүй гэх үндэслэлээр баримтыг шүүхэд гаргаж өгөхөөс татгалзсан. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрч *******ээс 5 дугаар сард тооллого хийсэн үү гэхэд хийсэн гэж мэдүүлсэн. Энэ нь хавтас хэргийн 200 дахь талд авагдсан. Гэрчийн мэдүүлгээс авч үзэхэд нэхэмжлэгч компани нь сар болгон агуулахын бараа бүтээгдэхүүндээ тооллого хийдэг нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн санхүүгийн тооллого хийгдээгүй гэх гомдол бичигдсэн үндэслэл нь дээрх гэрчийн мэдүүлгээр шүүх хуралдааны явцад үгүйсгэгдсэн.
5.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасанд нийцсэн.
5.4. Оч 7 программ нь нярав *******ий ажиллаж байсан хугацаа буюу 4 дүгээр сараас шинээр ашиглаж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд Оч 7 программ хэрхэн ямар зарчмаар хичнээн хүн ажиллах тухай танилцуулга, яаж ашиглах тухай гарын авлага байхгүй гэх дүгнэлтийг өгсөн. Тус программ нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд гацсан байх боломжтой. Нэхэмжлэгч нь гэрчээр оролцсон ******* Оч-7 программаас үүдэн бараа бүтээгдэхүүний илүүдэл, дутагдал буюу зөрүү гарах боломжгүй гэх мэдүүлэгт үндэслэж гомдол гаргасан. Гэвч ******* нь тухайн ******* ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг. Нягтлан бодогч мэргэжил нь аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг тооцон хэмжих, боловсруулах түүнчлэн, дамжуулах үйл ажиллагааг эрхэлдэг. Иймд Оч-7 программын алдаа дутагдал, гацалт талаар нягтлан бодогч мэргэжилтэн дүгнэлт хийж тодорхойлох нь үндэслэлгүй бөгөөд дээрх үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
5.5. Бараа бүтээгдэхүүн дутаасан холбогдох баримт бичигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж үзэх нь үндэслэлгүй, нэхэмжлэгч хуульд нийцсэн баримт бичиг үйлдээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй талаар хариуцагч ******* нь Бүгд найрамдах Солонгос улсад зорчихтой холбоотойгоор ажлаас гарах хүсэлтээ өгсөн ба нэхэмжлэгч компани зүгээс гарын үсгээ зурчих, тэгээд ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө энэ дутсан барааны учрыг ол гэж хэлсний дагуу гарын үсгээ зурсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн тайлбараар нотлогддог.
5.6. Нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч нарын тайлбараар ******* нь тус дутсан бүтээгдэхүүний учир шалтгааныг олохоор 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 1-р агуулахыг шалгаж эхэлсэн.10 гаруй хоногийн хугацаанд шалгасны эцэст 1-р агуулахаас бараа бүтээгдэхүүн ачин гарсан бичлэг тус агуулахын камерын бичлэгт авагдаагүй.
5.7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д анхан шатны баримт бүрдүүлэх гэж заасан. Анхан шатны баримт гэдэг нь Монгол улсын Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 374 дугаар тушаалаар батлагдан гарсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт орно. Гэвч тус хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1-р агуулахын тооллогыг үйлдсэн баримт нь анхан шатны баримтын стандартыг хангахгүй баримт байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт аж ахуй нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж мөрдөж ажиллана гэж заасан. Энэ нь тухайн нэхэмжлэгч байгууллагын хөтлөн явуулдаг тооллого үйлдсэн баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн сайдын батлан гаргасан анхан шатны баримтын стандартыг хангахгүй гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1 Талуудын хооронд эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулагдсан. Тухайн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэм бурууг талууд харилцан тохиролцсон. Үүнд ажилтны буруугүй, хайхрамжгүй байдлаас үүдэж эд хөрөнгө үрэгдүүлэх, захиран зарцуулах дутаах гэсэн зохицуулалт байгаа бөгөөд нэхэмжлэгч тухайн заалтад тулгуурлаж давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч ******* тухайн бараа бүтээгдэхүүнийг хайхрамжгүй байдлын үүднээс дутааж, захиран зарцуулсан талаар холбогдох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
6.2. Анхан шатны шүүх хуралдааны асуулт хариултын шатанд нэхэмжлэгч талаас тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн яаж дутаасан явдлыг лавлахад хэрхэн, яаж бараа бүтээгдэхүүнийг дутаасан явдал тодорхойгүй байсан гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулсан хариуцлагын гэрээнд заасны дагуу тухайн асуудлыг комиссоор хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай. Дээр дурдсан эд хөрөнгийн хариуцлагын гэрээнд ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчоос томилсон ажлын хэсэг шалгаж, 133-т заасан журмын дагуу бодитоор тогтоосны дараа тушаал гарсны үндсэн дээр нөхөн төлүүлнэ. Талууд тохиролцсон гэрээгээр дээрх ажиллагааг хийсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
6.3. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* " ХХК нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүрэгт 20,147,830 төгрөг, худалдан авсан барааны үнэд 97,805 төгрөг, нийт 20,245,635 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...97,805 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүрэгт 20,147,830 төгрөгт төлөх үндэслэлгүй гэж зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-тай бэлэн бүтээгдэхүүний няравын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ******* " ХХК-ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/376 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, *******ээс 97,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,147,830 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлсон алдаа гаргасныг залруулна.
4.1. ******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ******* ХХК-аас 497,200 төгрөгийн үнэ бүхий бараа бүтэгдэхүүнийг цалингаас суутгуулан төлөхөөр тохиролцсоныг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэг тал нь бараа, бүтээгдэхүүн худалдаж, нөгөө тал нь бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, үнийг дараа төлөхөөр тохиролцсон талуудын хүсэл зориг нь зээлийн гэрээний харилцааны шинжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасныг залруулж, тогтоох хэсгээс хасах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ.
5. Нэхэмжлэгч нь ...******* нь тус компанид ажиллаж байх хугацаандаа 20,147,830 төгрөгийн үнэ бүхий 7,978 ширхэг бараа дутаасан, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүлээлцэх тооллогын баримтад гарын үсэг зурж бараа дутааснаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр эд хөрөнгийн хариуцлагын гэрээний үүрэгт 20,147,830 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
5.1. Анхан шатны шүүхийн талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй боловч *******ий буруутай үйлдлийн улмаас ******* ХХК-д 20,147,830 төгрөгийн үнэ бүхий 7,978 ширхэг бараа дутаасан хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор агуулахад хэдэн төгрөгийн бараа материал байсан нь тодорхойгүй, агуулахын тооллого хийсэн хуудаст ширхэгийн үнэ, нийт дүнг тэмдэглээгүй, анхан шатны бүртгэлийн маягтын нөхөх зааварын дагуу байгууллагын нягтлан бодогч нь няравын бараа материалын тайланг шалган хүлээн авч няравын агуулахын бараа материалын үлдэгдлийг нягтлан бодох бүртгэлийн бараа материалын үлдэгдэлтэй тулган баталгаажуулаагүй тул 1 дүгээр агуулахад өмнө байсан бараанаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэдэн төгрөгийн үнэ бүхий бараа дутсан эсэхийг тодорхойлох боломжгүй, Оч-7 программ хэрхэн ямар зарчмаар хичнээн хүн ажиллах тухай танилцуулга, яаж ашиглах тухай гарын авлага байхгүй, анхан шатны бүртгэлийн маягтын нөхөх заавраар баталсан тооцоо бодсон баримтыг үйлдээгүй, тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар няраваас хариу тайлбар аваагүй, гарсан зөрүүгийн талаар байгууллагын өгөх дүгнэлт байхгүй, ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчоос томилсон ажлын хэсэг шалгаж тогтоогоогүй, энэ талаар ажил олгогчийн тушаал гараагүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх үнэлж хариуцагч ******* ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас 20,147,830 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийсэн байна.
6. Нэхэмжлэгчийн ...******* 20,147,830 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан тооллогын баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар тухайн баримтын агуулгыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
*******ий гарын үсэг зурж баталгаажуулсан тооллогын баримт нь тухайн баримтад заасан мөнгөн дүнг ******* ХХК-д ******* төлж барагдуулах талаар хийсэн бичгийн хэлцэл гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасан заалтууд нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэлд тавигдах шаардлага, бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх нөхцөлийн талаар зохицуулалт тул уг тооллогын үйл явцыг баримтжуулсан баримтад хамааралгүй болно.
Талууд тодорхой асуудлаар харилцан тохиролцож хэлцэл хийх бол тухайн хэлцлийнхээ гол нөхцлүүдийн талаар харилцан тохиролцсон байх, хэлцлийн нөхцөл буюу талуудын хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжтой тодорхой илэрхийлэгдэж, уг илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх шаардлагатай. Гэтэл, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болгож буй тооллогын баримт нь ******* нь уг тооллогын явцад тооллогын дүнд гарсан мөнгөн дүнг ******* ХХК-д төлж барагдуулах агуулгагүй тул тухайн баримтад үндэслэн ******* болон ******* ХХК-ийн хооронд төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 131 дүгээр зүйлийн 131.1.2 гэснийг хасаж, ...281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР