Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч  П түүний өмгөөлөгч Б,

          хохирогч Д, Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805058060024 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...ний өдөр  У-хотод төрсөн, эрэгтэй, ....настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээврийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Б дүүргийн ....дугаар хороо ... нарангийн ... дүгээр гудамжны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П нь ....оны ... дүгээр сарын ...наас ....нд шилжих шөнө Б-дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... паласын гадна иргэн Б биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн .. оны ... дүгээр сарын ...ны өдөр Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ын замын орчим иргэн Д, Б нарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П мэдүүлэхдээ: ... оны ... дүгээр сарын ...ний өдөр Б-дүүргийн .... дугаар хорооны ... зам дээр микроноос буугаад Д маргалдсан. Бид хоёрыг маргалдаж байхад Б ирэхээр нь би Б зугтаагаад миний араас Б хүрээд ирэхээр нь би цохисон. Тэгээд би гэртээ хариад байж байхад гэрт Б Д нар ирээд хоорондоо зохицоод эвлэрээд гомдол саналгүй гээд явсан. Дараа нь намайг цагдаагийн байгууллагаас дуудсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д мэдүүлэхдээ: “Микроны зогсоол дээр бүдүүн ахтай уулзаад зогсож байхад микроноос П бууж ирээд шууд намайг цохиод авсан. Тухайн үед Б “болиоч ээ” гэж хэлсэн чинь Б цохиод авсан. Миний хамар хугараад нүүр болон толгой хэсэгт халцарсан байсан. Би 300.000-500.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б мэдүүлэхдээ: “П, Д нарыг салгахад П намайг цохиод нүүр рүү өшиглөөд уруул руу цохисон байгаа. Намайг толгойны зураг авхуулаад цаашид эмчилгээ хийлгээрэй гэж эмч хэлсэн. Би толгойны зураг авхуулсан байгаа” гэв.

 

1. Шүүгдэгч П нь ....оны ..дүгээр сарын ...наас ...нд шилжих шөнө Б дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... паласын гадна иргэн Б биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч  Б .... оны ....дүгээр сарын ...ны өдөр намайг Афганистан явах гэж байгаа гээд найзууд гаргаж өгөхөөр болоод орой ...цаг ....минутын үед багын найз Т, З хоёртой Саппоро дээр уулзаад Толгойтод очиж М аваад Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... паласын Дурсамж нэртэй бааранд ... цаг ... минутын үед ороод ... литрийн нэг шил Абсолют нэртэй, архи хэдэн лааз ундаатай захиалж уусан. .. цаг .. минутын үед Т, М 2 байхгүй болохоор нь бие засахаар гарч бодоод араас нь 00-ын өрөө рүү ортол байхгүй байсан. Гадаа тамхилж байгаа юм байх гэж бодоод гараад буланд тамхи татаж байсан хүмүүс дээр очтол байхгүй байхаар нь Т, М гээд нэрээр нь нэг удаа дуудахад машины зогсоол дээр байсан цагаан өнгийн Приус маркийн машин дотроос нааш ир гээд дуудахаар нь яваад очтол танихгүй эрэгтэй хүн сууж байсан. Тэгтэл дотроос энд байна гэх шиг болохоор нь хойд талын суудал дээр нь сууж байгаа юм болов уу гээд шагайж харах гээд тонгойтол миний толгой руу пивоны шилээр цохиод толгойноос цус гарсан. Би яахаараа та намайг цохидогийн ёооё гээд сууж байтал Т эхнэр Б ирж байгаад таараад “чи энд юу хийж байгаан яасан юм, нөгөө хэд чинь хайчсан юм” гэхээр нь би харин нөгөө хэдийг хайж байсан энэ хужаа миний толгойг цохичихлоо явах гээд байна, чи зургийг нь аваадах гэтэл утсаа гаргаж ирээд зургийг нь аваад дотогшоо орж найзуудыг  дуудаад ирье гээд явсан. Энэ үед намайг цохисон согтуу залуу намайг ална, шоронд хатаана гэхээр нь чи хүн цохичихоод юу гээд байгаа юм гээд бид хоёр маргалдаад хоёр биенийгээ түлхсэн чинь миний араас боогоод машиныхаа суудал дээр суугаад боож байхад Б ганцаараа гүйгээд гараад ирэхээр нь найзыг нь боогоод байна, бичлэг хийгээдэх гэтэл намайг тавьчихсан.

... Би гэмтлийн эмнэлэгт очиж толгойдоо 5 оёдол тавиулаад цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн.

... Зүүн талын зулайн хэсэгт пивоны шилээр цохиж толгой хагалсан. Тухайн үед тархи доргисон байх. Мөн Т хориод нөгөө согтуу залууг машинаас нь буулгахгүй гээд баруун талын хөлөөрөө хаалгыг нь тулж байхад хөл гэмтсэн байсан. Мөн хажуунаас гараараа уруул руу цохиод байсан. Нилээн том биетэй урт мөчтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 92-93 дугаар хуудас/

“... П надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. ... Шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 94 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13394 дугаартай:

“1. Б биед тархи доргилт, дух, уруулд шарх, зүүн шуу, баруун тавхайд цус хуралт, зүүн зулайн хуйх, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 96 дугаар хуудас/

 

Натур эмнэлэг Компьютерт томографийн оношлогоо /хэргийн 98 дугаар хуудас/

 

П яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Б биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгосон Б уучлалт гуйсан. Энэ бүгд миний буруу. Б бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн  116-117 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Мөн ... оны .... дүгээр сарын ....ны өдөр Б- дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э”-ын замын орчим иргэн Д, Б нарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б “Би тухайн өдөр орой 17 цагийн үед найз Д хамт Б-дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ... дугаар гудамжны ... тоотод архи ууж байгаад тэндээсээ гараад Э замын уулзвар дээр байрлах Микро автобусны буудал дээр ирээд таксины жолооч Г машин дотор уулзаад сууж байсан. Тэр үед Д замын хажууд Г гэдэг жолоочтой юм яриад зогсож байсан. Тэгээд нэг харсан чинь үл таних залуу Д дээр гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би очоод Д дээрээс татаж унагаасан. Тэр үед нөгөө залуу босож ирээд чи хэн юм бэ гээд над руу дайрахаар нь би 2-3 удаа хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд би барилцаж аваад зогсож байгаад Д босоод ирэхээр нь тавьчихсан. Тэгсэн чинь нөгөө залуу миний хойноос хүрээд ирэхээр нь эргээд хартал намайг гараараа нүүр рүү нэг удаа цохих үед би газар унасан. Тэр үед нөгөө залуу миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд нөгөө залуу зам гарч микро автобус тойрч зугтахаар нь би хойноос нь хөөсөн. ... Бид хоёр араас нь гэрийг нь мэднэ гэх хүнтэй цуг дагуулаад гэрт нь ирсэн чинь хашаа руу орж ирвэл ална шүү гээд орилоод байсан бас хашааныхаа үүдэн дээр турба бариад ална шүү гээд байсан. Тэр үед хажууд нь уг залуугийн эхнэр нь болон найзууд нь байсан. Тэгэхээр нь болиод цагдаад дуудлага өгсөн.

... Би найзыгаа зодуулж байхад татаж салгасан болохоор намайг зодсон байх гэж бодож байна. Тэрнээс биш би хэрэлдэж маргалдаагүй. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилмээр байна. Цаашдаа эмчилгээ хийлгэж толгойны зураг авхуулмаар байна. Бас хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Хохирогч Д “... Э замын уулзвар дээр байрлах микро автобусны жолооч Г юм яриад байж байхад үл таних залуу миний араас ирээд чулуугаар хамар руу цохисон. Тэр үед Б хөөе яаж байна гэсэн чинь яасан ч яадаг юм гээд над руу дайраад байсан. Тэгээд Б болиоч гээд салгасан чинь Б намайг цохисон чулуугаар нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд барьж авахын завдалгүй машинд суугаад зугтаасан.

... Би хэрэлдэж маргалдаагүй. Тэр хүнийг танихгүй. ... Нүүр рүү нэг удаа чулуугаар цохиод миний дээр гарчихсан. Дахиад цохих гээд байж байх үед Б ирж салгасан. Эмчилгээ хийлгэмээр байна. Эмчилгээний зардлаа барагдуулмаар байна. Бас хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13759 дугаартай:

“1. Д биед хамарт хавантай, хамрын нуруунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13757 дугаартай:

1. Б биед доод уруулд шархтай, зүүн мөрөнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

            П яллагдагчаар өгсөн “... Би цохисон нь үнэн. Ямар гэмтэл учруулсанаа мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн 13759,13757 дугаартай дүгнэлтэд учирсан гэмтлийн хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч П нь Б, Д, Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б нь “... П надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 94 дүгээр хуудас/ өгсөн тул шүүгдэгч П нь хохирогч Б төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт хохирогч Д ,Б нарт гэмт  хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтууд байхгүй тул хохирлыг тооцох боломжгүй юм.

Харин хохирогч Д, Б  нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч П 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д, Б нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ