Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2025/00054

 

Т.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 302/ШШ2025/00362 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч  ************оршин суух Т.А-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/-нд холбогдох,

 

“Барилга захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Т.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Монгол Улсын иргэн Т.А- би Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус байгууллагын бичиг хэргийг цэгцлэх, боловсруулах зорилгоор Т.А-г 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бичиг хэргийн ажилтнаар томилогдсон. Гэтэл тус албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б\23 дугаартай тушаалаар ажлаас гэнэт чөлөөлсөн.

1.2. Ажил олгогчоос Т.А- намайг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хоёр хувь үйлдэж надаар гарын үсэг зуруулж шууд буцаан авсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээний хувийг би авах ёстой боловч дарга шууд буцаагаад авсан. Тус байгууллагын дарга Ш.Ж- нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надад "Таныг хэдэн хоногийн дараа ажлаас чөлөөлнө, учир нь байгууллагын төсөв хүрэлцэхгүй байна гэж хэлсэн. Миний бодлоор тус байгууллагын төсөв нь хүрэлцээтэй гэж үзэж байна. Нөгөө талаас ажил олгогч анх намайг ажилд авахад түр орон тоонд авч байна гэж хэлээгүй, үүний нотолгоо нь намайг бичиг хэргийн ажилтанд томилсон тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн юм.

1.3. Миний бие Т.А- ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж хариу гарсан. Би уг хариуг эс зөвшөөрч байна. Гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардан хүлээн авсан.

1.4. Иймд Барилга захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус барилга захиалагчийн алба нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ба барилгын улиралд үйл ажиллагаа явуулж, намраас эхлэн он дуустал бичиг баримтуудаа боловсруулан, архивлах ажил хийдэг. Манай байгууллагад бичиг хэргийн ажилтны орон тоо байдаггүй. Бичиг хэрэг цэгцлэх энэ хугацаандаа хугацаатай гэрээ байгуулан, түр хугацаатай хүн ажиллуулдаг.

2.2. Иргэн Т.А-тай 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, байгууллагын бичиг хэргийг цэгцлэх зорилгоор бичиг хэргийн ажилтнаар томилж ажиллуулсан. Т.А- нь эрх зүйч мэргэжилтэй учраас манай байгууллагын бичиг хэргийн ажилд тусалж чадна гэж түүнтэй тохиролцож, бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба уг гэрээтэй Т.А- ярилцсаны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

2.3. Байгууллагын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар гэрээний хугацаа дуусаж байгаа учир гэрээг сунгах боломжгүй болсон учраас ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Харин ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарт нь өгсөн. Т.А-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул өөрт нь мэдэгдэж ажлаас чөлөөлсөн болно. Иймд Т.А-н нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 302/ШШ2025/00362 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.А-н Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/23 дугаартай Т.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд “Урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдол гаргасан тус аймгийн Барилга захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтан Т.А- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2025/00362 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа учир давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.2. Т.А- би тус аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус байгууллагын бичиг хэргийг цэгцлэх, боловсруулах зорилгоор бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажилласан.Тухайн үед намайг ажилд томилохдоо түр томилсон, эсхүл хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулсан эсэх талаар огт дурдаж хэлээгүй. Энэ нь хурал хийх үеийн аудио бичлэгээр нотлогддог, уг бичлэг надад байгаа ба энэ талаар шүүх хуралдааны үед хэлсэн боловч авч хэлэлцсэнгүй. Барилга захиалагчийн албанаас шүүхэд гаргаж өгсөн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл нь тухайн үед бэхжүүлж авсан аудио бичлэгтэй тохирохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хурлын тэмдэглэлийг өөрсдөө тохируулан бичсэн болох нь илт байгаа боловч үүнийг шүүх анхаарч үзээгүй, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

4.3. Намайг анх ажилд томилсон талаар амаар шийдвэр гаргаж танилцуулсан боловч тухайн үед надад ажилд томилсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээний хувийг өгөөгүй ба 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалын хамт миний гарт өгсөн. Түүнээс өмнө буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр надад 2 хувь хөдөлмөрийн гэрээ үзүүлж, гарын үсэг зуруулсан ба би 1 хувийг авъя гэсэн боловч Ш.Ж- дарга надад өгөөгүй. Харин надад өгсөн гэрээний хувийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээний эхний хуудсыг дарга Ш.Ж- нь урж тастаж аваад сольж өгсөн ба шүүхэд хуурамч бичиг баримт гаргаж өгч байсан боловч шүүх үүнийг анхаараагүй. Энэ талаар шүүхэд хандаж мэтгэлцсэн боловч уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой байсан гэдгийг хэлж тайлбарласан.

4.4. Уг нь 2011 онд батлагдсан бүтэц орон тоон дээр архив хариуцсан дотоод ажилтан 1 байхаар тусгасан боловч ажил олгогчийн зүгээс тус алба нь улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг тул бичиг хэргийн ажилтны орон тоо байхгүй гэж мэтгэлцсэн нь илт худал болох нь нотлогдож байна.

4.5. Ажил олгогч нь намайг анх ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, байнгын орон тоонд томилон ажиллуулсан боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулсан эсэх нь тодорхой бус, дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг нь шүүх анхаарч үзээгүй. Мөн намайг ажлаас чөлөөлсний дараа миний оронд гаднаас өөр хүн томилсон байдаг. Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00362 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь заалтад зааснаар  хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан. Ажил олгогч 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хурлаа хийж, энэ асуудлыг хэлэлцэж, Т.А-н хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа учраас цаашид ажиллуулах боломжгүй хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт, бүтэц орон тоонд Т.А-г багтааж ажиллуулах боломжгүй. Хоёрдугаарт, цалин хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаал хавтаст хэрэгт авагдсан.

 Дараа нь Т.А-гаас маргаан бүхий актыг эс зөвшөөрч Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4  дүгээр тэмдэглэлээр  “маргаан бүхий тушаалыг гишүүдийн олонхын саналаар хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ” гэж дүгнэсэн байдаг. Т.А-гаас маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, тэмдэглэлийн талаар маргаан гаргаагүй. Т.А- анхнаасаа 2024 оны 9 дүгээр сарын үед ажилд томилогдохдоо тухайн байгууллагын  бичиг хэргийг цэгцлэх зорилготой 3 сар ажиллаана гэдгийг мэдэж байсан. Энэ нь хариуцагч байгууллагаас хөтөлсөн тэмдэглэлээр давхар нотлогдож байна. Тийм учраас давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.А-н хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албанд холбогдуулан гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой, хариуцагч байгууллагын бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргааныг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, хуульд зааснаар бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, ажилтан-ажил олгогчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, маргааны зүйлд хамааралтай нөхцөл байдлыг шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбар бүхий татгалзлын үндэслэлээс тус тус тодруулаагүйгээс ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж буй ажлын байрны онцлогийг тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой уг нөхцөл байдлын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй байна.

 

            7. Нэхэмжлэгч Т.А- нь анхан шатны шүүхэд хандаж “ажил олгогч намайг байгууллагын төсөв хүрэлцэхгүй байна гэж ажлаас чөлөөлсөн, миний бодлоор тус байгууллагын төсөв нь хүрэлцээтэй, нөгөө талаас ажил олгогч анх намайг ажилд авахад түр орон тоонд авч байна гэж хэлээгүй, үүний нотолгоо нь намайг бичиг хэргийн ажилтанд томилсон тушаалыг 2024.12.30-ны өдөр өгсөн” гэсэн агуулгатай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Т.А-г 2024.09.12-ны өдрөөс 2024.12.31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, байгууллагын бичиг хэргийг цэгцлэх зорилгоор бичиг хэргийн ажилтнаар томилж ажиллуулсан. Т.А- нь эрх зүйч мэргэжилтэй учраас манай байгууллагын бичиг хэргийн ажилд тусалж чадна гэж түүнтэй тохиролцож, бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба уг гэрээтэй Т.А- ярилцсаны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Байгууллагын 2024.12.27-ны өдрийн хурлаар гэрээний хугацаа дууссан тул гэрээг сунгах боломжгүй болсон учраас ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Харин ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024.12.30-ны өдөр гарт нь өгсөн. Т.А-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул өөрт нь мэдэгдэж ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

 

            8. Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн 2024.09.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр /хэргийн 19, 68 дахь тал/ ажилтан Т.А-г сарын 660,000 төгрөгийн цалинтай, 2024.09.12-ны өдрөөс 2024.12.31-ний өдрийг хүртэл хугацаатай, тус байгууллагын “бичиг баримтыг цэгцлэх, боловсруулах” чиг үүрэгтэй ажлын байранд ажиллуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012.11.20-ны өдрийн 646 дугаар захирамжийн хавсралтаар баталсан тус байгууллагын орон тооны жагсаалтаас үзвэл /хэргийн 43 дахь тал/ дарга 1, нягтлан бодогч 1, менежер, архив хариуцсан дотоод ажилтан 1, барилгын инженер 2, цахилгааны инженер 1, жолооч 1, нярав 1 зэргээр хариуцагч байгууллага нь нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг, эдгээр орон тоонуудад, тухайлбал, 2024.12.27-ны /хэргийн 29 дахь тал/, 2024.09 .23-ны өдрийн /хэргийн 93 дахь тал/ хурлын тэмдэглэл зэргээс үзвэл, ажил олгогч байгууллагын даргаар Ш.Ж-, нягтлан бодогчоор С.Н, барилгын болон цахилгааны инженерийн 3 орон тоонд Е.А, М.С, Е.Е нар, жолоочоор Б.Б, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан /“ХАБЭ ажилтан” гэх/ Х.А, мөн нэхэмжлэгч Т.А- нарын 8 хүн бүрэн ажилладаг байсан нь тогтоогджээ.

 

9. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т.А- нь (1) хариуцагчийн хариу тайлбарт тэмдэглэсэнчлэн “улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад түр хугацаагаар баримт бичиг цэгцлэх, боловсруулах, архивлах” ажил гүйцэтгэж байсан эсэх, эсхүл (2) бичиг баримт цэгцлэх, боловсруулах, архивлах нэрийдлээр  эрх бүхий албан тушаалтнаас батлагдсан орон тоонд багтааж тухайн байгууллагын архив хариуцсан дотоод ажилтны ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан эсэх, эсхүл (3) ажил олгогчоос улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх талуудаас тодруулж хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалт, 50.2 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх урьдчилсан нөхцөлүүд бүрдээгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Т.А- энэ талаар “...анх намайг байнгын орон тоонд томилон ажиллуулсан боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай, эсхүл хугацаагүй байгуулсан нь тодорхойгүй, ... намайг ажлаас чөлөөлсний дараа миний оронд гаднаас өөр хүн томилсон” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

 

10. Дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн тодруулсны эцэст, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар “Т.А-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэлд тэмдэглэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасныг ажил олгогчоос зөв хэрэгжүүлсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжтой байх бөгөөд тухайлбал, ажилтан улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг бол түүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт хориглосон байдаг.

 

11. Иймд талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Т.А-н ажиллаж байсан ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 302/ШШ2025/00362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Т.А-н давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК