Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

       

 

 

 

 

                               

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч О түүний өмгөөлөгч Д,

шүүгдэгч А түүний өмгөөлөгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А , О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905000430102 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын ...ны өдөр С аймагт төрсөн, ....настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Б дүүргийн ....дүгээр хороо Усан сан ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А

 

Монгол Улсын иргэн, ...оны...дугаар сарын ....ны өдөр Б аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монполимент” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл, Б аймгийн Х сумын ...дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, О/

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А нь ...оны ....дугаар сарын ..... өдөр Б дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн О таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар өөр хоорондоо зодолдож О биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалгад цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О нь .... оны .... дугаар сарын ...өдөр Б дүүргийн .... дугаар хорооны нутаг  дэвсгэр ... дугаар хорооллын автобусны буудлын орчим иргэн А таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар өөр хоорондоо зодолдож А биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор А мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр О таксины мөнгөнөөс болоод маргалдаад гэмтэл авсан. Би одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би 3.798.700 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор О мэдүүлэхдээ: “Би хамрын зөөлөн эдийн гэмтэл авсан. А миний хамар руу цохисон. Би эмчилгээ хийлгэж яваагүй, надад нэхэмжлэх зүйл алга” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч О “..... оны ....дугаар сарын ....ний өдөр Тасганы овооноос таксинд суугаад ...дугаар хороолол орно гэж хэлсэн. Тэгээд .... дугаар хороолол автобусны буудал дээр таксины жолооч надаас мөнгөө нэхсэн. Би өмдний халаасанд түрийвчээ үзэхэд байхгүй байсан болохоор надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Ер нь би түрийвчээ өмдний халаасанд хийдэг. Тухайн үед куртикны халаасыг үзээгүй болохоор түрийвчээ хаана байгааг мэдээгүй. Тэр жолооч намайг цохиод байхаар нь би гараа татаж авахдаа нүүр рүү нь цохисон байна лээ. Би эрүүлжүүлэхэд орсон. Өөрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

... Би явлаа гэхэд жолооч явуулахгүй гээд миний баруун гарын бугалганаас базаад татсан. Би эргээд харахад миний нүүр цээж рүү цохисон. Би тэгээд баруун гараа татаж авах гээд савахад тэр эмэгтэйн нүүр рүү цохисон. ... Миний цээж рүү 2-3 удаа цохисон. Жолооч намайг цохисоны дараа би гараа татаж авахдаа жолоочийг цохисон. Жолооч эмэгтэйг нэг удаа гараараа савж цохисон өөр зүйл болоогүй. ... Тэр эмэгтэй энэ гэмтлийг  надад учруулсан. Тухайн үед миний хамарны нуруу хэсэгт зулгарсан байсан. Жолооч эмэгтэй намайг цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Хохирогч А “... оны ....дугаар сарын ...ний өдөр ..... Соната 5 маркийн машинтай таксинд явж байхад Тасганы овооны хороолол явах замын шатахуун түгээх станцын орчмоос нэг залуу суусан. ... Өргөөгөөр уруудаад явж байхдаа толиндоо тэр залууг харахад унтаж байсан.

... Би таксины мөнгө 4000 төгрөг гарсан тооцоогоо хийчих гэхэд надад мөнгө байхгүй, би мөнгөө мартсан байна гэхээр нь би мөнгөө өгчих хүмүүсээс мөнгө асуугаад тооцоогоо хий гээд нилээд хүлээгээд 10 минут орчим болсон. Тооцоо хийхгүй болохоор нь би буу гэхэд буухгүй байхаар нь би өөрөө очоод тэр залууг машинаас буулгасан. Тэр залуу машинаас буусан. Тэгээд би халаасандаа мөнгө төгрөг байж магадгүй үз гэхэд байхгүй, чиний мөнгийг өгөх албатай юу өгөхгүй байсан ч яадаг юм гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр залууг тооцоо өгөхгүй бол явчих би явмаар байна гэхэд тэр залуу машины хаалга онгойлгочихоод тавихгүй би буцаад суусан газраа очно гээд байсан. Чи ирсэн тооцоог өгөөгүй юм чинь би буцаад хүргэж өгөхгүй гэсэн. Тэр залуу машинд сууна гээд хаалганы бариулаас барьчихаад тавихгүй байхаар нь чи холд гээд тэр залууг түлхсэн. Тэгтэл тэр залуу хаалганаас холдсон. Би  машины хаалгыг хаасан чинь тэр залуу дахин машинд сууна гээд хаалга руу дайрсан. Би хаалгаа хаагаад зогссон чинь миний хавирга руу чичээд байсан. Би тэр залууг холд гэхэд холдохгүй байсан. Тэр залууг холдуулах гээд 2-3 удаа түлхсэн. Тэгтэл миний нүүр рүү нэг удаа тас гээд явчихсан. Толгой эргээд явчихсан. Цагаан хашлаганаас бариад зогсоод арай гайгүй болсон. Тэгтэл тэр залуу намайг хэл амаар доромжлоод л байсан. Би тэр залуугийн хувцаснаас зуурч аваад цагдаа дуудсан. ... Таксины мөнгөний маргаанаас болж намайг цохисон. Тэр залуу согтуу байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №719 дугаартай

“1. О биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №606 дугаартай:

“1. А биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шинжээч А “Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинэ гэмтэл болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48 дугаар хуудас/

 

Шинжээч Г “Тархины доргилт, хамарны зөөлөн эдийн няцрал зулгаралт нь гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ гэмтлүүд нь хэрэг учрал гарах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49 дүгээр хуудас/

 

О яллагдагчаар өгсөн “....оны .... дугаар сарын ...ний өдөр Баянбүрдийн тойргоос таксинд суугаад ... дугаар хороолол орсон. Би нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд .... дугаар хороолол автобусны буудал дээр ирсэн байсан. Миний өмдний халаасанд түрийвч байхгүй байхаар нь мөнгө алга гээд буугаад явсан. Тэгтэл жолооч эмэгтэй бууж ирээд цохиод нүдээд байсан. Би тэр хүнийг тавиулах гээд гараа татахад нүүрийг нь цохисон байсан. Цагдаад дуудлага өгсөн. ... Би эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-58 дугаар хуудас/

 

А яллагдагчаар өгсөн “... Би хохирогч болон сэжигтэнээр мэдүүлэг өгсөн. Болсон асуудлыг хэлсэн. Миний өмнө өгсөн мэдүүлэг хэвээрээ. О гэдэг залууг би өмнө огт танихгүй. Таксины төлбөрийн маргаанаас болсон. Тэр хүн мөнгөө өгөөд явсан бол би ийм байдал орохгүй байлаа. О бүх үйлдэлд буруутай. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А, О нар нь “таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны  улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож А нь О биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл, О нь А биед

тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд О, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч нарыг уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч О буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хувиараа такси үйлчилгээ үзүүлж байсан шүүгдэгч А таксины төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас хоорондоо маргалдан, харилцан зодолдож  түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Хохирогч А гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан шинжилгээ  хийлгэсэн нийт 278.700 төгрөгийн баримт тогтоогдсон байх тул уг төлбөрийг шүүгдэгч О гаргуулах нь зүйтэй.

Хохирогч Т.Алтанчимэгийн нэхэмжилсэн “Орбита” эмнэлгийн эмчийн тодорхойлсон 3.500.000 төгрөгийг” гаргуулах боломжгүй учир нь эмчийн тодорхойлолт нь санхүүгийн баримтын шаардлагыг хангахгүй тул энэ хохирлыг гаргуулах боломжгүй юм.

Харин хохирогч А нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаруулах төлбөргүй болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О, А нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

А  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, О нь торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  О, А нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А, О нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, А гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О 278.700 /хоёр зуун далан найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Усан сан 3-12 тоотод оршин суух Боржигон дүүгээ овогт А олгосугай.

 

7. Хохирогч А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А, О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

        

 

           

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ