| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0086/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/101 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Хохирогч нарын өмгөөлөгч М.Энхзаяа
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Одбаяр
Хохирогч Н.Н
Хохирогч Ш.Д-н хууль ёсны төлөөлөгч Л.Ш
Иргэний нэхэмжлэгч Ё.А
Иргэний хариуцагч Д.Б
Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ж-д холбогдох 1916001460077 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Х-н Ж.
Шүүгдэгч Х.Ж-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын төвийн Төгрөг багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-н эзэмшлийн 0000 ГАҮ улсын дугаартай, УАЗ-469 хантер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А, 3, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, явган зорчигч Н.Н, 8 настай Ш.Д нарыг мөргөж, улмаар иргэн Ё.А-н хашааг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Н.Н-н биед зүүн атгаал ясны ил хугарал, уушигны эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэ ясны хоёрлосон хугарал, гэмтлийн дараах цус багадалт гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Ш.Д-н биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн гуянд шарх баруун дух, хацарт зулгаралт гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Ё.А-д эд хөрөнгийн 121.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргүүдэд тус тус хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Х.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ хөдөө явахаар гарсан. Дэлгүүрийн үүдэн дээр зогсоход С-тай таараад хоёулаа баруун овоо дээр гараад нэг шил архи хувааж ууя гээд баруун овоо дээр гараад 0.75 грамын архи гаргаж ирээд тэрийг нь хоёулаа хувааж уусан чинь дахиад 0.5 грамын архи гаргаж ирсэн тэрийг талд нь оруулсан. С хөдөө яваад би буцаж ирсэн. Тэгээд би Д.Б-нд очоод байшингийн цонхоо янзлаад байж байгаад скоч хайгаад олоогүй тэгээд хоёулаа дэлгүүр явъя гээд дэлгүүр рүү явсан. Тухайн үед би архи уусан байсан. Энэ хүний машиныг би унаад үзье гэж унасан нь үнэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Айлын хашаа руу ороод хүн дайрснаа мэдэхгүй байна зогссон чинь чи хашаа дайрчлаа, хүн дайрчлаа гэсэн. Тэгээд араас цагдаа ирсэн ... Би маш их гэмшиж байна ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хамгийн хойд талд манай нэг хашаа байдаг. Тэр хашаандаа оччихоод зээгээ дагуулаад явж байсан. З-н хашааг дагаад машин замнаас холуур явъя гээд явж байсан, жоохон салхитай байсан учраас дуулаагүй, нэг харахад цагаан 69 машин нүүрэн дээр ирсэн. Миний охин хашааны тэнд хэдэн цуваа дугуй байсан тэрэн дээр гарсан зогсож байсан. Тэгээд нэг мэдэхэд хашааны доор унасан хэвтэж байсан юм хэлэх гэсэн багтарчихаад хэлж болохгүй, охиноо авраатах гээд хэлэх гээд хэлж болохгүй, хүмүүс тэрүүгээр гүйлдээд Н эгч байна, М байна гээд орилолдоод цагдаа дууд гээд цагдаа ирээд хүргэхгүй гээд байгаа бололтой байсан. Би охиноо харсан чинь миний дээр хол шидэгдсэн байна. Миний охиныг авраарай авраарай гэж орилохоор нь ямар ч гэсэн амьд юм байна гэж бодсон. Нэг нь хөлийг нь хөдөлгөсөн чинь цус нэлийсэн байсан хөл нь салаад унадаг юм байж дээ гэж бодсон. Тэгээд арай гэж дуугарч болохоор нь миний охиныг авраатахаач гээд орилсон чинь эмч, цагдаа дуудаж байгаа бололтой байсан. Би модон доор их удсан. Ядаж энэ модыг авчихаач гэсэн зургийг нь авна гээд авдаггүй тэгээд арай гэж авсан. Эмч ирээд охиныг аваад явсан. Тэгээд байж байсан чинь эмнэлгийн тэрэг М-г авч яваад зөндөө удсан. Тэгээд намайг ирж аваад нилээн тариа хийгээд эмч нар аймгийн эмч нартайгаа яриад дуудлага өгөөд бүтэхгүй гээд аваад явсан. Эмч нар Бигэр дээр миний охины гуяыг оёж байгаа бололтой байсан. Бигэр дээр ирж миний гарын шархыг нарийн утсаар оёод маргааш нь өглөө үүрээр аймагт ирсэн. Аймгийн эмнэлэг дээр ирсэн чинь эрчимт эмчилгээнд оруулна гээд эм тариаг хоёр гарт зоосон. Аймагт 7 хоносон. Бүх хүүхэд хотоос, Завханаас ирээд зарим нь сум руу яваад зарим нь намайг авч онгоцоор яваад хотод очсон. Хотод хөл сойгоод 7,8 хоног хэвтэж байгаад 05 дугаар сарын 01-ний өдөр хагалгаанд орсон. 07 дугаар сарын 20 хэдэнд хадааснаас харшлаад болохоо байгаад сум руугаа явъя гээд ирээд өдөр болгон боолт хийгээд байсан идээ нь татраад одоо ч гэсэн жоохон идээ гардаг. Тэрнээс хойш 5 сар болж байна. Гар нэг хугарал, хөл 2 хугаралтай жил гарангийн дараа авна гэсэн, бороолж эдгэх юм уу арай гэж ядарч ирсэн. Гэртээ хэвтэрт байж байдаг. Хэдэн сар хэвтэх юм зүгээр байсан хүн ингэчихээр үнэхээр гомдолтой байна. Охин босоод ирсэн болохоор жоохон сэтгэл гайгүй байна. Ясны хугарал байна эдгэх байгаа гэж бодоод ингээд байж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ш.Д-н хууль ёсны төлөөлөгч Л.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 04 дүгээр сарын 15-ны өдөр Цогт сумын төвд миний охин эмээтэйгээ явж байгаад машинд дайруулсан. Би Цогт сумын Рашаант багт хөдөө мал хариулж байсан. Тэр орой дуудлага ирээд би сум орсон чинь манай охин эмнэлэгт оччихсон байсан. 04 дүгээр сарын 16-ны өглөө үүрээр охиноо аймагт авч ирсэн, дунд чөмөг нь хугарсан, ил гүнзгий шархтай байсан. Шархыг нь суман дээр оёсон. Энд ирээд аймаг дээр ирээд 7 хоног хугацаа алдаад тэр хооронд охины шарх идээлж баалаад маш хүндэрсэн. Энд зөндөө зураг авахуулсан ч гэсэн баруун гарын бугалганы сууриараа хугарсан байсныг аймаг дээр мэдээгүй. Хотод гэмтэл согог дээр очиж мэдсэн. Бөөрний няцрал, дотуур цус алдалттай байсан. Хотод очоод яаралтай хагалгаанд ороод оёог нь задлахад дотроос нь чулуу шороотой идээлж баалаад хүндэрсэн маш их зовсон. Тэр хооронд энэ хохирол учруулсан хүн очиж эргэдэггүй, ярьдаггүй, уулзаагүй. Энэ зун нэг сумд амьдарсан ирж уулзаагүй. Манай охины зовиур нь хөлдөө хадаастай учраас өөрөө сайн явж чаддаггүй. 08 сарын дараа хадаасаа авахуулна. 12 дугаар сард хот руу явна. Халамжаас асаргааны мөнгө төгрөг гаргаж өгнө үү? гэхээр хуульд тийм зүйл байхгүй, хохирол учруулсан хүнээсээ гаргуулж ав гэж хэлсэн. 08 дугаар сарын 26-ны өдөр хурал болно гэхэд баримтаа аваад ирсэн байсан. Аймаг дээр хүргэнийдээ үлдээчихээд явсан, манай хүргэн ажлаар явсан гэр лүү нь орж болдоггүй. 6.000.000 төгрөгийн баримт байгаа. Тэрийг дараа нь өөрт нь үзүүлж танилцуулна гэж бодож байгаа ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Иргэний нэхэмжлэгч Ё.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.. 04 дүгээр сарын 15-ны үдээс хойш гэртээ зурагтаа үзээд байж байсан мод шажигнаад урдаас нэг цагаан машин орж ирээд буцаад жорлонгийн овоолсон шорооны хажуугаар жоохон баруун тийшээ дарсан бол нүх рүү унахаар байсан, тэгэхэд яг ирмэгээр нь гараад буцаж хашаа дайраад гараад явсан. Би хоёр хүн унасан байгааг хараагүй. Тэгсэн урдаас хүмүүс ирсэн, эргээд харсан чинь манай хашаанд хоёр хүн уначихсан чимээ байхгүй байсан. Н.Н эгчийн дээрээс мод унасан байсан. Заанаа эхнэртэйгээ машинтай ирсэн. Заанаа машинаасаа бууж ирээд Н.Н эгч байна гэсэн. Н.Н эгчийн төрсөн дүүгийнх нь байдаг тэднийд очиж хэлсэн. Би маш их сандарсан. Би өөрөө эмчийн хяналтад байдаг, зүрхний гажигтай том цоорхойтой маш амар тайван байх ёстой. Дүү нь очиж хэлж чадаагүй, хурдан гүйсэн чинь сандраад Энхээ хойшоо гараад ирэхээр нь хойшоо яваарай гэсэн. Зөндөө хүн цугласан байсан. Охиныг очоод тэврээд авах гэсэн зүүн гуя нь салсан байна гэсэн доогуур нь цус нилийгээд гараад ирсэн. Цагдаа гээд мотоцикльтой эдний дүүгийн залуу ирээд цагдаа руу яваарай гэсэн. Цагдаа ирээд, эмнэлэг дуудсан байсан. Н.Н эгч дэр байна уу гээд аваачиж өгсөн. Тэгсэн баруун хөл нь зүүн тийшээ харсан байсан. Хүүхэд аймар байсан. Цагдаа ирээд тууз татаад эгч энүүгээр явж болохгүй гэсэн. Урд талын хашааг тэр чигээр нь дайраад ханараад унасан байсан. Эд нарыг аваад явсан оёдол тавьж байна аймаг аваад явж байна дуудлага хүлээвэл бүтэхгүй юм байна гэж байсан. Аймар хурдтай орж ирсэн, нэг ч тоормос гишгээгүй хашааны дундуур зад татаад дайраад гараад явсан. Манай хашаа ноднин барьсан шинэ хашаа. Тэрний дай нь том банз тэрийг цөм татаад гараад явсан. Цагаан супер машин байсан гэж хэлэхээс би хэний машин гэдгийг нь мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Иргэний хариуцагч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөөнөөс орж ирээд нилээн ажилтай байсан. Манайх байшинтай тэрний коридорын цонх унаад хагарсан байхаар нь цаана нь том шил давхарлаж хийх гээд байж байсан энэ залуу орж ирсэн. Манай хашаанд нэг айл байдаг тэднийхээр энэ залуу ирээд байдаг. Чи энэ айлаас скоч олоод ирнэ үү гэсэн гарч яваад алга байна гээд та дэлгүүрээс авчихгүй юу гэсэн. Тэгээд дэлгүүрээс авъя гэж бодоод гараад машинаа асаасан чинь энэ залуу машиныг чинь бариад үзье гээд гуйгаад байхаар нь өгсөн. Хоёулаа дэлгүүрт очоод би нэг скоч аваад манай нэг зээ ханиад хүрээд эмнэлэгт хэвтсэн манай эхнэр хараад хэвтэж байсан. Манай эгчийнх нь хойно байдаг сум дээр хэдэн мал байгаа тэрийг аргалаатах гээд нэлээн ажилтай орж ирсэн байсан. Дэлгүүр рүү явахдаа зүгээр байсан ах та машинаа зарахгүй биз, энэ хантер чинь гоё юм гээд тийм зүйл ярьж байсан. Буцаад явж байсан гэнэт дарахаар нь цаана чинь хашаа яаж байгаа юм гэсэн чинь руль гацчихлаа гээд дараад би тэгээд ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн хойт өөд давхиж байсан чи зогсооч гээд зогсохоор нь чи хүн дайрчих шиг боллоо лав айлын хашаа дайрчихлаа урдуур нь хоёр хүн орчих чиг боллоо би нүд муутай хэнийг нь таньсангүй буц гэсэн буцдаггүй. Тэгээд аргаа бараад машины түлхүүрээд аваад байж байсан чинь цагдаа ирсэн ... Тийм юу болоод байна буцаад хэргийн газраа оч хоёр хүн дайрчих шиг боллоо би тухайн үед юу ч мэдэхгүй болсон байсан. Тэнд арай гэж зогсоосон ... би хүн дайраагүй, хашаа дайрсан гэж хэлсэн би сайн мэдэхгүй байгаа. Дугуйн доогуур ороогүйг нь мэдсэн бололтой юм билээ... руль гацчихлаа гээд дараад байсан. Н эгч, жоохон хүүхэдтэй явж байсан юм билээ. Руль гацсаныг мэдэж байгаа хүн, тоормос гишгэсэн бол миний машин бараг хашаанд тулахгүй зогсох ёстой, унаж шалгасан цагдаа нь орос машин 4 дугуй нь ингэж жигд барьдаг юм байжээ гээд гайхаад байсан ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ш.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 04
дүгээр сарын 15-ны өдөр би эмээтэйгээ хашааны өнцөг дээр зогсож байсан.
Гэтэл өмнөөс цагаан өнгийн 69 машин ирж байсан. Эмээ уг машиныг хажуугаар
өнгөрөх нь гээд хашаа налаад зогсож байтал машин ирээд мөргөчихсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй ... Зүүн талын хөл өвдөж байна. Мөн миний толгой өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ94/,
Гэрч Т.О-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим нөхөр З-н хамт Портер машинтай гараад дэлгүүр орох санаатай Төгрөг багийн 00-00 тоот хашаанаас хөдлөөд 5-р гудамын хажуудах шороон төв замаар явж байтал цагаан өнгийн УАЗ-469 хантер маркын машин бид
хоёрын урд талаас ирээд манай нөхөр машинаа зогсоотол тухайн машин Заяа
эгчийн хашаан дотор хашааны банз, хавтанг нь дайрч ороод эргээд жорлонгийн
хажуугаар буцаж бид хоёрыг чиглээд хажуугаар гараад дээшээ гудам өөд явсан.
Гэтэл тухайн машин дайрч орсон хашаан дотор Н эгч наана нь, хүргэн
Ш-н охин нь цаана нь хэвтэж байсан. Н эгчийн толгой дээр хашааны
банзан хавтан дарсан байхаар нь бид хоёр машинаасаа буугаад очиж давуулж
хаяахад Н эгч ухаантай байсан. Охиныгоо заагаад байхаар нь очоод тэврэхэд хөл салсан бололтой авраарай авраарай гээд намайг дуудаад байсан. Манай нөхөр эмнэлэг орж эмч, цагдаа авч ирэхээр явсан ... Мөргүүлсэн хүмүүс бол хашааны булан дагаад замаасаа нилээн хөндий хашаатай ойрхон алхаж явсан … Машинтай хүмүүсийг цагдаа араас нь очиж олж ирсэн, тухайн үед тэр газраа бол байгаагүй, машин нь явчихсан байсан ..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ118-120/,
Гэрч Т.О-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “ Аваар гаргасан машин нь Б ахын машин байсан... тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй. Зогсолгүй шууд буцаад хашаа дайраад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ121/
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...цэцэрлэгийн хүүхэд авах гээд
гудманд алхаж явахад цагаан өнгийн 69 машин хажуу талаар яг дайрах гээд
хажууд ирсэн, би хүн аллаа гээд орилоод бахираад тэгсэн дээшээ хажуугаар
яваад өнгөрсөн. Тэр үедээ айлын хашаа дайраад булангаар эргээд над руу чигээрээ ирсэн юм байна лээ. Би айгаад тэр газарт нь очоогүй ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ122-123/,
Гэрч Г.З-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны үед эхнэр бид 2 Цогт сумын төвд байх гэрээсээ гараад хөдөө гэр лүүгээ гарах гээд дэлгүүрээс ойр зуурын хэрэглээний зүйлсээ авах гээд өөрийнхөө цэнхэр өнгийн бонго маркын машинтайгаа явж байтал доороос цагаан өнгийн 69 маркын машин төв гудам өөд маш их хурдтай ирж байсан. Н эгч охиноо дагуулаад хойноос урд зүг рүү гэр лүүгээ бололтой З эгчийн хашааны булангаар явж байтал тэр цагаан машин зам дагаж явж байгаад шууд замаас салаад тэр хоёрын зүг рүү чигээрээ яваад миний машины яг урдуур гараад, би машинаа зогсоогоод бараг шүргэх шахаад хажуугаар гарсан. Тэгээд зогсож байтал манай эхнэр хөөе наадах чинь хүн дайрчихлаа, айлын хашаа дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаа эгүүлж зогсоод буугаад Н эгч дээр очсон. Н эгчийн толгой дээр хашааны хавтан унасан байсныг бид 2 цааш авч холдуулсан. Тэгээд Н эгч бид хоёр руу хүү, хүү гэж хэлээд манай эхнэр хүүхэд рүү нь явсан. Нөгөө машин тэр чигтээ хашаан дотор эргээд бас хашаа дайраад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ127-128/,
Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Дунд зэргийн согтолтын үед нүд бүрэлзэх, орчны баримжаа алдагдах, гуйвах шинж тэмдэг илэрнэ. Дунд зэргийн
согтолтын үед өөрийгөө удирдан жолоодох чадвар буурна... Дунд зэргийн согтолтын үед нүд бүрэлзэх, орчны баримжаа алдагдах, гуйвж дайвдаг учир замаас гарах үйлдэл, хашаа мөргөх үйлдлийг хийх боломжтой. Үйлдлээ санах санахгүй гэдгийг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ131/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 123 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...1. Иргэн Н-н биед хохирол учирсан байна.
2. Н-н биед зүүн атгаал ясны ил хугарал, уушигны эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэ ясны хоёрлосон хугарал, гэмтлийн дараах цус багадалт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ152-153/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...1. Иргэн Ш.Д-н биед хохирол учирсан байна.
2. Ш.Д-н биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн гуянд шарх, баруун дух, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд
нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болн эмчилгээний үр дүнгээс хамаарна....” гэсэн дүгнэлт /1-р ХХ158-159/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай “...1. Иргэн Ж-н биенээс авсан цусанд 1.8 хувь промилли спиртийн зүйл илэрлээ.
2. Дээрх спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
3. Иргэн Ж-н биеэс авсан цус нь бүлэгнэсэн байгаа учир цусны бүлэг тогтоох боломжгүй болно....” гэсэн дүгнэлт /1-р ХХ64-65/,
Шинжээч, Цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “... НЭГ: УАЗ-469 маркын 00-00 ГАҮ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Хажид овогтой Жагардорж /РД:ДМ00000000/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хзрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй .
ХОЕР: Замын хөдөлгөөнд оролцогч Х.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а заалтыг зөрчсөны улмаас уг осол болсон байна.
ГУРАВ: Авто машинд хийсэн үзлэгийн тэмдэглэлд УАЗ-469 маркын 00-00 ГАҮ улсын дугаартай авто машины техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан байна.
ДӨРӨВ: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ173/,
Шинжээч, Цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “... НЭГ: Цагаан өнгийн УАЗ-469 маркын 00-00 ГАҮ улсын дугаартай авто машины жолооч Х овогтой Ж нь Монгол упсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг. 3.7 а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг, УА3-469 маркын 00-00 ГАҮ улсын дутаартай авто машины эзэмшигч Д овогтой Б /РД:ДМ00000000/ нь Монгол улсьн замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг. 2.7 б/ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна.
ХОЁР: Замын хөдөлгөөнд оролцогч Х.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг осол болсон байна. Хэргийн газрын үзлэгээр авто машиныг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба тоормослосон ул мөр илрээгүй учир тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй болно. Явган зорчигч Ш.Д, Н.Н нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно.
ГУРАВ: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ177/,
Шинжээч, цагдаагийн ахмад Ч.Цогтбаяр, замын хөдөлгөөний дүрмийн багш Ч.Дарийжав, М.Дашдорж нарын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “... Хариулт 1: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.
Хариулт 2: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд УАЗ-469 хантер маркийн, 00-00 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Хажид овогтой Жагардорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно .
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах /тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ тусгаарлах, зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах,
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болгон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд УАЗ-469 хантер маркын, 00-00 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Б нь Монгол улсын замын хөделгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хоориглоно:
б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалт зөрчсөн гэж үзэв.
Хариулт 3: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд УАЗ-469 хантер маркын, 00-00 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Хажид овогтой Жагардорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн гэж үзэв.
Хариулт 4: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд УАЗ-469 хантер маркын, 00-00 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х овогтой Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах /тэмдгээр тусгайлан зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд/, тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах.
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.
Хариулт 5: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Ж-н жолоодож явсан 00-00 ГАҮ улсын дугаартай, УАЗ-469 хантер маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй, тухайн тээврийн хэрэгслийн тооромзны мөр байхгүй байна.
Хариулт 6: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шинжээч Л.Лхагвадоржийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрүүдийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариулт 7: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шинээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв …” гэсэн дүгнэлт /1-р ХХ181-183/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ5-8/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ12-13/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ16-17/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ18-20/, “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №ТХҮ-610/611 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р ХХ190-192/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын төвийн Төгрөг багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-н эзэмшлийн 00-00 ГАҮ улсын дугаартай, УАЗ-469 хантер маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А, 3, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, явган зорчигч Н.Н, 8 настай Ш.Д нарыг мөргөж, улмаар иргэн Ё.А-н хашааг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Н.Н-н биед зүүн атгаал ясны ил хугарал, уушигны эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэ ясны хоёрлосон хугарал, гэмтлийн дараах цус багадалт гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Ш.Д-н биед зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн гуянд шарх баруун дух, хацарт зулгаралт гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Ё.А-д эд хөрөнгийн 181.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Х.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 655.180 төгрөгийн хохирлыг хохирогч нарт, 180.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ё.А-д 1 сарын дотор төлж барагдуулах мөн тэнссэн хугацаанд хохирогч нарын эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлыг тухай бүрт нь төлж байх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус шийдвэрлэлээ. Шүүгдэгчид оногдуулсан торгох ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг хооронд нь нэмж, нэгтгэх хууль зүйн боломжгүй тул тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Н.Н, Ш.Д нар нь баримтаар нийт 11.470.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас осол гарахаас өмнө гарсан нийт 180.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мал хариулгын хөлс 4.500.000 төгрөг, асаргааны 480.000 төгрөг, нийт 4.980.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, эмчилгээ сувилгаа болон хохирогч нарыг тээвэрлэхэд гарсан зардалтай холбоотой нотлох баримтын шаардлага хангасан нийт 6.310.360 төгрөгийн баримтаар нотлогдсон нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Х.Ж нь хохирогч нарт хохиролд 5.000.000 төгрөг төлсөн учраас үлдсэн 1.310.360 төгрөгийг шүүгдэгч Х.Ж, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 655.180 төгрөг гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл тухайн зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Д.Б-г Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах явцад бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд гэж шүүх үзсэн болно.
Иргэний нэхэмжлэгч Ё.А шүүх хуралдаанд 500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч хавтаст хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт бэхжигдээгүй тул “Ашид билгүүн” ХХК-ний №ТХҮ-610/611 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон 181.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Х.Жоос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ё.А-д олгохоор шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн машины домкрат, АЯ№00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№000000 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 00-00 ГАҮ улсын дугаартай Хантер маркын тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Д.Б-т буцаан олгож, шүүгдэгч Х.Ж-н №00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Х-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ж-д сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 655.180 төгрөгийн хохирлыг хохирогч нарт, 180.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ё.А-д 1 сарын дотор төлж барагдуулах мөн тэнссэн хугацаанд хохирогч нарын эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлыг тухай бүрт нь төлж байх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Ж-д сануулсугай.
8. Хохирогч Н.Н, Ш.Д нарын баримтаар нэхэмжилсэн 11.470.860 төгрөгийн нэхэмжлэлээс 180.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4.980.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, 6.310.360 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Х.Ж, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 655.180 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н, Ш.Д нарт олгож, иргэний нэхэмжлэлд баримтаар нотлогдсон 181.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Х.Ж-с гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ё.А-д олгож, шүүгдэгч нь хохирогч нарт хохиролд 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нарын цаашид эмчилгээ сувилгааны болон зайлшгүй гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн машины домкрат, АЯ№000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№000000 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 00-00 ГАҮ улсын дугаартай Хантер маркын тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Д.Б-т буцаан олгож, шүүгдэгч Х.Ж-н №00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА