| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00051/И |
| Дугаар | 212/МА2025/00048 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2025/00048
М.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/00293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ********** гэх газарт оршин суух М.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************* багт оршин суух А.Н-д холбогдох,
“1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 506 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг, нийт 17,952,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Нэхэмжлэгч М.М-ээс 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Дайун маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг, бүгд нийт 12,700,000 төгрөг гаргуулах мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж авч явахыг нэхэмжлэгчид даалгах”-ыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-, өмгөөлөгч Д.Айбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-, түүний өмгөөлөгч С.Алтай, орчуулагч М.Нурасыл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Миний бие М.М- нь Ногооннуур сумын иргэн А.Н-д 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1206 боодол ногоон өвс, мөн 580 боодол бор өвсийг үнэ тохирч өгсөн юм. Ногоон боодол өвс 1206 боодлыг 12,000 төгрөгөөр тохирсон 14,472,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй.
1.2. Мөн 580 боодол бор өвсийг 1 боодлыг 6000 төгрөгөөр тохирсон ба одоо хүртэл төлж өгөөгүй юм. А.Н-д утсаар холбогдсон боловч маргааш, нөгөөдөр өгнө гээд намайг чирэгдүүлж байгаа. Би А.Н-оос 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 580 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг, нийт 17,952,000 төгрөг авах ёстой.
1.3. Хариуцагч А.Н- 1206 боодол ногоон өвснөөс гадна 1500 боодол бор өвс авсан. 1500 боодол бор өвсний төлбөрт ачиж өгсөн төлбөр, мөн мотоциклийн үнийг хассан байгаа. Хайрцагт байгаа цоо шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг гэж байна. Хариуцагч уг мотоциклийг 2 жил өөрөө хэрэглэчихсэн хуучин мотоцикл байсан учраас бид 2,000,000 төгрөгөөр тооцож авсан байдаг. Уг мотоциклийн үнэ 2,000,000 төгрөгийг бор өвсний үнээс хасаж тооцсон. Бор өвсийг Ногооннуур сумаас Баян-Өлгий аймагт ачиж ирсэн 1 боодол өвсийг 1600 төгрөгөөр ачиж, нийт 3,200,000 төгрөг болсон. Надаас 1500 бор өвсийг авсан бөгөөд уг бор өвсний үнээс 2000 боодол өвс ачуулсны хөлсийг хасаж тооцож тооцоогоо дуусгасан.
1.4. Хариуцагчаас 1206 боодол ногоон өвс болон үлдсэн 580 боодол бор өвсний мөнгийг нэхэмжилж байна. Тэрнээс өмнө хариуцагч А.Н- нь 1500 боодол өвс ачиж явсан ба уг бор өвсний үнээр өвс ачуулсны хөлсийг өгч тооцоо дуусчихсан байгаа. Хариуцагчаас эхнэр маань 2024 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл наймаагаа хийж, мөнгийг эргэлтэд оруулж аваад, мөнгөө 5 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэсэн боловч өгөөгүй 1206 боодол ногоон өвсийг зээлээр авч, мөнгийг дараа нь төлөхөөр авсан. Тухайн үед ойрын хамаатан байсан учраас баримт бичүүлж аваагүй. Тухайн үед бид нараас 12,000 төгрөгөөр авч, мөнгө нэмж зарж ашиг үзчихээд өнөөдөр ногоон боодол өвсний үнийг өгөхгүй байна.
1.5. Иймд А.Н-оос 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 506 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг, нийт 17,952,000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.
2. Хариуцагч А.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-ийн хариу тайлбар, татгалзал:
2.1. А.Н- би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 гаруй үхрийг М.М-т хөлсийг нь төлж хүлээлгэж өгсөн ба М.М- нь за тохирлоо таны үхрийг хараад өгье, та миний хадгалж байсан ногоон, шар өвсийг зараад өгөөч гэдэг санал тавьсан. Би тус хүний саналыг хүлээж авч өвсийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн зарж өгсөн. Зарагдсан өвсний мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. Би өвс зарж гэр бүлийн хүмүүсээ тэжээж ирсэн хүн бөгөөд өвс зараад 20 гаруй жил болж байгаа. 20 жил өвс зарахдаа өвстэй холбоотой ямар нэгэн хэрүүл, маргаан гарч байгаагүй өөрийн ажлаа үнэнч шударгаар хийж байсан. 2024 оны 02 дугаар сараас 1206 ширхэг ногоон өвсийг манай хашаанд хадгалуулсан энэ өвсийг надад 12,000 мянгаар зараад өг гэж хэлсэн.
2.2. М.М-ийн өвсийг Ногооннуур сумын Ачит нуураас ачиж ирсэн үед Өлгийд өвсний үнэ, ханш буурсан байсан. М.М-ийн өвс 1 дүгээр зэргийн өвс биш бор өвс байсан ба зэгс холимог өвс байсан. 1206 ширхэг боодлоос 700 гаруй боодлыг зарж, үлдсэн 506 ширхэг шаргал ногоон өвс одоо хүртэл манай хашаанд байгаа. М.М- өөрөө мэдэж байгаа тэр өвсийг би авахгүй надад үлдсэн өвсөө хүчээр шахаж мөнгө нэхэж байгаа. 700 гаруй зарсан өвсний үнийг 700x12,000=8,400,000 мянган төгрөгөөс 2,600,000 мянган төгрөгт цоо шинэ “Дайун” маркийн цэнхэр өнгөтэй Мотоциклийн үнийг тохироод өгсөн. Үлдсэн 5,800,000 мянган төгрөгт 2024 оны 3 дугаар сараас эхлэн М.М-ийн 2000 ширхэг шар өвсийг, тээвэрлэж аймагт ЗИЛ-130 авч ирж хөлсөнд яваад миний өмчид байгаа хашаанд 2024 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл 10 сар манай хашаанд хадгалж байсан. М.М- эхэндээ өөрөө гуйгаад өвсөө оруулах, хадгалуулах газаргүй тул танай хашаанд оруулж хадгалъя гээд гүйж байсан. Би өөрөө хавар 2024 оны 5 дугаар сард очоод зарна гэсэн тэр чигээрээ яваад өвсөө ч аваагүй зараагүй.
2.3. М.М-ийн өвсийг 10 сар хадгалж, манаж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн бүтэн 2000 ширхэг шар өвсийг хүлээлгэж өгсөн тул миний хашаанд оруулсан өвсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Өвсний 1 сарын хөлс 500,000 төгрөг 500,000х 10 сар= 5,000,000 сая төгрөгийг 700 ширхэг өвсний үнээс 5,800,000 хасаад М.М-т өгөх миний мөнгө 800,000 мянган төгрөг юм. Дахиад 580 боодол шар өвс нэхэж байгаа уг 580 ширхэг шар өвснөөс бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй юм. 2024 оны 3 дугаар сард М.М-ийн 2000 ширхэг шар өвсийг 4 удаа тээвэрлэхэд тээврийн хөлсөнд 2,000,000 сая төгрөг тохирсон.
2.4. Хариуцагч тал манай хөрш, тухайн өвс манай хашаанд байгааг өдөр бүр харж байгаа. Бор өвсийг 4 удаа тээвэрлэх үед хөлсөнд яваад өгөөч гэж М.М- мессеж явуулсан. И.Гүлбахыт ч гэсэн тэрийг нотолж байна. А.Н- 1600 төгрөгөөр 4 удаа бор өвсөнд явсан. Хэрвээ А.Н- тухайн өвсийг зарж авсан бол бид нараас хөлс авахгүй. Өөрийнхөө шатахууныг өөрөө хариуцах ёстой. Бид нар хөлсөөр явсан. Бид нарт өвсийг авах хүн байвал зарчих гэж хэлсэн. Харин ч бид нар 700 боодол өвсийг борлуулж, тус болсон. Үлдсэн 506 боодол өвс одоо хүртэл байгаа. 4 удаа тээвэрлэсэн хөлс болох 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч М.М- 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А.Н-ын цоо шинээр авсан мотоциклийг үнэлж, тэрний мөнгөнөөс хасаад өгнө, надад мотоцикл хэрэгтэй байна. Та мотоциклээ зарчих гэсэн учраас 2,600,000 төгрөгөөр мотоциклийг аваад явсан. 4 удаа тээвэрлэж ирсэн өвсийг манай хашаанд 13 сар хадгалсан. Тухайн үед бид зөндөө олон мессеж явуулсан байдаг. 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай хашаанд байгаа өвсөө аваач ээ, өдөр бид нар гэртээ байдаггүй, гал гарах аюултай байгаад байна, гал гарч байна гэж зургийг нь хүртэл явуулсан. Зарим үед нойргүй хонож байсан. Яагаад гэвэл зуны улиралд хурим найр ихтэй байдаг. Хөдөөгөөс манай хамаатан садны хүмүүс ирж хонодог. Ихэнх нь согтуу, тамхи татдаг учраас араас нь дагаад явдаг байсан. Яагаад гэвэл өвс шатах аюултай. Дээрээс нь манай хөршүүд ч гэсэн энэ өвс шатаж магадгүй, өвсөө аваад яваач ээ гэж зөндөө хэрүүл гаргаж байсан. Нэхэмжлэгч М.М-т өвсөө ачиж яваач ээ гэж олон удаа мессеж явуулсан байдаг. М.М-ийн гаргаж өгсөн мессежийг орчуулгын товчоонд өгсөн байна. Зарим үгийг өөртөө ашигтай байдлаар орчуулж өгсөн байна.
2.5.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/00293 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Н-оос 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-т олгож, илүү нэхэмжилсэн 580 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг болон хариуцагч А.Н-ын нэхэмжлэгч М.М-т холбогдуулан 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Дайун маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг, бүгд нийт 12,700,000 төгрөг гаргуулах мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж авч явахыг нэхэмжлэгчид даалгахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,670 төгрөг, хариуцагч А.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 230,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч А.Н-ын өмгөөлөгч С.Алтай би анхан шатны шүүхийн 2025 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн 302/ШШ2025/00293 дугаартай М.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 17.952 тоот төгрөг нэхэмжилжээ. Зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд дурдсанаар хэрэг шийдвэрлэгдэх ёстой. Нэхэмжлэлд 1206 боодол ногоон өвс, 580 боодол шар өвсний үнэ нь дээрх 17.952.000 төгрөг гэдэг ба ногоон өвсөө нэг боодлыг 12.000 төгрөгөөр, бор өвсийг 6000 төгрөгөөр үнэлж 12.000x1206-14.472.000 шар нь 348,000 төгрөг бүгд 17.952.000 гэж тооцжээ. Шүүх хуралд болон эхлэхээс өмнөх хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тооцоогоо буруу хийжээ гэж уучлалт хүсэж шаардлагаа бууруулан 580 боодол шар өвсийг нэхэмжлэлээс хасуулсан байсан.
4.3. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч А.Н- нь тайлбараас гадна сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд: (1)М.М-ийн дээрх 2000 боодол өвсийг нь Ногооннуураас хөлсөөр өөрийн ЗИЛ-130 машинд чиргүүл чирч 4 удаа тээвэрлэж авч ирсэн. 1 ширхэг боодол өвсийг Өлгийд тээвэрлэж ирсэн хөлс1800 төгрөг ба нийт 2000 боодол өвс нь нийт /1800x2000-600.000/ 3.600.000 төгрөг бөгөөд энэ мөнгийг М- нь өгөөгүй тул нэхэмжилнэ, (2)М.М- надаас “Дайун” /DAIUN/ гэдэг цоо шинэ мотоциклийг 2.600.000 төгрөгөөр үнэлж зээлээр авсан. Энэ мөнгийг нэхэмжилсэн мөнгөнөөс нь хасуулна. Учир нь өвсний үнээс хасуулна гэж мотоциклийг М.М- нь тохирч авсан, (3)М.М- нь манай хашаанд 2000 бодол өвсөө хадгалуулахдаа сард 500.000 төгрөг өгөхөө гэрт байхдаа амлаж тохирсон бөгөөд нэг сарын мөнгийг нь өгсөн ба үлдсэн 13 сар хадгалсны хөлс 6.500.000 төгрөгийг өгөөгүй тул нэхнэ” гэж хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байсан.
4.4. Сөрөг нэхэмжлэлд М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нь “Өвс ачуулсан нь үнэн, А.Н-ын хашаанд буулгасан нь үнэн. 2000 өвсийг М.М- нь буцаад ачаад явсан нь үнэн. Мотоцикл авсан нь үнэн” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Сөрөг нэхэмжлэлээр хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч буюу хариуцагч М.М-ээс дээр дурдсан мөнгөнөөс гадна 2.600.000 төгрөгийн авлагатай” гэдэг талаар сөрөг нэхэмжлэлд тодорхой тооцон тайлбарлаж бичигдсэн байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн уншин танилцсан байх гэж бодож, шийдвэр болон нэхэмжлэл, тайлбар гэрч зэргийн хэлж, бичсэнээр дараах байдал тодорхой байна. Үүнд:
4.5. Нэхэмжлэгч М.М-, хариуцагч А.Н- нар нь нэг сумын, нутаг голын эртний танил ба төрөл садан болж ч харьцдаг дотно бөгөөд өвс хадлангийн үед харилцан ашигтай бие биедээ тусалж байсан хүмүүс болох нь тодорхой байна.
4.6. 2023 оны намар, 2024 оны өвөл, хадлан, өвс ачих хүргэх, хадгалах ажил төрлийн үед М.М- нь 2000 боодол шар өвсийг нэг бүрийг ачсан хөлс гэж 1600 төгрөгөөр үнэлэн А.Н-ын чиргүүлтэй ЗИЛ-130 маркийн машинд 2023 оны 02 дугаар сарын дундуур Ногооннуур сумаас ачуулж уг өвсөө хариуцагч А.Н-ын хашаанд “түр” гэж хадгалуулан улмаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байлган уг 2000 боодолтой өвсийг бүрэн бүтэн А.Н- болон түүний эхнэрийн шаардсанаар А.Н-ын тээврийн хэрэгсэлд ачиж Өлгийд өөрийн харьяаны хашаанд буулгаж авсан нь нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон гэрчийн мэдүүлгээр хэрэгт тодорхой байна. Энэ 2000 өвс А.Н-ын хашаанд бүтэн нэг жил гаруй шатах эрсдэлтэй орчинд аюултай байдалд байх үед А.Н- нар өвсийг ав гэж олон удаа шаардаж мессеж бичсэн ба М.М- нь “Би удахгүй өвсөө авна. Тэр хүртэл өвсийг харж, манаж байсан та нарын хөлсөнд сард 500.000 төгрөг өгнө” гэж тохирсон байдаг. Энэ нь үнэн бөгөөд “Энэ байдлыг хэлэхээс зовж М.М- нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болох бидний харилцааг огт мэдэхгүй эгчийгээ шүүх хуралд оролцуулаад тохирсон, хэлэлцсэн байдлаасаа няцаж эвгүй зан гаргалаа” гэж хариуцагч А.Н-ын хэлж байгаа нь үндэслэлтэй.
4.7. Мотоциклийг өвсний үнэд багтааж 2.600.000 төгрөгт биш 2.000.000 төгрөгт үнэлж авснаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд нотолж хэлсэн бөгөөд энэ тухай шүүх нь шийдвэрийнхээ 4, 4.1, 4.2, хэсгүүдэд нэхэмжлэгч М.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эгч нь М.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн хариуд гаргасан тайлбарыг хуулбарлан бичсэн байгаа. Үүнд: М.Г- нь “А.Н- нь өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 том оврын чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Ногооннуур сумаас 2000 өвс ачсан юм. Нэг ширхэг боодол өвсийг 1600 төгрөгөөр ачих болсон /аччихсан байгаа/ Бор өвсийг А.Н- өөрийн машинд ачиж өөрийн хашаанд буулгасан” гэж М.М- болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г- нь 2000 боодол бор өвсийг нэг бүр боодлыг 1600 төгрөгөөр хөлс төлж М.М- нь А.Н-ын машинд ачуулсан гэдгийг, мөн энэ 2000 боодол бор өвсийг А.Н-ын хашаанд буулгасны дараа нь ачаад явсан гэдгийг хүлээн мэдүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ч хүлээн зөвшөөрч нотлоод байхад шүүх нь нотлогдсон байдлыг шууд үгүйсгээд, хуулийг буруу тайлбарлаад, хууль ёсны шударга шийдвэр гаргаагүй. Шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн “Бор өвс ачсаны хөлсөнд 3.600.000 төгрөг нэхсэн байгаа. Уг мөнгийг нь өмнөх ачуулсан бор өвсний үнээс өгч тооцоо дууссан, хөлсний талаар ямар нэгэн тооцоогүй” гэж хэлсэн үгэнд нь шүүх шууд итгэж харанхуйгаар, таамгаар, нэхэмжлэгч, зөв ярьсан байх гэж тэдний үгийг үнэнд тооцон итгэж нотлох баримтаар үндэслэлгүйгээр үнэлж буруу шийдвэр гаргасан.
4.8. Шүүх нь “Дайун” мотоциклийг М.Г- нь 2.600.000 төгрөгөөр авсан гэж зөвшөөрөөд байхад яаж төлөгдсөн тухай тодорхой нотолгоог хариуцагч М.М-ээс өгч чадахгүй зүгээр л төлж өгсөн гэсэн үгэнд нь итгэж сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж 238.1-д заасан зүйлийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарласан.
4.9. Мөн шүүх нь: Нэхэмжлэлд дурдсан 1206 боодол ногоон, 580 боодол бор өвсний талаар хэргийг шийдвэрлэх байтал нэхэмжлэгч харилцагчдын 2022 он, 2023 он, 2024 онууд буюу нэг, хоёр жилийн өмнө, хойно, энэ хооронд ачсан буулгасан өвсний асуудлыг ухаж төнхөөд нэхэмжлэгчээс баахан казахаар бичсэн мессеж, нотлох баримтын шаардлага хангахгүй нэг дэвтрийг хүртэл хэрэгт хавсарган авч, /уул нь авах ёсгүй/ тэр дэвтэр дотор бичсэн зүйлийг уншин шүүх хуралд дурдан ярьж, асуулт болгон тавьж хариуцагчийн тайлбарыг мушгин гуйвуулж үл тоож байсан ба энэ байдлаар хандаж нэхэмжлэлийг хууль зөрчин хангасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан заалтыг тодорхой тайлбарлаж чадалгүй, тайлбарлалгүй ерөнхий бөөрөнхийлөн зааж хуулийн заалтыг буруу тайлбарлан, оронцоглож, хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн.
4.10. Шүүх нь, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн буруу шийдвэр гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй. Шүүх нь М.М- нарын гаргаж өгсөн тэмдэглэл гэсэн орчуулагдаагүй, чухам хэнтэй харьцаж юу бичсэн нь тодорхойгүй олон хуудастай, нотариатаар баталгаажуулаагүй дэвтрийг, мөн орчуулаагүй мессеж, захиаг шаардлага хангахгүй байхад нотлох баримтаар үнэлж хэрэгт авч улмаар тэр баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн ба энэ тухай шүүгч нь хэрэг шийдвэрлэх явцад тайлбарлаж хэлж байсан. Гэтэл хариуцагч буюу сөрөг нэхэмжлэлийн талаар М.М-тэй, “Өвсөө аваад явж хашааг чөлөөлөөч ээ” гэж М.М-ийн хөлсөөр бичилцсэн мессеж, захидлыг нотлох баримтаар авалгүй ялгавартай хандсан бөгөөд энэ нь шүүгчийн шударга шийдвэр гаргахад маш ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна. Хэдэн жил өвс авч, өгч ачиж явсан 2 хүний яриаг тодорхой цаг хугацаа нь, мөн аль үеийн өвсний тухай ярилцаж байсан гэдгийг мэдэхгүй байж шүүх нь жишээ болгон үндэслэх хэсэгт дурдсан.
4.11. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ихэнхийг хариуцагч буюу нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байхад шүүгч сөрөг нэхэмжлэлийн талаар болон үндэслэлтэй эсэхийг нь огт дурдалгүй, мөн дүгнэлгүй зөнд нь хаяж шийдвэрлээгүйд нь гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч М.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ачсан өвсний хөлсийг М.М- төлж байсан гэж мөн гэрчүүд ч шүүхэд гэрчлэн нотлон хэлж байхад шүүх нь дүгнэлт хийгээгүй. Тухайлбал: Өвс зээлдэж өгсөн хүн нь зээлдэж авч Өлгийд хүргэсэн А.Н-д өвсний тээврийн хөлсийг төлөхгүй нь тодорхой. Хөлс төлсөнд эргэлзээ, маргаан байна гэж шүүх нягталж хяналгүйгээр буруу шийдвэрлэсэн. Гэрчүүд өвс ачиж өгөх мөн буулгах үүрэгтэй, хөлсөө авах эрхтэй бөгөөд харин ч М.М- нь А.Н-д өвс ачсаны тээврийн хөлсийг өгсөн гэдгийг гэрчилсэн нь Н-ын эрх зүйн байдалд ашигтай нотолгоо байсан байхад үнэлээгүй.
4.12. Иймд дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.М-ийн хариуцагч А.Н-д холбогдуулан гаргасан “1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 506 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг, нийт 17,952,000 төгрөг гаргуулахыг хүссэн” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч А.Н-ын нэхэмжлэгч М.М-д холбогдуулан гаргасан “нэхэмжлэгч М.М-ээс 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Дайун маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг, бүгд 12,700,000 төгрөг гаргуулах, мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж авч явахыг нэхэмжлэгчид даалгахыг хүссэн тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан “хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэхэд шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
7. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч А.Н-д холбогдуулан 17,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар өвс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч А.Н-д 1206 боодол ногоон өвсийг зээлээр өгч, үнийг нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авахаар болсон боловч тэрээр өгөөгүйн улмаас уг боодлын үнийг тухайн үеийн сумын ханшаар бус харилцсан тохирсон үнэ болох 12,000 төгрөгөөр тооцож, нийт 14,472,000 төгрөгийг хариуцагч А.Н-оос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй ба хариуцагч гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй. Хариуцагч А.Н-оос 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-т олгож, түүний илүү нэхэмжилсэн 3,480,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хариуцагчаас Дайун маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөгийг 1206 боодол өвсний үнэд тооцуулж хасуулсан гэх боловч энэ нь талуудын цахим хаягаар харилцсан зурвасаар үгүйсгэгдэж, 1206 боодол өвсийг нэхэмжлэгчээс хариуцагч А.Н- нь зээлдэж авч худалдан борлуулж эхнэр И.А-д өгч, уг мөнгийг 5 дугаар сарын 20-нд өгөхөөр болсон үйл баримтаар тогтоогдсон тул уг мотоциклийн үнийг 1206 боодол ногоон өвсний үнээс Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар тооцуулах эсхүл үнийг авна гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч М.М-ийн өгсөн гэх өвс нь 1 дүгээр зэргийн өвс биш, бор болон зэгстэй холимог өвс байсан ба 1206 боодол өвсний 700 гаруй боодлыг зарж, үлдсэн 506 ширхэг шаргал ногоон өвс одоо хүртэл зарагдаагүй, өөрийн хашаанд байгаа гэж маргаж байгаа боловч 1206 боодол өвсийг хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч М.М-ээс худалдаж авсан нь A, Al гэх цахим хаягаар харилцаж байсан зурвасууд, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хувийн тэмдэглэлийн дэвтрийн 1 ба 5 дугаар нүүрэн хэсэгт “2024 оны 02-р сарын 03-ны, 05-ны өдөр А.Н- нь 302 шар боодол, 301 шар боодол тус тус авлаа. Үнэ 6000, шар боодол 1458-540, 3 дугаар сарын 14-ний өдөр шар боодол 562, 3 дугаар сарын 18-ны өдөр шар зэгс 309, 3 дугаар сарын 20-ны өдөр шар боодол 170, зэгс 392 авлаа, 3 дугар сарын 25-ны өдөр шар боодол 562 авлаа” гэсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.
10. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үндэслэлтэй, зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаантай үйл баримтад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
11. Нэхэмжлэгч М.М- нь 1206 боодол ногоон өвсийг хариуцагч А.Н-д хүлээлгэж өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Худалдах-худалдан авах гэрээ нь эд хөрөнгө шилжүүлэх, түүнийг хүлээн авах, төлбөр хийхтэй холбоотой суурь харилцааг зохицуулна. Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч М.М- болон хариуцагч А.Н- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ талаар болон хэргийн үйл баримтыг тогтоосон, Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурласан байх тул хариуцагчийн “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зохицуулсан байх тул хариуцагч А.Н- нь худалдан авсан боодол өвсний үнийг төлөх үүрэгтэй.
12. Хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч М.М-ээс (1) 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, (2) Дайун маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, (3) 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг, бүгд 12,700,000 төгрөг гаргуулах мөн (4) 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж авч явахыг нэхэмжлэгчид даалгах”-ыг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А.Н- нь 2000 боодол шар өвс тээвэрлэсэн тээврийн хөлс 3,600,000 төгрөгийг М.М-ээс авах ёстой гэж тайлбарлах боловч талууд 2000 боодол шар өвсийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас Өлгий сум хүртэл тээвэрлэж тээврийн хөлс авахаар тохиролцсон талаар хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй, Дайун маркийн шинэ мотоциклийг 2,600,000 төгрөгөөр тооцож өгсөн талаар хэрэгт баримтгүй, 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэдэн боодол өвсийг ямар хугацаанд хадгалуулсан талаар буюу хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, үндэслэлээ нотлоогүй, талуудын хооронд амаар болон бичгээр хадгалалтын гэрээ байгуулагдсан гэх үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
13. Хариуцагч А.Н-оос нэхэмжлэгч М.М-т холбогдуулан түүнээс 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын цахим хаягаар харилцсан 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зурвасаар “М-ээс цахим хаягаар: Н- очсон уу? Al гэх хаягаас: Сая л ирж байна. Гадаа хүйтэн байна уу?, Al гэх хаягаас: Манда, чи яагаад хэлсэндээ байдаггүй юм бэ? Жаахан эргүүлж авъя гэж чамд хэлээ биз дээ? Би ч гэсэн хэзээ нэгэн цагт сайн юм хийнэ шүү дээ. Чамд байгаа юм хаачхав гэж. Байж л байг. тохирсон гэж бодоод нөгөө шар боодлыг чинь зөөсөн шүү дээ” гэх зурвасаар тээврийн хөлсний талаар талууд харилцан тохиролцож, энэ талаар хоорондын тооцоог дуусгавар болгосон нь тогтоогджээ.
14. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өвсийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өөрийн хашаандаа хадгалсан, түүний хөлсөнд 6,500,000 (13сар х 500,000) төгрөг нэхэмжилсэн боловч гэрч С.Т-ийн мэдүүлэг, талуудын тайлбар, хоорондоо харилцаж байсан зурвасууд зэргийг харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд хадгалалтын гэрээг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан тодорхой нөхцөлтэйгөөр талууд харилцан тохиролцож байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
15. Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...М.М- нь миний 20 гаруй үхрийг хараад өгье, та миний хадгалж байсан ногоон, шар өвсийг зараад өгөөч гээд санал тавьсан болохоор би түүний саналыг хүлээж авч өвсийг чинь боломжоороо зараад өгье гэж хэлээд, зарагдсан өвсний мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. Мөн 2024 оны 3 дугаар сард М.М-ийн 2000 ширхэг шар өвсийг 4 удаа тээвэрлэхэд тээврийн хөлсөнд 2,000,000 сая төгрөгөөр тохирсон юм” гэж тайлбар гаргасан /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ боловч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...тээврийн хөлс 1800 төгрөг х 2000=3.600.000 төгрөг...” гэж /хавтаст хэргийн 99-100 дахь тал/ нэхэмжилж тээврийн хөлсийг, нэг боодлыг 1000 төгрөг, эсхүл 1800 төгрөгөөр тохирсон гэж зөрүүтэй тайлбарласан ба нэхэмжлэлийн үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй байна.
16. Хариуцагч А.Н- нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж, шаардлага хангаагүй орчуулагдаагүй тэмдэглэл, мессеж, захидлыг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан нь хууль ёсны биш гэж үзэж байна. Харин сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гарсан баримт, гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүй орхисон бөгөөд энэ нь шударга шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, өвс тээвэрлэх хөлсийг М.М- төлсөн тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг тооцоогүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг огт дүгнэлгүй орхисон. Иймд уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж үзэж байна” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа дээрх үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч А.Н- нь нэхэмжлэгч М.М-ээс өвс худалдаж авсан үйл баримт тогтоогдсон, шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж, Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэсэн учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.
17. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Хуульд зааснаар хариуцагч А.Н-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 130/ШШ2025/00293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ