Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Э түүний өмгөөлөгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805031950700 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ...ны өдөр У хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2  дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э нь ... оны ... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хороо ... дугаар бичил хороололд байрлах “Гэр бүл маркет” хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан иргэн Б эзэмшлийн ..... улсын дугаартай Kia Bongo 3 загварын автомашинд хууль бусаар нэвтэрч тэвшнээс 7 пакет буюу нийт 1400 ширхэг “Алтан жимс” нэртэй найруулдаг ундааг хулгайлж бусдад 560.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан буюу Э бусдын эд хөрөнгийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэрээсээ 14 цагийн үед гараад явж байхад “Гэр бүл” маркетын үүдэнд байсан машин надаас 100 метр зайтай зогсоод хаалгаа онгорхой үлдээгээд явчихаар нь машины тээшинд байсан Алтан жимс найруулдаг ундаанаас 7 пакетыг аваад хажуу талын байрны орц руу хийсэн. Тэгтэл нөгөө залуу дэлгүүрээс гарч ирээд сандарч байгаад явчихсан. Би тэр залууг өөр дэлгүүр дээр очвол авсан зүйлээ өгнө дөө гэж бодоод хаачих нь вэ гээд араас нь харсан боловч өөр дэлгүүр дээр зогсоогүй. Тэгэхээр нь би гэртээ аваачаад нэгийг нь ууж үзсэн. Тэгтэл цагдаа ирсэн. Би буруугаа хүлээгээд хохирлыг барагдуулсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Э “Би .... оны ..... дугаар сарын ....ны өдөр өөрийн компаний борлуулагчаар ганцаараа .... Киа бонго 3 маркийн автомашинтай борлуултаа хийгээд явж байгаад Б дүүргийн ... дугаар бичил хорооллын арктай байрны дунд Гэр бүл маркет дэлгүүрийн гадна зогсоолд Киа Бонго 3 эзэмшилийн автомашиныг зогсоогоод ард тээшнээс хоёр пакет Жанчивлан рашаан 20 ширхэг, Алтан жимс гэх усанд найруулж ундааг барааг Гэр бүл маркет руу  оруулчихаад буцаад машин дээрээ ирээд дэлгүүрээс авсан буцаалтын барааг буцаад тээшинд хийх гээд тээшийг онгойлготол 7 пакеттай 10 хайрцаг 1500 ширхэг Алтан жимс буюу нэг удаагийн усанд найруулдаг жүүс хулгайд алдагдсан байхаар нь ойр хавьд хүн амьтан шалгатал хүн байгаагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Би өөрийн тээшийг түгжиж яваагүй. Зүгээр хаагаад орчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

          “Пакет гэдэг нь 20 хайрцаг буюу 200 ширхэг ууттай найруулдаг жүүсийг хэлээд байгаа ба нэг хайрцагтаа 10 ширхэг буюу 10 уут жүүс байдаг гэсэн үг. Тэгэхээр нийт 150 хайрцаг буюу 1500 ширхэг “Алтан жимс” нэртэй найруулдаг жүүс хулгайд алдагдсан байсан юм. Нэг уут бүрийн үнэ 400 төгрөг болохоор надад нийтдээ 600.000 төгрөгний хохирол учирсан. Энэ бараа нь хувь хүний буюу миний өөрийн бараа бөгөөд би өглөөд “Б” ХХК-наас тус барааг өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад тэгээд дам дамаа өөрөө зарж борлуулдаг юм. Тэгэхээр тус компанид ямарч хамааралгүй. ... Тухайн үед би 8 хайрцаг бараагаа Э буцаан авсан бөгөөд Э нь дутаасан байсан барааныхаа үнийг бүрэн төлж барагдуулсан. Одоо Э нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

          Д ХХК-ны Хөрөнгийн Үнэлгээний тайлан “Алтан жимс” нэг удаагийн жүүс шинэ 7 пакет 10 хайрцаг нийт 600.000 төгрөг” /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

          Э яллагдагчаар өгсөн “Би .... оны .... дугаар сарын ....ны өдөр Б дүүргийн ....дугаар хороо Бичил хорооллын интернэт орохоор байрны голоор алхаж явтал цагаан өнгийн бүхээгтэй машин хажуугаар шүргэх шахуу гарахаар нь хөөе аятайхан яваач гэж хэлэхэд жолооч нь сонсоогүй байх чигээрээ яваад аркны цаад талд байрлах “Гэр бүл” гэсэн хаягтай дэлгүүрийн гадаа зогссон. Тэгээд жолооч нь машинаасаа бууж хойд ачаанаасаа рашаан ус аваад дэлгүүр рүү орохдоо ачааныхаа хаалгыг түгжихгүй орхичихоор нь би очоод гадуураа хатуу гялгар уутаар багласан 7 пакет “Алтан жимс” нэртэй найруулж уудаг шингэн сироп шиг ундааг аваад “Гэр бүл” дэлгүүрийн хажуугийн 9 давхар цагаан өнгийн байрны 6 дугаар орц руу оруулж тавьчихаад буцаад гарч ирсэн. Тэр үед нөгөө жолооч залуу сандарсан байдалтай юмаа хайгаад байгаа харагдсан. Би барааг нь тэр жолоочид нэг буцааж өгдөг юмуу гэснээ болиод жолоочийг машинаа асаагаад хөдлөөд явсны дараа такси бариад нөгөө 7 пакеттай ундааг гэр рүүгээ аваачсан. Тухайн үед манай эхнэр хүүхэд хөдөө явчихсан гэрт байгаагүй юм. Хулгайн бараанаас би гэртээ 1 пакетыг задалж дотроос нь 10 орчим ширхэг гялгар ууттай ундааг буцалсан усанд найруулаад уух гэж байтал хашааны хаалга цохиод цагдаа ирээд намайг Б дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү аваачсан. ... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

          “... би Бүрэнбаярын эзэмшлийн автомашины тэвшнээс 7 пакет буюу нийт 1400 ширхэг Алтан жимс нэртэй найруулдаг ундааг хулгайлсан боловч хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд Э нь .....оны ....дугаар сарын ...ны өдөр Б дүүргийн .... дугаар хороо .... дугаар бичил хороололд байрлах “Гэр бүл маркет” хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан иргэн Б эзэмшлийн ..... улсын дугаартай Kia Bongo 3 загварын автомашинд хууль бусаар нэвтэрч тэвшнээс 7 пакет буюу нийт 1400 ширхэг “Алтан жимс” нэртэй найруулдаг ундааг хулгайлж бусдад 560.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан нь хохирогч Б мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Э сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б “Миний хохирол бүрэн барагдсан. Нэхэмжлэх зүйлгүй, Гомдол санал үгүй” /хэргийн 51 дүгээр  хуудас/ гэсэн  баримт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Э 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

               

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

       

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ