Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01589

 

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/05582 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,883,259 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******, ******* нар нь ******* маркийн *******арлын дугаартай автомашиныг барьцаалан *******ХХК-аас 2024 оны 03 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, ******* тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн.

1.2. Зээлдэгч нар зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2024 оны 04 сарын 19-ний өдрөөс хойш хугацаа хэтэрсэн. Үүнээс хойш 2024 оны 05 сарын 14-ний өдөр 600,000 төгрөг төлсөн. Зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа зээлдэгч нарын бүртгэлтэй ажлын хаягаар очсон боловч төлөлт хийгээгүй, мөн утсаа авдаггүй.

1.3. Иймд зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 19,859,742 төгрөг, зээлийн хүү 4,395,133 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,383 төгрөг, нийт 24,883,259 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Анх зээлийн гэрээ байгуулах үед 20,000,000 төгрөг өгсөн гэх боловч мөнгөн дүнг хэзээ хариуцагч нарт шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч нар гэрээ байгуулсан боловч мөнгө орж ирээгүй гэж тайлбарладаг. Зээл олгогдсон гэх баримт байхгүй байна. Зээлийн мөнгөн хөрөнгөөр автомашин худалдаж авахдаа Д.Жавхланбаатар данс руу мөнгө шилжүүлсэн гэх боловч мөнгийг шилжүүлсэн баримт байхгүй, мөн автомашин шилжсэн гэх баримт байхгүй байна.

2.2. ******* гэх хүн *******-ийн гэр бүлийн хүн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын зарим хүмүүсийг таньдаг, өөр хүмүүсийн нэр дээр зээл авч тухайн асуудал нь залилангийн шинжтэй үйлдэл байна гэж цагдаагийн байгууллагад шалгагдсан асуудал байгаа. Фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн автомашин нь биет байдлаар байсан эсэх нь тодорхойгүй. Автомашины гэрчилгээг ашиглаж залилан хийдэг гэх мэдээлэл байсан тул үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулбал хэргийг үнэн зөвөөр шийдэх боломжтой байсан.

2.3. Банк зээлийн журамтай байдаг. Журамд зээл олгохын тулд зээлдэгчийг судална, автомашины зах зээлийн үнийн дүнг гаргана, даатгалын байгууллагад даатгуулна гэх мэт асуудлыг зохицуулсан байдаг. Гэтэл тэр журам нь хэргийн материалд байхгүй байсан тул эдгээр баримтыг хэрэгт хавсаргавал хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжтой, мөн эдгээр баримтад үндэслэж хариу тайлбарыг бүрэн гаргаж өгөх боломжтой гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. *******ХХК-аас *******-ийн авсан зээлд хамтран зээлдэгчээр орсон нь үнэн.

3.2. Тухайн үед тус компанийн ажилтан болон *******д Би удахгүй жирэмсний амралт авна. Ажилгүй, орлогогүй болно. Би өөрөө цалингүй, зээлтэй. Ямар нэг асуудал гарвал би өмнөөс нь хариуцлага хүлээх ямар ч боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд *******ХХК-ийн ажилтан Өөрт чинь ямар ч асуудал үүсэхгүй, зөвхөн энэ гэрээнд заавал ямар ч хамаагүй хүн бичих ёстой байдаг юм. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид нар өөрсдөө шийдэж, учрыг олно гэж хэлээд намайг хамтран зээлдэгчээр оруулж, гарын үсэг зуруулсан. Ямар зээл, яах гэж авсан, хэдэн төгрөг, ямар хугацаатай авсныг би мэдэхгүй. Гэрээнд гарын үсэг зурж дуусаад эхийгээ ажлаас нь авахаар явсан.

3.3. 2024 оны 05 сарын 11-ний өдөр амаржсан. Түүний дараа 2 удаа *******ХХК-аас над руу залгаж, ******* зээлээ төлөхгүй байна, хэлээд өг гэж ярьсан. Хоёр дахь ярилцлагын үед зээл төлөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Тухайн үед надад ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлсэн, би мэдэхгүй, өөрсдөө учраа ол гэж утсаар ярьсан. *******ХХК-аас 2 удаа залгахад би хоёуланд нь *******тай холбогдож хэлж байсан. Иймд тухайн компанийн зээл гаргасан ажилтан эсхүл *******тай холбогдож, надтай ямар ч хамааралгүй болно гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 24,883,259 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 320,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шаардлагатай баримт болох зээлийн гэрээний төлбөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжтой гэж хүсэлтийг хүлээн аваагүй.

5.2. Тус зээлийн гэрээг байгуулсан боловч *******-ийн дансанд 20,000,000 төгрөг ороогүй, гэрээний зүйл болох ******* улсын дугаартай автомашиныг хүлээн аваагүй. *******ХХК-ийн зээлийн мэргэжилтэн нь зээлийн мөнгөн хөрөнгийг *******-ийн дансанд шилжүүлсэн гэдэг боловч тийм гүйлгээний баримт байдаггүй. Харин *******ХХК-ийн дотоод данснаас гэрээний зүйл болох автомашины эзэн рүү шилжүүлсэн боловч *******-ийн зүгээс тухайн дотоодын дансыг нь ашиглаж үзээгүй. Тухайн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрээний төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг бүрэн бодитой шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон.

5.3. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, ******* зээлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл тус зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн шаардлага хангасан, зохих ёсны дагуу хэрэгжсэн эсэх дээр бүрэн дүгнэлт өгөөгүй. Учир нь ******* нь тус ******* улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд хүлээн аваагүй, худалдагч тал нь мөнгө ороогүй байна хэмээн хүлээлгэж байсан түүнээс хойш автомашиныг аваагүй, мөнгө дансаар ороогүй учраас тус асуудлыг дуусгасан байсан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан үүргээ *******ХХК биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

5.4. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх нотолгоо хэргийн материалд байхгүй, хариуцагчийн зүгээс хүлээн аваагүй гэдгээ илэрхийлдэг. Улмаар тухайн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч тодорхой үндэслэлгүйгээр шүүх хүлээн авахаас татгалзсан атлаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч *******, ******* нарын дансанд зээлийн мөнгөн хөрөнгө буюу 20,000,000 төгрөг ороогүй гэж тайлбарласан. Гэтэл талуудын хоорондын харилцаа нь худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдсан бөгөөд тухайн зээл нь худалдагч талын дансанд орно. Манайх зээлийн дансаар дамжуулан тухайн худалдагч талын данс руу ордог болохыг *******, ******* нар хүлээн зөвшөөрөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

6.2. 2024 онд нэхэмжлэл гарах үед хариу тайлбар гаргаагүй. 2025 оны 06 сард шүүх хуралдаан товлогдох үеэр *******, ******* нарыг хариу тайлбар ирүүлээрэй гэсэн боловч тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаан болсон. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,883,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ХХК зээлийн гэрээний дагуу шилжүүлэх мөнгөн хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын дансанд шилжүүлээгүй тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байх боловч ******* болон ******* нарын хооронд 2024 оны 03 сарын 26-ны өдөр байгуулагдсан 0299 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний 3.2-т ... үлдэгдлийг *******ХХК-ийн автомашины зээлээр төлөх, төлбөрийг *******ын .... тоот дансанд шилжүүлэх... гэж заасан, ******* нь *******ХХК-тай 2024 оны 03 сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд заасан автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг байгуулсан зэргээс зээлийн мөнгөн хөрөнгөөр ******* автомашин худалдан авсан болох нь тогтоогдож байх тул *******ХХК зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн, 2024 оны 05 сарын 14-ний өдөр 600,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчөөгүй, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан гэдгээ баримтаар нотлоогүй байна.

 

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.2.1-д Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй нөхцөлд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч *******ХХК-аас зээлдэгч нарт зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар сануулж, гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан болох нь хариуцагч *******гийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ хугацаагаар зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн байгаад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас хойших хугацаанд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул уг алдааг давж шатны шүүхээс залруулна.

8. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 19,859,742 төгрөг, зээлийн хүү 2,862,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,397 төгрөг, нийт 22,766,633 төгрөгийг нэхэмжилсэн ба гэрээг цуцалснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,116,626 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй болсон байх тул хариуцагч *******, ******* нараас 22,766,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,116,626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг нэмж тусгах нь зүйтэй.

 

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх нотолгоо хэргийн баримтад байхгүй тул нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно гэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хариуцагч нар шүүхэд өөрсдийн татгалзлын үндэслэлийн талаар тодорхой тайлбар ирүүлээгүй тул уг хүсэлтийг хариуцагч нарын татгалзлын үндэслэлд хамааралтай нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гэж үзэхгүй гэж дүгнэн хангахгүй орхисон нь үндэслэлтэй байх ба уг хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг мөн дурдах нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/05582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 22,766,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,116,626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 271,783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.УУГАНБАЯР