| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00368/И |
| Дугаар | 210/МА2025/01558 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01558
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05080 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК нь ******* дүүргийн ******* дугаар хороо ******* хорооллын А5 блок байр, ******* давхрын ******* тоот хаягт байрлах 49,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулан захиалагч *******т хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. ******* нь тус орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож, нийт 67,189,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.
1.2. Энэхүү гэрээний хэлбэрийн хувьд барьж дуусаагүй буюу ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгө захиалах гэрээг компанитай байгуулснаар хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон гэж тооцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу нийт төлбөр болох 67,189,500 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 100 хувь бүрэн төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-д Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2023 оны 3-р улиралд багтаан барьж, улсын комист хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэж заасан боловч тус гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн байгааг нотолдог.
1.3. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй байна. Хариуцагч тал нь тухайн барилга баригдаж байгаа эсэх, барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байгаа эсэх талаар мэдээлэл өгдөггүй, утсаа авдаггүй, уулзахгүй зугтаж нэхэмжлэгчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирол учруулсан. Хариуцагчийн энэхүү хариуцлагагүй байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн зүгээс дахин хүлээх боломжгүй нөхцөлд хүрсэн. Учир нь миний бие 2023 оны 3 дугаар улиралд орон сууцаа хүлээн авч, амьдарна гэсэн боловч хугацаандаа ашиглалтад ороогүйгээс шалтгаалан гэр бүлийн хамт айлд оршин сууж, байр түрээсэлж хохирсон. Ийнхүү хариуцагч тал нь орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цаашид гүйцэтгэхгүй нь илт байсан тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй. Түүнчлэн, хариуцагч нь орон сууц ашиглалтад орох боломжгүй болсон, өөр байгууллагад барилгыг худалдсан, гэрээгээ цуцалсан нь дээр гэх мэт тайлбар хэлж, барилгыг барихгүй байсан тул нэхэмжлэгч талын зүгээс гэрээнээс татгалзсан. Ийнхүү хариуцагч нь орон сууцны төлбөр болох 67,189,500 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн.
1.4. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөөгүй бөгөөд зөвхөн хоёр жилийн өмнө төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэнд гомдолтой байна. Учир нь миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны захиалгын гэрээний үнэ хямд байх үед буюу 1 м.кв нь 1,350,000 төгрөг байхад орон сууц захиалсан. Гэвч одоогийн байдлаар орон сууцны үнэ их үнэтэй болсон. ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХК-тай 46 дугаартай орон сууц худалдах, худалдан авах хэлцэл байгуулж, яг адил хаягт байрлах орон сууц болох ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* зочид буудлын баруун талд байршилтай ******* цогцолбор хороололд 46.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 3,200,000 төгрөгөөр тооцон, нийт 149,760,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 44,960,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр төлж барагдуулахаар тохиролцсон.
1.5. Хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан, хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан бөгөөд ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгч нь яг адил хаягт байрлах, ижил талбай бүхий орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,850,000 төгрөгийн илүү үнээр худалдан авч хохирсон бөгөөд өнөөдрийн байдлаар урьдчилгаа 44,960,000 төгрөгийг төлөөд байна. Тухайн 44,960,000 /3,200,000*14.05м.кв/ төгрөгийн үнэ нь 14,05 м.кв талбайн үнэ бөгөөд ******* анх орон сууц захиалах үед 14.05 м.кв-ыг 18,967,500/1,350,000*14.05/ төгрөгөөр захиалж байсан тул зөрүү 25,992,500/44,960,000-18,967,500/ төгрөгийн хохирол бодитоор учирсан байна.
1.6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан ******* дүүргийн ******* дугаар хороо ******* хорооллын А5 блок байрны ******* давхрын ******* тоот хаягт байрлах 49,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийг авна гэх итгэлийг төрүүлсэн. Гэвч ажил гүйцэтгэгчийн гэрээний үүргийн зөрчил гаргасан үйлдлийн улмаас бий болсон буюу түүний шалтгаант холбооны улмаас захиалсан үнийн дүнгээс илүү үнийн дүнгээр орон сууц захиалах шаардлага үүссэн нь эд хөрөнгийн хувьд бодит хохирол үүсгээд байна. ******* нь тус хохирлыг арилгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлж, хохирол 25,992,500 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхийг шаардсан бөгөөд тус шаардлагыг гүйцэтгээгүй тохиолдолд шүүхэд хандан нэхэмжлэх болохыг мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь тухайн хугацаанд хохирол төлбөрийг барагдуулаагүй, хариу ирүүлээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох 25,992,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******той ******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол төслийн А5 блокийн 5 дугаар давхар, ******* тоот , 49.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөг, нийт 67,189,500 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, хариуцагч нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* тоот орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулсан.
2.2. Гэвч хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгч чадаагүй. Учир нь хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол төслийн А1 болон А2 блокийн ажил ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс үүдэн эдийн засгийн шинж чанартай хүнд нөхцөл байдалд орсны улмаас барилга угсралтын ажил удаашралтай явагдаж ирснээс үүдэн А5 блокийн ажлыг 2023 оны 06 дугаар сараас эхлэн явагдаж, өнөөдрийн байдлаар 8 дугаар давхрын угсралтын ажил хийгдэж байна. Үүсээд буй хүнд нөхцөл байдлын талаар тус орон сууцны барилгын захиалагчдад тухай бүр нь мэдэгдсэн.
2.3. Улмаар нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчид бичгээр гаргасан хүсэлтдээ талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг ХААН банкин дахь ******* тоот харилцах дансанд энэ өргөдлийг өгсөн өдрөөс хойш 7 хоногт багтаан шилжүүлж өгөхийг хүссэн утгатай хүсэлтийн дагуу хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан дансанд 67,189,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлах хүсэлтийг өөрөө гаргаж, хүсэлтийг хариуцагч нь хүлээн авч, талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Мөн талуудын хооронд байгуулсан ******* тоот орон сууц захиалгын гэрээгээр талуудын аль нэг нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой тусгасан.
2.4. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлтэй ямар нэгэн холбогдолгүй. Учир нь нэхэмжлэгч нь хаана, ямар үнэтэй орон сууц захиалах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал ба хариуцагч нь орон сууцны барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулсан ч өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд үндэслэн гарах ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах саналаа илэрхийлэхийн зэрэгцээ хохирол шаардах хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тус үндэслэлийн талаар хуулийн зүйл, заалтад огт үндэслээгүй байна. Тодруулбал, Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээнд гэрээ цуцалснаас үүссэн хохирлыг гэрээ цуцлах үед давхар шаардах зохицуулалт байхгүй бөгөөд цуцалсны дараа хохирол шаардахыг хориглосон эсхүл шаардах эрхээ алдах талаар зохицуулалт байхгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
4.2. Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил удааширсан, санхүүгийн хүнд байдалд орсон гэж хариуцагч талаас тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримт болох ******* ХХК-ийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Бэлэн байдлын зэрэг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020,2021 онд нийслэл хот нь нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн талаар тусгагдсан.
Дээрх тогтоолуудын цаг хугацаанаас үзэхэд талууд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээг байгуулсан ба тус гэрчилгээнд дурдсан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимээс давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон үндэслэл бүхий цаг хугацааны дараа гэрээ байгуулагдсан нь дээрх гэрчилгээнд дурдсан он, сарын жагсаалтаас харагдана. Гэвч шүүх тус баримтын цаг хугацаа, хэрэгт хамааралтай байдлыг харгалзан үзэлгүйгээр ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс шалтгаалан хариуцагч үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
4.3. Дээрх баримтуудаар хариуцагч тал тухайн цар тахлын нөлөөллийн улмаас ажлын явц удаашрах, санхүүгийн хүндрэл учрах цаашид ямар хэмжээний мөнгөөр хэр хугацаанд барилгын ажил явагдах талаар урьдчилан таамаглаж болохоор байсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусгана гэж гүйцэтгэгч талаас хугацаа тогтоож өгсөн байгааг анхаарч үзэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн нягтлан судлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримт болон тайлбаруудыг үндэслэж бодитой дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* хорооллын А5 блок орон сууцны барилгын ******* давхрын ******* тоот од байрлах 49.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1,350,000 төгрөг, нийт 67,189,500 төгрөгөөр худалдах, орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, ******* нь орон сууцны үнэ 67,189,500 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон.
3.2. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *******-02 дугаартай орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулж, үндсэн гэрээний 2.8-д Гүйцэтгэгч нь гэрээний 2.1-д заасан үнийг нэмэх эрхгүй байна гэсэн заалт нэмсэн, үндсэн гэрээний 4.4-т Дараах тохиолдол бий болсон бол гүйцэтгэгч гэрээг дангаараа цуцлах эрхтэй бөгөөд гэрээний нийт үнийн дүнг бүрэн буцаан олгоно гэж өөрчилсөн, үндсэн гэрээний 4.9-д Гүйцэтгэгч талаас гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн төлбөрийг 100 хувь эргүүлэн төлнө гэж заасныг хассан өөрчлөлт оруулсан.
3.3. Захиалагч тал болох ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээний үүрэгт орон сууцны үнэ 67,189,500 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн. ******* ХХК орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээсэн боловч заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-д гэрээг цуцалж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 67,189,500 төгрөгийг ХААН банкин дахь ******* тоот данс руу 7 хоногийн дотор шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу хариуцагч ******* ХХК гэрээний үүрэгт шилжүүлсэн 67,189,500 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн байна.
4. Талуудын хооронд үүссэн дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой гэм буруугийн асуудал, уг үүргийн зөрчлөөс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх асуудал, нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдаа гаргасныг залруулан дүгнэнэ.
5.1. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шалтгаанаа ковид-19 цар тахлын нөлөөлөлтэй холбон тайлбарлаж хэрэгт нотлох баримтаар Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын олгосон 02/546 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-58-60/, ******* дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх-69/-г баримтаар гаргасан боловч уг гэрчилгээнүүдэд *******той байгуулсан орон сууц захиалгын гэрээ багтаагүй байхын зэрэгцээ цаг хугацааны хувьд ковид-19 цар тахлын нөлөөлөл, түүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ болох бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ дууссанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *******той байгуулсан орон сууц захиалгын гэрээг байгуулсан байх тул уг гэрээний хэрэгжилтэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
5.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан эд хөрөнгийн алдагдлыг хохиролд тооцохоор заасан.
Хариуцагч байгууллагын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, мөн нэхэмжлэгчийн орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийн үнэ цэнэ орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалан буурсан байгаа тохиолдолд нэхэмжлэгчид эд хөрөнгийн алдагдал буюу хохирол учирсан гэж үзнэ.
5.3. Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан эд хөрөнгийн алдагдлын хэмжээг нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнд заасан орон сууцтай адил байршилд байх орон сууцыг ******* ХК-аас худалдан авахаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ болон ажил гүйцэтгэх гэрээний үнийн зөрүүгээр тодорхойлсныг хариуцагч нь ...захиалгын байр болон бэлэн болсон байрны үнэ өөр... гэсэн үндэслэлээр татгалзсан боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэн хохирлын хэмжээг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хохиролын хэмжээг тодорхойлохдоо ******* ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1 м.кв талбайн үнэ болох 3,200,000 төгрөг, ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1 м.кв талбайн үнэ болох 1,350,000 төгрөг, үүний зөрүү нь 1 м.кв талбайд 1,850,000 төгрөгийг 14.05 м.кв талбайгаар тооцож 25,992,500 төгрөгийн хэмжээнд тодорхойлж хариуцагчаас нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Шүүх гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлагыг нэг удаа шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцнэ.
6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас хохиролд 25,992,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 287,912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,945 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР