| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 151/2023/01112/И |
| Дугаар | 223/МА2025/00030 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 223/МА2025/00030
2025 9 05 223/МА2025/00030
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 317/ШШ2025/00941 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоотод оршин суух, Б овогт Д Э,
Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Б С нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 128.767.226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж, Б.Хулан, Ц.Наранцэцэг, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Иргэн Б.С болон Д.Э нар манай “Б” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот зээлийн гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 35.000.000 төгрөгийг Б.С-д шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот Барьцааны гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 200 дугаар байр, 3 тоотод байрлах, 55.41м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот Батлан даалтын гэрээг Д.Э-тай байгуулж уг гэрээний 2.1-т зааснаар зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадаагүй тохиолдолд түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 395 хоног хугацаа хэтрээд байна.
Иймд ЗГ116213010300017 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн төлбөрт 34.972.611 төгрөг, хүү 16.098.433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 52.768.859 төгрөг, нийт 103.839.903 төгрөгийг хариуцагч Б.С, Д.Э нараас гаргуулж, уг мөнгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү.
Тус шүүхэд “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С, Д.Э нарт холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.2-т “Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээлийн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон. Д.Э, Б.С нар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдрийн байдлаар 937 хоног хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хуримтлагдсан хүү 41.025.758 төгрөг, алданги 147.544.631 төгрөг, нийт 223.543.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хуримтлагдсан хүү 24.927.326 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 41.025.758 төгрөг, алданги 52.768.857 төгрөг, нийт 128.767.226 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно...” гэжээ.
2. Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Д.Э-ын хувьд “Б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Мөн тус байгууллагатай “Батлан даалтын гэрээ” байгуулсан дээр маргахгүй. Тухайн үед зээлдэгч нар юуны учир зээл авснаа хариу тайлбартаа тодорхой бичсэн. Д.С барилгын бизнес эрхэлдэг бөгөөд хүүгийнх нь бизнес зогссон тул эх Д.Э хүүгийнхээ хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, зээл авсан. Зээлсэн мөнгөө Д.С өөрийн бизнестээ зарцуулсан ба Д.Э тухайн зээлээс нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ энэ бол тусдаа асуудал, зээлийн гэрээний үүрэг үүссэнээс хойш Д.С “Б” ХХК-д тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Анх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.372.675 төгрөг, нийт 39.372.602 төгрөгийг Д.Э, Д.С нар төлөх үүрэг хүлээснээ хүлээн зөвшөөрнө. Харин 2022 оны 1 дүгээр сарын 18-нд болон 2022 оны 4 дүгээр сард байгуулсан байгуулсан нэмэлт зээлийн гэрээний асуудлыг хариуцагч Д.Э хариуцахгүй. Учир нь тухайн зээлийн харилцаанд Д.Э ямар нэгэн байдлаар оролцоогүй, гарын үсэг зураагүй. Зээлийн харилцаа ингэж сунгагдсан гэж мэдээгүй, үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас л мэдсэн.
Хоёрдугаарт: Нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн төлбөр гаргуулахаар ихэсгэсэн. Зээлийн хүү хэзээнээс бодогдож эхлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүг тооцохдоо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл буюу 395 хоногоор тооцож үүндээ хүү бодсон байна. Хүү гэдэг чинь тухайн гэрээнд заасан хугацаанд төлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны хоорондох хугацааны хүүг Д.С хариуцах ёстой. Энийг юугаар тодорхойлж байгаа вэ гэхээр эхний нэмэлт гэрээгээр /2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан/ 3 сарын хугацаатай буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ нэмэлт өөрчлөлтийн 3-д “...зээлдүүлэгч, зээлдэгч нар харилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зээлийн гэрээг 6 сараар сунгав...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 сараар зээлийн гэрээг сунгасан асуудал яригдаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх хүү нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 24.927.326 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас хийсэн тооцооллыг ойлгосонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх, үндэслэлээ тайлбарлах ёстой. Гэтэл хүүгийн төлбөр хэд, алданги хэд, хэрхэн, яаж тооцсон эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тийм учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбар гаргах боломж хязгаарлагдмал байна. Шүүгч асууж байж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж, өмнөх тайлбарт хэлсэн 39.372.602 төгрөгийг Д.С хамт төлөхөд татгалзахгүй. Алданги 52.770.596,7 төгрөг яригдаж байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар алдангийг тодорхой тайлбарласан. Анзыг торгууль болон алданги гэж тооцно. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн зохицуулалттай. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэх зохицуулалттай. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд хүүгээс алданги тооцоогүй, зээлээ төлөөгүй хэтэрсэн хугацаанаас алданги тооцсон гэж тайлбарлаж байх шиг байна. Миний тооцоолсноор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү тооцогдоно. Үүнээс цааш 0.5 хувиараа алданги тооцоод явах ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол дээр ярьж байна. Үүнийхээ төлсөн дүн гэдэг дээр С 19.795.000 төгрөг төлсөн гэж хүснэгтэд бичсэн. Гэтэл сая тооцоолохдоо 1.173.974 төгрөг, мөн 15.126.163 төгрөг, нийт 16.300.110 төгрөгийн төлбөр төлсөн гэж байгаа юм. Тэгэхээр 3 сая төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийгээ тодруулах шаардлагатай ба нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаж тооцогдох ёстой. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хоёрдугаарт хуульд зааснаар хүү, алдангиа зөв тооцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж харж байна.
Анх нэхэмжлэл гаргахдаа 103.839.903 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон. Үүнтэйгээ уялдуулаад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 677.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагад хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь маш ойлгомжтой. Энэ утгаараа улсын тэмдэгтийн хураамжид 677.149 төгрөг төлөх ёстой. Мөн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагадаа 70.200 төгрөг төлөх ёстой. Гэтэл тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 өдрийн дараа 150 төгрөгийг нэмж тушаагаад, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байна. Үүнтэй холбогдуулан шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа өөрчлөлт оруулсан. Шүүх хэн нэгэнд давуу байдал олгохгүй, хөндлөнгийн байр суурьтай байх ёстой гэж харж байна. Хэрэв гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Дээр нь сүүлд төлсөн 70.200 төгрөгийг юу гэж ойлгох вэ? Энэ талаар иргэний хэрэг үүсгэсэн болон өөрчлөлт оруулсан захирамждаа дурдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Тэгэхээр энэ бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзвэл үндсэн зээл буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Д.Э 39.372.602 төгрөгийг Д.С хамт хариуцахад татгалзахгүй. Үлдэх нэхэмжлэлийн шаардлага, хууль болон гэрээнд заасан шаардлага хангаагүй тул энэ хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алданги бол үндсэн төлбөр буюу 34.972.611 төгрөгөөс бодогдоно. Гэтэл нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэгт үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр хамаарна гэж байна. Хуулиараа хүүгээс алданги тооцохгүй гэсэн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч тал хүүгийн төлбөрийг оруулаагүй зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс алданги тооцсон гэж байна. Тэгэхээр хуульд зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг зохицуулалтаараа 34.972.611 төгрөгийн алдангид 17.486.305 төгрөгийг бодох ёстой. Манайх алдангид 18.926.726 төгрөг төлсөн бөгөөд илүү 1.440.421 төгрөг байгаа тул энэ мөнгийг үндсэн зээлээс нь хасаж тооцуулах саналтай байна” гэжээ.
3. Хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: С.Базардоржийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хүү, алдангиа хэрхэн тооцсон талаар ойлгохгүй байна. Зээлдэгч нарын хувьд их, бага хэмжээгээр хүү төлөөд л явж байсан. Хүүгээс хүү тооцоод байгаа юм уу, алданги нь яагаад 52.000.000 төгрөг болоод байгааг ойлгохгүй байна. Гэтэл алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Алдангид 18.000.000 төгрөг төлсөн гээд биччихсэн байна. Бидний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж хэлж байгаачлан 39.372.602 төгрөгийг төлөхөд маргаад байх зүйлгүй. Гэхдээ зээлийн гэрээнд нэг учир байна. “Б” ХХК нь барьцаалан зээлдүүлэх эрхтэй байгууллага юм байна лээ. Тэгсэн хэр нь зээлийн гэрээгээ байгуулахдаа иргэд хоорондын зээл буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар байгуулсан нь өөрөө буруу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, банк болон банк бус барьцаалдан зээлдүүлэх газар тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар гэрээгээ байгуулах ёстой, тухайн гэрээ нь анхнаасаа зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх ашгийг хохироосон гэрээ болсон. Дээр нь нэмээд хэлэхэд Д.Э, Д.С нар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байхад яагаад 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаа аваад, зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээд байсан нь ойлгомжгүй байна. Нийт 34.972.611 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хүүгийн тухайд 542 хоногоор тооцож, уг хоногийг нэг өдрийн хүү буюу 45.991 төгрөгөөр үржүүлэхэд 24.927.122 төгрөг болж байна. Үүнээс Д.С нарын төлсөн 19.795.000 төгрөгийг хасахаар хүүгийн төлбөр 5.926.327 төгрөг болдог, үүнийг хүлээн зөвшөөрнө. Алдангийн тухайд 34.972.611 төгрөгөөсөө тооцох байх, хүүгээс алданги тооцохгүй. Тэгэхээр 17.486.305 төгрөгийн алданги нийт 58.385.243 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үүнээс төлөгдсөн төлбөр хасагдах ёстой гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э, Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 23.019.074,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105.748.151,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч “Б” барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Д.Э, Д.С холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.029.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.С нараас 273.045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 23.019.074 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, хэрэгсэхгүй болгосон 105.748.151,5 төгрөгийг эс зөвшөөрч байна.
1. Шүүх гэрээнд заасан 6 сарын хүү авах эрхтэй ба үүнээс хойших хүүг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-р хуудасны сүүлийн догол мөр “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав” гэж дурдсан ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгын анхаарна” гэж зааснаар тайлбарлавал анхны зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар талууд тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсоны дагуу гэрээнд заасан 6 сарын хугацааны хүү авах эрхтэй ба үүнээс хойших хүүг нэхэмжлэх эрхгүй бөгөөд талуудын байгуулсан нэмэлт гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нийт 6 сарын хүүд 8.515.068 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулахад талуудын хүсэл зориг нэгдсэн учир гэрээ байгуулагдсан.
Ингээд хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.2-т “Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон. Иймд зээлдэгч нарыг зээлийн гэрээнд заасан тохиролцооны дагуу 6 сарын хугацаа дууссан ч үүргээ биелүүлээгүй мөн зээлдэгч нь зээл, хүү алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
2. Шүүх зээлийн тооцоолол болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу дүгнэсэн
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.610 төгрөгөөс тооцож үүний 50 хувиас хэтрэхгүй гэвэл 17.486.305 төгрөгийн алдангийг гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэжээ.
Тодруулбал нэхэмжлэгч хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт нийт 37.954.910 төгрөг төлсөн талаарх тооцооллыг ирүүлсэн бөгөөд хариуцагч нар үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 8.515.068 төгрөг, алданги 17.486.305,5 төгрөг, нийт 60.973.984,5 төгрөг үүссэнээс гэрээний үүрэгт төлөгдсөн 37.954.910 төгрөгийг хасвал 23.019.074 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжлэх эрх үүссэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105.748.151,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно” гэжээ.
Анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзэж түүний тавин хувиас хэтрэхгүй нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. Шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.610 төгрөг, үүний тавин хувь болох 17.486.305,5 төгрөг гэж үзсэн. Энэхүү шийдвэр нь тодорхой үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй зээлдэгчийн төлбөл зохих алдангийн хэмжээг багасгах ёсгүй ба алдангийг багасгах нь талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах үндэслэлгүйг анхаарах гэсэн Улсын Дээд шүүхийн зөвлөмжтэй зөрчилдөж байгаа ба мөн Иргэний хуулийн 189.1, 40.1, 232.1, 232.8, зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.2 заалтуудыг тус тус зөрчсөн нь мөн хуулийн агуулгад нийцээгүй, үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдлээс алданги тооцсон. /үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.610 төгрөг, өдрийн 0.5 хувь алданги, хугацаа хэтэрсэн 395 хоногт нэг хоногийн алданги 174.863 төгрөг, нийт 69.070.885 төгрөг/
Иргэний хуулийн 222.6-д “хүүгээс анз тооцохгүй” гэсэн зохицуулалттай. Алданги нь харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж Иргэний хуулийн 232.4-т зохицуулсан. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үндсэн зээлийн үлдэгдэл нь төлөх хүүгийн хамт юм гэж /Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01 зөвлөмжийн 4 дугаар хуудасны 2.Г-д “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, хүү хоёрын нийлбэр дүн болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан агуулгад тусгагдсан байна” гэжээ.
Алданги нь үндсэн зээл, хүү хоёрын нийлбэр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой буюу нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасны дагуу нэхэмжилсэн байтал шүүх зөвхөн үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Зүй нь Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар зөвлөмжид зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.610 төгрөг, хүү 41.025.758 төгрөг, нийт 75.998.368 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн юм.
Иргэний хуулийн 189.1, 40.1, Зээлийн гэрээний 2.2.2-т заасны дагуу Зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран хугацаандаа төлөөгүй зээл, хүү, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. /үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.610 төгрөг, хүү 41.025.758 төгрөг алданги нь 52.768.857 төгрөг нийт нэхэмжилсэн үнийн дүн 128.767.226 төгрөг/.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
6. Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 317/ШШ2025/00941 дүгээр шийдвэр нь хуульд заасан үндэслэл бүхий, хэргийн үйл баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан гомдлын эхний үндэслэл нь “хүүг буруу тооцсон” гэж маргаж байна. Иргэний хуулиар зээлийн хүүг зөвхөн гэрээний хугацаанд төлөх үүрэгтэй гэж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дууссан байсан ч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүү тооцох ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлд зааснаар зөвхөн банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын зээлтэй холбоотой асуудалд ийм зохицуулалт хамаарах бөгөөд манай зээлийн гэрээний хувьд ийм нөхцөл хамаарахгүй. Мөн анзыг буруу тооцсон гэж байна. Нэхэмжлэгч тал “анзыг гүйцэтгээгүй нийт үнийн дүнгээс тооцно, үүнд үндсэн зээл болон хүү хамрагдана” гэж үзэж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “хүүгээс анз тооцохгүй” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл анз нь зөвхөн үндсэн зээл буюу төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс тооцогдох ёстой. Манай тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдэл болох 34 сая төгрөгөөс анз тооцох зохицуулалт үйлчилнэ. Гэтэл нэхэмжлэгч тал нийт хугацааны хүүг нэмж тооцон улмаар анхны нэхэмжлэлдээ 50 гаруй сая төгрөгийн шаардлага гаргасан нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Энэ нь талуудын гэрээний чөлөөт байдлыг ч хохироож байгаа бөгөөд үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг харахад шийдвэрийн 8 дахь хэсэгт техникийн шинжтэй алдаа буюу “Нинжбаяр” гэж нэрийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж хариуцагч Д.Э, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128.767.226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.372.675 төгрөг буюу нийт 39.372.602 төгрөгийг Д.Э, Б.С нар төлөх үүрэг хүлээснийг хүлээн зөвшөөрнө. Харин Д.Э нэхэмжлэгчтэй нэмэлт зээлийн гэрээ байгуулаагүй тул хариуцахгүй. Мөн хүү алдангийг хуульд зааснаар тооцоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүхээс ийнхүү шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл Д.Э 39.372.602 төгрөгийг Д.С хамт хариуцахад татгалзахгүй гэж,
Хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүү, алдангийг хэрхэн бодсон нь ойлгомжгүй, зээлдэгч нарын зүгээс тодорхой хэмжээний хүү төлсөн. Бидний хувьд хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн 39.372.602 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Хариуцагч нар нь гэрээний үүргээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш биелүүлээгүй байхад яагаад 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаа авч зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэдэг нь ойлгомжгүй. Үндсэн зээлийн төлбөр 34.972.611 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүү 542 хоногоор тооцоход 24.927.122 төгрөг болж байгаа. Үүнээс Д.С нарын төлсөн 19.795.000 төгрөгийг хасахаар хүүгийн төлбөр 5.926.327 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрнө. Хүүгээс алданги тооцохгүй тул 17.486.305 төгрөг буюу нийт 58.385.243 төгрөгөөс төлөгдсөн мөнгөн дүнг хасаж тооцон үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрнө гэж тус тус мэтгэлцжээ.
Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлаасаа татгалзсан, энэ талаар зохигчид маргаагүй байна.
2. Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг нь иргэний эрх зүйн үндсэн зарчим байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж “Б” ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан Д.Г-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч ханган /хх-ийн 75, 79-81-р тал/ шийдвэрлэсэн атлаа энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.
4. Хариуцагч Д.Э 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Өмгөөллийн Төв адвокэйтс” ХХН, гүйцэтгэх захирал Б.С-тай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хх-ийн 63-64-р тал/ байгуулсны дагуу Б.С нь анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон байдаг. /хх-ийн 65-71-р тал/
Өмгөөлөгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг өмгөөлөхдөө өмгөөлүүлж буй этгээдийнхээ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Д.Э өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөс татгалзсан талаар баримт авагдаагүй байхад шүүхээс түүнд дээр дурдагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулж, тайлбарлан өгөөгүй, хэргийн материал танилцуулан, шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй орхигдуулсан байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.
5. Шүүхээс гаргасан дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх хууль зүйн боломжгүй ба эдгээр нь цаашид шүүхээс гаргах шийдвэрт нөлөөлж болохуйц байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 686.691 /зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу улсын орлогод үлдээсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 317/ШШ2025/00941 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 686.691/зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА