| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/00969/И |
| Дугаар | 212/МА2025/00051 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2025/00051
А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 302/ШШ2025/00381 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************* тоотод оршин суух, О.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****************** тоотод оршин суудаг З.З-ад холбогдох,
“А.А-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, Э-********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа З.З-, Х.М- нарын үйлдлийг таслан зогсоож 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгаж, тухайн нийтийн эзэмшлийн газар буюу миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч А.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч З.З-, түүний өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие А.З-ад холбогдуулан гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тус иргэний хэргээр З.З-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, Э-********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********** дугаар бүхий 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гараашийг гаргуулж, надад олгосон ба тус хөрөнгүүдэд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэж, өөрийн нэр дээр буулгасан. Миний бие болон З.З- бид хоёрын 2007 оноос хойш эзэмшиж байсан 438 м.кв талбай бүхий газарт эрхийн бүртгэл хийгдээгүй байсан бөгөөд үүнийг шүүхээс хэн алинд маань хувааж өгөөгүй болно. Харин тухайн газарт байршилтай зуны байшинг З.З-ад үлдээсэн хэдий ч уг эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр баталгаажаагүй хөрөнгө байсан юм.
1.2.Гэвч гэр бүлийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад 438 м.кв талбай бүхий газрыг З.З- нь өөрийн төрсөн дүү З.Е-ад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжаар хууль бусаар эзэмшүүлсэн байдаг. Улмаар миний бие энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болно. Тодруулбал, уг маргааныг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхээс...438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч болон түүний нөхөр нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаа боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан нь тогтоогдож...байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, зуны байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй гуравдагч этгээд З.Е-ад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн...гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэсэн үйл баримт байгаа юм. Үүнээс үзвэл эрхийн бүртгэлд ороогүй байгаа 428 м.кв талбай нь баригдсан хашааны хамт гэр бүлийн зориулалтаар ашиглагдаж байгаа боловч гэр бүлийн маргаан шийдвэрлэгдсэнээс хойш хэн нэгэн этгээдийн өмчлөх болон эзэмших эрхэд бүртгэгдэх боломжгүй, нийтийн эзэмшилд хамаарах, нийтээр ашиглах газар болж тооцогдсон байдаг.
1.3.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчдийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч энэхүү заалтыг зөрчиж байна. Тодруулбал, гэр бүлийн маргааны улмаас надад шилжиж ирсэн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөтэй эзэмших, ашиглахад дээрх 428 м.кв талбай бүхий газраар дайран өнгөрөх, дамжихаас өөр аргагүй байдаг бөгөөд З.З- нь улсын бүртгэлээр баталгаажуулаагүй зуны байшин, нүүрс түлээний амбаарыг далимдуулан удаа дараа саад учруулан хашааны орц, гарцыг хааж, өвлийн байшинд тайван амьдруулахгүй, хүн чөлөөтэй гарч ороход саад хийх, хөөх, машин, эд хөрөнгөө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна. Харин миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлд нь байшинтай зэрэгцэн баригдсан амбаар, гарааж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох гарах гарцыг гаргах боломжгүй байгаа. Зайлшгүй 428 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газар болон өмнө нь баригдсан хашаагаар дамжин өнгөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг юм.
1.4. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 400 м.кв хэмжээгээр тооцож, эд хөрөнгийн үнэлгээнд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээний дагуу надад хуваарилж өгсөн. Миний бие З.З-тай гэр бүл болж 13 жил хамт амьдрах хугацаанд дарамт шахалтын улмаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн баталгаагаа цуцлуулсан. З.З-ад олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж зогсохгүй, одоо хүртэл хууль бус бичиг баримтыг бүрдүүлж, гаргаснаас болж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд нэвтрэх, ашиглах, эзэмших гаднын халдлагаас хамгаалах эрх маань ноцтой зөрчиж байгаа учраас шүүхэд хандсан.
1.5.Хариуцагч З.З- миний газрын урд талын газар болон өөрийнхөө газарт хууль бус гаргаж авсан гэрчилгээнүүдийн улмаас олон дахин саад болж байгаа. Тухайлбал, З.З-ын гаргаж авсан гэрчилгээ З.З-ын төрсөн дүү З.Е-ын 428 м.кв газрын гэрчилгээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргуулж авсан. Уг гэрчилгээг хууль бус болохыг мэдэж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй гэж тогтоосны дараа З.Е- өөрийн эхнэр н.Г-тай хамтран 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ гаргуулж, уг гэрчилгээг З.З-тай хууль бус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээг гаргуулсан байсан. Тэр талаар би 02 дугаар сарын 17-ны өдөр болон 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээг хууль бус гэдгийг мэдэж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн газарт хандахад энэ гэрчилгээнүүд нь хууль бус гэдэг нь тогтоогдсон. Тэрнээс гадна З.З-, З.Е- нар торгуулийн шийтгэл авч, Улсын бүртгэлийн газраас бас буруугаа хүлээж, өөрсдөө хүчингүй болгосон. Тэрний дараа З.З- зогсохгүй миний урьд талын газарт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын этгээдүүдээр хууль бус үйлдлийн дагуу 11 дүгээр сарын 29-ний өдөр 68.8 м.кв үл хөдлөх хөрөнгө гаргасан. Дараа нь үүнийг би бас хууль бус гэдгийг мэдээж Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. Хүчингүй болгосон гэрчилгээг дахиж З.З- нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар газрын захирамж гаргуулж, 11 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болсон гэрчилгээний эрхийг дахиж сэргээж, 07 дугаар сарын 29-ний өдөр тус газрын захирамжид үндэслэж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрчилгээг гаргуулж авсан. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн газрын захирамж болон 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бус байгаа. 2 хууль бус гэрчилгээг З.З- тус хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Миний бие тухайн гэрчилгээ хууль бус гэдгийг хэлмээр байна. Яагаад хууль бус гэж байгаа вэ гэвэл 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний эрх зөрчигдсөн байна гээд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг судалж, миний эрх зөрчигдсөн байна гэдгийг тогтоосон байтал З.З- нь 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээг гаргаж байсан.
1.6.Дараа нь аймгийн Засаг даргад хандахад хууль бус гэдэг нь тогтоогдож байсан. Ингээд З.З- дахин, дахин хууль бус зөрчилтэй бичиг баримт, гэрчилгээнүүдийг далимдуулж миний урд талд сууснаас болж миний эрх ноцтой зөрчигдөж, өөрийнхөө өмчлөлийн хөрөнгө өвлийн байшинг хүртэл ашиглаж, захиран зарцуулж, гаднын халдлагаас хүртэл хамгаалж чадахгүй байгаа. З.З-ын гаргуулсан тус гэрчилгээ 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ дээр 209 тоот гээд бичээстэй байна. Миний газрын гэрчилгээ дээр бас 209 тоот гээд нэг тоотод гэрчилгээ гаргаж авсан. Нэг тоотод хоёр гэрчилгээ байна. Энэ нь өөрөө зөрчилтэй. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан тайлбаруудыг авч үзэхэд З.З- 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч н.Ризагийн шүүхийн шийдвэрийг тоочиж, олон дахин ярьдаг. Тухайн шийдвэр нь дандаа нэг талд давуу байдал олгож, хуулийг буруу тайлбарласан шийдвэр байсан. Яагаад гэвэл тухайн шийдвэрт хуулийг нарийн судлах талууд зөндөө байсан. Тухайн шийдвэрт зөвхөн Өлгий сумын Засаг дарга н.Е-ын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тал дээр гаргасан байсан. Тэрнээс биш З.З-тай газар олго гэсэн шийдвэр биш байсан. Үүнийг З.З- дахин, дахин тоочиж ярьж байгаа. Хариуцагч З.З- миний урд талын газар болох 428 м.кв газарт хууль бус зөрчилтэй бичиг баримт авч, тэрийг далимдуулаад миний урд талд сууж байгаа. Очих болгонд чи дундаас нь хашаа тат, хойноос хаалга гарга гээд байгаа. Миний үл хөдлөх хөрөнгө З.З-, З.Е- нар 428 м.кв гэж хууль бус гэрчилгээг хууль бусаар гаргуулснаас биш, жижигхэн хашаа байгаа. Хоёр тал нь хоёр хуучин айлаар хүрээлэгдсэн, дундаас нь хашаа татахаар агаарын бохирдол, экологийн асуудал үүснэ. Иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүйн хүрээнээс гадна Экологийн эрх зүйн хүрээнд дундаас нь хашаа татахаар асуудал үүснэ.
Хүн бүр экологийн жам ёсны цэвэр агаарт амьдрах эрхтэй. Дундаасаа хашаа татахаар худаг болон бохир усны хэрэглээний эд хөрөнгө хоорондоо маш ойролцоо халдварт өвчин тараах магадлалтай байдаг. Миний өмчлөлийн газарт махны амбаар байгаа. Махны амбаарын ард талын хэсэг нь миний хашааны хэсэг байгаа. Нэг хана нь гараашийн хэсэг байгаа. Үлдсэн хоёр тал нь хариуцагч З.З-ынх байгаа. Үлдсэн бүтэн хэсэг нь хашааны ар талын хэсэг байгаа. Хариуцагч З.З- хууль бус гэрчилгээ бүрдүүлснээс болж эд хөрөнгийн чанар, үзэмж бүх байдлаа алдсан байгаа учраас дундаас хашаа татах боломжгүй. Хаашаа татах сонирхол ч байхгүй. Яагаад гэвэл урд талын 428 м.кв сул газарт машин орох, гарах хаалга, явган хүний орох, гарах хаалга байгаа. Тус газарт 13-14 жил дараалан хэрэглэсэн бохир усны эд хөрөнгийн хэрэглээ болох жорлон, бохир усны нүх, хүнсний сет гэх мэт хэрэглээний эд хөрөнгүүд байна. Бэлэн хаалга байхад хаалга гаргаж, хашаа татах сонирхол ч байхгүй. Тэгээд ч би ганц бие эмэгтэй хүн нэг ч блок өргөж чадахгүй. Дээрээс нь хаалга барьж, хашаа татах эдийн засгийн боломж, эрүүл мэнд ч байхгүй.
1.7.Хариуцагч З.З-ын хууль бус гэрчилгээний улмаас миний урд тал хууль бусаар сууснаас болж, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг маш их амсаж байна. Миний биеийн хувьд 4-5 жил дараалан байр хөлсөлсөн. Сүүлийн үед байрны үнэ нэмэгдсэн учраас аймгийн төвөөс 20 км-ийн зайтай газарт 2:4 харьцаатай жижигхэн зуны байранд амьдарч байгаа. Зуны байр учраас өвөл маш хүйтэн. Тэгээд ч усгүй газар байгаа. Хол газар учраас сардаа таксинд 40,000 төгрөг төлж, долоо хоногт 160 литр ус холоос ус зөөж байсан. Өөрийн өмчлөлийн газарт худагтай байсан. Хол газарт байхдаа худгийн асуудалтай байсан. Өөрийнхөө өмчлөлийн худгийг хүртэл ашиглаж чадахгүй байна. Хариуцагч З.З-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн маргаан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр эцсийн байдлаар шийдвэрлэсэн байдаг. З.З- надад саад учруулж, миний өмчлөлд оруулахгүй байсан учраас би Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хүсэлт гаргасан. Тэр хүртэл 2022 оны 08 дугаар сар хүртэл хариуцагч нар миний гүний худгийг зөвшөөрөлгүй ашиглаж, миний өмчлөлийн газар хүртэл зөвшөөрөлгүй нэвтэрч, миний өвлийн байшинд хүртэл өөрийнхөө илүү гэрт багтахгүй байгаа эд хогшлыг тавьж, гараашийг хүртэл ашиглаж байсанд миний бие гомдолтой байна.
1.8. Хариуцагч З.З-, Х.М- хоёр ч гэсэн надад саад учруулдаг. Хариуцагч З.З- хууль бус гэрчилгээг хууль бусаар хийдэг, өөрийн өмчлөлийн газарт очих болгонд намайг айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж, намайг оруулдаггүй. Тийм учраас би байнга цагдаа дууддаг. Өөрийнхөө дүүтэй хамт намайг зодсон үе ч гэсэн байсан. З.З- нь цагдаагийн газарт шалгагдсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хамтран хариуцагч Х.М- нь миний өмчлөлийн газарт гэр бүлийн баталгаа цуцлаагүй байхад гэрт маань орсон байдаг. Би очих үед хаалгыг нь дотроос нь түгжиж, заримдаа гаднаас нь цоожилдог. Үүнээс гадна З.З-ыг утсаар дуудаж, миний алхаа, гишгээ бүрд хараа хяналт тавьдаг. Гэртээ очихдоо харцаараа муухай харж, биеийн хүлэмжээр үзэн ядаж байгаагаа илэрхийлж, намайг доромжлон харьцдагт би гомдолтой байна. Тодруулж хэлэхэд хавтаст хэргийн 137 дугаар талд фото зураг байгаа. Тухайн фото зурагт би өөрийнхөө өмчлөлийн байшинд засвар хийх гэж гэртээ очих үед хамтран хариуцагч дотроос нь түгжээд намайг оруулаагүй. Тэр өдөр гадаа маш их халуун байсан. Тэр үед би хэдэн цаг хүлээгээд зогссон. Үүний дараа хэд хэдэн удаа очих үед хаалгыг гаднаасаа цоожилсон. Хамгийн сүүлд өвлийн улиралд газар дээр хэмжилт хийлгэх гэж очих үед хамтран хариуцагч Х.М- өөрийнхөө хүүхэдтэй хамт зогсож байсан. Нөгөө хүүхдийг зодох гэж байгаа юм шиг зулгааж, өөрийнхөө гэр рүү орсон. Намайг үзэн ядаж байгаагаа биеийн хүлэмжээр илэрхийлж, над руу муухай харж, гэрийнхээ хаалгыг маш чанга хаасан. Дараа нь З.З-ыг утсаар дуудаж, хараа хяналт хийлгэдэг. Би өөрийнхөө өмчлөлийн газарт очих болгонд З.З-ыг дуудаж, намайг ажигладаг. Тийм учраас би хамтран хариуцагч Х.М-т гомдолтой байна.
1.9.Миний шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага миний эрхэнд ноцтой халдаж, саад учруулсан учраас би өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулж чадахгүй байгаа. Одоо хүртэл гаднын халдлагаас хамгаалах эрх маань ноцтой зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Миний урд талын хашаа, орц гарцыг буулгахаас өөр арга байхгүй. Тийм учраас хашааны урд талын хэсгийг чөлөөлж, буулгаж өгнө үү. Мөн хашааны урд талын хэсэгт удаа дараа саад учруулж байгаа учраас хашааныхаа урд талын хэсгийг нээлттэй, чөлөөтэй байлгаж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгч А.А- бид хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохироогүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
2.2.Шүүхийн дээрх шийдвэрээр 68.8 м.кв талбайтай зуны байр, **** БӨА улсын дугаартай Уаз-452 маркийн фургон автомашин, түлээ нүүрсний амбаар, махны амбаар, Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 900 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг миний өмчлөлд үлдээж, надаас Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай, өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг гаргуулж А.А-д олгохоор шийдвэрлэсэн.
2.3.Тухайн шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн.
2.4.Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр А.А-д хуваарилсан хөрөнгө, газруудыг шүүхийн шийдвэрийг үндэслэн түүний нэр дээр бүрэн шилжүүлж өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
2.5.Тухайн 68.8 м.кв талбайтай зуны байшин нь дүү З.Е-ын эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож надад хуваарилсан. Бид гэр бүл цуцлах үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлтэй 400 м.кв газарт, 68.8 м.кв зуны байшин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 428 м.кв газарт байсан.
2.6.А.А- бид хоёр гэрлэлтээ цуцлуулснаас хойш хөрөнгийн маргаан үүсэж миний нэр дээр байгаа 68 м.кв байшин болон 468 м.кв газрыг А.А-д хуваарилж, тус хашаанд байгаа миний дүү болох н.Е-ын байшинг надад хуваарилж, дундын өмч болгосон. Тэрнээс хойш 3 жил болсны дараа асуудлаа дуусгая гэсэн боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, газрын маргаан үүссэн. Анх тухайн хөрөнгийг нэгэнт надад хуваарилсан учраас дүүгийнхээ нэр дээр газрын гэрчилгээ авсан нь үнэн. Шүүхийн шийдвэрт хоёр хүний хөрөнгө учраас өөр хүнийг оролцуулж болохгүй гээд тухайн гэрчилгээг хүчингүй болгосон нь үнэн. Тэрний дараа А.А- бид хоёр Өлгий сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Гаргасан өргөдлийн дагуу А.А-д тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө З.З-ад хуваарилагдсан байна. Тийм учраас энэ газрыг А.А-д олгох боломжгүй гэсэн. Тэрний дагуу Өлгий сумын Засаг даргыг шүүхэд өгсөн. 3 шатны шүүхээс А.А-ийн нэхэмжлэлийг хүчингүй болсон. Тэрний дараа би Өлгий сум болон Газрын албанд өргөдөл гаргаж газрын гэрчилгээг авсан. Тухайн гэрчилгээг хууль бус гэж үзэхгүй байна. Нэгэнт бид хоёр салчихсан. Намайг байнга дарамталж, доромжилдог гэж худлаа хэлж болохгүй. Салснаасаа хойш маргаан бүхий газар дээр очиж амьдарна гэдэг зүйл хэлээгүй. Дандаа шүүх болон Газрын албанаас үзлэг хийх үед дагаж ирдэг. Тэрнээс биш байнга ирдэг зүйл байхгүй. Хүнийг худлаа гүтгэж болохгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч А.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү.
3. Хамтран хариуцагч Х.М-ийн хариу тайлбар, татгалзал:
3.1.Миний бие энэ хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Би З.З-тай 2019 оны 12 дугаар сард гэр бүл болсон. Тэрнээс хойш хамтран амьдарч байна.
3.2. А.А- гэх хүнийг огт танихгүй. Энэ хүн надтай ирж уулзаж, ямар нэгэн үг сольж байгаагүй. Миний зүгээс түүний өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх эрхэд саад учруулсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй. З.З-ын одоо амьдарч байгаа өвлийн сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээнд миний нэр байхгүй. Эдгээр хөрөнгө, газар нь З.З-ын надтай гэрлэхээс өмнөх хөрөнгө, газар байсан учир би энэ талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. З.З- өөрөө л мэдэх байх. Тийм учраас намайг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 302/ШШ2025/00381 дүгээр шийдвэрээр:
4.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, улсын бүртгэлийн Э-********** дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.З-ын үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагч З.З-, хамтран хариуцагч Х.М- нарт үүрэг болгож, 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.З-, хамтран хариуцагч Х.М- нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 302/ШШ2025/00381 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, улсын бүртгэлийн Э-********** дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.З-ын үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагч З.З-, хамтран хариуцагч Х.М- нарт үүрэг болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
5.2. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүдийн талаар: А.А-, бид хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохироогүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
5.3. Шүүхийн дээрх шийдвэрээр 68.8 м.кв талбайтай зуны байр, **** БӨА улсын дугаартай УАЗ-452 маркийн фургон автомашин, түлээ нүүрсний амбаар, махны амбаар, Өлгий сумын 13 дугаар багт байршилтай 900 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг З.З- миний өмчлөлд үлдээж, надаас Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай, өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааш зэрэг үл хөрөнгүүдийг гаргуулж А.А-д олгохоор шийдвэрлэсэн.Тухайн шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00816 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. Би уг шийдвэрээр А.А-д хуваарилсан хөрөнгө, газруудыг шүүхийн шийдвэрийг үндэслэн түүний нэр дээр бүрэн шилжүүлж өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. 68.8 м.кв талбайтай зуны байшин нь миний дүү З.Е-ын эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож надад хуваарилсан.
5.4. Бид гэр бүл цуцлуулах үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлтэй 400 м.кв газарт, 68.8 м.кв зуны байшин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 428 м.кв газарт байсан. Гэр бүлийн маргаан шийдэгдсэний дараа тухайн 428 м.кв талбайтай газрыг эзэмших хүсэлтийг Өлгий сумын Засаг даргад А.А- ч гаргасан, би ч гаргасан. Өлгий сумаас тухайн газар маргаантай учир шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу А.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Өлгий сумын Засаг даргад холбогдуулан 428 м.кв газрыг А.А- надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 110/ШШ2023/0013 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. А.А- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 221/МА2023/00381 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон. А.А- дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар авч хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсны дараа би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх 428 м.кв талбайтай газрыг эзэмших хүсэлтийг Өлгий сумын Засаг даргад гаргахад дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсны дараа шийдвэрлэх боломжтой гэсэн. Тэгэхээр нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тухайн 428 м.кв газрыг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж өгөх өргөдлийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт гаргасан. Тус газраас миний өргөдлийг үндэслэн дээрх газрыг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсны дараа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж Өлгий сумын Засаг даргад дахин өргөдөл гаргасан. Өлгий сумын газрын даамал, Засаг дарга нараас Засгийн газраас тодорхой шийдвэр гарах ёстой, тогтоол нь ирээгүй байна гэж хүлээлгэсээр байгаад Өлгий сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/18/5 дугаар захирамжаар сул байгаа 428 м.кв газрыг надад эзэмшүүлсэн. Сумын Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн сумын газрын даамал надад *********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгч, кадастрын зураг, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт үйлдсэн. Үүний дараа Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, тухайн газарт байршилтай 68.8 м.кв талбайтай, дөрвөн өрөө, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус хэлтсийн улсын бүртгэгч 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэж, *********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.
5.5. А.А-, бид хоёр гэрлэлтээ цуцлуулж хоёр тийшээ болсон, тухайн үед шүүхийн шийдвэрээр маргаан бүхий 428 м.кв газарт байгаа 68.8 м.кв талбайтай зуны байр, түлээ нүүрсний амбаар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг надад хуваарилсан талаар дээр дурдсан. Би тухайн 68.8 м.кв талбайтай зуны байр гэх байшинд тэрнээс хойш тасралтгүй амьдарч байгаа. Нэгэнт шүүхээс тухайн эд хөрөнгийг надад хуваарилсан учир би цаашид амьдрахын тулд сул байгаа 428 м.кв газрыг эзэмших эрхтэй. Надад бас амьдрал хэрэгтэй. Би дээрх газрыг эзэмших хүсэлтээ холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд гаргаж зохих журмын дагуу эзэмшсэн. А.А- нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны үеэр өөрийн инжэд ирсэн эд хөрөнгүүдийг авч төрхөм руу явж, тэрний дараа шүүхийн маргаан явсан. А.А- нь тэрнээс хойш маргаан бүхий газарт нэг хоног ч амьдраагүй. Би шүүхийн шийдвэрээр түүнд хуваарилсан хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэр дээр нь шилжүүлж, түүний өмчлөлд бүрэн өгсөн.Түүний өмч хөрөнгөө эзэмших, захиран зарцуулахад ямар нэгэн саад хийгээгүй. Өөрөө тэнд ирж амьдраагүй атлаа байнга хэрүүл маргаан үүсгээд явж байгаа. А.А- нь тухайн хөрөнгө, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч тэрнээс хойш тухайн байшинд нүүж ирээгүй. Бүх хөрөнгүүд нь одоо сул байгаа ба миний зүгээс түүний өмчлөх эрхэд халдсан, саад болсон зүйл байхгүй.
5.6. Би өөрийн эзэмшлийн биш газарт дураараа авирлан А.А-ийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах, гэр орондоо очиж амьдрах, гэр орондоо орох боломжийг хаасан зүйл байхгүй. Угаасаа А.А-д хуваарилсан 400 м.кв талбайтай газар болон одоо миний амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан. Одоо тухайн хашаа хэвээрээ байгаа. Миний зүгээс А.А-ийн эзэмшил газрыг хааж, тусгаарлаж ямар нэгэн хашаа татаагүй. А.А-ийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд байршилтай газрын цаад талд сул гудамж байгаа бөгөөд тэрбээр тухайн хэсгээс гарц /хашааны хаалга/ гаргаж орж гарах бүрэн боломжтой болно.
5.7. Би нэгэнт маргаан бүхий 428 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эзэмших шийдвэр гаргуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, тухайн газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн учир тухайн 428 м.кв газар нь миний эзэмшил газар болсон. А.А- нь өөрийн эзэмшил газарт очихын тулд заавал миний эзэмшил газраар дамжиж орох шаардлага байхгүй. Энэ тохиолдолд мөн адил миний эзэмших, өмчлөх эрх мөн адил хөндөгдөнө. А.А- нь өөрийн эзэмшил газар, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын цаад талын залгаа гудамжны талаас орц, гарц нээж орох бүрэн боломжтой.
5.8. Улсын Дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00249 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа маргаан бүхий газарт үзлэг хийсний үндсэн дээр хашааны хойд талаас “орж, гарах гарц” гаргах боломж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэ үндсэн дээр шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Үзлэгээр нэхэмжлэгч А.А-ийн эзэмшил газар болон хойд талын гудамж хоорондын зай дээд тал нь 9.1 метр, доод тал нь 7.8 метр, З.З- миний эзэмшил газар болон түүний урд талын гудамж хоорондын зай дээд тал нь 8.0 метр, доод тал нь 7.4 метр, маргаж буй хашааны хаалганаас урд талын гудамж хоорондын зай 9.4 метр болох нь тогтоогдсон.
Энэ нь хашааны хойд талаас “орж, гарах гарц” гаргах боломж байгааг нотолно. Нэхэмжлэгч А.А-ийн хувьд хариуцагч З.З- надад холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн 106.3-д “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг шаардаж болно.
5.9. Гагцхүү тийнхүү шаардахад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх нь урьдчилсан нөхцөл болно. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд, маргаж буй газарт үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглахтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
5.10. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 302/ШШ2025/00381 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарт:
6.1. Иргэн 3.З-ын гаргасан давж заалдах гомдол нь дараах байдлаар үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Тодруулбал:
6.2. Би 2020.03.05-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу өөрт ногдох үл хөдлөх хөрөнгөнд амьдрахаар болж гэртээ очиход З.З- нь гэрийн маань цоожийг сольж оруулаагүй ба хэл амаар доромжлон, хөөгөөд явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон цагдаагийн газарт удаа дараа энэ асуудлаар хандсан боловч З.З-ын ч гэсэн байшин тухайн хашаанд байдаг учраас түүнд ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Тиймээс 3.З- нь өмчлөлийн гэрт маань оруулаагүй учир миний бие тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт, гомдол гаргахад, миний гомдлыг олон жилийн дараа иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч зарим шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Би өөрт ногдох хөрөнгөө ашиглах боломж бүрдлээ хэмээн баярлаж байхад З.З- намайг зовоож дахин гомдол гаргажээ.
6.3. Мөн гэртээ зөндөө очсон боловч дандаа оруулахгүй саад, бэрхшээл учруулдаг байсан. Тэгээд цагдаагийн газарт хандахад “чиний хашаа газарт орохыг шүүх шийдвэрлэж өгнө” гэж хэлдэг байсан. Мөн тэрчлэн цагдаа нар ирэхэд 3.З- зугтаагаад явдаг. Энэ хэргүүдийн талаар цагдаагийн газрын А.Бахытбек болон гэрт маань очиход 3.З-, 3.Е- нарын зодсон үе ч байсан энэ талаар цагдаагийн хурандаа М.Анаргүл шалгасан. Бүх хэргүүдийг цагдаагийн газарт тэмдэглэж, шалгуулсан. Гэтэл 3.З- нь саад бэрхшээл учруулаагүй гэж үндэслэлгүй зүйл ярьж байгаад гомдолтой байна.
6.4. З.З- нь 2020.03.20-ны шийдвэрийг дахин, дахин тоочиж ярьж байгаа нь илүү. Учир нь уг шийдвэр нь зөвхөн Өлгий сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр болохоос биш тус 428м2 газрыг 3.З-ад хамааралтай, надад хамааралгүй гэсэн шийдвэр биш.
6.5. 3.З- нь надаас салсан ч гэсэн өнөөдрийг хүртэл олон жил миний хувь тавиланг тоглоом болгож, шүүхийн шийдвэрийн дагуу хуваарилсан эд хөрөнгийг захиран зарцуулах, гаднын халдлагаас хамгаалах, өнгө үзэмжээрээ ашиглахыг хязгаарлан 8-9 жил дараалан чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байгаа.
6.6. Байшиндаа очих болгонд саад бэрхшээл хийж, айлган сүрдүүлдэг. Аль эсвэл хэл амаар доромжлоод, хөөгөөд явуулдаг байсан атлаа намайг нэг ч хоног амьдраагүй, хэрүүл, маргаан гаргадаг гэж гүтгэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх А.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.З-ад холбогдох А.А-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, Э-********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа З.З-, Х.М- нарын үйлдлийг таслан зогсоож 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгаж, тухайн нийтийн эзэмшлийн газар буюу миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.З-ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болдог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, тухайлбал маргаан бүхий газарт 2 удаагийн үзлэг хийхдээ тухайн газарт байрлаж буй эд хөрөнгүүдийн болон нэхэмжлэгч А.А-ийн эзэмшиж буй газрын хэмжээг бодитой тогтоогоогүй, нарийвчилж хэмжилт хийгээгүй байна.
10. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ... нэг хашаанд А.А-ийн өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, автомашины гарааж, гар худаг, гүний худаг, мөн хариуцагч З.З-ын махны амбаар, зуны байшин зэрэг хөрөнгүүд байрлаж, нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн газар болон хойд талын гудамж хоорондын зай дээд тал нь 9.1 метр, доод тал нь 7.8 метр, хариуцагч З.З-ын эзэмшил газар болон түүний урьд талын гудамж хоорондын зай дээд тал нь 8.0 метр, доод тал нь 7.4 метр, маргаж буй хашааны хаалганаас урд талын гудамжны хоорондын зай 9.4 метр болох нь тогтоогдсон байна. Мөн уг үзлэгээр А.А-ийн өмчлөлийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хойд хэсгийн гудамжаар хүн, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой байгаа боловч тухайн өдрийн байдлаар А.А-ийн эзэмшлийн газарт тухайн гудамж бүхий нийтийн эдэлбэрийн зам талбайгаас нэвтрэх гарц байхгүй болох нь тогтоогдсон байна.
11. А.А-ийн эзэмшлийн 400 м.кв газарт З.З-ын махны амбаар байрлаж байх ба тухайн махны амбаарыг буулгаж авснаар хашааны хойд талаас нэхэмжлэгчийн хашаанд орох, гарах гарц гаргах бүрэн боломжтой гэж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбар гаргажээ. А.А-ийн өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, автомашины гарааж, гар худаг, гүний худаг, зуны байшин, мөн түүний газарт байрлаж буй хариуцагч З.З-ын махны амбаар зэрэг хөрөнгүүдийн хэмжээг шүүхээс үзлэг хийх үеэр нарийвчлан тогтоогоогүй, үзлэгийг дутуу хийсэн байдал нь хариуцагчийн дээрх татгалзалд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүйд хүргэсэн байна.
12. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээрх хариу тайлбар бүхий татгалзалд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, улсын бүртгэлийн Э-********** дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.З-ын үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг хариуцагч З.З-, хамтран хариуцагч Х.М- нарт үүрэг болгож, 428 м.кв талбай бүхий газрыг хашаалсан шавар блок хашааг албадан буулгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч А.А-ийн эзэмшил газар болон хойд талын гудамж хоорондын зай дээд тал нь 9.1 метр, доод тал нь 7.8 метр, хариуцагч З.З-ын эзэмшил газар болон түүний урьд талын гудамж хоорондын зай дээд тал нь 8.0 метр, доод тал нь 7.4 метр, маргаж буй хашааны хаалганаас урд талын гудамжны хоорондын зай 9.4 метр болох нь тогтоогдсон, уг үзлэгээр А.А-ийн өмчлөлийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хойд хэсгийн гудамжаар хүн, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой байгаа боловч тухайн өдрийн байдлаар А.А-ийн эзэмшлийн газар болон үл хөдлөх хөрөнгөд нэвтрэх гарц байхгүй болох нь мөн тогтоогджээ. Нэхэмжлэгч А.А- нь өөрийн эзэмшлийн газар бүхий хашаанд чөлөөтэй нэвтэрч чаддаггүй, мөн уг газартаа байрлах хууль ёсоор өмчилж авсан 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гүний худаг, гарааж зэрэг хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч З.З-, хамтран хариуцагч Х.М- нар саад болж байгаа гэж тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч А.А- нь өөрийн өмчлөлийн газарт хойд талаараа орц, гац гаргаж авах замаар орж гарах, нэвтрэх боломжтой гэж маргажээ.
13. Гэтэл хариуцагч нарыг уг хариу тайлбарт хууль зүйн дүгнэлт хийхийн тулд А.А-ийн өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, автомашины гарааж, гар худаг, гүний худаг, зуны байшин, мөн түүний газарт байрлаж буй хариуцагч З.З-ын махны амбаар зэрэг хөрөнгүүдийн хэмжээг, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын эзэмшил газрын хашаалсан талбайг тус бүрээр нь бодитой тогтоох шаардлагатай боловч анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхдээ А.А-ийн эзэмшил газар болон хойд талын гудамж хоорондын зай, З.З-ын эзэмшил газар болон түүний урьд талын гудамж хоорондын зайг хэмжиж, дурдсан эд хөрөнгүүдийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй орхигдуулсан нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/00249 дугаартай хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан үндэслэл гүйцэд биелэгдээгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хууль хэрэглээний асуудлаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эзэмшил газрын хашаалсан талбайг бодитой хэмжиж, тэдгээрийн эзэмшил хашаанд байрлаж буй эд хөрөнгө тус бүрийн талбайн хэмжээг нарийвчлан тогтоолгож үзлэгийг гүйцэд хийлгүүлэхээр буюу хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх учраас хариуцагчийн хэргийн үйл баримттай холбогдуулж гаргасан гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 302/ШШ2025/00381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ