Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 205/МА2025/00014

 

                                                                                           М.О-н нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                         хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 311/ШШ2025/00332 дугаар шийдвэртэй

М.О-ийн нэхэмжлэлтэй Г.Ц-д холбогдох 23,580,000 төгрөг гаргуулах тухай, Г.Ц-ын сөрөг нэхэмжлэлтэй М.О, Ч.Б нарт холбогдох 51,420,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч М.О нь Г.Ц-д холбогдуулан 23,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.О нь Г.Ц-тай зээлийн гэрээ амаар байгуулж 3,600,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дансаар зээл авч барьцаанд нь хуучин цагийн мөнгөн хэрэглэлтэй /10 ширхэгтэй/ ясан хяртай 8,000,000 төгрөгийн үнэлгээтэй монгол эмээл 1 ширхэг, 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй хуучин цагийн мөнгөн хэрэглэл /4 ширхэгтэй/, шинэ цагийн нэг бүр нь 250,000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн аяга 2 ширхэг эд хөрөнгүүдийг барьцаанд тавьсан. Миний эдгээр хөрөнгүүд одоогийн зах зээлийн үнэлгээгээр 13,500,000 төгрөгийн үнэ хүрнэ. Тухайн зээлийн дүнд би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-нд 2,660,000 төгрөгийг өгч эд хөрөнгө барьцаалсан зээлээ хаагаад эмээл, хэрэглэл, мөнгөн аягаа авъя гэхэд өгөхгүй байна. Би зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн байхад миний эд хөрөнгийг өгөхгүй байгаа нь уг хөрөнгийг цааш нь захиран зарцуулсан гэж үзэж байна. Ийм учраас би эд хөрөнгийнхөө үнэ болох 13,500,000 төгрөгийг Г.Ц-аас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын, агуулга: ...нэхэмжлэгч М.О нь 2023 оны 06-р сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд эмээл, 2 мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн хэрэглэлийн хамт барьцаанд тавьсан. Дээрх зээлсэн 4,000,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг нь дансаар 400,000 төгрөгийг бэлнээр авсан. Тус эмээл, 2 мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн хэрэглэл нь ломбардад тавихад 1 сая хүрэхгүй байна та надад 4,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд аваад зээл өгөөч ангийн 30 жилийн ой болох гээд мөнгө хэрэгтэй байна гэж авсан. 2023 оны 06-р сарын 28-ны өдөр нэмж зээл авмаар байна гээд 900,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэлдээ тухайн зээлийн дүнд би 2023 оны 08-р сарын 30-ны өдрийн 1,400,000 төгрөг, 2023 оны 09-р сарын 17-нд 2,660,000 төгрөгийг өгч эд хөрөнгө барьцаалсан зээлээ хаагаад эмээл, хэрэглэл, мөнгөн аягаа авъя гэхэд өгөхгүй байна гэжээ.

 2023 оны 08-р сарын 30-ны өдрийн 1,400,000 төгрөг нь 2023 оны 06-р сарын 28-ны өдөр зээлсэн 900.000 төгрөг, бэлнээр зээлсэн 400,000 төгрөг, хүүний төлбөрт 100,000 төгрөг шилжүүлсэн. Мөн М.О нь 2023 оны 05-р сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 08-р сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Энэ 2023 оны 08-р сарын 30-ны өдөр зээлж авсан мөнгөний зээл, зээлийн хүүд 2023 оны 09-р сарын 17-ны өдөр 2,660,000 төгрөг төлсөн байдаг. Дээрх зээл авах бүрд барьцааны зүйл хэрэгтэй гэхэд эмээл, мөнгөн аяга, мөнгөн хэрэглэлээ тавья гээд үргэлжлүүлэн барьцаанд тавьж ирсэн. Иймд зээлээ бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч Г.Ц сөрөг нэхэмжлэлдээ: ...М.О  болон Ч.Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан... Зээлээ удаа дараа төлөхийг шаардахад 20,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 30,500,000 төгрөг, алдангид 2,000,000 төгрөг өгсөн. Үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,500,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,500,000 төгрөг гаргуулах, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийн зээлийн тухайд 2,660,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Одоогоор үндсэн зээл 7,600,000 төгрөг, зээлийн хүүнд 6,520,000 төгрөг, 3,800,000 төгрөг, нийт 17,920,000 төгрөг ба М.От, Ч.Б нараас нийт 51,420,000 гаргуулахаар шаардлага гаргажээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу татгалзал, тайлбарын агуулга: ...анх 20,000,000 төгрөгийг зээлэхээр ярьсан боловч зээлийн гэрээгээр 14,000,000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Өөр ямар нэгэн зээл аваагүй учир зээл, зээлийн хүү бодогдох үндэслэлгүй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт бичигдсэн барьцаалан зээлдэх гэрээгээр 4,000,000 төгрөгийн зээл авахаар ярьсан боловч 3,600,000 төгрөгийн зээл авсан байдаг. Нэмж 900,000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. Дээрх 2 зээл, зээлийн хүүг М.О, Ч.Б нар нь нийт 26,830,000 төгрөг төлсөн бөгөөд одоо зээлийн гэрээнээс илүү мөнгө төлсөн учир буцааж нэхэмжлэх эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Г.Ц нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу зохих зөвшөөрлөө аваагүй байж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн хүүгийн дээд хэмжээнээс дээш хүүтэйгээр бусдад зээл олгож уг хуулийн зорилт зарчмыг зөрчин бусдаас буюу М.О, Ч.Б нараас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж авсан байна. М.О, Ч.Б нар нь Г.Ц-аас 3,600,000 төгрөгийн, 14,000,000 төгрөгийн, 900,000 төгрөгийн нийт 3 удаагийн зээл авч зээлийн эргэн төлөлтөд 28,580,000 төгрөгийг буцаан төлсөн /Ц болон түүний ээжийн данс руу/ байдаг. Гэтэл Г.Ц нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу зохих зөвшөөрлөө аваагүй тул зээлсэн мөнгөнөөс илүү төлсөн дүн болох 10,080,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Г.Ц-аас М.О, Ч.Б нарын илүү төлсөн 10,080,000 төгрөгийг гаргуулж тэднийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

6. Хариуцагч Г.Ц нь нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: …Миний хувьд М.О, Ч.Б нарыг зээл аваач гэж гүйж шаардсан зүйлгүй бөгөөд М.О нь өөрөө зээл өгөөч гэж гуйж ирж зээл авсан байдаг. Зээл олгож байгаа тул хүүгийн хувь хэмжээн дээр бид нар тохиролцоод гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн хэлцэл гэрээ болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.О-ийн нэхэмжлэлтэй барьцаанд тавьсан эд хөрөнгийн үнэ 13,500,000 төгрөг, илүү төлсөн 10,080,000 төгрөг нийт 23,580,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М.О, Ч.Б нараас нийт 49,460,000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэгч Г.Ц-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,960,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 401,000 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шаардлагад төлсөн 415,050 төгрөгийг М.О, Ч.Б нараас гаргуулж Г.Ц-д олгож шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль болон Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжийг хангаагүй тул хэргийг дахин хянуулах хүсэлтэй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 311/ШШ2025/00332 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, М.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.Б, М.О нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцсан. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр гарсан. Ч.Б, Г.Ц, М.О нар нь анх 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулъя гэж ярилцсан боловч, 14,000,000 төгрөгийн зээл олгосон байдаг. Энэ талаар зээлийн гэрээн дээр тусгасан. Зээлийн гэрээнд 6,000,000 төгрөгийг зээлсэн өдрөө буцаан өгч, үлдсэн 14,000,000 төгрөгийг зээл авна гэх агуулгаар зээлийн гэрээний 3.1-д заасан. Зээл олгож байгаа бол зээлж байгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийг бүрэн олгосны дараа зээлийн хүү төлөх талаар Иргэний хуульд тусгасан. Зээл олгосон өдрөө зээлийн хүүгээ авах талаар хуульд тусгайлан заасан зүйл байхгүй. Анхан шатны шүүх ...Г.Ц, М.О нартай байгуулсан зээлийн гэрээ нь нэг удаагийн шинжтэй гэрээ байна гэж үзсэн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль батлагдан, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Г.Ц, М.О нар нь хоорондоо 2023 оны 05 дугаар сард зээлийн гэрээ байгуулсан.  Г.Ц нь хүүтэй мөнгө зээлж байгаа энэ тохиолдолд Завхан аймгийн .......... газраас энэ үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан хүүгийн дээд хязгаарт багтаан хүүтэй мөнгө зээлэх үйл ажиллагаа явуулах ёстой байсан боловч, дээрх хоёр байгууллагаас Г.Ц нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх талаар зөвшөөрөл авсан эсэх талаар лавлагааг авахад зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байдаг. Энэ талаар хэргийн материалд авагдсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “…хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй...” гэж заасан. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Г.Ц нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 удаа, 2023 оны 08 дугаар сард 2 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр зээл тус бүрт 3 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Дээрх зээлүүдийг 1 удаагийн үйлдэл гэж үзэх боломжгүй. Мөн зээл нь ашиг олох зорилготой байгаа тул Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Хуульд заасны дагуу тодорхой зөвшөөрөл аваагүй тул хүү, алданги авах эрхээ алдана. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан журмаар олгогдоогүй зээл тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх шинжийг агуулахгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан шаардлага хангаагүй зээлд зээлийн хүү, алдангид нэхэмжлэгч нь илүү хүү төлсөн 10,080,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хүүгийн дээд хэмжээнээс дээш олгосон байхад зээлийн хүүг бүтнээр нь нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас 26,080,000 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн. Анх байгуулсан 20,000,000 төгрөг зээлсэн гэрээг анхан шатны шүүх гэрээг хуулийн шаардлагад нийцсэн гэж үзсэн. Мөн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Г.Ц, М.О нар нь хоорондоо байгуулсан гэж дүгнэсэн бөгөөд зээлийн гэрээ байгуулсан өдрөө зээлийн хүүнд нь 6,000,000 төгрөг төлснийг оруулаагүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв.

10.  Хариуцагч Г.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...20,000,000 төгрөгийг би М.О-т зээлсэн. Би хүүтэй мөнгө зээлнэ гэж хэлээгүй. М.О намайг 20 хувийн хүүтэй зээлчих гэсэн. 20 хувийн хүүтэй мөнгө зээлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна. 10 хувийн хүүтэй зээлье, зээлийн хүүгээ сар, сард нь өгөөд яваарай гэхэд би хөдөөний хүн алданги төлж чадахгүй, эхний ээлжид 3 сарын зээлийн хүүгээ өгчихье, сүүлийн 3 сарын зээлийн хүүг зээлээ хаахдаа өгчихье гэж хэлсэн. Зээлийн гэрээнийхээ дагуу төлж чадахгүй юм байна. Сунгалт хийлгэе гэсэн. Би М.О-т боломж олгосон. Мөнгө авах болгондоо он, сар, өдрийг бичиж гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...20,000,000 төгрөгийн зээлийг ямар ч барьцаагүйгээр, би М.О-т итгээд зээлсэн. Хэн ч 20,000,000 төгрөгийг хүнд барьцаагүйгээр зээлэхгүй. ...Зээлийн гэрээний хүүд төлсөн мөнгийг буцаан өгөх боломжгүй. Би Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд итгэж гэрээ байгуулсан. Би мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээд биш. ...М.О, Ч.Б нар энэ танхимд хүрэлцэн ирээд үнэн зөвөө олох ёстой. Би ...Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол  хууль дүрмийг нь судлаад үйл ажиллагаа эрхлэх байсан. ...Өнөөдөр би зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Миний дансыг шалгаад үзвэл бүгд байгаа. Миний зээлийн ангилал буурсан. Намайг яагаад мөнгө хүүлэгч шиг бодоод байгаа юм бэ?, Анхан шатны шүүхийн шийдвэрийг би хүндэтгэн үзнэ. Монгол улсын хуульд итгэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Бүх нотлох баримт нь байгаа гэв.

11. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд Г.Ц нь байнгын давтамжтай мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар банк, банк санхүүгийн байгууллага нь байнгын ашиг олох зорилгоор иргэнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохоор байгаа. Хариуцагч Г.Ц-ын хувьд ашиг олох зорилгоор олон нийтэд хэлцэл, гэрээ, эрх зүйн актаар хүүтэй мөнгө зээлэх талаар хандаж санал хүргүүлсэн зүйл байхгүй. Г.Ц, М.О нар нь хуурай эгч дүүсийн харилцаатай хүмүүс болохынхоо хувьд нэгэндээ мөнгө зээлэх буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээнд хүү тогтоож болно гэсний дагуу М.О-ийн санал болгосны дагуу өөрийнхөө хүүд байр авах гэж байсан мөнгөө М.О-т хүүтэй зээлсэн байдаг. М.О-т зориулж байнгын мөнгө зээлсэн асуудал байхгүй. Анхан шатны шүүх Г.Ц-ыг нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь зөв байна. Г.Ц нь байнгын хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар түгээж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад М.О нь хугацаатай, хүүтэй мөнгө зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа дуусаад зээлээ төлөөч ээ гэхэд М.О нь би хүүгээ төлье гээд зээлийн гэрээний хугацааг сунгуулсан нь М.О-ийн хүсэл зориг байдаг. 20,000,000 төгрөгийг бэлнээр өгч, зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан  байна. Хүүгээ хэзээ төлөх нь зээлдэгчийн эрх хэмжээний асуудал учраас зээлдүүлэгчийн хувьд зээлийн хүүг авахгүй гэж татгалзах боломжгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болсон нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилаа. Зээлийн гэрээг бичгээр баталгаа гаргасан нөхцөл байдал байх тул үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм гэв.

                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэлгүй  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Г.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул барьцаанд тавьсан эд хөрөнгийн үнэ болох 13,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа, Г.Ц-аас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр амаар зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай, 3,600,000 төгрөгийн зээл авч барьцаанд нь монгол эмээл, хуучин цагийн мөнгөн хэрэглэл, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхгийг тавьсан. Зээлээ 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2,660,000 төгрөгийг өгч, зээлээ хаасан тул барьцааны эд хөрөнгийн үнэ 13,500,000 төгрөгийг Г.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.О нь хариуцагч Г.Ц-аас зээлийн хүүд илүү төлсөн 10,080,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

4. Хариуцагч Г.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч М.О болон Ч.Б нар нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд эмээл, 2 мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн хэрэглэлийн хамт тавьсан. Дээрх зээлсэн 4,000,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг нь дансаар 400,000 төгрөгийг бэлнээр авсан. ...2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэмж зээл авмаар байна гээд 900,000 төгрөгийг зээлсэн...” нийт 4,900,000 төгрөгийн зээл авсан гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ” ...М.О болон Ч.Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан... Зээлээ удаа дараа төлөхийг шаардахад 20,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 30,500,000 төгрөг, алдангид 2,000,000 төгрөг өгсөн. Үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,500,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,500,000 төгрөг гаргуулах, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийн зээлийн тухайд 2,660,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Одоогоор үндсэн зээл 7,600,000 төгрөг, зээлийн хүүнд 6,520,000 төгрөг, 3,800,000 төгрөг, нийт 17,920,000 төгрөг ба М.О, Ч.Б нараас нийт  51,420,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5. Нэхэмжлэгч М.О нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр амаар зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай, 3,600,000 төгрөгийн зээл авч барьцаанд нь монгол эмээл, хуучин цагийн мөнгөн хэрэглэл, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхгийг тавьсан. Зээлээ 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2,660,000 төгрөгийг өгч зээлээ хаасан тул  барьцааны эд хөрөнгийн үнэ 13,500,000 төгрөгийг Г.Ц-аас гаргуулж өгөхийг шаардсан.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч М.О нь хариуцагч Г.Ц-аас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 900,000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, мөн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.О нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Г.Ц-аас 4,000,000 төгрөгийн зээлийг тохиролцон авахдаа зээлийн барьцаанд ясан хяртай монгол эмээл /1ш/, хуучин цагийн мөнгөн хэрэглэл /4ш/, шинэ цагийн мөнгөн аяга /2ш/ зэргийг тавьсан бөгөөд уг барьцааны эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтгэх барьцаа болгож, үргэлжлүүлэн барьцаалсан зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг хоорондоо тохирч хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т  зааснаар нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Хэргийн материалаас судалж үзэхэд, талууд нийт 3 удаагийн зээлийн гэрээг хүү тооцохоор тохиролцож бичгээр хийсэн байгаа хэдий ч хариуцагч буюу зээлдэгч Г.Ц нь байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хугацаа дууссан, зээлдэгч зээлсэн мөнгө, түүний хүүг шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

7. Зээлийн гэрээний “хүү” гэдэг ойлголтыг зээлийн гэрээний үнэ, мөн тухайн мөнгөн хөрөнгийг ашигласны төлөө төлж буй төлбөр гэж тодорхойлдог. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор зохицуулсан байна.

8. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн тогтоол болон нэхэмжлэгч М.О-ийн хүүгийн хэмжээг хэтэрхий өндөр тохиролцсон тул илүү төлсөн хүү болох 10,080,000 төгрөгийг зээлдэгчээс буцаан шаардсан нэмэгдүүлсэн шаардлага зэргийг харгалзан талууд зээлийн хүүгийн хэмжээг 10 хувиар тохиролцсон нь зээлдэгчийн эрх ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж, зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь болгож багасгах нь зүйтэй байна гэж үзлээ.

9. Зохигч анх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон байгаа боловч зээлдүүлэгч энэ өдрөө 3 сарын хүүнд 6,000,000 төгрөгийг төлүүлж  14,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан  зээлийн гэрээний “2023 оны 05-р сарын 23-нд зээлийн хүү болох 6,000,000 төгрөгийг төлнө” гэсэн заалт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

Уг зээлийн гэрээний хугацааг талууд нийт 3 удаа буюу 2024 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл сунгаж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзэхэд зээлдэгч нийт 18 сарын хугацаанд 14,000,000 төгрөгийг ашигласан гэж үзэхээр байна. Иймд энэ гэрээгээр үндсэн зээл 14,000,000 төгрөг, 18 сарын хугацааны хүүг шүүхийн бууруулсан хүүгээр тооцоход 12,600,000 төгрөг, нийт 26,600,600 төгрөг төлөхөөр байна.

Талууд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг 2024 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл удаа дараа харилцан тохиролцож сунгасан байх тул гэрээний хугацаа буюу зээлдэгчийн зээл төлөх эцсийн хугацааг 2024 оны 11 сарын 15-ны өдөр гэж үзэхээр байх ба, үүрэг гүйцэтгэгч буюу М.О нь гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна” гэсэн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч М.О-ийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж алданги шаардах эрхгүй байна.

11. Зээлдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүүг шүүхийн бууруулснаар тооцоход 3 сарын хүү 600,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөг төлөхөөр байна. Г.Ц нь уг гэрээгээр алданги тооцож шаардаагүй байна.

12. Зээлдэгч М.О нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 900,000 төгрөгийг дансаар авсан байдал тогтоогдож байна. Талууд энэ гэрээг бичгээр хийгээгүй тул зээлдүүлэгч хүү, алданги шаардах үндэслэлгүй байна. Энэ гэрээний дагуу М.О үндсэн зээл  900,000 төгрөг төлөхөөр байна. 

13. Мөн М.О нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд гэрээг талууд тохиролцож сунгасан гэж байгаа боловч зээл авсан өдрөө сунгалт хийсэн гэрээг дахин байгуулсан байгаа учир тухайн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Энэ  гэрээний дагуу үндсэн зээлд 7,600,000 төгрөг, зээлийн хүүг шүүхийн бууруулснаар тооцоход 2 сарын хүү 760,000 төгрөг, алданги 4,180,000 төгрөг нийт 12,540,000 төгрөг төлөхөөр байна.

Тодруулбал, энэ гэрээнд талууд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн тооцоход 4,180,000 төгрөгийн алданги төлөхөөр байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч М.О нь Г.Ц-д нийт 30,500,000 төгрөгийг  төлсөн нь Г.Ц-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, болон хэрэгт авагдсан зээлийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон  байна.

14. Дээрх 4 удаагийн зээлийн гэрээний дагуу М.О нь зээл, зээлийн хүү, алдангид нийт 44,640,000 төгрөгийг төлөхөөс 30,500,000 төгрөг төлснийг хасч тооцоход М.О-ийн төлөгдөөгүй гэрээний үүрэг 14,140,000 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар хариуцагч Г.Ц нь нэхэмжлэгч М.О-ээс зээл, зээлийн хүү шаардах эрхтэй байна. Хариуцагч Г.Ц-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байна.

15. Хариуцагч Г.Ц-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч М.О болон түүний нөхөр Ч.Б нарт холбогдуулан гаргасныг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч Ч.Б нь М.О-ийн нөхөр бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

16. Зээлдэгч М.О нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эмээл, хазаар, 2 ширхэг мөнгөн аягыг барьцаалсан бөгөөд дээрх барьцааны зүйлийг зээлдэгч нарын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сунгахдаа уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан ба гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдсан шаардлага дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т заасан барьцаалагч барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэг хүлээхээргүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар М.О нь барьцааны эрх дуусгавар болсон бол барьцааны эд зүйлийг шаардах эрхтэй байхад, барьцааны зүйлийн үнийг шаардсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч М.О-ийн барьцааны эд зүйлийн үнэ 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

17. Мөн нэхэмжлэгч М.О нь хариуцагч Г.Ц-аас зээл, зээлийн хүүд илүү төлсөн гэх 10,080,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасны дагуу зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй гэж үзсэн тул илүү төлсөн хүүг зээлдэгч буцаан нэхэмжлэх эрхгүй байна.

18. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 311/ШШ2025/00332 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэг гэж нэмж, мөн “М.О, Ч.Б нараас 49,460,000 төгрөг гаргуулж”, гэснийг  “М.О, Ч.Б нараас 14,140,000 төгрөг гаргуулж” гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,960,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 37,280,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,       

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “415,050 төгрөгийг М.О, Ч.Б нараас гаргуулж Г.Ц-д олгосугай” гэснийг “288,650 төгрөгийг М.О, Ч.Б нараас гаргуулж Г.Ц-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                         ШҮҮГЧИД                                                    З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                                              Б.АРИУНБАЯР