| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00499/И |
| Дугаар | 598 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 598
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ67040714, Тэргүүн тайж овогт Мундгарын Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш, хариуцагч Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд 21 жил ажиллаж байгаа бөгөөд урьд өмнө нь зөрчил дутагдал гаргаж байсан удаа байхгүй. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ямар нэгэн тушаал, шийдвэр өгөхгүйгээр ажлаас халагдсан, ажлаа өг гэж шаардаад ажил хүлээж авсан. Ямар шалтгаанаар халах болсныг нь асуухад 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр намайг архи уусан гэдэг шалтгаанаар халсан гэж хэлсэн. Тухайн өдөр нь манай ажлын газрын хүмүүс баяр тэмдэглэж эмэгтэйчүүд нь архи, дарс уусан ба зарим нь хоорондоо маргалдсан. Энэ бүхнийг би жолоочийн хувьд эрүүл саруулаар үүргээ гүйцэтгээд зохицуулаад л өнгөрсөн. Ажлаас халсан тушаалыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авсан. Миний бие гэнэт ийм байдлаас болж ажлаас халагдсандаа гомдолтой байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.Эрдэнчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Цэнд-Аюуш 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах арга хэмжээ авагдсан байсан. Энэ талаар Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр албан шаардлага ирүүлсэн ба тухайн шаардлагыг миний бие 2016 оны 5 дугаар сарын 17-нд хүлээн авсан. Тухайн үед М.Цэнд-Аюуш нь 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, бага хүү нь төгсөх курсын оюутан, цалингийн зээлтэй байсан зэрэг шалтгаанаар амьдрал байдлыг харгалзан үзэж ажиллуулж байсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 22-нд ажлын цагаар архи уусан мөн 5 дугаар сарын 17-нд вакцинжуулалтад явах болоход мөн согтуу байсан ба машины хурд хэтрүүлж давхисан. Миний бие аргагүйн эрхэнд цагдаа дуудаж машиныг нь журамлуулсан. Сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Жолооч маань тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байж байж жолоочоор ажиллах боломжтой болох ба нэхэмжлэгчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ цагдаагийн байгууллагад хураалгасан, эрхээ хасуулсан учир Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн жолоочоор ажиллахад мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзсэн. Дээрх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш нь хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна.
Хариуцагч “Сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-д зааснаар М.Цэнд-Аюушийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.
М.Цэнд-Аюуш нь Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байгаад тус төвийн даргын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар ажил олгогчийн санаачлагаар жолоочийн ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, мөн зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан,...” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасныг үндэслэн гаргажээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан арга хэмжээ оногдуулах эсэх нь тус хуулинд зааснаар Цагдаагийн байгууллагын эрх хэмжээний асуудал байх бөгөөд энэхүү заалтыг барьж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.
Хариуцагч нь М.Цэнд-Аюушийг 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гаргасан зөрчилдөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах арга хэмжээ авагдсан болох нь зохигчдын тайлбар болон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” шаардлагаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах арга хэмжээ авагдаж мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь тогтоогдож байгаа хэдий ч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Цэнд-Аюушийг Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
М.Цэнд-Аюушийг ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаал нь дугааргүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэснийг зөрчсөнийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод орууллах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Цэнд-Аюушийг Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ