Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2025/00053

 

Ы.Ж-н хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00430 дугаар шийдвэртэй,  хүсэлт гаргагч ***************оршин суух Ы.Ж-н хүсэлттэй,

 

“Р-овогтой А-тей 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий  шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

 

  Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагч Ы.Ж-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Миний бие Ы.Ж- нь 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Р.А-тэй гэр бүл болсон. Улмаар бид хоёр 6 хүүхэдтэй болж одоо хүртэл хамт амьдарч байна. Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч уг гэрчилгээ 1990 онд бидний гэр гал түймэрт өртсөн үед бүх материалтай хамт шатсан болно.

1.2.Бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гарахгүй байна. Иймд Ы.Ж- миний бие Р.А-тэй 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00430 дугаар шийдвэрээр:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш овогт Ы.Ж-н А овогт Р.А-тэй 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:    

3.1. Хүсэлт гаргагч Ы.Ж- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00430 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.2. Учир нь анхан шатны шүүх Ы.Ж-г Р.А-тэй 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3.3. Ы.Ж-, Р.А- бид хоёр бодит байдалд 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон боловч тухайн үед улсын мэдээллийн санд бид хоёрын гэрлэлтийг бүртгэгдээгүй байсан тухай анхан шатны шүүх дүгнэлт хийсэн атлаа бид хоёрын гэрлэсэн байдлыг тогтоохгүй байгаа явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Ы.Ж-, Р.А- бид хоёр 44 жил хамт амьдарсан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн нэг гэр бүлийн хүмүүс юм.

3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00430 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ш овогт Ы.Ж-, А овогт Р.А- нар нь 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.  

 

            5. Хүсэлт гаргагч Ы.Ж- нь “Р-овогтой А-тей 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болсон байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийн үндэслэлээ “Ы.Ж- нь 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Р.А-тэй гэр бүл болсон. Улмаар бид хоёр 6 хүүхэдтэй болж одоо хүртэл хамт амьдарч байна. Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч уг гэрчилгээ 1990 онд бидний гэр гал түймэрт өртсөн үед бүх материалтай хамт шатсан болно. Бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гарахгүй байна. Иймд Ы.Ж- миний бие Р.А-тэй 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү” гэж тодорхойлжээ.

 

            6. Хүсэлт гаргагч Ы.Ж- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие Р.А-тей 1981 онд гэр бүл болсон нь үнэн. Тэр үед сумын тамгын газарт бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлд бүртгээгүй байна. Бид хоёр дундаасаа 6 хүүхэдтэй.  Анхны хүүхэд маань 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гэрлэлтийн баталгаа авах ямар шаардлага үүссэн бэ гэхээр эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсны дараа улсаас нас барсан хүний тэтгэврийн 20 хувийг эхнэр, нөхөрт нь нэмж олгодог юм байна.  Гэрлэлтийн баталгаа байхгүй бол тэрийг авах боломжгүй юм байна. Тийм учраас шүүхэд хандаж байна” гэж тайлбарлажээ.

 

7. Хэрэгт цугларсан, Ы.Ж-н гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар цуглуулж, хэрэгт хавсаргасан баримтуудаар Ы.Ж- болон Р.А- нар гэр бүл болсон байдлаа зохих байгууллагад бүртгүүлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2 дахь заалтад “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж тус тус хуульчилсан.

 

            8. Гэтэл хүсэлт гаргагчийн тайлбар, Ы.Ж-, Р.А-, Ж.Ж, Ж.А, Ж.Д, Ж.Б, Ж.Н нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ж.Б, Ж.Ж нарын төрсний гэрчилгээ, Ж.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулж авсан Ы.Ж-, Р.А- нарын ХААТР маягтууд, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12/455 дугаартай “...цахим мэдээллийн сан болон архивын сангаас шүүж үзэхэд өнөөдрийн байдлаар тус иргэдийн гэрлэлт бүртгэгдээгүй байна.” гэх албан бичиг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Ы.Ж- болон Р.А- нар гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад зохих бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдоогүй учраас тэдгээрийн гэр бүл болсон байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

 

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтаар “гэрлэлтийг бүртгүүлсэн байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд тооцож, шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх бөгөөд Ы.Ж-, Р.А- нар 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэрлэлтийн үндсэн дээр гэр бүл болж байсан талаарх үйл баримт тогтоогдоогүй учраас хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны зарчимд нийцжээ.

 

10. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ы.Ж-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ы.Ж-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК