| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 310/2025/00281/И |
| Дугаар | 218/МА2025/00008 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 218/МА2025/00008
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 310/ШШ2025/00402 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27016834,77 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Т.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын шаардлага, тайлбарын агуулга: “******* нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *******тай ЗГ1205136045 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 11,580,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8% хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1205136045-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 2,770,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ1205136045-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж *******ыг хамтран /зээлдэгчээр нэмж 5,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл авч нийт 19,350,000 төгрөгийн зээлийг тус тус авсан. ...
Зээлдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барсан нь улсын бүртгэлийн 11000058 тоот гэрчилгээгээр тогтоогдож байгаа болно.
Зээлдэгч тал *******" ХК-тай байгуулсан ЗГ1205136045, ЗГ120513604-1, 1205136045-А тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1451 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 12,887,374.14 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 12,595,339.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,534,121.14 төгрөг, нийт 27,016,834.77 төгрөг төлөөгүй байна.
Зээлдэгч *******аас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ” гэж тусгасны дагуу *******тай байгуулсан ЗГ1205136045, ЗГ120513604-1, 1205136045-А тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 27,016,834.77 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч тал тайлбар, татгалзлын агуулга: "Миний бие өөрийн нөхөр *******ын хамтаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******наас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Урьд өмнө нь манай нөхөр энэ банкнаас зээл авч байсныг миний бие мэдэхгүй. Би өөрийн хамтран зээлдэгчээр оролцсон 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1205136045 дугаартай гэрээний хүрээнд миний үүрэг үүснэ гэж үзэж байна. Өөрөөр өмнөх зээлүүдийг би мэдэхгүй, зээлийн мөнгөнүүдээс авч хэрэглэж байгаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг зээлж *******ын эмчилгээнд зарцуулж байсан. Одоо миний бие 1-9 насны 3 хүүхдийн хамтаар амьдарч байна. Ийм их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.” гэжээ.
3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч *******аас 19,817,079.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******" ХК-д олгож, нэхэмжлэлээс 7,199,754.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,036 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 257,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******" ХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч ******* нь ЗГ1205136045-1 тоот гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан, энэхүү гэрээний 2.1-т “Энэхүү гэрээний өөрчлөлтийн гэрээгээр талуудын хооронд ЗГ1205136045 Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн хэмжээ 13,989,344.08 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцов” гэснээр үндсэн зээлийн үлдэгдэл 13,989,344.08 төгрөг болсныг хариуцагч мэдээгүй гэх үндэслэлгүй байна. Уг гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд хариуцагчийг 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ гэж дүгнэсэн.
Шүүх зээлдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барсан, зээлдэгч *******ын зээлийн гэрээний үүрэг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба, нэхэмжлэгч зээлийг тодруулах талаар удаа дараа мэдэгдэл өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, банк үндсэн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчөөд байхад болон нас барсны дараа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүйгээс зээлийн хүү өссөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар *******ыг эрэн сурвалжлуулахаар шүүхээр шийдвэр, захирамж гаргуулж байсан нь зээл төлүүлэх мэдэгдэл гэж үзэх боломжгүй байдлыг харгалзан үзэж зээлдэгч нар нь хамгийн сүүлд төлбөр хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаарх төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл, үүнээс хойших зээлийн гэрээний хугацаа дуусах 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 7,199,754.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь үндсэн зээлдэгч нас барснаар тухайн этгээдийн хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос бус хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч *******ын хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байна. ...
Хариуцагч ******* нь банктай байгуулсан ЗГ1205136045 тоот зээлийн гэрээний “3.1.5 Оршин суух хаяг, холбоо барих утас картын дугаар, ажлын байр солигдох тохиолдолд тухай бүр Банканд мэдэгдэж байх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж банктай холбоо тогтоохоос илтэд зайлсхийж байсан нь түүний зээлийн гэрээний хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл банк хариуцагчид зээлээ төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариуцагч тус хаягт оршин суухгүй, бүртгэлтэй утасны дугаар холбогдохгүй байсан байхад шүүгч нэхэмжлэгч мэдэгдэл өгөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас хамгийн сүүлд төлбөр хийсэн өдрийн үлдэгдэл, үүнээс хойших зээлийн гэрээний хугацаа дуусах 2023.02.20-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь ЗП205136045 тоот Зээл болон барьцааны гэрээний "2.2 Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн “19.1.3ээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно”, Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2.3ээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 7,199,754.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу дээрх хуулийн агуулгад нийцэхгүй байна гэж үзэж байна.
Талуудын байгуулсан ЗГ1205136045 тоот зээлийн гэрээ “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй болно. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн “204.1 Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай ногоо талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээнээс өнөөдрийг хүргэл татгалзаагүй байна. "Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ зөвхөн банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт хариуцагчийн талыг баримталж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож шударга ёсны зарчимд нийцэхгүй дүгнэлт хийсэн тул Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 310/ШШ2025/00403 тоот шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлага болох 27,016,834.77 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “... Хариуцагч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******тай байгуулсан ЗГ1205136045 дугаартай гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тус гэрээгээр 5,000,000 төгрөгийг нэмж нөхөр *******ын эмчилгээнд зарцуулсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******тай өөрийн цалингийн орлогыг барьцаалж, ЗГ1205136045- 1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулсан байх ба хамтран зээлдэгчээр ******* гарын үсэг зурсан байна. Зээлдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр 2020.09.05-наас 2023.02.20-ны хооронд 18,357,263 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулсан ЗГ1205136045 дугаартай зээлийн гэрээний 4.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь зээл олгохдоо үндсэн зээлдэгч *******ын ирээдүйд авах цалинг барьцаалсан ба зээл, зээлийн хүүг цалинтай адилтгах орлогоор төлөхөөр тохиролцсон, харин хамтран зээлдэгч ******* нь цалин бусад хөрөнгө барьцаалагдаагүй байх тул зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчээр төлүүлэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол түүний үүрэг дуусгавар болдог ба талийгаач *******ын хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Хууль болон гэрээгээр цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хамтран зээлдэгч *******д хариуцуулах үндэслэлгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, *******аас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13-т “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү заалтын хүрээнд үндсэн зээлдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барснаар нэхэмжлэгч *******ны шаардах эрх үүсэхээр байна.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан байтал 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойших хугацаанд ******* нь үндсэн зээлдэгч *******ыг нас барсан эсэхийг судлаагүй, зээлийн эргэн төлөлтийг хамтран зээлдэгч *******аас огт шаардаагүй болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. Үндсэн зээлдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нас барснаар нэхэмжлэгч *******ны шаардах эрх үүсч, шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хуульд заагдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хугацааг тоолж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурж гэрээний өөрчлөлтөөр талууд үлдэгдэл зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж цалингийн зээлийн хэмжээг 13,989,444,08 төгрөг болгож банкнаас зээлдэгчид олгосон. Хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар банкнаас олгох зээлийн хэмжээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэж байна. Харилцагч ******* нь хаяг байршил дээрээ байдаггүй, утсаа авдаггүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар эрэн сурвалжилсан байдаг. Хариуцагч утасны дугаар, хаяг байршлаа өөрчилсөн тохиолдолд банканд мэдэгдэж мэдээллээ шинэчлэх үүргийг гэрээнд хүлээсэн боловч гэрээний үүргээ баримтлаагүй. *******ны нэхэмжлэлтэй *******аас 27,016,834,77 төгрөг гаргуулах иргэний хэргийг 2025 оны 07 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагаас 7,199,754,97 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд *******ны зээлийн гэрээний үүргээр хариуцагч *******аас нийт 27.016.834.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 сарын 22-ний өдөр тус зээлийн гэрээнд өөрчлөлт орж өөрийн хууль ёсны эхнэр буюу хамтран амьдрагчийн харилцаатай хүн болох *******ыг хариуцагчаар оруулсан. Нэмэлт зээлийн гэрээн дээр энэхүү зээлийн гэрээний өөрчлөлт нь өмнөх зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болно гэдгийг тусгаж өгсөн байдаг. Иймд Иргэний хуульд иргэний зээл олгох гэрээг чөлөөтэй байгуулна гэж заасныг баримтлан ******* нь хууран мэхлэх, хүчирхийлэх замаар гэрээг байгуулаагүй. Хариуцагчийн тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийг олгосон байдаг. Манай банк хариуцагчийн эрх зүйн байдлыг доройтсон гэдгийг мэдээд санхүүгийн дарамтад оруулахгүй байх арга хэмжээг авсан боловч харилцагч манайхтай холбогдоогүй. Цагдаагийн байгууллагаас харилцагчийн хаяг байршлыг тогтоосон. Ийнхүү Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн гэрээнд тусгасан үүргийн дагуу *******аас зээлийг нэхэмжилж байна гэв.
7. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 онд төрөөд 4,5 сартай байх үедээ нөхрийн бие муудаад нэмэлтээр гарын үсэг зурж өг гэхээр нь 5,000,000 төгрөгийг авч гарын үсэг зурсан. Өмнөх зээлийн хувьд би оролцдоггүй болохоор мэдэхгүй байна. 5.000.000 төгрөгийг би төлж чадна бусдыг нь төлж чадахгүй. Би 1-9 хүртэлх насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,016,834.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, шаардлагын бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 03 өдрийн ЗГ1205136045 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 09 сарын 01 өдрийн ЗГ1205136045-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний үүргийн биелэлт нийт 27,016,834.77 төгрөгийг хариуцагч *******аас шаардаж байх бөгөөд 2018 оны 05 сарын 03 өдрийн ЗГ-1205136045 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч У.Учрал 11,580,000 төгрөгийг өөрийн цалингийн орлого, 1709164006 дугаартай картын орлого, бусад дансны орлогоо барьцаалан 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй байхаар, 2020 оны 09 сарын 01 өдрийн ЗГ-1205136045-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар өмнөх гэрээний үлдэгдлийг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 13,989,344.08 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй төлөх нөхцөлөөр байгуулжээ.
2.2 Нэхэмжлэгч тал зээлдэгч *******ын 1205136045 тоот дансанд зээлийн гэрээний дагуу 2018 оны 05 сарын 04 -өөс 2020 оны 09 сарын 01 өдөр хүртэл 3 удаагийн шилжүүлгээр нийт 19,350,000 төгрөгийн зээлийг олгосон байх бөгөөд хариуцагч ******* хамгийн сүүлийн 5,000,000 төгрөгөөр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл өмнөх 3 удаагийн зээлийн гэрээ, өөрчлөлт оруулах тухай гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд хариуцагч ******* оролцоогүй байна.
3. Дээрхи маргаан бүхий харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болохыг зөв тодорхойлсон боловч ******* болон зээлдэгч ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 03 өдрийн 11,580,000 төгрөгийн “цалингийн зээлийн”, 2018 оны 11 сарын 16 өдрийн 2,770,000 төгрөгөөр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээнүүдийн зээлийн үүргийн үлдэгдэл болох 8,989,344 төгрөг, түүнд ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч ******* төлөх үүрэгтэй гэх алдаатай дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дээрхи алдааг зөвтгөнө.
4. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар зээлдүүлэгч *******, хамтран зээлдэгч ******* нарын хооронд 2020 оны 09 сарын 01 өдөр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа анх үүссэн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь 2018 оны 05 сарын 03 өдөр, 2018 оны 11 сарын 16 өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулсан гэрээний тал биш тул тухайн гэрээнээс үүсэх үүргийг хүлээх үндэслэлгүй бөгөөд дээрхи гэрээнүүдэд хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлтэй холбогдуулан хүлээх үүрэг, банкны шаардах эрхийн талаар тусгаагүй байна.
Хариуцагч 2020 оны 09 сарын 01 өдрийн “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээний тал болсноор нэмж зээлсэн 5,000,000 төгрөгийн хэмжээнд зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.
Талийгаач *******, хариуцагч ******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар 2020 оны 09 сарын 01 өдрийн нэмэгдүүлсэн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар тэдгээрийн хүлээх үүрэг тэнцүү байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн хүлээвэл зохих үүрэг /хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд/ болох 5,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул хариуцагч *******аас дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүүг тогтоох боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* талийгаач *******ын хууль ёсны өвлөгч бөгөөд талийгаачийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 2 хүүхдийн хамт өвлөн авсан болох нь тогтоогдож байна.
5. Хариуцагч *******ын 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хүлээх үүрэг 2,500,000 төгрөг, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-д заасны дагуу хүлээн авсан өвийн хэмжээгээр хүлээх үүрэг 1,000,000 төгрөг байх боловч хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 310/ШШ2025/00403 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1-р заалтын “19,187,079.8 төгрөгийг” гэснийг “5,000,000 төгрөг” гэж, “7,199,754.96 төгрөгт” гэснийг “22,016,837.77 төгрөгт” гэж, тогтоох хэсгийн 2-р заалтын “257,035 төгрөг” гэснийг “94,950 төгрөг” болгож өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХК-ийн төлсөн 130,146 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх, хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА