| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00271/И |
| Дугаар | 212/МА2025/00055 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2025/00055
А.С-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00390 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **************оршин суух Т овогт А.С-ы нэхэмжлэлтэй, хариуцагч *********** оршин суух Х овогт Х.Ж-ад холбогдох,
“Өвсний үнэ 8,529,000.00 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.Ж-, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал, орчуулагч М.Нурасыл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч А.С-ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар, давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
2. Анхан шатны шүүх А.С-ы гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.
3. Нэхэмжлэгч А.С- нь хариуцагч Х.Ж-ад холбогдуулж “2025.01.09-ний өдөр 491 боодол шар өвсийг нэг бүрийн 11,000 төгрөгөөр, 184 боодол ногоон өвсийг нэг бүрийн 17,000 төгрөгөөр үнэлж худалдан авсан боловч үнийг төлөөгүй 2 сар болсон тул түүнээс 8,529,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...өнөөдөр аваад маргааш борлуулж өгнө гэж амлаагүй, аажим аажмаар борлуулж өгье гэж тохирсон. 2025.01.09-ний өдөр 491 боодол, шар өвсний нэг ширхгийг 11,000 төгрөгөөр, ногоон өвсний нэг ширхгийг 17,000 төгрөгөөр борлуулж өгнө үү гэж авчирч буулгасан. Буулгахдаа хүргэн Ж-, дүү Ж, С- болон түүний эхнэр хамт ирсэн. Өвсийг буулгасны дараа 2 хоногийн дараа боодол өвсний үнэ буурсан. Тэр даруй С-д залгаад боодол өвсний үнэ буурсан, та өвсний үнээ буулгаад аль, эсвэл өвсөө ачиж явна уу гэж хэлсэн. Шар өвс 4,500 төгрөг, ногоон боодол 11,000 төгрөг болж аймгийн хэмжээнд буурсан. ... С- нь би Ногооннуураас үнэтэй авсан, үнээ буулгаж чадахгүй гэж хэлсэн. Манай хүргэн Ж- нь бас С-д өвс чинь үнэтэй байна, борлуулагдахгүй байна, би бензин түлш хийж өгье, очоод ачиж ав гэж хэлсэн гэсэн. ... би бичиг үйлдэж өгөхдөө С-ы буулгасан боодол өвс манай хашаанд байна, аяар зарагдах юм бол мөнгийг өгнө гэж бичиж өгсөн. Тиймээс С-ы буулгасан өвс манай хашаанд бүрэн бүтэн байна. Нэг ширхэг ч өвс зараагүй” гэжээ шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
4. Нэхэмжлэгч А.С-ы нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2025.03.24-ний өдөр хүлээн авч 2025.03.28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2025.04.07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Х.Ж-ад биечлэн гардуулахдаа түүнд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулах баримтад гарын үсэг зуруулахдаа Монгол хэл мэдэхгүй хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг хэрхэн тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ үе шатанд орчуулагч оролцуулж, Монгол хэл мэддэггүй хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагч Х.Ж-ын Монгол хэл мэддэггүй хувийн байдал нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд орчуулагчаар тус шүүхийн орон тооны орчуулагч Т.Хуанышыг оролцуулсан нөхцөл байдлаар тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 2-т “Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, … шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй” гэж, 7.3 дахь хэсэгт “Шүүх … түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
5. Монгол хэл мэддэггүй хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд орчуулагч авах эрх, шүүхээс орчуулагчаар хангах үүрэг нь гагцхүү шүүх хуралдааны шатаар хязгаарлагдахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд уг этгээдийн орчуулагч авах эрхийг хангаж, тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг орчуулагчаар дамжуулан тайлбарлан танилцуулах, эсвэл хэргийн оролцогчийн мэддэг хэлээр урьдчилж, албан ёсоор орчуулж бэлтгэсэн баримтаар дамжуулан давхар танилцуулах, энэ талаар тусгайлсан тэмдэглэл үйлдэж баримтжуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд Монгол хэл мэддэггүй хариуцагч Х.Ж-ад 2025.04.07-ны өдөр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, түүнд гарын үсэг зуруулж албажуулсан анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй тул дээрх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Энэ талаар хариуцагчийн “...эрх үүрэгтэй танилцуулж баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй гэж заасан нь үндэслэлгүй. Надад энэ талаар танилцуулж байгаагүй, зөвхөн хэд хэдэн бичигдсэн цаасанд гарын үсэг зуруулсан, түүнийг ямар утгатай бичиг байсныг би Монгол хэл мэдэхгүй тул ойлгоогүй болно” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Хэдийгээр тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын бүрэлдэхүүнд орон тооны орчуулагчид ажиллах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно…” гэж хуульчилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд орчуулагч оролцуулах тохиолдолд шүүгч захирамж гаргаж томилох нь хуулийн шаардлагыг хангах бөгөөд энэ талаарх процессын хуулийн хэрэгжилтэд анхан шатны шүүх цаашид анхаарах шаардлагатай.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан 1 хуудас баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах Монгол хэл рүү орчуулах, шүүх хуралдаанд Монгол хэл мэддэггүй хэргийн оролцогчийн эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэл, бичгээр явуулах нийтлэг зарчмыг хангахын тулд орчуулагчаар тус тус Т.Хуанышыг оролцуулсан боловч түүнийг орчуулагчаар томилсон шүүгчийн захирамж гаргаагүй, хэрэгт хавсаргаагүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
7. Анхан шатны шүүхийн 2025.05.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч Х.Ж-ын “хүргэн Б.Ж-, дүү Х.Ж нарыг гэрчээр асуулгах” тухай хүсэлт гаргасныг шүүгч шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулан зөвлөлдөх тасалгаанд орж, зөвлөлдөж орж ирээд “шүүгчийн захирамж гаргаж, хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гэрч асуулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн талаар тэмдэглэсэн /хэргийн 31 дэх тал/ боловч хариуцагчийн хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн уг захирамж бичгээр үйлдэгдээгүй, хэрэгт хавсаргаагүй, түүнчлэн хариуцагчийн уг хүсэлтийг хууль зүйн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхой бус байх тул хариуцагч Х.Ж-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалт, 43, 756 дугаар зүйлд зааснаар гэрчээс мэдүүлэг авах талаар хүсэлт гаргах эрх зохих ёсоор хангагдсан, эсхүл хязгаарлагдсан эсэхэд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
8. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулах эрхээ хэрэгжүүлэхдээ шүүхэд хариу тайлбараа гаргамагц энэ талаарх хүсэлтээ шүүхэд гаргах үүрэгтэй боловч тухайн хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч шүүгчийн захирамжийг бичгээр үйлдээгүй буюу хэрэгт хавсаргаагүй тул тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хариуцагч гэрч оролцуулах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар буюу анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт тодорхойгүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдов.
9. Иймээс анхан шатны шүүх А.С-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн эрх, үүргийг орчуулагчаар дамжуулан танилцуулаагүй, орчуулагчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийн захирамжаар томилж оролцуулаагүй, хариуцагчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг бичгээр үйлдэж, хэрэгт хавсаргаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатын шүүхэд буцаав.
10. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан тул хуульд зааснаар хариуцагч Х.Ж-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,414.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгох нь хууль ёсны зарчимд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00390 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагч Х.Ж-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Ж-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,414.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК