| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 314/2025/00286/и |
| Дугаар | 204/МА2025/00020 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 204/МА2025/00020
2025 9 24 204/МА2025/00020
Л.Л-ын хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Б.Х-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Л-ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Лхааганжав, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Л-ын шүүхэд гаргасан хүсэлтийн агуулга: Б.Х нь 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар томилогдсон байдаг. 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэрэгт татагдсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт Өвөрхангай аймгийн архивын тасгаас гарч ирэхгүйн улмаас улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд нь орж тооцогдохгүй хохироход хүрээл байна. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан талаарх нотлох баримт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдаг. Иймд Б.Х ыг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л-ын гаргасан “Б.Х ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Л.Л-ын давж заалдах гомдлын агуулга: Миний бие нь Б.Х ын улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэрэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 358 дугаартай шийдвэрээр Б.Х ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Учир нь хэргийн материалд Б.Х ын улсад ажиллаж байсан болох нь түүнтэй хамт ажиллаж байсан Д.Г , Д.Н нарын мэдүүлэг, тухайн үед хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг нотлох хөдөлмөрийн дэвтэрт Өвөрхангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан тухай тамгатай бичиг хийсэн зэрэг нотлох баримтууд байхад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь Б.Х ын улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй хохирогч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Л.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Х нь 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт бол малчнаар ажиллаж байсан. Ингээд тухайн ажиллаж байсан нөхцөл байдлаа тогтоолгох гээд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан. Б.Х-ын ажиллаж байсан жилтэй холбоотой нотлох баримтууд нь Өвөрхангай аймгийн Архивын газар болон бусад холбогдох байгууллагуудаас гарч ирээгүй. Харин хэргийн материалд гэрчээр түүнтэй хамт ажиллаж байсан Ган-Өлзийн Д.Г , Д.Н гэх гэрчийг асуусан. Манай нэгдэлд надтай хамт барилгачнаар ажиллаж байсан гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэрч нарын мэдүүлэг болон тухайн үед хөдөлмөр эрхэлж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тамга тэмдэгтэй баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг харгалзан үзэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Архивын газарт баримт материал нь байхгүй байгаа нь энэ хүний өөрийнх нь буруутай асуудал биш. Тухайн үед архивтай холбоотой баримт бичгүүдийг хүлээлгэж өгөх эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдлээс болж улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүйгээр түүний эрх зөрчигдөж байна. Б.Х ын тухайн үед ажиллаж байсан нотлох баримт нь архиваас олдохгүй байгаа ч гэсэн гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн үед хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бичилт зэрэг нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч Л.Л нь Б.Х-ын Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 04-ний өдрийн 314/ШШ2025/00358 дугаар шийдвэрээр Б.Х ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба шийдвэртээ “...Б.Х нь Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй ... Хэдийгээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л-ын хүсэлтээр Д.Г , Д.Н нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн бөгөөд хүсэлт гаргагчийг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
3. Энэ шийдвэрт нэхэмжлэгч Л.Л “... Б.Х ын улсад ажиллаж байсан болох нь түүнтэй хамт ажиллаж байсан Д.Г , Д.Н нарын мэдүүлэг, тухайн үед хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг нотлох хөдөлмөрийн дэвтэрт Өвөрхангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан тухай тамгатай бичиг хийсэн зэрэг нотлох баримтууд байхад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэн . . . Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
4. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой.
Тодруулбал, анхан шатны шүүх “... Д.Г , Д.Насанжаргал нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн бөгөөд хүсэлт гаргагчийг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна ...” гэж дүгнэхдээ гэрч Д.Г , Д.Н нар Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан талаар нотлох баримт байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах байжээ.
5. Дээр дурдснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Нэхэмжлэгч Л.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахад Б.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 04-ний өдрийн 314/ШШ2025/00358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Б.Х ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.