Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

          шүүгдэгч Н түүний өмгөөлөгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805027530036 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..ны өдөр Т аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Т аймгийн Ж сум Загдал ... дүгээр баг Ш..... тоотод оршин суух бүртгэлтэй, С-дүүргийн ... дугаар хороо З... хотхон ... дугаар орц ......тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Н

Холбогдсон хэрэг/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н нь согтуугаар ....оны .... дүгээр сарын ....нөөс ..... оны .... дүгээр сарын ....нд шилжих шөнө Б дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод иргэн Б нүүр толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед хүч хэрэглэн халдаж баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б “... оны ...дүгээр сарын ...ний өдөр би У гэдэг охинтой фэйсбүүкээр танилцаад би У “хаана байгаа юм” гээд асуухад У “найзындаа архи ууж байна” гэсэн. Тэгээд  би “орой яваад очъё” гэхэд У “өөрөө мэд” гэсэн. Тэгээд би орой 23 цагийн үед У хаана байгааг нь асуугаад Б дүүргийн ... дугаар хороо .... хотхоны ... байрны .. тоотод очиход Н, Ж, У, С, Н нар байсан. Тэгээд би уг хүмүүстэй танилцаад У, Н хоёр архи авч ирнэ гээд гарсан. Тэгээд бид нар том өрөөнд нь хүлээгээд байж байсан чинь удалгүй У, Нхоёр нэг 0,75 литр Соёмбо архи хоёр 2,5 литрийн хуванцар савтай Нийслэл нэртэй пиво авч орж ирээд бид нар хувааж уугаад байж байгаад би согтоод сууж байсан газраа унтсан байсан. Тэгээд гэнэт “зайл” гэх дуу гарсан. Тэгээд сэргээд харахад Н намайг “гэрээс гарч яв, зайл” гээд миний толгой, чих, хөмсөг  хэсэг рүү хэд хэдэн удаа цохиход би гэрээс нь гараад уг хотхоноос гараад урд талд нь сандал дээр сууж байхад нэг залуу ирээд “нүд чинь аймар болсон байна, би цагдаа дуудаад өгье” гээд цагдаа дуудаж өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ... Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5656 дугаартай:

          “1. Б биед баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 26 дугаар хуудас/

 

          Н яллагдагчаар өгсөн “... Тэгээд ...цагийн орчим Н, У Ш нар гэр рүүгээ харилаа гээд явцгаасан бөгөөд Ж, Б бид гурав үлдсэн. Тэр үед Б цагаан буйдан дээр унтаж байсан бөгөөд Ж нөгөө хэдийг явсаны дараа 20 орчим минутын дараа харилаа гээд гараад явсан. Тэгээд би Ж явуулчихаад буцаж Б сэрээгээд “яв” гэсэн чинь босохгүй байсан. Тэгэхээр нь би толгой руу нь гараараа нэг удаа цохисон чинь сэрэхээр нь би татаад гэрээс гаргасан. Тэгээд би ганцаараа гэрээ цэвэрлэчихээд унтаад өгсөн. Би иргэн Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншинж танилцсан Б хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Тухайн үед Б биед учирсан гэмтлийг би учруулсан.  Тухайн үед би гэрээс гаргах гээд Б босгох  гээд  хэд хэдэн удаа цохисон. Тэрнээс болж дээрх хөнгөн зэргийн гэмтэл учирсан. ... Би хохирогчтой сайн дураараа эвлэрч байгаа. Учруулсан хохирлоо барагдуулна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67-68 дугаар хуудас/

 

          Гэрч У  “... Орой 23 цагийн орчим би Н Ш бид гурав явахаар болсон чинь Б тэр үед согтоод буйдан дээр нь унтаж байсан. Тэгэхээр нь би очоод Б би явлаа хүн нь уурлаад байна гэсэн чинь Б босохгүй байхаар нь Н “Б жаахан байлгаж байгаад сэргэхээр нь гэр рүү нь явуулчихгүй юу даа” гэж хэлээд би Н Ш нарын хамт гараад явсан. Тэр үед Ж, Н, Б нар үлдсэн. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н нь согтуугаар Б “сэрсэнгүй” гэх шалтгааны улмаас түүний нүүр толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед хүч хэрэглэн халдаж баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б, гэрч У нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  Б нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “эмчилгээний зардлаа гаргуулмаар байна” гэсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирол, хор уршийг тооцож гаргах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Н энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогч Б нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүйг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Н баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ