| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 125/2025/0022/З |
| Дугаар | 001/ХТ2026/0004 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/0004
“Б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0593 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2025/0538 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э***, Э.Ц*** нарыг (цахимаар) оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Б***” ХХК-аас Ховд аймгийн Засаг даргад (цаашид “Засаг дарга” гэх) холбогдуулан “... Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/*** тоот албан шаардлагыг тус тус үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.
3.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн “Б***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн “Б***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2025/0538 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*** магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4-т анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж хуулийг буруу ойлгон хэрэглэжээ. Учир нь, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д хуулийн тодорхой заалт байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу ойлгож тайлбарласан байна.
6.2.“Б***” ХХК-д хаус хорооллын зориулалтаар газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд уг газрыг дуудлага худалдааны зарчмаар олгоогүй нь тус хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 12 дугаар сард 68/*** тоот албан шаардлагыг аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу Засаг дарга зөрчлийг арилгаж нэр бүхий компаниудад олгосон газрыг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй.
6.3.Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 7.2, 7.3, 7.4-т Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2.1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй санал нийлэхгүй байна.
6.4.Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хүрээнд бие даан шийдвэр гаргах эрхтэй ч хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй, энэ тохиолдолд хуулийн холбогдох заалтыг баримтлан асуудлыг шийдвэрлэнэ. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан нь Ховд аймгийн Засаг даргад өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх олгосон заалт юм гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Хууль зөрчсөн үйлдэл гарч болно цаг хугацаанаас үл хамааран түүний зөрчлийг арилгах нь чухал ба цаашид буруу жишиг тогтоох, хуулийг нэг мөр ойлгож дагаж мөрдөх нь чухал юм.
6.5.Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж хуульчилсан ба хариуцагчийн зүгээс хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байна.
6.6.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0593 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс маргаан бүхий актыг дахин шинээр гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9.Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар[1] “... *** багийн Шинэ суурьшлын бүсэд (шугам сүлжээ улсын төсвөөр хийгдэж байгаа) 2.3 га газрыг Хаус хороолол (*** хотхон) зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр”-ээр олгохоор нэмж төлөвлөсөн; төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг дарга 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/*** дугаар захирамжаар[2] Жаргалант сумын нутаг дэвгэрт нийт 3.6 га газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2020.03.19-ний өдөр зохион байгуулж, тус төсөл сонгон шалгаруулалтад “Б***” ХХК оролцож, Бугат багийн Шинэ суурьшлын бүсэд байрлах 0.6 га газрыг “орон сууцны” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр[3] захирамжийн 1.3 дэх хэсгээр шийдвэрлэж; иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 08401-*** дугаар гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулжээ.
10.Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/*** тоот албан шаардлагыг тус тус үндэслэн “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон дээрх газар (хавсралтын 2 дугаарт) мөн багтжээ.
11.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заасан.
12.Хариуцагч Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамжаар ... Бугат багийн Шинэ суурьшлын бүсэд байрлах 0.6 га газрыг “орон сууцны” зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны зарчмаар олгох газарт хамаарч байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “... төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай нөхцөлтэйгээр эзэмшүүлэх бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй” гэсэн дүгнэлт нь зөв.
13.Гэсэн хэдий ч Засаг дарга анх 2020 оны А/*** дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 9/05 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу маргаан бүхий газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын хэлбэрээр олгож, газрын төлбөр төлүүлэх замаар нэхэмжлэгчид газрыг эзэмшиж, ашиглах эрхийг олгосон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг бий болгосон байхын зэрэгцээ хариуцагчаас маргаан бүхий 2025 оны А/*** дүгээр захирамжаар “нэхэмжлэгчид олгосон газар нь төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох журмыг зөрчиж, дуудлага худалдаа явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтын зарчимд нийцээгүй.
14.Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах, уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй (эсхүл өөрчлөх) болгох эрхтэй боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг баримтлах учиртай.
15.Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамж нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд “газар эзэмших эрх” үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий акт тул захиргаа түүнийг шууд хүчингүй болгохоос өмнө тус хуулийн этгээдээс шалтгаалаагүй нөхцөл байдалд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, тухайн зөрчлийг арилгах боломжит хувилбарууд байгаа эсэхийг тодруулах ёстой. Ингэхдээ хуульд нийцүүлсэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэх сонгох боломжоос зөвийг ашиглах, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллага өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу хууль ёсны итгэл үүсэж үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатай байх (пропорциональ) зарчмын хүрээнд шийдвэрийн боломжит хувилбарыг хэрэгжүүлэх учиртай.
16.Энэ талаар давж заалдах шатны шүүх “... хариуцагч төлөвлөгөөнд тусгасан аргаар газрыг эзэмшүүлсэн, .... өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий А/99 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 61.1-д заасанд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, үүний улмаас тодорхой зардал гаргаж газрыг эзэмших эрх хэрэгжүүлж байсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
17.Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/*** тоот албан шаардлагад[4] “... Газрын тухай хуулийн дагуу ... зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг .... ирүүлэх, ... хавсралтаар “Шинэ суурьшлын бүсэд төсөл сонгон шалгаруулж олгосон газар ... дуудлага худалдааны үнэ 21,600,000” гэж тусгасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд “... газрын төлөвлөгөө хууль зөрчсөн, өмнөх Засаг даргын хууль зөрчиж газар олгосон шийдвэрийг засаж хүчингүй болгосон, аудитын албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгаж, төлөвлөгөөнд туссан зориулалтаар буюу нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрыг “орон сууц”-ны зориулалтаар дахин дуудлага худалдаа явуулах журмаар хуульд нийцүүлэн бусдад эзэмшүүлэх боломжтой ...”[5] гэж тайлбарласан.
18.Дээрхээс үзэхэд, төлөвлөгөөнд туссан маргаан бүхий газрын зориулалт (орон сууц) өөрчлөгдөөгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн маргаан бүхий газарт дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх замаар тус шаардлагад дурдсан зөрчлийг арилгаж, өмнөх шийдвэрийн алдааг засаж залруулах боломжтой бөгөөд энэ нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэнд хамаарна.
19.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2026/0002[6] дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зохицуулалтын хууль зүйн агуулгыг тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.
20.Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас энэ тогтоолын 18-д зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Б***” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
21.Энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинээр акт гаргах 6 сарын хугацааг тоолж эхлэх бөгөөд хариуцагч Засаг дарга зургаан сарын дотор дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгч хуулийн этгээдээр төлүүлэх замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125/ШШ2025/0052 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0593 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Б***” ХХК-д холбогдох хэсгийг 6 (зургаан) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Б***” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ
[1] хх 87-95 дахь тал.
[2] хх 96-101 дэх тал.
[3] хх 141, 135-136 дахь тал.
[4] хх 78, 84 дэх тал.
[5] “З***” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэмдэглэл.
[6] “З***” ХХК ба Ховд аймгийн Засаг дарга, 125/2025/0021/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2026/0002