Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

  2019          09         16                                         2019/ШЦТ/779

  

 

                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч В.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Боржигин овогт Вандангийн Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905013530444 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ..... дугаар хороо ......... гудамжны ... тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн  2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Вандангийн Ж

 

Шүүгдэгч В. Ж нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр .......... дүүргийн .. дугаар хороо, ............ гудамжны ... тоотод  энхэр И.С-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр  бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  В.Ж мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

  

Шүүгдэгч В. Ж нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр .......... дүүргийн ... дугаар хороо, ......... гудамжны ...  тоотод  энхэр И.С-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч И.С-ийн “ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ бага хүү Хтайгаа байж байтал 17 цагийн орчимд нөхөр Ж 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи барьчихсан гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирээд авч орж ирсэн архиа том өрөөний орон дээр сууж байгаад талыг нь уусан. Архи ууж байснаа намайг хэл амаар доромжилж чи муу хэн ч биш, хэрээний хоол гэж хэлээд над дээр миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Би намайг өшиглөнө гэж бодоогүй, доошоо хараад сууж байсан. Нүдний шил хагараад миний духыг зүссэн байна лээ. Би Жид өшиглүүлээд сууж байсан сандал дээрээсээ хойшоо савж унахад миний дээр гарч ирж хоолой боогоод чамайг дуусгачихъя гээд дух руу гараараа 2, 3 удаа цохисон. Миний нүүрийг дагаад цус гоожоод байхаар нь би Ж-оос намайг тавьчих гэж гуйж байж босож ирсэн. Би босож ирээд Ж-ийг түлхэж арай гэж гэрээсээ гаргасан. Хэрвээ гэрээс гаргаагүй бол Ж гал тогооны ширээн дээрээс хутга авч намайг алах гээд байсан. Би арай гэж л гэрээс гаргачихаад цагдаа болон эмнэлэг дуудсан. Дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Манай нөхөр Ж намайг сандал дээр сууж байхад нүүр лүү өшиглөсөн. Тухайн үед миний зүүж байсан харааны шилний шил нь рамнаасаа мултарч миний духыг зүссэн. Намайг унасны дараа миний дээр гарч ирээд дух руу гараараа 3 удаа цохисноос болж энэ гэмтэл үүссэн. Ж намайг зодож байхын манай хүү Х харсан. Би өөрийн нөхөр болох Жамсрандожтой 1999 оноос эхэлж хамт амьдрах болсон. 2000 онд том хүү Сумъяабазар гарсан. Бид хоёр хамт амьдарч эхэлсэн цагаасаа эхлээд хадмындаа амьдрах болсон. Намайг төрөхөөс 7 хоногийн өмнө ээжийнхээ гэрээс хөөгөөд явуулж байсан. Хамт амьдарсан цагаасаа эхэлж надад гар хүрдэг. 2002 онд намайг хүний нөхөртэй хардаад хэвтэрт ортол зодож байсан. Тухайн үед миний дух цөмөрсөн, хамар цөмөрсөн, зүүн талын чихийг мөөгөөрсөөр  нь хуу татаж байсан. Би энэ болгонд  нь цагдаад хэлэлгүй нууж байсан. 2008 онд намайг архи ууж ирчихээд зүүн талын 2 хавиргыг хугартал зодож байсан. 2012 онд миний нурууг гараараа хуга цохиод ял аваад шоронд орж байсан. Ер нь л архи уух болгондоо агсан тавьдаг байсан. Архи уухаараа л намайг зоддог. Эрүүлдээ бол надад гар хүрдэггүй. Гаднаас орж ирэхдээ согтуу байсан. Гэрт орж ирээд 0,75 литрийн архинаасаа нилээн ихийг уусан. Маш их согтолттой байсан. Эмчилгээ хийлгээгүй. Духандаа нэг оёо тавиулсан байсан тэр оёдлоо авхуулсан. Таван удаа боолт солиулсан. Нэхэмжлэх байхгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу арга  хэмжээ авхуулж шоронд суулгаж ялыг нь өгүүлмээр байна. Би  энэ хүнээс хол тайван баймаар байна. Намайг алчихаж магадгүй гэж айж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3713 дугаартай:

1. И.С--н биед духны няцарсан шарх, шууны арьсны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Боржигин овогт Вандангийн Ж, Боржигон овогт Ишжамцын С- нарыг ...  оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг баталсан тухай ........... аймгийн ....... сумын ... дугаартай гэрлэлтийн бүртгэл. /хэргийн 35 дугаар хуудас/

  

   В.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өргөө кино театрын ойролцоо найз Жислаатай хамт нэг шил архи хувааж уучихаад гэртээ 17 цагийн орчимд орсон. Гэртээ орохоосоо өмнө дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи авч орсон. Тухайн өдөр цэргийн баяр болж байсан юм. Гэртээ ороод авсан архиа уунгаа зурагт үзэж суусан. Манай гэрт эхнэр С-, хүү Х нар байсан. Архиа уугаад сууж байтал эхнэр С- намайг элдэв янзаар хэлээд намайг түлхэхээр нь би босоод С-ийн нүүр лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл С- намайг хөөгөөд байхаар нь би гэрээсээ гараад явсан. Хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрийнхээ дух орчимд нэг удаа өшиглөж энэ гэмтлийг учруулсан. Манай эхнэр С- намайг элдэв янзаар доромжилсоноос болж хэрүүл маргаан үүссэн. /хэргийн 48-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч В. Ж”ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч В.Ж уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч И.С-ээс “Миний бие эхнэр Ишжамц овогтой С- нь В.Жоос нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй болно” гэсэн  хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч В.Ж баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,  шүүх цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар  хэсэгчлэн  тогтоов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Вандангийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.Жийг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар В.Ж торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  В.Жид торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  В.Ж баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ