Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ч.Баатархуягт холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Б.Батсайхан

                        Ялтны өмгөөлөгч                  Г.Энхбаяр

                        Ялтан                                     Ч.Баатархуяг

                        Нарийн бичгийн дарга          Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Баатархуягийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ч.Баатархуягт холбогдох 201403000313 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1976 оны 07 сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайн өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Хэнтий аймаг, Бор-Өндөр сум 6-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 сарын 20-ны өдөр 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Зуун богдынхан овогт Чагнаагийн Баатархуяг /РД:СЩ76071511/

 

Ч.Баатархуяг нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэр Шийрт гэх газарт байрлах “Шинэ эрч хүч” ХХК.ийн харуулын гэрт хохирогч Ч.Батмөнхийг “пивонд явж өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Баатархуягт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор:

Зуун богдынхан овогт Чагнаагийн Баатархуягийг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэн;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ч.Баатархуягийн эдлэх 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баатархуягийн 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 130 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар дээл 1 ширхэг, цамц 1 ширхэг, майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Батмөнхөд буцаан олгон;

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Баатархуяг нь бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баатархуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Ч.Баатархуягийн гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 62 тоот шийтгэх тогтоолоор Ч.Баатархуяг намайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар үндсэн ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: 1.2014 оны 08 дугаар сарын 17-ны орой хэрэг болсон цагаас эхлэн миний бие хутган дээрх хурууны хээг шинжлүүлэх талаар удаа дараа хүсэлт тавьж байхад нэг ч удаа хангаагүй. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарахад шууд нөлөөлсөн. Надад ямар ч хутга байгаагүй. Хэрвээ тэр хутга миний ашиглалтанд байдаг хутга бол ямар нэгэн байдлаар миний гарын хээ гарна биз дээ. Би тэр хутгыг огт бариагүй учраас шинжилгээнд явуулахыг хүсээд байгаа юм. 2. Алтангинж намайг зодоод байхад Алтангинж нараас намайг салгаж авсан хүн бол тэр үед уурхай дээр машин ачих гээд ирсэн байсан жолооч Эрдэнэбаяр юм. Тэр Архангай аймгийн төвд том тэрэг барьдаг жолооч гэж байсан. Намайг зодохыг болиулах гэж байгаад өөрөө ч гэсэн зодуулсан байсан. Би тухайн үед толгойдоо их гэмтэл авч зарим зүйлийг санахгүй сааталд орсон байсан. Иймээс зарим зүйлийг орхигдуулсан байна. Харин сүүлд нь санаад хэлэхэд Эрдэнэбаярыг гэрчээр асууж мэдүүлэг аваагүй байсан. Алтангинжийг намайг харуулын гэрээс дуудуулаагүй бол би гэрт орохгүй байсан ба надад Ч.Батмөнхийг пивонд явж өгөөч гэж гуйх ч шаардлага байхгүй. Учир нь манай компаний унаа тэнд зөндөө байсан. Мөн би гэмтлийн эмнэлэгт ухаан санаа орон гаран байсан ч Батмөнхтэй ерөөсөө уулзаагүй. Үүнийг намайг сахиж байсан эхнэр сайн мэднэ. Би Алтангинж, Батмөнх хоёрт зодуулсан. Алтангинж маргааныг өдөөсөн. Миний толгой руу Алтангинж цохиж намайг гэмтээсэн. Мөн намайг өш хонзонгийн үүднээс зодох зорилготой миний ажил дээр ирсэн. Энэ нь биелэлээ олсон гэж үзэж байна. Алтангинж намайг хутгалах гэж байгаад л найзыгаа хутгалсан гэж үздэг. Би хүн хутгалаагүй учир хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү. Намайг зодуулж байхад тэднээс салгах гэж байгаад өөрөө зодуулсан Эрдэнэбаярыг гэрчээр асуулгах хүсэлттэй ба би өөрөө краны төмөр мөргөж өөрийгөө гэмтээгээгүй учир Алтангинжийг холбогдуулж шалгуулах хүсэлттэй байна. Алтангинж 2014 онд нутгийн хүнээ зодоод цагдаад шалгуулах гэж явахдаа Архангайн цагдаа надад үйлчлэхгүй гэж байсан ба хэсэг хугацааны дараа ирчихээд үйлчлэхгүй байгааг харав уу гэж онгирч байсан. Энэ нь яг үнэн болж энэ хэргээс мултарсныг гэрчилж байна. Надад холбогдуулан гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ хамт оролцох болно гэжээ.

            Ялтан Ч.Баатархуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Алтангинж гэдэг хүн надад хутгалуулсан гэж ярьдаг. Гэтэл ах, дүү нар нь намайг крантай машинаас чирч УАЗ-469 маркийн авто машинд оруулсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Ч.Батмөнх намайг гэртээ оруулаад орон дээрээ дарж байгаад зодсоныг Ч.Батмөнхийн ээж, Алтангинж, бас нэг шар хүүхэд нар хараад зогсож байсан. Иргэний үүрэг гэж байдаг байх. Гэтэл би гэрчгүй тэнгэр хол, газар хатуу, надад үнэхээр хэцүү байна. Энэ асуудлыг хүртэл нуун дарагдуулаад байцаалт аваагүй байдаг. Ч.Батмөнх хутгалуулсан гэснийхээ дараа намайг гэртээ оруулж зодсон. Би энэ хэрэг болохоос өмнө зодуулчихаад шалан дээр ухаангүй хэвтэж байгаад ухаан орсон. Би тухайн үед Баяртогтох хошууч, Баттогтох ахлах дэслэгч нарт хутгыг шинжилгээнд явуулаад өгөөч гэж өмгөөлөгчийнхөө хажууд зөндөө хэлсэн. Гэтэл байцаагч намайг чи хутгалсан гэж хэлбэл хэрэг чинь харин ч хөнгөрөнө гэж хэлж байсан. Г.Алтангинж, Ч.Батмөнх нар нь анхнаасаа худлаа мэдүүлсэн. Тухайн үед би архи уугаагүй байсан. Жолооч бид нарт архи уух шаардлага байгаагүй. Хэрвээ архи уух байсан бол миний мэдэлд 3 машин, 1 мотоцикль байсан учраас өөрөө явах байсан. Надад нутгийн хүмүүсийг гуйх шаардлага байхгүй байсан. Намайг зодуулж байхад Эрдэнэбаяр гэдэг хүн болиулах гэж байгаад өөрөө зодуулсан. Цагдаа нарт Улаанбаатар хотоос ирсэн жолооч нарыг олохгүй юм гэхэд Архангай аймгийнхаа жолоочийг олох боломж байсан гэж боддог. Г.Алтангинж надад Архангайн цагдаа нар надад үйлчлэхгүй гэж хэлж намайг сүрдүүлж байсан. Тэр нь биелэлээ олсон гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

            Ялтны өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн зүгээс Ч.Баатархуягийн давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Ч.Баатархуяг эхнээсээ хохирогч Ч.Батмөнхийг хутгалаагүй, Г.Алтангинж гэдэг хүнд зодуулсан гэдгээ хэлдэг. Хэрэг болох үед гэрт Г.Алтангинж, Ч.Баатархуяг, хохирогч Ч.Батмөнх нарын 3 хүн байсан. Эдгээр 3 хүний хурууны хээг хутган дээрээс авч болох байсан. Гэтэл хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагад оччихсон. Өмнө нь Ч.Баатархуяг хутгыг огт харж байгаагүй, хэрэглэж байгаагүй. Хутган дээрээс гарын хээ аваагүйгээс л болж энэ хэргийг үйлдсэн этгээд тогтоогдохгүй байгаа. Хэрвээ хутган дээр шинжилгээ хийлгэсэн бол Ч.Баатархуягийн гомдол нь багахан ч гэсэн тайлагдах байсан байх. Ч.Баатархуягийн бас нэг гомдоод байгаа зүйл нь Г.Алтангинж намайг хутгалах гэж байгаад Ч.Батмөнхийг хутгалсан гэдэг эргэлзээтэй байгаа. Үүний эргэлзээг хутганы ишин дээр байгаа гарын хээ л тайлах байсан. Энэ хэрэгт олон гэрчүүдийг асуухад Ч.Баатархуягийн ажлын байранд тийм хутга байгаагүй гэдгийг нотолдог. Энэ хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байгааг шинжээчийн дүгнэлттэй холбоотой гэж үздэг. Хэрэг гарсны дараа хутгыг шууд цагдаагийн газарт өгөөд шинжээчийн дүгнэлт хийгдээгүй. Шат шатны цагдаагийн байгууллагын бурууг Ч.Баатархуяг үүрч байгааг анхаарч үзнэ үү. Хэргийг бүхэлд нь хянах учраас Г.Алтангинж гэдэг хүн Ч.Баатархуягийг зодоогүй байна гэж үзэх нь учир дутагдалтай болсон. Цэнхэр сумын Цагдаагийн байгууллагад Ч.Баатархуяг зодуулсан байдалтай очсон байдаг. Ганцхан толгойдоо гэмтэлтэй биш, биеийнхээ бусад хэсэгт гэмтэлтэй очсон байдаг. Тийм учраас тухайн цаг хугацаанд Ч.Баатархуяг бусдад зодуулсан байна гэдэг нь нотлогддог. Ч.Батмөнхийн ээж шөнийн цагаар Ч.Баатархуягийг кран мөргөсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг нь эргэлзээтэй байна. Тухайн шөнө нэг бол сартай болоод байдаг, нэг бол саргүй байсан юм шиг харагддаг. Ч.Баатархуягийг шөнийн хэдэн цагт кран мөргөсөн гэснийг цаг хугацааг нь тогтоогоогүй. Мөн Ч.Баатархуяг кран мөргөсөн юм уу, Г.Алтангинжид зодуулаад энэ гэмтлийг авсан юм уу гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд Ч.Баатархуягийн толгойд учирсан гэмтэл кран мөргөхөд гарна, гараараа цохиход ч гарна гэсэн нь тодорхой бус байна. Үүнийг анхаарч үзэх ёстой. Миний зүгээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дутуу зүйлийг шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөн Ч.Баатархуягийг зодуулаад байж байхад Эрдэнэбаяр гэдэг хүн салгаад өөрөө зодуулсан гэж Ч.Баатархуяг өмнөх шүүх хуралдаан дээр болон сая мэдүүллээ. Г.Алтангинж, Ч.Батмөнх нар нь багаасаа найзалсан найзууд учраас хүн орж ирснийг хэлээгүй байх нөхцөл байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр тухайн үед Эрдэнэбаяр гэдэг хүн байсан уу гэдгийг шалгуулахад буруудахгүй.  Ч.Баатархуягийн хувийн байдал нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, эхнэр, хүүхдээ алдаж байсан удаа байгаа. Харин одоо тогтвортой ажил хийж, эхнэр хүүхэдтэй болоод амьдарлынхаа зөв замд орох гээд явж байгаа хүн. Гэмт хэрэгт холбогдохдоо нэг хүүхэдтэй байсан, хоригдох үед нь эхнэр нь жирэмсэн байсан учраас төрөөд одоо 2 хүүхэдтэй болсон. Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхэд эхнэр, хүүхэдтэйгээ уулзах хугацаа нь хол байдаг. Ял эдлэх дэглэмийг нь жирийн дэглэмтэй болгож өгөх юм бол эхнэр хүүхэдтэйгээ уулзаад байх боломжтой. Эдгээр байдлуудыг харгалзаж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэхээргүй бол ялын дэглэмийг нь жирийн дэглэм болгох боломжтой талаас нь харж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Прокурор Б.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Ялтан Ч.Баатархуягийн гомдолтой танилцлаа. Энэ хэрэг анх 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр болсон. Хэрэг гарснаас хойш хохирогч Ч.Батмөнх хэргийн болсон нөхцөл байдлыг үнэн, зөв эргэлзээгүйгээр мэдүүлсэн байдаг. Өөрийг нь Ч.Баатархуяг хутгалсан гэж шууд зааж хэлдэг. Хэрэг гарах үед гэрт Г.Алтангинж, Ч.Баатархуяг, хохирогч Ч.Батмөнх нарын 3 хүн байсан. Гэрт 3 хүн байсан талаар гэрч Бат-Амгалан, Бямбасүрэн нар нотолж мэдүүлдэг. Хохирогч Ч.Батмөнх мэдүүлэг өгөхдөө миний цээжинд хутга шаачих шиг халуун оргисон, гараа тэмтэрч үзэхэд хутга байсан. Хутгыг гараараа сугалаад зогсож байтал Бат-Амгалан орж ирээд хутгаа надад өгчих гээд гараараа бариад орны хөндий рүү чулуудсан, тэгээд хэсгийн төлөөлөгч нар ирэхэд хутгийг бүсэнд нь ороогоод хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн байдаг.  2014 онд хутганд шинжээч томилж дүгнэлт гаргаагүй, түүний дараагаар шүүхээс хэрэг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд олон удаа буцаж явсан учраас шинжилгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдалтай болсон. Ч.Баатархуяг хохирогч Ч.Батмөнхийг хутгалсан үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гээд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй биш байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ялтан Ч.Баатархуягийг оргон зайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлж, эрэн сурвалжлуулахаар мөрдөн байцаагчийн даалгавар бичиж, удаа дараа мөрдөн байцаалтын хугацаа сунгаж байсан, улмаар Ч.Баатархуягийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, ял сонсгон байцаасан боловч Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 38 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Ч.Баатархуяг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөн “Шинэ эрч хүч” ХХК-д 2015 оны 08 дугаар сараас ажиллаж байсан болох нь эмчлүүлэгчийн карт, гэрч Б.Балжиннямын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, яллагдагч Ч.Баатархуягийн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гэтэл дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон гэрч Б.Балжиннямын мэдүүлэг хууль ёсны нотлох баримт болж чадаагүй байна.

 

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд анх хэргийг шалгаж эхэлсэн  мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах,  гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд зайлшгүй хийвэл зохих гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэхээр заасны дагуу энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан мөрдөн байцаагч а/д Д.Баттогтох 2016 оны 03 сарын 03-ны өдөр мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ц.Ганбатаар мөрдөн байцаалтын зохих ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар бичжээ.

 

Даалгавраас харахад гэрч М.Баттулга, Ч.Бат-эрдэнэ нарыг гэрчээр дахин байцааж, мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэхийг мөрдөн байцаагч Ц.Ганбатад даалгасан байх ба мөрдөн байцаагч Ц.Ганбат даалгаварт тусгагдаагүй, Б.Балжиннямаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн байхад энэ нотлох баримтыг яллагдагч Ч.Баатархуягийн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын үндэслэл болгосон нь буруу юм.

 

Хохирогч Ч.Баатархуяг хэргийн материалтай танилцаад шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэйгээр, дахин гаргуулах тухай хүсэлт гаргасныг мөрдөн байцаалтын шатанд хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

 

Хохирогч Ч.Баатархуягийн нуруу, гуяны хэсэгт үүссэн няцрал гэмтэл нь 2 удаагийн өшиглөлтөөр үүсэх эсэх, толгойд үүссэн гэмтэл ямар хүчин зүйлийн улмаас үүссэн, тодруулбал краны төмөр мөргөснөөс үүссэн эсэх, краны төмөр мөргөхөд толгойн гадна хэсэгт ямар гэмтэл үүсч болох талаар шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай байх ба энэ талаар гаргасан хохирогчийн хүсэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн хохирогч Ч.Баатархуягийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг яллагдагч Г.Алтангинжид танилцуулаагүй, 2016 оны 01 сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор мөрдөн байцаагч Г.Дагийранжилаар хэргийг мөрдүүлэхийг зогсоосон байхад мөрдөн байцаагч Г.Дагийранжил сэжигтнийг баривчлах тогтоол үйлдсэн зэрэг зөрчил байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1-т заасныг удирдлага болгон;

           

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-т заасныг үндэслэн ялтан Ч.Баатархуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокурорт очтол хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                   М.МӨНХДАВАА