Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

      

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч  Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805061030143 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто засварын багш  мэргэжилтэй, ачааны автомашинаар хөлсөөр ачаа тээвэрлэдэг ажилтай гэх, ам бүл 2, эцгийн хамт Д аймгийн С сумын .... дүгээр баг Мандал ...дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б нь ... оны .... дүгээр сарын ...нөөс ...нд шилжих шөнө Б дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” караокены орчим иргэн Ц баруун нүдэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Би Ц нүд рүү цохисон. Би хохирогчтой эвлэрсэн. Би хохирогчид 400.000 төгрөг өгсөн. Би хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Ц “ ...Тэгээд найз О юм яриад зогсож байтал хажуугаас танихгүй нэг залуу ирээд О юм ярьж байхад нь би очоод нөгөө үл таних залууд хандаж найзтайгаа юм ярьж байна, чамд ямар хамаатай юм бэ гэхэд нөгөө залуу чи хамт явж байгаа найзынхаа гөлөг нь юм биш үү гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг хавираад унагаачихсан. Тэр үед нөгөө залуу юу ч хэлээгүй явчихсан. Удалгүй би найз О юм яриад зогсож байхад нөгөө залуу ирээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед би нөгөө залууг барьж аваад газар унагаах үед манай найз нөгөө залууг өшиглөх гэхээр нь би найзыгаа болиулсан. Тэр үед нөгөө залуу босож ирээд зугтаасан. Тэгэхээр нь О хойноос нь хөөгөөд гүйсэн. Тэгээд би караокены үүдэнд нүдээ дараад зогсож байхад өөр бас танихгүй нэг залуу ирээд чи манай дүүг зоддог хэн бэ гээд миний нүүр рүү дахиад цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойгоод зогсож байтал нөгөө залуу яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирээд надад зөвлөгөө өгөөд эмнэлэгт үзүүлээд манай цагдаагийн хэлтэст өргөдлөөр хандаарай гэсэн. ... Уруул гэмтсэн. Бас нүд хавдсан. Хуулийн дагуу шийдэж миний эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

          “... Урт куртиктэй эсгий түрийтэй гутал өмссөн Б гэх залуу миний нүд рүү нэг удаа гараараа цохисон. Харин сүүлд найз гэх залуу нь миний нүүр рүү алгадсан. Энэ гэмтлийг яаж учирсаныг мэдэхгүй байна. Манай найз О надад хэлэхдээ Б нүдээ цохиулсаны дараа харахад миний хамар амнаас цус гарч байсан гэж хэлсэн. Бямбасүрэн миний нүд рүү цохиж гэмтэл учруулсан учраас миний урууланд хэн хэзээ гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. ... Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл эм тариа авсан мөнгөө нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14256 дугаартай:

          “1. Ц биед дээд уруулын салстад шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

         

          Шинжээч эмч Б “Дээд уруулын салстад шарх учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

         

          Б яллагдагчаар өгсөн “Би гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Би уг гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дугаар хуудас/

         

          Гэрч О “... Цл надад хэлэхдээ тэр үл таних залуу намайг цохиж гэмтээсэн гэж байсан. Би тэр үл таних залууг хөөх гэж байхдаа Ц руу харахад хамарнаас нь цус гарчихсан байсан. Би тэр залууг цохиогүй. Харин тэр залуу намайг эхлээд нэг удаа хамар руу цохисон. Ц тэр залуу цохиж байхыг би нүдээрээ хараагүй “цохичихлоо” гэж орилоход нь би харахад хамарнаас нь цус гарч байсан. Ц үл таних залууг цохиж байхыг би хараагүй. Ц нөгөө залууг хавсарч унагаагаад дээрээс нь дараад зогсож байхаар нь би салгасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц “...Намайг цохиж гэмтэл учруулсан гэх Б эвлэрсэн, эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авсан. Цаашдаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан шугамаар шийдвэрлэж өгнө үү. Миний уруулд учирсан гэмтлийн тухайд ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэсэн  хүсэлт /хэргийн 74 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ