Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Ч түүний өмгөөлөгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802005650002 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  ..оны ... дүгээр сарын ...ны өдөр А-аймгийн Э суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, МҮИС-д эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Б дүүргийн ... дугаар хороо Б хороолол ....дугаар байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч

Шүүгдэгч Ч нь .... оны .... дүгээр сарын ...ны өдөр Д-аймгийн Х сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тедтрагидроканнабинолын агууламжтай өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүн авч Б дүүргийн ... дугаар хороо ... дугаар бичил хорооллын .. дугаар байрны .....тоотод хадгалсан, мөн уг өвсөө .... оны ..... дүгээр сарын ....ны өдөр биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч нь .... оны .... дүгээр сарын ...ны өдөр Д аймгийн Х сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тедтрагидроканнабинолын агууламжтай өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүн авч Б дүүргийн ... дугаар хороо .... дугаар бичил хорооллын ....дугаар байрны .... тоотод хадгалсан, мөн уг өвсөө ... оны ... дүгээр сарын ....ны өдөр биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “ ... Ч нь миний бие хар тамхи мансууруулах төрлийн бодис болон тэдгээрийн хэрэглүүр байгаа. Би уг өвсийг гэрээсээ аваад биедээ хийгээд ирлээ” гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн жинсэн өмдний гадна талын баруун халааснаас гадуураа цагаан ууттай жижиг хэмжээний өвс мэт зүйлийг гаргаж ирэхэд нь хураан авч “BIOBAS” загварын жин  дээр тавьж жинлэж үзэхэд 8.7484 граммыг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн  авч Ч биед үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд  дээгүүрээ хүрэн өнгийн савхин өвлийн куртиктай, дотуураа цэнхэр өнгийн судалтай цагаан өнгийн ноосон цамцтай дотуураа цэнхэр, цагаан, улаан өнгийн фудволктой, доогуураа хүрэн өнгийн бүсээр бүсэлсэн хар өнгийн жинсэн өмдтэй, дотуураа тод ягаан өнгийн дотоожтой, хөлдөө цэнхэр өнгийн пүүзтэй, дотуураа саарал өнгийн оймстой байв...” гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-15 дугаар хуудас/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “ ... дээрх 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос тетрагидроканнабинол төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-19 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “1. Хэрэг бүртгэлтийн 180200565 дугаартай хэрэгт цагаан өнгийн ууттай, уутны хамт 8,37 грамм хатаасан хар ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол /хэргийн 64 дүгээр хуудас/

Гэрч О “... Манай Х байдаг эмээ маань ..... оны .... дугаар сард өөд болсон. ....оны .... дүгээр сарын сүүлээр Ч манай ээж болон ээжийн дүүг Дархан хот руу хүргэж өгөхөөр хадам Т Сrown маркийн автомашинтай явсан. Д хот руу өглөө эрт 5-6 цагийн үед гурвуулаа яваад буцаад ганцаараа 18 цагийн үед ирсэн санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-66 дугаар хуудас/

Гэрч С “... 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ч аав Т гэрээр нь орсон байсан. Тэгээд 00-д ороод бие зассан чинь түлэнхий ургамлын үнэр үнэртсэн гэсэн. Тэгээд Ч хандаж танайд юу үнэртээд байна, юу шатаасан гэж асуутал би мэдэхгүй, би дөнгөж босч байна гэж хэлсэн гэсэн.

Эхнэр нь өглөө ажилдаа явсан байсан. Тэгээд аав нь гэрээс нь гараад бодож байгаад ер нь зөвлөгөө авъя гэж бодоод 102- руу залгаж асуусан байсан. Удалгүй Ч хадам ээж нь Ч цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн. ... Манай бэрийн эмээ өнгөрөөд Ч аавынхаа машинаар 2,3 хүн Дархан хүргэж өгсөн гэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12839 дугаартай шинжээчийн:

“1.2.3 Шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т Ч авсан шээсний дээж РД:АЮ91110815 гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 70-71 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12838 дугаартай шинжээчийн:

“1..2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “40” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocanabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 8,8348г, цэвэр жин нь 6,1118г байна” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 74-76 дугаар хуудас/

Ч  яллагдагчаар өгсөн “Миний биеэс хураагдсан өвсийг би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн төв Дархан хот орох замд авто засмалын дэргэдээс ганцаараа түүсэн.  ... Ингээд ..оны ... дүгээр сарын ....ны өдөр дэлгүүр гарах санаатай шүүгээ онгойлгоод Дархан хот орохдоо өмсөж явсан буюу хар өнгийн өмдөө аваад өмстөл халаасанд нь ууттай өвс байсан. Тэгэхээр нь сонирхоод ... өрөөнд ороход янжуур тамхины оронд нөгөө шарлаж хатсан өвсийг хийгээд галаар асаагаад 2-3 сорж үзсэн. Сайн сорогдохгүй болохоор нь унтраагаад хаясан. 00-д урсгасан. Гэтэл гаднаас хаалга тогшиж аав орж ирээд намайг сэжиглээд цагдаа дуудаж өгсөн байсан” мэдүүлэг /хэргийн 93-96 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ч нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүн авч хадгалж байсан нь Ч өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч Ч энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүний өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хадгалж байсан бодисоо өөрөө цагдаагийн байгууллагад авч ирсэн нь “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “ ... Ч нь миний бие хар тамхи мансууруулах төрлийн бодис болон тэдгээрийн хэрэглүүр байгаа. Би уг өвсийг гэрээсээ аваад биедээ хийгээд ирлээ” гэсэн тэмдэглэлээр нотлогдсон, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг ойлгож энэ талаар өөрийн ажилладаг МҮИС-д оюутнуудад сургалт явуулсан зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзэв.

Учир нь түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон ... гэмт хэргийг хөнгөн хэрэг гэнэ” гэж заасан ангилалд хамаарч байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн ууттай, уутны хамт 8,37 грамм хатаасан хар ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Түүнчлэн энэ хэрэгт Ч нь 48 цаг баривчлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Ч нь энэ хэрэгт 48 цаг баривчлагдсан болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Ч мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Ч тэнссэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн ууттай, уутны хамт 8,37 грамм хатаасан хар ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ