Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2025/00050

 

Ш.М-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00418 дугаар шийдвэртэй,  хүсэлт гаргагч *********** багт оршин суух, Ш.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** багт оршин суух, Я.С-ийн хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Т- сумын Улаан туг нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Иргэн Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Учир нь: Ш.М-ы тус нэгдэлд худгийн моторчин, малчин, нормчноор ажиллаж байсан хугацааны тушаал, цалин хөлсний материалууд дутуу учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.2. Иймд хүсэлт гаргагч Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.       

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00418 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.М- нь Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Т- сумын “Улаан туг” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Хүсэлт гаргагч Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Т- сумын “Улаан туг” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12\458 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.М-ы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1\А маягтад "... 14 Ажилладаг байгууллага:Т- Улаан туг нэгдэл, ажилд орсон он: 1988” гэж бүртгэгдсэн байдал, Баян-Өлгий аймгийн Т- сумын “Улаан туг” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлж, малчнаар ажиллуулах” тушаалын 19 дүгээрт М- гэж бичигдсэн байдал, мөн тус нэгдлийн 1989, 1990 оны цалин хөлсний баримтад М- гэж бичигдсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

3.2. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн Ш.М-д холбогдох түүний Баян-Өлгий аймгийн Т- сумын “Улаан туг” нэгдэлд 1989-1992 онуудад малчин, нормчноор ажиллаж байсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00418 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Т- сумын “Улаан туг” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

5. Анхан шатны шүүх Ш.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийнхээ үндэслэлийг “...Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд худгийн моторчин, малчин, нормчноор ажиллаж байсан хугацааны тушаал, цалин хөлсний материалууд дутуу учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэж тайлбарлажээ.

           

7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Ш.М- нь Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоож,  хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан бүхий л боломж, бололцоогоороо  явуулах үүрэгтэй.

 

9. Гэтэл шүүх дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй буюу “...Баян-Өлгий аймгийн Т- сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлж малчнаар ажиллуулах тухай” тушаалд ... Малчнаар ажиллах хүмүүсийг 1,2,3 дугаар хавсралтаар баталсугай гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 19 дүгээрт М- гэж бичигдсэн байдал мөн тус нэгдлийн 1989, 1990 оны цалин хөлсний баримтад М- гэж бичигдсэн боловч энэхүү тушаал болон цалин хөлсний баримтад М- гэж бичигдсэн нь хүсэлт гаргагч Ш.М- гэж үзэхэд эргэлзээтэй байх тул энэхүү тушаал болон цалин хөлсний баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй бөгөөд  бусад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.”  гэж хэрэгт цугларсан тухайн баримтын эх сурвалжийг нягтлаагүй, архивд үзлэг хийгээгүй, уг тушаалуудад нэр дурдсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлээгүй байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай бүхий арга хэмжээг аваагүй, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх журмыг зөрчсөн байна.

Учир нь 1989, 1990 оны цалин хөлсний баримт, Т- сумын Улаан туг нэгдэлд хүсэлт гаргагч Шатайн М-аас өөр ижил нэртэй М- гэдэг хүн ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдоогүй, энэ үйл баримтыг шалгаж магадлаагүй, тухайн онд Ш.М-тай хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асууж тодруулаагүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэхдээ энэ журмыг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

11. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд  хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нягтлан үзээгүй явдалд гомдолтой. …шийдвэрт өөрчлөлт оруулж, Ш.М-ыг Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Т- сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлж малчнаар ажиллуулах тухай” тушаалд ... Малчнаар ажиллах хүмүүсийг 1,2,3 дугаар хавсралтаар баталсугай гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 19 дүгээрт М- гэж бичигдсэн байдал мөн тус нэгдлийн 1989, 1990 оны цалин хөлсний баримтад М- гэж бичигдсэн  зэрэг баримтуудаар нотлогдож байгаа гэх боловч дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй, 1989, 1990 оны цалингийн карт, 1991 оны тушаалд эцгийн нэр бичигдээгүй зэргээс үзэхэд гомдлын үндэслэл хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх дээрх баримтуудыг магадлаагүй, архивд үзлэг хийхгүйгээр бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэхгүйгээр нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах журмыг зөрчсөн байдал нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

Иймд хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…шийдвэрт өөрчлөлт оруулж, Ш.М-ыг Баян-Өлгий аймгийн Т- сумын "Улаан туг" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчин, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

12. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2025/00418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК 

                       

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ