| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 177/2023/0032/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 28.3.1., 28.5.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 99
Б.Б, Р.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Я.Батханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Б.Б, Р.Б нарт холбогдох 2235002170008 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ы Б нь Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 11 дүгээр сарын 28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Р-ын Б нь Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг “Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Р.Б-ийг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон буюу дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийг 07 сар хорих, Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 06 сар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Я.Батханд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Прокуророос шүүгдэгч Р.Б-ийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... аймгийн хилийн цэргийн ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Б-ыг жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хацар хэсэгт нь савхин бээлийгээр цохиж, зодсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэх ёстой. Гэвч шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эсхүл маргаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Учир нь Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатан дахь байр суурь зөрүүтэй байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болсон. Шүүгдэгч Р.Б-ийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүх хуралдаан дээр бээлийгээрээ зангасан, шүргэсэн талаар мэдүүлсэн.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Р.Б-ийн гэм буруугийн үйлдэлд маргаж, цагаатгах байр суурьтай орсоор байхад шүүх шүүгдэгч болон өмгөөлөгчийн байр суурь, түүний зөрүүг арилгахгүйгээр, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн материалд байхгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, тухайлбал Б.Б тангараг өргөсөн, байлдагч, цэрэг мөн эсэхтэй холбоотой баримт байхгүй байхад байгаа мэтээр дүгнэлт хийн, хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.5-д давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг бичих талаар зохицуулсан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай магадлал уг хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Гэрч Ч.А, Э.О нарын мэдүүлэг үг, үсгийн зөрүүгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд уг мэдүүлгийг авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Гэрч М нь Б.Б-ыг цэргүүдтэй таарамжгүй харилцаатай гэх мэт хувийн зан байдлын талаар мэдүүлснээс харахад хэрэг гарахад Б.Б-ын зүй бус үйлдэл нөлөөлсөн байж болохоор харагдаж байна. Мөн уг гэмт хэрэг нь Б.Б-ын оргон зайлсан үйлдэлтэй холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулах зорилгыг агуулдаг боловч анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сард төрсөн 5 настай бага насны хүүхэдтэй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг учраагүй, Б.Б-ын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй байх тул Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 7 сарын хорих ялыг өөрчилж, хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Бийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа хэлсэн саналдаа “Р.Б Б.Б-ыг зодсон үйлдэлд гэм буруугүй гэж маргаагүй. Харин хэргийн зүйлчлэлийн талаар маргасан. Хэргийн нөхцөл байдлыг харахад улсын яллагч хүчингүй болсон 2019 оны Цэргийн нийтлэг дүрмийг үндэслэл болгосныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Нөгөө талаас шүүхийн дүгнэлтэд Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг баримталсан байдаг бөгөөд хэргийн гол нөхцөл байдал бол мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-т зааснаар Р.Б цолтой, Б.Б цолгүй. Дүрэм бол цолтой байж захирах, захирагдах ёс яригддаг. Гэтэл дээрх байдлыг харгалзахгүйгээр Цэргийн албаны тухай хуулийн бусад зохицуулалтыг хэрэглэсэн нөхцөл байдал бий. Хэргээс харахад Б.Б цол аваагүй байсан нөхцөл байдалд өмгөөлөгчийн зүгээс маргасаар ирсэн. Тэгэхээр хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн миний үйлчлүүлэгчийн эрхэнд халдсан байна. Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-т зааснаар байлдагч цол авснаар захирах, захирагдах ёс яригдах ёстой. Мөн тангараг өргөөгүй байсан ба миний үйлчлүүлэгчид харьяалагдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь миний үйлчлүүлэгч бол бэлтгэл сургуулилтад хамрагдах процесст арын албыг хашиж байсан бөгөөд хоолонд оруулах үед шаардлага тавьж бээлийгээр зангасан нөхцөл байдлаа тайлбарладаг. Тийм учраас хэрэг буруу зүйлчлэгдсэн буюу хуулийг буруу хэрэглэсэн гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Б-ийг байлдагч Б.Б-ыг жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хацар хэсэгт нь савхин бээлийгээр цохиж зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмээр шүүгдэгч Р.Б нь Б.Б-тай харилцах харилцааг журамласан байдаг. Гэтэл Б.Б-ын нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд цохиж зодсоноос гэмтлийн зэрэг тогтоогдсон, эсхүл хохирол учирсан байхыг шаардахгүйгээр цохисон үйлдлээр гэмт хэрэг төгсөнө. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн үндэслэлтэй няцаалтуудыг хийсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Р.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Б.Б нь ... аймгийн ... сумын нутагт байрлах Хилийн цэргийн ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчид үзүүлэх явцдаа цэргийн алба хааж буй газраа дур мэдэн орхиж явсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг “Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 06 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
4.Харин шүүх шүүгдэгч Р.Б савхин бээлийгээр байлдагч Б.Б-ыг цохисон үйлдлийг Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, түүнийг “Дарга, захирагч нь захирагдагчаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд нийцээгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Б-ийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хилийн цэргийн ... дугаар ангид Сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицероор ажиллаж байхдаа хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Б-ыг жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар түүнд хууль ёсны шаардлага тавьж, хацар хэсэгт нь савхин бээлийгээр цохисон нь тогтоогдсон боловч энэхүү үйлдлийн улмаас Б.Б-ын биед бодитой хохирол, хор уршиг учраагүй, энэ талаар Б.Б гомдол гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Б нь байлдагч Б.Б-т цэргийн дүрмийг сахих талаар хууль ёсны шаардлага тавих үедээ хацар луу нь бээлийтэй гараар бус, харин гартаа барьсан бээлийгээр цохисон үйлдлийн улмаас түүний биед гэмтэл учрах, өвдөж шаналах нөхцөл байдал бий болоогүйгээс гадна илтэд цэргийн дүрмийн бус байдлаар захирагдагчаа хүч хэрэглэн зодох, нэр төрийг нь гутаан доромжлох санаа зорилго агуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнээс гадна шүүгдэгч Р.Б нь цэргийн дүрмийг сахих талаар байлдагч Б.Б-т шаардлага тавих үедээ гартаа барьсан бээлийгээр түүний хацар луу цохисон үйлдэл нь Б.Б-ын цэрэгт татагдахаас өмнө хөлдөө авсан гэмтлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх зорилгоор цэргийн ангиас гарч, улмаар цэргийн албанаас оргон зайлсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.
5.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар хуульчилсныг үндэслэн шүүгдэгч Р.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Р.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Я.Батхандын гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Увс аймгийн прокурорын газраас Р.Б-д Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Р.Б-ийг даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ