| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00260/И |
| Дугаар | 212/МА2025/00049 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2025/00049
Монгол Улсын Т-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Х.Мейрамбек, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **************** үйл ажиллагаа явуулах, Т-/дарга Л.Ц/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********оршин суух, Х.Н-д холбогдох,
“Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 14,707,806 төгрөгийг гаргуулан Т-ийн Төрийн сангийн ************ тоот дансанд төлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагч Х.Н-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахим сүлжээгээ/, хариуцагч Х.Н-, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Т-Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан хуулийг үндэслэл болгон дараах чиглэлийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна.
1.2. Х.Н- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иргэн С.С- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.С-ийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
1.3. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 14,707,806 төгрөгийг хуульд заасан журмын дагуу нөхөн олгохыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.С-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,707,806 төгрөгийг нөхөн төлсөн байна. Т-өөс иргэн Х.Н-д хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 04/294 дүгээр албан бичгийг хүргүүлсэн.
1.4. Иймд Х.Н-ы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг /Т-ийн нэр дээрх төрийн сангийн ************ тоот дансанд/ буруутай албан тушаалтан Х.Н-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Хариуцагч Х.Н- би Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын албан тушаалд ажиллаж байхад ажил олгогч болон төсвийн шууд захирагчийн хувиар тус сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш С.С-ийг захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл С.С- нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлал зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшийн албан тушаалд эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Хариуцагч Х.Н- намайг хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.С-ийн ажилгүй байсан хугацааны олговорт Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Боловсролын Сургуулийн санхүүгээс 14,707,806 төгрөг олгож шийдвэрлэсэн байна. Эдгээр үйл баримт нотлох баримтаар авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд тогтоогдсон байх юм. Хариуцагч Х.Н- би Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхад тус сургуулийн багш С.С-ийг захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул түүний ажлын байранд өөр хүнийг томилон ажиллуулаагүй, бусад этгээдэд давхар цалин олгогдоогүй учир төрд болон сургуулийн төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болно.
2.2. Харин С.С-ийг ажлаас чөлөөлж, орон тоо цөөрүүлсэн, ажлын байрыг тухайн үед хасаж шийдвэрлэсэн зорилго, зорилт маань багш нарын ажлын ачааллыг жигдрүүлэх, төсвийн мөнгийг хэмнэх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, анги дүүргэлт тус сургуульд элсэгчдийн тоо хүрэхгүй байгаатай шууд холбоотой байсан бөгөөд төсөвт хэмнэлт гаргах явдал байсан. С.С-ийг нэгэнт шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байх хугацааны нөхөн олговор болох 14,707, 806 төгрөгийг ажил олгогч нөхөн олгож байгаа нь хууль ёсны асуудал бөгөөд энэ нь тус сургуулийн төсөвт хэмнэгдэж байсан цалингаа С.С-т нөхөн олгосон үйлдэл юм. Сургуулийн төсвөөс илүү зардал, давхар цалин гараагүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм хорын хохирол учраагүй болно. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулийн 489 дугаар зүйлийн 489.5-д заасан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй боловч, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэх эрх нь дотоод аудитын нэгж болон төрийн аудитын бүрэн эрхэд хамаарах юм. Т-нэхэмжлэх өөрсдийн дансанд оруулж, ашиг хүртэх эрх хэмжээ байхгүй.
2.3. Т-ийн ************ тоот дугаартай дансанд оруулах нь ашиг сонирхлын зөрчил болно. Т-бол ашгийн төлөө байгууллага биш юм. Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан ....төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэх заалт нь төрийн байгууллагад хохирол учирсан хохирол байхыг тогтоосон байвал зохино. Харин С.С-ийн хувьд ажилгүй байсан хугацаанд төсвөөс олгогдоогүй, зарлага гараагүй байж хэмнэгдэж байгаа цалинг нөхөн олгосон үйлдэл тул төрд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байна.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Ахмарал: Нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзлээ.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэрээр:
4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Хозыханы Н-аас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 /арван дөрвөн сая долоон зуун долоон мянга найман зуун зургаан/ төгрөгийг гаргуулан Т-ийн Төрийн сангийн ************ тоот дансанд оруулж,
4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т-нь төсвийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 231,489 /хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.Хариуцагч Х.Н- би Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байхад тус сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш С.С-ийг ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан: “...ажлын байр халагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлал зэрэг хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч С.С-ийг урьд эрхэлж байсан багшийн албан тушаалд томилон шийдвэрлэсэн.
5.2. Гэтэл хариуцагч Х.Н- би 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн учир шинээр томилогдсон ажил олгогч Х.Р- нь ажилгүй байсан хугацааны олговор 14,707,806 төгрөгийн цалин хөлсний олговор нэхэмжилсэн С.С-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаартай шүүгчийн захирамж гаргуулсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговрыг нөхөн олгох хуулийн зохицуулалтад нийцэх боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар С.С- нь “Орон тоо хасагдсан, цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, тухайн ажлын байранд хүн томилон ажиллуулаагүй тул төрд хохирол, хор уршиг учраагүй гэж үзэж байна.
5.3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.3-д “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалт, мөн хуулийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.С- нь тухайн сургуулийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хугацаанд төсөвт хэмнэгдэж байсан цалингийн сангийн төсөв буюу Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 дахь хэсэгт заасан “Орон тоо буурч түүнд ногдох цалин хөлс, урсгал зардлын хэмнэлт”-ийн зардлыг буцаан олговор болгож олгосон үйл явц байх тул “Хохирол, хор уршиг” гэж үзэх боломжгүй юм. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсэгт заасан “.... чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, төсвийг хэмнэх зорилгоор орон тооны бүтцийн хязгаарлалт хийж шинэчлэн батлах, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар С.С-ийн “Орон тоог хасаж, цөөрүүлсэн” шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 дахь хэсэгт заасан журмаар “Төсвийн зарлагын хэмнэлт” арга хэмжээ учир Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан “гэм хорын хохирол” биш юм.
5.4. Анхан шатны шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйл /төсвийн зарлагын хэмнэлт/, хуулийн 45.1.5-д заасан: “Орон тоо буурсан, хасагдсан, цөөрсөн бол ногдох, цалин хөлс, урсгал зардал төсвийн зарлагын хэмнэлт” болох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм хохирол биш байх заалтыг тус тус буруу хэрэглэсэн юм.
5.5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан төрд ямар нэгэн хохирол учраагүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: төрийн албан хаагч ажил хийснийхээ төлөө цалин хөлс авах ёстой. Багш С.С-ийн хувьд тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөөд, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилд эгүүлэн томилогдоод, томилогдсоны дараа шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон. Тэгэхээр Х.Н- захирал ямар нэгэн байдлаар тушаал, шийдвэр гаргаагүй, орон тооны цомтголоор С.С-ийг төрийн албанаас чөлөөлөөгүй байсан бол ажлаа хийгээд, цалин хөлсийг хэвийн авч байх байсан. Гэхдээ ажлаа хийгээгүй, шүүхийн шийдвэрийн дагуу цалин авсан учраас төрд хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Төрийн албан хаагч ажил хийснийхээ төлөө цалин авах ёстой байтал шүүхийн шийдвэрийн дагуу цалин авсан учраас төрд хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр шийдвэр гаргасан албан тушаалтны хувьд гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Т-ийн Х.Н-д холбогдуулан гаргасан, Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ************ тоот дансанд төлүүлэх” тухай хэрэгт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Хэргийн материалаас үзэхэд, зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Иргэний хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
9. Хариуцагч Х.Н- нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлаар ажиллаж байхдаа ажилтан С.С-ийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан: “...ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар тогтоож, С.С-ийг тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 14,707,506 төгрөгийг олгохоор тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамж гарч, шийдвэрлэгдэж байжээ.
10. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.
Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр ажилтан С.С-т тус аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар “С.С-т нөхөн олговор олгох тухай” тушаалаар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 14,707,806 төгрөгийг олгохоор ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсний дагуу Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 2 дугаар хавсралт маягт ТТ-2А төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байх тул Т-нь гэм буруутай этгээдээс төрд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. /хавтаст хэргийн 28-34 дэх тал/
11. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-д “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэжээ. Үүнээс үзвэл төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу шаардах эрхтэй этгээдэд тухайн хохирлыг арилгасан байгууллагаас гадна Т-тухайн эрхийг хэрэгжүүлж болохыг ийнхүү хуульчилжээ. Гэвч шаардах эрх бүхий этгээдүүд энэхүү шаардах эрхийг хэрхэн зохистой байдлаар хэрэгжүүлэх үндэслэл, шаардлагын тухайд, эхний ээлжид эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нэхэмжлэл гаргах боломжтой боловч хуулиар эрх олгогдсон, Т-ийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй.
Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон заалт зөрчигдсөн бол тухайн хууль бус шийдвэрээс үүссэн төрд учирсан хохирлыг шаардах эрхийг хэрэгжүүлэх нь Т-ийн чиг үүрэг мөн байх бөгөөд хуульд зааснаар зөвлөл нь шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ ч утгаар шаардах эрх бүхий бусад этгээд нэхэмжлэл гаргаагүй ч Т-нь дангаараа шүүхэд мэдүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан.
С.С- нь ажлаас чөлөөлөгдөхдөө Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилтай төрийн үйлчилгээний албан хаагч байсан, түүний хөдөлмөр эрхлэлтийн маргааныг ердийн харьяаллын шүүх хянан шийдвэрлэсний дүнд тэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон байх тул Т-ийн ердийн харьяаллын шүүхэд гаргасан, төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас шаардсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, хэргийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзнэ.
13. Хариуцагч Х.Н- нь “... Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.3-д “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалт, мөн хуулийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.С- нь тухайн сургуулийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хугацаанд төсөвт хэмнэгдэж байсан цалингийн сангийн төсөв буюу Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 дахь хэсэгт заасан “Орон тоо буурч түүнд ногдох цалин хөлс, урсгал зардлын хэмнэлт”-ийн зардлыг буцаан олговор болгож олгосон үйл явц байх тул “Хохирол, хор уршиг” гэж үзэх боломжгүй юм. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсэгт заасан “.... чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, төсвийг хэмнэх зорилгоор орон тооны бүтцийн хязгаарлалт хийж шинэчлэн батлах, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар С.С-ийн “Орон тоог хасаж, цөөрүүлсэн” шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 дахь хэсэгт заасан журмаар “Төсвийн зарлагын хэмнэлт” арга хэмжээ учир Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан “гэм хорын хохирол” биш” гэж маргажээ.
14. Т-нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдана. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг хууль шаарддаг.
Хэдийгээр хариуцагчаас С.С-ийн оронд хүн авч ажиллуулаагүй, давхар цалин гараагүй, төрд хохирол учраагүй гэж маргах боловч ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа түүний ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон шийдвэрийн үндэслэл бодитой тогтоогдоогүй, нотлох баримтад үндэслэгдээгүй хууль бус байсанд ажил олгогч илтэд болгоомжгүй хандсан бөгөөд үүний улмаас төрийн албанд тодорхой чиг үүрэг гүйцэтгээгүй, ажлын бүтээмжгүй албан хаагч ажиллаагүй хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн журмаар улсын төсвөөс гаргуулж, ажилтанд олгосон байх тул төрд хохирол учирсан гэж үзэж, тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан нь тухайн ажлын байранд ажиллаж байгаагаас үл хамааран хариуцагч Х.Н-ээс хохирол шаардсан Т-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцсэн байна.
15.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,489 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ