| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/01449/И |
| Дугаар | 210/МА2025/01530 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01530
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
313,956,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр 01/2021062402 тоот Урсдаг шат угсралт ажил гүйцэтгэх гэрээ-г ******* ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК-аас цахилгаан шат, 10ш урсдаг шатыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрт ******* тоот хаягт орших 91,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 237,762,000 төгрөгт тооцон 100 хувь арилжаа /бартер/-ны журмаар шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
1.2. ******* ХХК нь нэхэмжлэгч *******д урьд хуримтлагдсан өр төлбөртэй байсан тул ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрт авах орон сууцыг *******д шилжүүлэн өгөхөөр аль, аль талууд бүгд харилцан тохиролцсон.
1.3. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч ******* нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр ******* ХХК /******* ХХК-ийн охин компани, ******* апартментын төслийг бүрэн хариуцаж хийж гүйцэтгүүлсэн/-тай NoP-2021/0424 тоот Орон сууц барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, ******* тоот 3 өрөө байранд захиалга хийж гэрээ байгуулсан. Орон сууцны нийт талбай 91,8 м.кв талбайтай байх ба нэг м.кв-ийн үнийг 2,590,000 төгрөгөөр үнэлэн орон сууцны нийт дүн 237,762,000 төгрөгөөр тохиролцсон.
1.4. Гэтэл гэрээнд заасан ******* апартментын Б блок бүрэн ашиглалтад орсны дараагаар ******* ХХК нь уг блокийн *******тоот 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна.
1.5. Тус орон сууцыг гуравдагч этгээдэд нэгэнт худалдан борлуулсан, одоо айл амьдарч байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, хариуцагч талаас гэрээний үүрэгт төлсөн төлбөр 237,762,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
1.6. Талууд анх гэрээний үүрэгт дээр дурдсан байрны нэг м.кв-ийн үнийг 2,590,000 төгрөгөөр нийт 237,762,000 төгрөгийн үнэлгээгээр харилцан тохиролцож захиалж байсан ба 2024 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар уг орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ нь 313,956,000 төгрөгийн үнэлж болохыг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон. Тиймээс өмнөх нэхэмжлэлийн шаардлага болох 237,762,000 төгрөгийг 76,194,000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 313,956,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа 2021 оны 07 сарын 02-ны өдрийн гэрээ байгуулагдсан гэрээний 3.1-д төлбөрийн нөхцөлийг, 2.1-д гэрээний зүйлийг тохирсон байдаг. Харилцан үүрэг хүлээсэн буюу хоёр талт гэрээ.
2.2. Мөн гэрээний 3.1.3-т ******* ХХК нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 3 өрөө орон сууцыг ******* ХХК-аас шилжүүлэх буюу ******* ХХК-тай байгуулсан гэрээ нь нэр шилжүүлж байгуулсан гэдэгтэй маргахгүй.
2.3. Түүнчлэн гэрээний 3.1.1-д гэрээний үнийг 2 хуваан төлөхөөр тохиролцсон ба эхний төлөлтийг 2021 оны 10 сарын 15-ны өдөр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх буюу ******* ХХК нь ажил гүйцэтгэж төлж барагдуулахаар, 2021 оны 10 сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг мөн ******* ХХК нь урсдаг шат нийлүүлэх буюу ажил гүйцэтгэх байдлаар барагдуулна гэж харилцан тохиролцсон байдаг.
2.4. Төлбөр төлөгдсөний дараагаар ******* ХХК нь тухайн орон сууцыг гэрээний 4.1.2-т зааснаар буюу 2021 оны 4 дүгээр улиралд тухайн орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь төлбөрөө төлснөөр шаардах эрх үүсэх буюу 2021 оны 10 сарын 15-ны өдөр гуравдагч этгээдээр тухайн үүргийг бүрэн гүйцэтгүүлсний дараа орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүссэн байсан боловч тухайн үүрэг нь үүсээгүй гэж үзэж байна.
2.5. Гуравдагч этгээдээр тухайн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа учир тухайн тохиролцоо нь хүчинтэй. Талуудын хооронд маргаан гарсан буюу нэхэмжлэгч ******* нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ... тухайн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах болсон үндсэн гэрээ дуусгавар болсон тул манайх нэхэмжлэгч *******д тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй.
2.6. Түүнчлэн *******гаас ямар ч төлбөр болон ажил гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд иргэний хуульд зааснаар үндсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд хохирол шаардах эрхтэй буюу нөгөө тал үүрэг зөрчсөн байхыг шаарддаг. Үүрэг гүйцэтгэх дараалал Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч төлбөрөө хүлээж аваагүй учраас орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй байсан. Эдгээр нөхцөлүүдийн үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ******* ХХК нь тус гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул тухайн гэрээг үндэслэж байгуулсан Р-2021/0424 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шаардаж буй *******гийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
4.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 01/021062301 тоот урсдаг шат 02/2021062402 тоот угсралт суурилуулалтын гэрээг тус тус байгуулж, ******* хороо, *******ын 10 ширхэг урсдаг шатыг 100 хувийн бартерын нөхцөлөөр нийлүүлсэн.
4.2. Энэхүү гэрээний төлбөрт тооцон авсан *******тоот орон сууцны захиалгын гэрээг ******* ХХК-ийн охин компани болох ******* ХХК-д иргэн *******д шилжүүлэн өгөх тухай 20210826-02 тоот албан хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу ******* ХХК нь *******д захиалгын гэрээг шилжүүлэн өгсөн байдаг.
4.3. ******* ХХК-тай байгуулсан урсдаг шат нийлүүлэх, угсралт суурилуулалтын гэрээг 2 тал хүчингүй болгох, цуцлах, татгалзах явдал үүсээгүй төдийгүй 2022 оны 11 сарын 08-ны өдөр Эко интернэйшнл тауэрт урсдаг шатнуудыг буулгасан байдаг. Улмаар барилгын ажил дуусаагүй байсан тул 2023/04/18 улсын техникийн бүрэн магадлал хийлгүүлэх хүсэлт өгч 2023 оны 09 сарын 11-ний өдөр ашиглалтад бүрэн хүлээн авсан.
4.4. Иймд үндсэн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж, 10 ширхэг урсдаг шатыг бүрэн хүлээлгэн өгсөн тул энэхүү иргэн *******гийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. ******* ХХК-ийн хангамжийн албанаас энэхүү орон сууц нэгэн байхгүй тул төлбөртөө бартер /ҮХХ болон автомашин/ гаргаж өгөх боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү хүсэлтийг хүлээн авбал бид эвлэрэх бүрэн боломжтой юм гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 237,762,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 76,194,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,346,760 төгрөг, 538,920 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,346,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Маргаан бүхий зохигч талуудын хооронд 2021 оны 07 сарын 02-ны өдөр №Р-2021/0424 дугаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ******* ХХК-ийн ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг, 1 м.кв-ыг 2,590,000 төгрөгөөр, нийт 237,762,000 төгрөгөөр худалдах, уг орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх 237,762,000 төгрөгийг худалдагч талд байгуулсан урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлж угсралтын ажил хийж гүйцэтгэж дууссанаар төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссанаар уг гэрээ дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон.
6.2. Дээрх гэрээгээр төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцохдоо 2021 оны 10 сарын 15-ны өдөр 113,958,400 төгрөгийг ******* ХХК нь нийлүүлэлтийн №01/2021062402 дугаартай гэрээний дагуу урсдаг шат угсрах ажлын дагуу 100 хувь бартераар хийж гүйцэтгэх, 2021 оны 10 сарын 15-ны өдөр 123,803,600 төгрөгийг ******* ХХК нь нийлүүлэлтийн №14/2021062301 дугаар гэрээний дагуу урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлэх, 2021 оны 09 сарын 21-ний өдөр ******* ХХК 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №Р-2021/0282 тоот гэрээний ******* тоот 91.8 м.кв 3 өрөө пентхаус орон сууцны ******* ХХК-аас нэр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
6.3. Орон сууцны төлбөрт хийж гүйцэтгэх ёстой Урсдаг шат нийлүүлэлтийн №14/2021062301 дугаартай гэрээ, Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх №01/2021062402 дугаар гэрээ-нд заасны дагуу ******* ХХК нь хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2023 оны 10 сарын 06-ны өдөр нийт 10 ширхэг иж бүрдэл бүхий зорчигчийн зориулалттай урсдаг шатыг бүрэн угсарч дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн урсдаг шатыг хэвийн үйл ажиллагаатай, ашиглагдаж байгаа талаар гуравдагч этгээд ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг.
6.4. Анхан шатны шүүхээс №Р-2021/0424 дугаартай "Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах" гэрээний худалдан авагч талаас гэрээний төлбөр 237,762,000 төгрөгийг худалдагч талд урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн болохыг талуудын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд үнэн зөв тогтоосон.
6.5. Хариуцагч ******* ХХК буюу худалдагч тал нь Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг. Гэтэл уг орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 дугаар зүйлийн 4.1.1-д худалдан авагч талаас орон сууцны төлбөрөө 100 хувь төлөх хүртэл тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* ХХК байна гэх үүргээ зөрчсөн буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаараа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрдөг. Худалдах, худалдан авах гэрээний онцлогийн хувьд гэрээний хүчин төгөлдөр хугацаанд худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд тухайн гэрээний зүйлийн үр шимийг хүртэх эрх худалдагчид хэвээр хадгалагдана буюу худалдагч нь гэрээний зүйлийг өөрийн өмчлөлдөө байлгах, хадгалах үүрэг давхар үүсдэг.
6.6. Анхан шатны шүүхээс үндсэн гэрээний төлбөр болох 237,762,000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой болохыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гарсан. Гэвч нэхэмжлэгчийн хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.
6.7. Тухайлбал, шүүхээс уг хэсгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд гагцхүү түүнд хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон байх учиртай гэх агуулгаар тайлбарлан дэмжсэн нь үндэслэлгүй.
6.8. Талуудын байгуулсан гэрээний үүргийн зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох зүйл бөгөөд худалдагчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас № Р-2021/0424 дугаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг биелэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэгэнт гэрээний үндсэн үүрэг биелэгдэх боломжгүй болсон тул худалдан авагч талаас үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй болсон.
6.9. Нэхэмжлэгчийн өмчлөлд хариу төлбөр болгон шилжүүлэх гэрээний зүйл болох ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууц нь 2024 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ, цэнийн суурь-аар илэрхийлэгдэх дүнг *******ХХК-аар хийлгэж 313,956,000 төгрөгөөр тодорхойлсон.
6.10. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч тал бусдад худалдан борлуулснаас гэрээнээс татгалзсан, тухайн орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр 76,194,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа боловч энэ үнийн дүнгийн зөрүү нь нэхэмжлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлого гэж үзэхгүй юм гэж дүгнэсэн явдал нь хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн тус хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна.
6.11. Нэхэмжлэгч талаас хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг зориудаар бий болгосон буруутай үйлдлийн улмаас гэрээнээс татгалзсан. Үүнийхээ дагуу өөрт учирсан хохирлыг арилгуулахаар дараах байдлаар тодорхойлсон. Тодруулбал, 2024 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн байсан тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлд шилжих ёстой үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшаар хэдэн төгрөгөөр үнэлэгдэх үнэлгээг хийлгэсэн байдаг.
6.12. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хохирлын хэмжээ бол талуудын байгуулсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгтэй шууд байдлаар холбогдолтой хохирол болно. Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний гол нөхцөл, үүргийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстой орон сууцыг шилжүүлэн өгсөн байсан бол түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 313,956,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байсан болохыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар үнэлгээг хийлгэж, шүүхэд гаргасан өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний үүргээ зөрчилгүй, гэрээнд заасны дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд, нэхэмжлэгчийн эд хөрөнгөө өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбоотой шууд үүсэх үр дагавар болох юм.
6.13. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хохирлыг хамгийн боломжид байдлаар тодорхойлж, үндэслэл бүхий байдлаар шаардлагаа тодорхойлж гаргасан. Хариуцагч талаас маргаанд яригдаж буй орон сууцны зах зээлийн үнэлгээнд маргаан байхгүй талаараа шүүгчийн асуултад хариулахдаа хэлсэн байдаг. Хууль зүйн үндэслэлийн хувьд үндэслэлтэй мөн хариуцагч талаас хохирлын үнэлгээний хувьд маргаагүй асуудлаар шүүх үндэслэлгүй, тодорхойгүй тайлбар гаргаж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
6.14. Шүүхээс гэрээний онцлог, талуудын хүлээсэн үүрэг, хариуцлага, гэрээний үүргээ зөрчсөний хариуцлага буюу хохирлыг хэрхэн тооцсон зэрэг нөхцөл байдлыг бүх талаас нь үндэслэл бүхий дүгнэлгүйгээр хохиролтой холбоотой шаардлага болох 76,194,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэрээний талуудын эрх тэгш байдлын хувьд үндэслэлгүй, бодит бус шийдвэр болсон байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг давж заалдах журмаар хянуулж, шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 76,194,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг өөрчилж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирол хангагдах ёстой гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч талын хохирлыг хэрэгсэхгүй болгож байгаа хэсэг үндэслэлтэй боловч хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлахаас илүү тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна гэжээ.
8. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Талуудын хооронд байгуулагдсан Р-2021/0424 дугаартай гэрээг байгуулагдсан болон гэрээний зүйлийн талаар маргаагүй харин нэхэмжлэгч *******д татгалзах эрх үүссэн эсэх буюу хариуцагчийн зүгээс *******тай байгуулсан гэрээнээс татгалзсан тул *******д цуцлагдсан гэрээнээс татгалзах эрх үүсээгүй талаар маргасан.
8.2. Тус хэрэгт иргэний эрх зүйн харилцаа хэрхэн яаж үүсэж байгаа, үүссэн харилцаанд зөрчил үүссэн эсэх, үүссэн зөрчлийг хэн, хэзээ, ямар байдлаар гаргасныг шүүхээс үнэлж дүгнээгүй нь үндэслэлгүй шийдвэр гарахад хүрсэн гэж үзэж байна. Шүүхээс хариуцагч компанийг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэх боловч талуудын хооронд байгуулагдсан Р-2021/0424 дугаар гэрээний 3.1-т заасан үүргээ буюу 2021 оны 10 сарын 15-ны өдөр биелүүлэх ******* нь ноцтой зөрчиж, хариуцагч компанийн зүгээс албан ёсоор ******* буюу ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан байхад дээрх үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийг анхлан гэрээнээс татгалзсан гэж үндэслэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
8.3. Бодит байдлыг авч үзвэл, хариуцагч ******* ХХК нь барилга байгууламж барьж ашиглалтад оруулах эрхгүй, зөвхөн худалдан борлуулахад зуучлах ингэхдээ зуучлуулагчийн хүсэлтээр өөрийн нэрээр гэрээ байгуулдаг бөгөөд маргааны зүйл болоод байгаа гэрээ нь анх ******* ХХК болон ******* ХХК нарын ажил гүйцэтгэх гэрээнээс улбаатай бөгөөд тус талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн зарим хэсгийг салгаж, төлбөр барагдуулах гэрээ маягаар буюу Р-2021/0424 дугаартай Орон сууц барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэсэн хэдий ч тухайн Р-2021/0424 дугаартай гэрээний төлбөр төлөх үүргийг ******* болон ******* ХХК нь биелүүлээгүй 2 жил болсон буруутай үйлдэл байсаар байхад тухайн буруутай үйлдэлд дүгнэлт өгөлгүйгээр *******гаас болон ******* ХХК-аас нэг ч төгрөг хүлээн аваагүй зуучлалын ******* ХХК-аас 237,762,000 төгрөгийг гаргуулахаар шийдэх нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна, бодит байдалд огт хэрэгжих боломжгүй юм.
8.4. Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн ерөнхий захирал ******* нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний дагуу худалдан авагч нарт баригдсан орон сууцыг зуучлан хэлэлцээр хийн борлуулсны ажлын хөлсөнд Зуучлалын гэрээний 1.5-д зааснаар зуучлан борлуулсан орон сууцны үнийн дүнгийн 1 хувь байхаар тохиролцсон, мөн Зуучлалын гэрээний 2.2.4-т зааснаар Зуучлуулагч тал тухайн гэрээний хавсралтад заасан орон сууцыг өөрсдөө худалдан борлуулах эрхтэй гэсний дагуу ******* ХХК болон *******тай ******* ХХК санаачилгаараа гэрээ байгуулсан бөгөөд үүнд ******* ХХК хариуцлага хүлээхгүй болох нь Зуучлалын гэрээний 1.7 дахь заалтаас тодорхой харагдана.
8.5. Зуучлалын гэрээний 1.7-д Зуучлалын ажлын хөлс нь хавсралтад заасан орон сууц худалдан борлуулагдаж үйлчилгээ, орон сууц, автомашины зогсоол, агуулахын төлбөр бүрэн зуучлуулагч талын данс бартерын хөрөнгө зуучлуулагч талын эсвэл нэр заасан этгээдийн нэр дээр шилжсэний дараа олгогдохоор талууд харилцан тохиролцов гэснээр тухайн маргааны зүйл болсон Р-2021/0424 дугаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээг байгуулагдах үндэслэл, түүнээс ашиг хүртэх этгээд нь ч *******" ХХК бөгөөд хариуцагч ******* ХХК нь тус гэрээнээс 1 хувь буюу 2,377,620 төгрөгийн ажлын хөлс авахаар тохиролцсон этгээд байхад гэрээний нийт үнийн дүн 237,762,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь иргэний эрх зүйн суурь үүргийн зарчимд нийцэхгүй байна
8.6. Нэгэнт хариуцагч ******* ХХК нь зуучлагч тул нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, төлбөр төлсөн гэх ******* ХХК-аасаа төлбөрөө нэхэмжлэх, ******* ХХК нь ******* ХХК-аас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээ хасаж тооцон ажлын хөлсөө нэхэмжлэх нь зүйтэй гэж мэтгэлцээний шатанд тайлбар гаргасныг шүүгч дүгнээгүй орхисон нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн.
8.7. Хариуцагч ******* ХХК болон гуравдагч этгээд ******* ХХК нь ******* ХХК-аас *******д холбогдох өр гэх мэт зүйл худалдаж аваагүй, бодит байдал дээр *******гийн өмнө хариуцагчаас хүлээсэн үүрэг байхгүй, заавал төлөгдөх өр төлбөр биш болохыг шүүгч анхаарч үзээгүй.
8.8. Шүүхээс гуравдагч этгээд ******* ХХК-ийн ******* ХХК-ийн захиалсан лифтийг 2021 оны 10 сарын 15-ны өдрийн дотор угсарч актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсныг 2023 оны 10 сарын 06-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн буюу үүрэг гүйцэтгэх хугацааг 2 жилээр хэтрүүлсэнд дүгнэлт өгөөгүй.
8.9. Гуравдагч этгээд ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 06 сарын 23-ны өдрийн №01/2021062301 дугаар Урсдаг шат нийлүүлэлтийн гэрээ-ний 5.1-т заасны дагуу нийлүүлэлт хийх хугацааг 2021 оны 09 сарын 15-ны өдрийн дотор гэж, мөн №01/2021062402 дугаартай Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.5-т зааснаар 2021 оны 10 сарын 15-ны дотор угсран техникийн магадлагаа хийлгэхээр харилцан тохиролцсон ч ******* ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. ******* ХХК нь ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ өөрсдийн тооцоогоор 380 хоногоор хэтрүүлсэн гэж хүлээн зөвшөөрсөн баримт мэдэгдлүүд хэрэгт авагдсан, мөн ******* ХХК нь хугацаа хэтрүүлснээ зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасанд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
8.10. Шүүхээс хариуцагч компанийн *******тай байгуулсан гэрээнээс ******* үүргээ гүйцэтгээгүйгээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн, хуульд заасан журмын татгалзсан тул дараагийн худалдан авагчид худалдсан гэх мэдэгдэл, тайлбарыг ******* ХХК гаргасанд дүгнэлт өгөөгүй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх заалтаар хоёр талын харилцан үүрэг хүлээсэн гэрээнд үүргийг дарааллаар гүйцэтгэх, дараалал нь болоогүй гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх талаар зохицуулсан.
8.11. Гэтэл энэ маргааны тухайд үүрэг гүйцэтгэгч тал болох ******* түүний үүрэг гүйцэтгүүлэхээр тохирсон ******* ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байж хариуцагч талыг үүрэг гүйцэтгэхийг буюу орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардах нь үндэслэлгүй бөгөөд "******* ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээ зөвшөөрсөн байдаг.
8.12. ******* ХХК нь үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол төлбөрийн нөхцөлөөр тохирсон маргааны зүйл болсон орон сууцыг дараагийн худалдан авах хүсэлтэй, чадвартай худалдан авагчид худалдах нь зах зээлийн хууль бөгөөд *******г эсхүл ******* ХХК-ийг үүргээ хэзээ биелүүлэхийг ч мэдэхгүй, 1 жил, 2 жил хүлээх боломжгүй тул тухайн харилцааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зохицуулсны дагуу ******* ХХК нь Р-2021/0424 дугаартай гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч нь Р-2021/0424 дугаартай гэрээний 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрх ******* ХХК-д үүсэж, гэрээнээс татгалзан цуцалсан нь *******гийн зүгээс гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй буюу ажлыг ******* ХХК-аар хугацаанд нь гүйцэтгүүлээгүй, худалдан авагчийн 100 хувь буруутай үйлдэлд тухайн харилцааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зохицуулсны дагуу ******* ХХК нь гэрээнээс татгалзсан.
8.13. Анхан шатны шүүх нэгэнт цуцлагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэгч *******г гэрээнээс татгалзах эрхтэй гэж шийдвэр гаргасан нь алдаатай болсон гэж харж байна. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлын тухайд тайлбарлахдаа Ковидын үе тохиолдсон, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хэтрүүлсэн гэдэг. Гэвч ******* ХХК нь анх гэрээ байгуулахдаа тухайн үеийн давагдашгүй хүчин зүйлийг урьдчилан мэдэх боломжтой байсан бөгөөд тухайн нийтэд илэрхий байсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, гарж болзошгүй эрсдэлийг тооцоолон гэрээ байгуулсан.
8.14. Урсдаг шат нийлүүлэлтийн №01/2021062301 дугаар гэрээний 12.2-т Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс гэрээний хугацаа, нөхцөл шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх ёстой нөхцөл байдал эхэлснээс 14 хоногийн дотор нөгөө талдаа бичгээр мэдэгдээгүй бол тухайн мөн учирсан хохирлыг хариуцна гэж мөн гэрээний 12.3-т Энэхүү нөхцөл байдлын улмаас тоног төхөөрөмж нийлүүлэлт 1 сараас илүү хугацаагаар саатвал талууд гэрээг хэсэгчлэн буюу бүхэлд нь цуцлах эрхтэй хэмээн заасны дагуу үүрэг гүйцэтгэгч талаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тул гэрээг цуцлах эрхийг гэрээнд тусгасан. Гуравдагч этгээд болох ******* ХХК нь ийм мэдэгдлийг ирүүлж байгаагүй тул тус шүүхэд гаргасан тайлбар нь үндэслэлгүй.
8.15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий хариуцагч ******* ХХК болон гуравдагч этгээд ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нотлох баримт, тайлбаруудыг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хариуцагч талд хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох эрх ноцтой зөрчигдсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
9.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. ******* ХХК болон ******* нарын хооронд эрх шилжих замаар гэрээ байгуулагдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.
9.2. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан урсдаг шат нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт биелэгдсэн. Хэдийгээр цаг хугацааны хувьд хойшилсон асуудал байж болох ч талууд гэрээнээс татгалзсан гэх үйл баримт огт байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан бид гэрээнээс татгалзсан гэх албан бичгүүд нь алданги тооцно шүү, ажлаа хий гэх агуулгатай албан тоотууд байдаг. Энэ агуулгыг харвал ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хойшилсон тухай ойлголт байдаг болохоос ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тухай ойлголт огт байхгүй.
9.3. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хойшилсонтой холбогдуулан ******* гэх иргэнд ******* ХХК-ийн зүгээс гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тухай баримт бичгийг огт өгөөгүй. Гэрээний хойшилсон хугацаагаар үүргийн гүйцэтгэл хангагдах юм байна гэх ойлголтыг төрүүлсэн. Ийм учраас 2023 оны 09, 10 сард ******* ХХК нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг бүхэлд нь хүлээн авсан.
9.4. Өөрөөр хэлбэл, *******гийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу угсардаг шат нийлүүлэх замаар тухайн орон сууцны төлбөрийг төлж барагдуулна гэх үүрэг биелэгдсэн ойлголт байгаа юм. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үйл баримтын тухайд бүхэлдээ үндэслэлгүй.
9.5. Хариуцагч тал нь манайх хариуцагч биш, зуучлалын компани гэж тайлбарладаг атлаа *******тай байгуулсан гэрээнд манайх тухайн орон сууцны өмчлөгч гэх үйл баримтын талаар тусгасан байдаг.
9.6. Мөн тухайн орон сууцны өмчлөгчөөр буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд ******* ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч байна гэх агуулгыг бичсэн байгаа нь уг орон сууцны өмчлөгч нь ******* ХХК юм байна гэх ойлголтыг төрүүлсэн. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй ******* ХХК-ийн тайлбарын агуулга:
10.1. Нэхэмжлэгч талын ярьсан хохиролтой холбоотой асуудлыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй. Хохирол гэдэг нь заавал биетээр учирсан байхыг шаарддаг бөгөөд энэ нь баримтаар тогтоогдоогүй учир энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
10.2. ******* ХХК нь хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь энэ хэрэг маргаан нь зөвхөн нэхэмжлэгч болон хариуцагч компани нарын хоорондын асуудал биш бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тусдаа эрх зүйн харилцааг бий болгохгүй. Энэ харилцаа нь ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх гэрээтэй холбоотой асуудлын зөвхөн нэг хэсэг нь буюу төлбөр тооцоог ******* ХХК-аас хэнд өг гэсэн түүнийх нь дагуу бид тухайн хүнд өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу ******* ХХК болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан.
10.3. Хэрэв анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа гэж үзэж байгаа тохиолдолд ******* нь ******* ХХК-ийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх эсэх болон ******* ХХК нь *******гийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх эсэх талаарх асуудлыг тодорхойлоогүй. Талуудын хооронд үнэхээр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа тохиолдолд талууд харилцан ямар үүрэг хариуцлагыг хүлээсэн гэдгийг тодорхойлох ёстой байхад энэ талаар огт тодорхойлоогүй.
10.4. Анхан шатны шүүх ******* ХХК маргаан бүхий орон сууцыг 3 жилийн хугацаанд хадгалах ёстой байсан мэт дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн тухайн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх ёстой, түүний үүргийг ******* ХХК хүлээх ёстой гэх байдлаар дүгнэлт хийсэн.
10.5. 2021 оны 07 сард 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан тул 2021 оны 10 сард тухайн гэрээний хугацаа дуусах ёстой байсан. Гэтэл үүний нийлүүлэлт нь 2023 оны 10 дугаар сард ирдэг. Энэ хугацаанд ******* ХХК тухайн орон сууцыг хадгалах боломжгүй тул бид орон сууцыг худалдан борлуулсан.
10.6. Мөн ******* ХХК нь бид санхүүжилтгүй болж байна, бараа материалыг хилээр оруулж ирэхэд гаалийн татварыг нь төлж чадахгүй байна гэж хэлж мөнгө авч байсан. Түүнчлэн манай компанийн хамаарал бүхий компаниас 160,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн мөнгийг манайх өөрсдийн данснаас гаргаж өгсөн.
10.7. Анхан шатны шүүх хуралдааны явцад ******* ХХК нь ******* ХХК-д 150,000,000 төгрөгийн өглөгтэй, үүнээс өөр төлөх төлбөр байхгүй гэж тайлбарласаар байхад 232,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өгсөн. Мөн ******* ХХК нь 382,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг манай компаниас нэхэмжилдэг.
10.8. Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үед эхлээд энэ 2 компанийн тооцооллын асуудлыг зохицуулж байж нэхэмжлэгч болон хариуцагч нарын гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь ******* ХХК нь гэрээний үнийн дүнгээс илүү 500,000,000 төгрөгийг өгөх асуудал үүсэж байна гэх талаар хэлсэн боловч энэ асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, энэ асуудал нь энэ хэрэг маргаанд хамааралгүй гэх байдлаар шийдвэрээ гаргасан.
10.9. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй учир үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй учир хүлээх ёстой үүрэг хариуцлагыг нь зөв тодорхойлж чадаагүй гэсэн үг. Иймд хариуцагч талыг үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй ******* ХХК-ийн тайлбарын агуулга:
11.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, зардал болон нөхөж авах боломжтой зардал, хэрэв үүргээ биелүүлсэн бол хүлээж авсан үүргийн хэмжээнд олох ёстой байсан орлогын аль алиныг нь хохиролд тооцож нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтаа хэрэгт өгсөн.
11.2. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулсан бол ийм хэмжээний орлогыг олох ёстой байсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэх нөхцөлөөр хэргийг үндэслэл бүхий дүгнэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хангагдах боломжтой гэж бодож байна.
11.3. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын тухайд ******* ХХК нь анх гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзах эрх хариуцагч компанид байсан гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл хариуцагч болон хариуцагч талыг дэмжиж буй гуравдагч этгээдийн тайлбарыг харвал гэрээнээс татгалзах эсвэл гэрээг дуусгавар болгох эрх хариуцагч компанид байсан эсэхэд эргэлзээ үүснэ. Учир нь хариуцагч талыг зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байсан гэх асуудлыг ярьдаг. Хэрэв ******* ХХК нь зуучлагч байсан тохиолдолд ******* ХХК болон ******* ХХК, ******* ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан ******* нарын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах эрх зуучлагчид байхгүй.
11.4. Харин зуучлуулагчийн эрх, хүсэл зориг хаана, хэзээ дуусгавар болно, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хуралдааны үед энэ нөхцөл байдлын талаар яригдсан. Гуравдагч этгээд болох ******* ХХК бид гэрээг цуцлаагүй, дуусгавар болгоогүй, гэрээнээс татгалзаагүй гэх тайлбарыг хэлдэг. Зуучлуулагч нь гэрээг цуцлах, дуусгавар болгох, татгалзах харилцаа үүсээгүй буюу ийм нөхцөл байдал болоогүй гэж хэлж байхад хариуцагч талын зүгээс бид тухайн гэрээг цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
11.5. Түүнчлэн гэрээний бие даасан нэг тал болж худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлж байгаа нөхцөлд тухайн гэрээнд төлбөр төлөх үүргийг тусгайлан бичиж өгсөн байдаг. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг 100 хувь бартераар шилжүүлэх үүднээс уг гэрээг биелэгдсэн тооцно гэж заасан. Бодит байдал дээр ******* ХХК-аас нийт 10 ширхэг урсдаг шатыг нийлүүлсэн бөгөөд тухайн шатууд нь бүгд мэргэжлийн хяналтын байгууллагаас авдаг ашиглах боломжтой гэх гэрчилгээг авсан ба хариуцагч тал тухайн шатыг одоо ашиглаж байгаа.
11.6. Хариуцагч тал нь нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй 1 жил болсон тул бид гэрээнээс татгалзсан, гэтэл нэхэмжлэгч тал 2 жилийн дараа гэрээний үүргээ биелүүлсэн гэж дурддаг. ******* ХХК тухайн гэрээг цуцлаагүй, дуусгавар болгоогүй тул ******* ХХК-аас гэрээний үүргийг хүлээн авсан. Гэтэл одоо ямар төлбөрийг *******гаас дахин авах гэж байна вэ гэдэг нь эргэлзээ үүсгэж байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй.
11.7. Мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед талуудын хэн алинаас нь нэмэлт хүсэлт, нотлох баримт болон аливаа шүүхээр шийдвэрлүүлэх ёстой агуулга бүхий хүсэлт, нотлох баримтыг гаргаагүй учир шүүх хуралдааныг явуулсан. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд тэгш эрхтэйгээр хурлын дэг, дарааллын дагуу шүүх хуралдаанд оролцож, талуудын мэтгэлцэх зарчим бүрэн хангагдаж, шүүх хуралдаан дуусгавар болсон. Гэтэл хэрхэн, яаж хариуцагч талын мэтгэлцэх зарчим хангагдаагүй буюу зөрчигдсөн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.
11.8. Түүнчлэн гэрээг цуцалсны дараа бараа ирсэн, нэгэнт бараа ирсэн учир бид төлбөрийг нь бэлэн мөнгөөр төлж, тухайн урсдаг шатуудыг авсан гэж хариуцагч тал тайлбарладаг. Талуудын хооронд бараа материалын төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн харилцаа огт үүсээгүй. Анх ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 10 урсдаг шатыг 4 үл хөдлөх эд хөрөнгөөр авах гэрээ байгуулагдсан.
11.9. Манай компани 2 үл хөдлөх эд хөрөнгөө хүлээн авсан, мөн нэг үл хөдлөх эд хөрөнгийг *******д шилжүүлсэн. Одоо нэг үл хөдлөх эд хөрөнгөө аваагүй байгаа учир түүнийгээ авъя гэх агуулгаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийг хариуцагчаар татаж маргаан үүсгэсэн. Гэтэл хариуцагч тал нь бид 150,000,000 төгрөг өгсөн, өөр бусад компаниудад өгөөгүй гэх тайлбаруудыг хэлдэг. Энэ нь ******* болон ******* ХХК нарын хоорондын харилцаа, ******* болон ******* ХХК нарын хоорондын харилцаанд ямар ч хамааралгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 313,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ******* нь төлбөрөө төлснөөр шаардах эрх үүснэ ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь нэхэмжлэгч талыг, ******* ХХК нь хариуцагч талыг тус тус дэмжиж оролцсон.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 01 сарын 30-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* хороонд байрлах ******* апартмент хотхоны 700 айлын ******* дугаар байрын орон сууц, 68 агуулахын талбай, 85 авто зогсоолыг худалдан авагчид санал болгон танилцуулж, улмаар Зуучлуулагч талын өмнөөс худалдан авагч талтай гэрээ байгуулж эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, Зуучлуулагч тал зуучлагч талд зуучлалын хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон;
3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр №01/2021062301 дугаартай Урсдаг шат нийлүүлэлтийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр БНХАУ-ын Шанхай хотын үйлдвэрийн салбараас ХБНГУ-ын Браун брендийн 10 иж бүрдэл бүхий зорчигчийн зориулалттай урсдаг шат нийлүүлэх, ******* ХХК нь урсдаг шатны төлбөрийг ******* хотхонд, ******* хотхонд тус тус байрлах орон сууцаар төлөхөөр тохиролцсон ба уг төлбөрт ******* апартмент хотхоны ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг 237,762,000 төгрөгт тооцохоор тохиролцсон;
3.3. Мөн, ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №Р-2021/0282 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг, 1 м.кв-ыг 2,590,000 төгрөгөөр, нийт 237,762,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх 237,762,000 төгрөгийн байгуулсан урсдаг шат 100 хувь арилжааны нөхцөлөөр нийлүүлнэ, төлбөрийг бүрэн төлж дууссанаар өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон;
3.4. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 сарын 02-ны өдөр Р-2021/0424 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* хороонд байрлах ******* апартмент хотхоны ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг, 1 м.кв-ыг 2,590,000 төгрөгөөр, нийт 237,762,000 төгрөгөөр худалдах, уг төлбөрийг ******* ХХК-ийн нийлүүлэх урсдаг шатны төлбөрт тооцож, 100 хувь арилжааны нөхцөлөөр нийлүүлж угсралтын ажил хийж гүйцэтгэж дууссанаар төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дуусахаар тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь ******* ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 23-ны өдөр №01/2021062301 дугаартай Урсдаг шат нийлүүлэлтийн гэрээ-ний харилцааг үйл баримтын хүрээнд дурдсан ба уг гэрээний харилцаа нь маргааны зүйлд хамааралгүй учир эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
5. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 237,762,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
5.1. ******* ХХК-аас ******* ХХК-д 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 20210916-01 тоот албан бичгээр ... ******* хороонд байрлах ******* апартмент хотхоны ******* тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг *******д шилжүүлэн өгнө үү гэсэн хүсэлт явуулсан, мөн ******* болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 сарын 02-ны өдөр Р-2021/0424 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримтыг нэгтгэн дүгнэж Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №Р-2021/0282 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээ-ний шаардах эрхийг *******д шилжүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
5.2. ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 07 сарын 02-ны өдөр Р-2021/0424 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг ******* ХХК-ийн нийлүүлэх урсдаг шатны төлбөрт тооцож, 100 хувь арилжааны нөхцөлөөр нийлүүлж угсралтын ажил хийж гүйцэтгэж дууссанаар төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дуусахаар тохиролцсон.
Анхан шатны шүүх гуравдагч этгээд ******* ХХК нь урсдаг шат болон лифтийг ашиглалтад 2023 оны 10 сарын 06-ны өдрийн актаар хүлээлгэж өгсөн үйл баримтыг зөв тогтоожээ.
Нэхэмжлэгч болон ******* ХХК-д маргаан бүхий орон сууцны үнэ 237,762,000 төгрөгийн төлбөрийн талаар маргаангүй тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан хариуцагч байгууллагын нэрлэн заасан этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ.
5.3. Хариуцагч байгууллага нь *******тай байгуулсан гэрээнд дурдсан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр Р-2021/0424 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 237,762,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлснийг хариуцагч буцаан өгөх боломжгүй үндэслэлээр орон сууцны үнийг гэрээ байгуулах үед харилцан тохиролцсон үнэ 237,762,000 төгрөгт шилжүүлсэн мөнгөөр нэхэмжлэх эрхтэй талаар дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх *******г өөрт учирсан хохирлыг баримтаар нотлоогүй гэж дүгнэж, хохирол 76,194,000 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
6.1. Нэхэмжлэгч нь ... *******ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр маргаан бүхий орон сууцны зах зээлийн ханшийг 313,956,000 төгрөг гэж тогтоосон үнэлгээний зөрүүгээр хохирлын хэмжээг 76,194,000 төгрөг гэж тогтоосон гэж үндэслэлийг тайлбарласан.
6.2. *******ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр маргаан бүхий орон сууцны зах зээлийн ханшийг 313,956,000 төгрөгийн үнэлгээ нь нэг талын баримт тул эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.
6.3. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 76,194,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.
7. Анхан шатны шүүх нэгэнт хэрэгжих боломжгүй гэрээний харилцаанд маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
Мөн, тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 205.1.2 ... гэсэн техник шинжтэй алдаа гаргасныг ... 205.1 ... гэж зөвтгөнө.
8. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04589 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 205.1.2 ... гэснийг ... 205.1 ... гэж, ... 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 ... гэснийг ... 219 дүгээр зүйлийн 219.1 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,920 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,347,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
С.ЭНХБАЯР