| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0100/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/102 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч Г.Н, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Н, Д.Э нарт холбогдох 1916002540123 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Г-н Н.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овгийн Д-н Э.
Шүүгдэгч Г.Н, Д.Э нарын 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн Хуримт гэх газарт харилцан бие биенээ хутгалж, бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоёр 2 литр пиво уусан. Тэгээд жоохон муудалцаад айлгах санаатай хутгыг нь аваад гуя руу нь дүрсэн ... Баруун гуя руу нь нэг удаа хутгалсан ... Гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна... Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Оногдуулсан торгуулийг өөрөө ажил хийж байгаад төлнө, багасгаж хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Д.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Бор иштэй хутгаар тэрүүхэн зуурын уурандаа хутгалсан. 2 удаа хэвлий хэсэгт нь хутгалсан ... Эд мөрийн баримтаар хураагдсан хутга мөн ... Надаа байсан, би гутлын түрүүндээ хийсэн явж байсан ... гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна... Миний хутга биш, тэнд байсан уяачдын тухайн үед хоол идэж байсан хутга... Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орой 19 цагийн орчим байх, яг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Э манайд мотоцикльтой ирж би хутгалуулчихлаа, толгой эргээд байна гэж ярьж сууж байгаад ухаан алдаж унасан бөгөөд би эмнэлэг рүү хүргэж өгөх гээд машин хайж байтал Э-н аав нь ирж сумын эмнэлэг рүү аваад явсан … Э-н өмд нь цус болсон бөгөөд би өмдийг нь тайлж үзэхэд баруун хөлийн гуя хэсэгтээ юманд зүсэгдсэн байдалтай нэг шарх байсан ба цус нь тогтоогүй, цус их гарсан байдалтай байсан. Тэгээд тухайн Э миний толгой эргээд байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ31-32/,
Гэрч Н.Д-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр оройн 19 цагийн орчим хүн цус алдаад байна гэсэн дуудлагын дагуу эмэнэлэг дээр очиж, Г.Н-н биед нь үзлэг хийхэд Артерийн даралт нь 120/80, 120/80, захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 96%, пульс 72 удаа, хэвлийн хэсэгтээ шархтай, цус алдсан байдалтай, халамцуу байсан ба даралттай боолт хийж гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Харин түүний дараагаар Д.Э нь 21 цагийн үед эмнэлэг дээр ирсэн бөгөөд биед үзлэг хийхэд согтуу байсан ба Артерийн даралт нь 120/80,110/70, захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 97%, пульс 62 удаа, баруун хөлнөөс цус алдсан байдалтай байсан ба гэмтлийн эмчид хүлээлгэж өгсөн ... Н-н хэвлий хэсэгт 2 удаагийн нэвтэрсэн шархтай цус алдсан байсан. Харин Э нь баруун хөлийн гуя хэсэгтээ мөн нэг удаагийн нэвтэрсэн шархтай цус алдсан байдалтай байв ... Н нь Э бид хоёр маргалдаж, муудалцаж байгаад бие биенээ зөрүүлж хутгалсан гэж ярьсан. Харин Э нь та нарт хамаагүй гэж хэлээд юм яриагүй..." гэсэн мэдүүлэг /ХХ35-36/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... Г.Н, Д.Э нарын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь босоо, суугаа, хэвтээ байрлалын алинд ч үүсэх боломжтой гэмтлүүд юм ... Г.Н-н биеийн хүйсний баруун хэсэгт хоёр ширхэг шарх гэмтэл байсан. Д.Э-н баруун хөлийн гуя хэсэг болон цээжинд шарх гэмтлүүд байсан ... Г.Н, Д.Э нарын биед байсан гэмтэл шарх нь тус бүр хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байсан ... Тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм ... хоёр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь үхэлд хүргэхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ51-53/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 235 дугаартай “...Г.Н-н биед хүйсний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ38-39/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай “...Д.Э-н биед цээж болон гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ44-45/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ7/, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хутга зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н, Д.Э нар нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн Хуримт гэх газарт харилцан бие биенээ хутгалж, бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой байсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай цагдаагийн байгууллагаас гаргасан лавлагаа/ХХ-61,62/, нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн хүсэлтүүдэд /ХХ-91,93/ үндэслэн шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Н, Д.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Н, Д.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар хүрэн өгийн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-н Н, Ж овогт Д-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Д.Э нарыг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Н, Д.Э нарт шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.Н, Д.Э нарт сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар хүрэн өгийн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА